“Дүү маань хүүхдэд харгис хандах хүн биш”
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сард гарсан. Энэ хэргийн буруутныг тогтоох шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон. Тодруулбал Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгоор шүүх шийдвэрлэсэн.
Г.Маралмаагийн нагац эгчтэй утсаар холбогдсон юм.
-Г.Маралмаатай очиж уулзсан уу?
-Үгүй, удахгүй эгч нь очиж уулзах байх.
-Г.Маралмаа ингэхэд ямар зан чанартай бүсгүй вэ?
-Манай дүү хүүхдэд харгис хандаж, амийг нь хөнөөх, хатуу сэтгэлтэй хүн биш. Хэвлэл мэдээллээр манай дүүг маш харгис эмэгтэй гэж мэдээлж байгаа нь гэр бүлийнхэнд нь маш хүнд тусаж байна. Гэр бүлийнхнийг нь ч ажилд авахгүй байна.
-Г.Маралмаа саяхан төрсөн. Хүүхэд нь хаана байгаа вэ?
-Бид өсгөж байгаа. Гуравхан сартай нялх амьтныг асрамжийн газар өгнө гэж шүүхийн шийдвэр гарсан. Бид нялх амьтныг хүнд өгмөөргүй байна, өөрсдөө өсгөж чадна.
-Яг яагаад ийм харамсалтай хэрэг хийчихэв ээ?
-Мэдэхгүй.
Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан бөгөөд охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилийн тэнсэж байсан талаарх мэдээллийг хохирогчийн өмгөөлөгч шүүх хурлын үеэр хэлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ