Ж.Баярцогт: Есөн хуруугүй би сэтгэлийн хүчээрээ өсгий дээрээ явж байна

bayartsogt

Эр цэргийн тангараг өргөж, эх орныхоо энхийн манаанд зогсож байсан цэргийн алба хаагчид дарга нарын дарлал, тамлалыг даалгүй амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох зүй бус байдал гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд өвлийн тэсгим хүйтэнд даарсандаа тавхан минут дулаацсаных нь төлөө хүйтэн цемент дээр гүйлгэж, эцэс сүүлд нь хоёрхөлийнх нь есөн хурууг тайруулахад хүргэсэн харгислал Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь хилийн цэргийн 336-р ангид гарав. Энэ талаар мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан ч өдийг хүртэл холбогдох яам болон цэргийн ангийн зүгээс хохирогч залуутай холбогдож, ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй байна. Бид хохирогч Ж.Баярцогттой ярилцахаар 32-ын тойрогт байрлах нийтийн байрыг зорилоо.

Биднийг очиход Ж.Баярцогт дүүтэйгээ хоёулаа байсан юм. Дүү нь бидэнд хэлэхдээ “Ах маань эрүүл саруул байхдаа сардаа 700 орчим мянган төгрөгийн цалинтай, амьдралаа болгоод, намайг юугаар ч дутаадаггүй байсан. Зүгээр л нэг зодоод нүүр амыг нь хөхрүүлчихсэн бол яах вэ дээ. Гэтэл бүхэл бүтэн хөлнөөс нь салгачихлаа. Миний ах өнөөдөр хүссэн зүйлээ хийж, хүссэн найзтайгаа уулзаад явж чадахгүй байна. Үнэхээр хэцүү. Цэргийн байгууллагад үнэхээр гомдолтой байна. Ах бид хоёр мөнгө төгрөг муутай, орон гэргүй ч гэсэн эрүүл саруул байхдаа жаргалтай байсан. Ний нуугүй хэлэхэд, улсаас бидэнд гаргаж өгөх ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Ж.Баярцогт хүүд тусалж дэмжье гэсэн хүмүүс цөөнгүй байгаа юм билээ. Тиймээс бид түүний ХААН банкны дансны дугаарыг нийтэлж байна. Та бүхэн хүсвэл 5064382455 гэсэн данс руу нь сэтгэлийн хандив өргөх боломжтой юм. Уншигчдадаа Ж.Баярцогттой ярилцсанаа хүргэж байна.

bayartsogt

-АРАЙ Ч ХҮЙТЭН ЦЕМЕНТ ДЭЭР ГҮЙЛГЭНЭ ГЭЖ БОДООГҮЙ-

-Ямар учраас хөгжлийн бэрхшээлтэй болсон талаараа ярихгүй юу?

-Намайг Ж.Баярцогт гэдэг. Цэргийн алба хаахаар яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон. Би 2016 оны тавдугаар сарын 6-нд цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 336-р ангид цэргийн алба хаахаар хуваарилагдсан. 2017 оны нэгдүгээр сарын 17-ноос 25-ныг хүртэл “Хүрээ нэг” байгууламжид харуулын дарга болон 13 байлдагч үүрэг гүйцэтгэхээр болж тийшээ явсан. 2017 оны нэгдүгээр сарын 23-ны үүрээр харуулын даргадаа шийтгүүлсэний улмаас одоо ингээд тахир дутуу болчихоод ажил ч хийж чадахгүй гэртээ сууж байна.

-Яалаа гэж чамайг шийтгэсэн юм бэ?

-Тухайн үед би 02-04 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгэх байсан. Үүргээ гүйцэтгэчихээд таван минутын дараа л солигдох ээлж болчихсон байсан. Харуулын галлагааны өрөөнд гал түлдэг байлдагч унтчихсан. Гал нь унтрах гээд байхаар нь ороод нүүрс хийчихээд түр дулаацаад сууж байхыг харуулын дарга харчихсан. “Цаг болоогүй байхад харуулын байрнаас буулаа” гэж дуудаж гаргаж ирээд намайг гадаа гутал тайлуулаад зогсоосон. Надтай хамт тэнд байсан цэргүүд ч давхар шийтгүүлсэн. Тухайн үед гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан. Бидний гутал хувцасыг тайлуулан, хөл нүцгэн цемент дээр зогсоож, 5-6 цагийн хооронд, идэр есийн хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж, бүх хувцасыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд, суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөсөн. Ингээд ч болоогүй элэгдэж, цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлсэн. Дараагаар нь нүцгэнээр 2-3 км зайтай харуулын цэг тойруулан гүйлгэсэн. Энэ бүхний дараагаар харуулын байр руу оруулсан.

bayartsogt

-НАДТАЙ ХАМТ ШИЙТГҮҮЛСЭН БАЙЛДАГЧИД Ч ГЭСЭН ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСӨН-

-Энэ бүхний дараа биед чинь ямар өөрчлөлт орсон бэ?

-Шөнө нь халуу дүүгээд, чимчигнээд хоносон. Хөнжлөөрөө ороон байж арайхийж үүр цайлгасан. Огт унтаж чадаагүй, өглөө болохыг хүлээсэн. Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтээд хавдчихсан. Табчик өмсөж ч болохгүй байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээд албан тушаалтнууддаа мэдэгдэж, анхан шатны тусламж авахаар Баян сумын эмнэлэгт очиж нэг хоносон. Тэнд засал авахгүй гэдэг нь тодорхой болсон учраас наашаа хот руу, Төв госпиталь руу нэгдүгээр сарын 25-ны шөнө хоёр цагт ирсэн. Зохих хэмжээний эмчилгээ хийлгэх явцад надтай хамт ирж хэвтсэн гурван байлдагчийн хөл нь эдгээд эмнэлгээс гарсан. Гэтэл миний хөл эдгэх байтугай улам идээлээд цаашаа үхжээд байсан.

-Бусад эрхтэнд чинь өөрчлөлт орсон уу?

-Хагалгаанд орохоос өмнө шинжилгээнд ороход элгэнд өөрчлөлт орсон байна гэсэн. Хөл аймаар их өвддөг байсан болохоор өвдөлтөөсөө болоод нуруундаа гуурсаар мэдээ алдуулдаг тариа хийлгэсэн. Гэтэл гуурс нь сугараад нугас идээлж, бүтэн биеийн наркозонд орж байж цэвэрлүүлсэн. Хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орж, хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Гуравдугаар сарын 16-нд хөл маань эдгэх яагаа ч үгүй байхад намайг эмнэлгээс гаргасан. Ингээд эмнэлгээс гараад гэртээ ирж, гэрээр эмчилгээ хийж эхэлсэн. Дүүргийнхээ эмнэлэгт очиж боолтоо солиулдаг байсан. Одоо гэрээрээ тосоо түрхээд, боолтоо хийж байгаа.

-Цэргээс халагдахад хэдэн сар дутуу байсан бэ?

-Гурван сар дутуу байсан. Манай ангийнхан одоо хэд хоноод халагдана.

bayartsogt

-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС ЦЭРГИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
ГЭСЭН ТОГТООЛ ГАРГАСАН-

-Нохойд бас хазуулсан гэж сонслоо?

-Би энэ мэдээллийг анх TV8 телевизэд өгсөн. Манай гэрт телевиз ирдэг өглөө би боолтоо хийлгээд яваад биеэ хамгаалах чадваргүй, зугтаж чадахгүй учраас айлын нохойд бариулчихсан. Энэ талаараа санаа зовоод сэтгүүлчид нь хэлээгүй юм.

-Телевизэд анх мэдээлэл өгснөөс хойш цэргийн ангийн албан тушаалтнууд холбогдсон уу?

-Би групп тогтоолгомоор байна гэдгээ цэргийн ангийн удирдлагууд руу хэлж, миний бичиг баримтуудыг явуулаач гэсэн. Гэтэл явуулсан бичиг баримтууд нь бүгд зөрчилтэй. Би нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар явсан. Гэтэл намайг хоёрдугаар ээлжээр ирсэн цэргийн алба хаагч гээд бичиг явуулчихсан байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр дээр мөнгөний бичилтийг нь хийсэн мөртлөө тамга дараагүй, хүчингүй зүйл өгөөд явуулсан. Үүгээр ч зогсохгүй намайг үйлдвэрлэлийн ослын улмаас цэргийн албанаас чөлөөллөө гэсэн утгатай тогтоол явуулсан байсан. Намайг ахлах маань шийтгээд ийм болгосон гэдгийг цэргийн ангийн удирдлагууд бүгд мэдэж байсан. Тэгсэн байтал ингэж худлаа тогтоол явуулж, нуун дарагдуулсан. Өдийг хүртэл ирж уулзахгүй, ямар ч арга хэмжээ аваагүй. Одоо дөрвөн сарын хугацаа өнгөрчихлөө. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар байдаг юм гэсэн. Би бүр аргаа бараад та бүхэнд хандаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хүртэл та бүхнийг мэдээлээд өгөөч гэж гуймаар байна. Бичиг баримтыг минь хөөцөлдөөд, ядаж групп тогтоолгоод өгөх болов уу гээд нэлээд харсан. Миний төлөө энэ бүхнийг хөөцөлдөөд явах хүн байдаггүй.

bayartsogt

-БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ УДИРДЛАГУУДААС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА-

-Чамайг зодсон дэд ахлагч ямархуу ааш зантай хүн бэ. Цэргүүдээ байнга шийтгэдэг байсан уу?

-Дэд ахлагч н.Энхцолмон гэж хүн байдаг. Өмнө нь 2011 онд манай ангид цэргийн алба хаасан юм билээ. Уг нь гайгүй л зан ааштай хүн шиг санагдаж байсан. Уураа барьж чаддаггүй, огцом ууртай юм билээ. Зодох үе байдаг л байсан. Зодох бол яах вэ. Эр цэргийн алба хааж хажуужиж байгаа хүмүүсийн хувьд хааяа зодуулах асуудал байж бололгүй яах вэ. Гэхдээ өвлийн хүйтэнд хүйтэн цемент дээр хөл нүцгэн гүйлгэнэ гэж арай ч бодоогүй. Тэрнээс болоод л би ийм болсон.

-Тэр хүн чамд ямар нэг туслалцаа үзүүлсэн үү?

-Өөрийнхөө хэмжээнд чадахаараа тусалдаг. Эмнэлэгт хэвтэж байхад эм тариа, хоол унд авчирдаг байсан. Бас миний хохирлыг барагдуулна гээд саяхан цалингийн зээл авсан гэсэн. Тэр хүртлээ буцаад ажиллаж байгаа гэсэн сураг дуулдсан. Миний хувьд тэр хүнийг шорон оронд явуулах хүсэлгүй. Зүгээр тэр хүнтэй тохиролцоод, ажлыг нь хийлгэж байгаад хохирлоо төлүүлмээр байна. Жил бүр, сар бүр ч юм уу тэтгэмж авдаг баймаар байна. Намайг эмнэлэгт байхад 300 мянга, эмнэлгээс гарахад 200 мянга, бас утас авч өгөөд хамгийн сүүлд дахиад 450 мянган төгрөг өгч эм тариагаа аваарай гэж байсан. Би ганц дэд ахлагч Энхцолмонг биш цэргийн ангийн удирдагуудыг бас хариуцлага хүлээх ёстой гэж бодоод байгаа. Яагаад гэхээр цэргийн алба босоо тогтолцоотой. Хэргийг нуун дарагдуулж, бичиг баримтыг маань хуурамчаар үйлдэж байгаа цэргийн байгууллага, Батлан хамгаалахын яаманд үнэхээр гомдолтой байна. Тогтоол дээр гарын үсэг зурсан байгаа дарга нар бүгд ямар учраас намайг хөлөө тайруулж, хөдөлмөрийн чадваргүй болсныг мэдэж байгаа шүү дээ. Миний амьдралыг үрснийхээ төлөө нөхөн олговор олгож, миний амьдралын баталгааг хангаж өгөх ёстой.

bayartsogt

-“ААВ АА, ТАНЫ ХӨЛ ЯАСАН ЮМ БЭ” ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ-

-Цэрэгт явахаасаа өмнө ямар ажил хийдэг байв?

-Би цэрэгт явахынхаа өмнө KFC-д ажилладаг байсан. Манай дүү насанд хүрээгүй. 17 настай. Ажил хөдөлмөр хийх нас нь болоогүй гээд ажилд авдаггүй. Ээж маань бие муутай. Харвалт өгөөд даралт нь ихсээд байдаг. Гадуур дотуур яваад байж чаддаггүй. Төрсөн эгчийндээ байдаг. Хааяа бид хоёр дээр ирнэ. Дүү бид хоёр энэ жижигхэн нийтийн байранд сарын 100 мянгаар өрөө түрээслээд амьдарч байна. Одоо миний дүү сонин, сэтгүүл зараад, намайг тэжээж явна. Байрныхаа түрээсийг төлнө. Би өмнө нь ажил хийгээд ээж, дүү хоёроо авч явдаг байсан. Гэтэл одоо дүүдээ хамаг ачаалаа үүрүүлчихлээ. Сургуульд ч сурч чадахгүй байна. Би эрүүл саруул байсан бол дүүтэйгээ хамт ажиллаад, мөнгө хуримтлуулаад, цаашдаа сайхан амьдрах бололцоо хангалттай байсан гэж боддог. Манай ажлаас намайг цэргээс ирээд буцаад ажилдаа ороорой гэж байсан. Цэргээс халагдаад ирэхэд миний ажил бэлэн байх байлаа. Ажлаа хийгээд амьдралаа сайхан аваад явж чадахаар байлаа. Одоо амьдралаа авч явах нь байтугай хөгжлийн бэрхшээлтэй, гэр сахиж үлдсэн хүн болчихоод байна. Би Ерөнхийлөгчид захиа хүртэл бичсэн. Яаж явуулах арга учраа олохгүй л байна.

-Одоо өөрөө алхах ямар ч боломжгүй юу?

-Би өнөөдөр өөрийнхөө сэтгэлийн хүчээрээ өсгий дээрээ босож ойр зуур явж чадаж байна. Хүн ер нь хуруун дээрээ тогтож явдаг юм билээ. Хүчлээд өсгийгөөрөө явахаар хөл янгинаж, хатгаж өвдөөд ёстой хэцүү. Яалт ч үгүй хэрэгцээтэй үед өвдсөн ч хамаагүй босоод явахаас өөр аргагүй байдаг. Энэ зүйл ганцхан надад тохиолдож байгаа юм биш. Цэргийн алба хааж байгаа олон аав, ээжийн хүүхдэд ийм зүйл тохиолдож байгаа. Эрүүл мэнд, сэтгэл санаа, ирээдүйгээрээ хохирчихоод сууж байгаа хичнээн залуу байгааг мэдэхгүй. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Би үнэхээр их гомдолтой байна. Ирээдүйд дахин өөр хэн нэгэн над шиг битгий хохирч үлдээсэй гэж хүсч байна. Би ерөөсөө цагдаагийн байгууллагад хандаагүй. Цэрэгт болсон явдал болохоор цэргийн журмаараа шийдэгддэг болов уу гэж бодоод байгаа.

-Өөр юу хэлмээр байна вэ?

-Би залуу хүн. Цаашид намайг өчнөөн олон жил амьдрах ирээдүй хүлээж байна. Өөр өвчтэй болох ч шинжтэй. Сая эмнэлэгт хэвтээд шинжилгээ өгөхөд элэгний үрэвсэлтэй гэж гарсан. Ирээдүйдээ их санаа зовж байна. Эхнэр, хүүхэдтэй болно гэж бодоход хэцүү санагдаж байна. Эхнэртэй болно гэхэд намайг тоох хүн байх ч уу, үгүй ч үү. Хүүхэдтэй боллоо гэхэд “Аав аа, таны хөл яагаад ийм юм бэ” гэвэл би юу гэж хариулах юм бэ. Өөрийн гэсэн амьдрах орон гэр ч байхгүй, хөдөлмөрийн чадваргүй намайг хэн хайрлах бол. Би багадаа мэдрээгүй гэр бүлийн хайрыг том болоод мэдрэхийг хүсдэг байсан. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил, хүүхэдтэй болж, дүүгээ ээжийгээ хүн шиг амьдруулж, гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан.

Б.ЦЭЛМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

bayartsogt

bayartsogt

bayartsogt

СЭТГЭГДЭЛ БИЧИХ