Хаана, хэн, хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг вэ?
УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэн баталж, энэ хүрээнд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тэтгэврийн сан алдагдалтай байгаа, монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа гэх шалтгаанаар хууль тогтоогчид тэтгэвэр тогтоолгох насыг эмэгтэй хүнд 60, эрэгтэй 65 байхаар баталсан билээ. Энэ дагуу 2018 оноос тэтгэврийн нас нэмэгдэж эхлэх бөгөөд жилд зургаан сараар нэмэхээр зохицуулсан юм. Улмаар 2038 он гэхэд 65-д хүрэх ёстой.
Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанаас үзэхэд эрэгтэй хүн 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй хүн 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байна гэх тоо баримт байна. Харин иргэд УИХ-ын дээрх шийдвэрийг сайн, муу аль алинаар нь хүлээн авч байгаа. Тэгвэл, дэлхийн бусад улс орнуудын тэтгэврийн систем хэрхэн үйлчилдэг, ахмад настнуудад төрөөс ямар хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлдэг вэ?
АВСТРАЛИ
Ажилтан цалингийнхаа 9.5 хувийг тэтгэврийн шимтгэлд төлдөг. Энэ систем 1992 оноос үйлчилж байна. Австралийн иргэдийн хувьд тэтгэврийн нас эрэгтэй, эмэгтэй адилхан 65 (2023 оноос 67 болж нэмэгдэнэ), харин тус улсад арваас дээш жил ажиллаж амьдарсан байнгын оршин суугчдын хувьд орлого, хөрөнгийн шаардлага хангасан тохиолдолд тэтгэвэр авах эрх нь үүснэ.
Тэтгэврийн насанд хүрсэн боловч үргэлжлүүлэн ажиллаж буй ахмад настнуудын хувьд урамшууллын схемийн дагуу хувьчилсан болон бүтэн дүнгийн урамшуулал авах боломжтой.
2016 оны статистик мэдээллээр 14 хоног тутамд олгох тэтгэврийн дээд хэмжээ ганц бие хүнд 776.80 австрали доллар, харин эхнэр/нөхөртэй/ бол 585.50 австрали доллар. Мөн эмийн хөнгөлөлт хэлбэрээр 14 хоног тутамд 63.50 австрали доллар олгодог байна. Түүнчлэн 60-аас дээш насныханд аяллын хөнгөлөлт, бараа бүтээгдэхүүн хямдралтай үнээр худалдан авах эрх өгдөг.
ГЕРМАН
Германд өндөр настны тэтгэврийн систем нь цалингийн орлогоос тооцох нийгмийн даатгалын санд суурилдаг. Ажил эрхэлж буй дийлэнх хүмүүс энэ даатгалд хамрагдах бөгөөд эрүүл мэндийн хангамж, ажилгүйдлийн даатгал болон тэтгэврийн даатгал гэсэн гурван төрлийн шимтгэл төлнө. Нийт цалингийн орлогоос эрүүл мэндийн даатгал 15.5 хувь, ажилгүйдлийн даатгал 3 хувь, асаргааны даатгал 2.2 хувь, үр хүүхэдгүй хүмүүс 1.95 хувь, мөн тэтгэврийн даатгалд 18.9 хувийн шимтгэл төлнө. Эдгээр шимтгэлийн дийлэнхийг ажил олгогч ба ажилтан хувааж төлөх систем үйлчилдэг. Нийт ажиллах хүчний 85 хувь нь энэ системд хамрагддаг байна.
Ингэснээр хожим олон төрлийн давуу эрх эдэлдэг ажээ. Жороор олгох эм, нүдний шилийг өндөр настнуудад үнэ төлбөргүй бүгдэд нь олгодог. Үүний төлөө ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй гэнэ.
Тэтгэврийн насны тухайд 1964 оноос хойш төрсөн иргэд 67 нас хүрээд тэтгэвэр тогтоолгоно. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдэд төрөөс давуу эрх олгодог. Ингэхдээ ажиллаж байх хугацаандаа авч байсан цэвэр орлогын 50-75 хувийг тэтгэвэр хэлбэрээр авдаг байна. Хуулиар тогтоосон тэтгэврийн мөнгөн дүнгийн доод, эсвэл дээд хязгаар гэж байхгүй.
Хуучин баруун Германы мужуудад эрэгтэйчүүдийн нэг сарын дундаж тэтгэвэр 1052 евро, харин хуучны зүүн Германд 1006 евро байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд 521 ба 7050 евро сар тутамд авдаг байна.
ЯПОН
Японы нийт иргэдийн дөрөвний нэг нь 65-аас дээш насныхан. Энэ үзүүлэлт 2025 он гэхэд гуравны нэг хувьд хүрнэ гэсэн статистик тооцоолол бий. Тиймээс хэдэн жилийн дараа тэтгэврийн санг бүрдүүлэхийн тулд ажиллах хүчний нуруун дээр ихээхэн дарамт үүсэх эрсдэл бий болжээ.
Тус улсад 20-59 насны бүх иргэд үндэсний тэтгэврийн системд хамрагддаг. Гэхдээ 65 нас хүрээд тэтгэвэрт гарахдаа доод тал нь 25 жил ажилласан бол тэтгэвэр авах эрх нь үүсдэг байна. Бүтэн цагаар ажилладаг компанийн ажилчид болон түүний эхнэр/нөхөр автоматаар ажилтны тэтгэврийн системд хамрагддаг. Энэ нь цалингийн орлогоос хувьчилж тооцдог, төрөөс олгох тэтгэврийн системээс арай илүү урамшуулах авах давуу талтай аж.
ОХУ
Оросуудын хувьд тэтгэвэрт гарах нас Европын стандартаас харьцангуй доогуур байдаг. Тус улсад эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгодог. Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал эртнээс яригдаж байгаа ч эцэслэн шийдээгүй уджээ. Одоо ч тус улсын парламент тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ижилхэн 63 нас болгохоор хуулийн төсөл хэлэлцэж байна.
Ажил эрхлэгчдийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж байсан, Оросын хойд хязгаарт 15-аас дээш жил ажилласан бол, мөн таваас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд тэтгэврээ эрт тогтоолгох боломжтой.
Тэтгэврийн мөнгийг тогтоохдоо ажилласан жилтэй уялдуулан тооцох оноонд суурилсан системийг мөрддөг. 2015 оны эцсийн байдлаар ОХУ-д төрөөс олгох нэг сарын тэтгэврийн дундаж дүн 4000 рубль орчим, гэхдээ дийлэнх нь олон төрлийн нэмэлт урамшуулал авдаг учир улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 11000 рубль орчим болжээ. Энэ нь цалингийн орлогын гуравны нэг орчимтой тэнцэх аж. Тэтгэврийн насныханд мөн аяллын зардлын хөнгөлөлт, эмийн хөнгөлөлт, зарим нэг сүлжээ дэлгүүрээс хөнгөлөлттэй бараа авах эрх зэргийг нэмэлтээр олгодог байна.
ИТАЛИ
Италид 80-аас доош насныхан долоо хоногт дунджаар 219-230 евро, харин 80-аас дээш насныхан 240 еврогийн дундаж тэтгэвэртэй. Үндэсний эрүүл мэндийн системийн дагуу ахмад настнууд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авдаг. Бусад урамшууллын тухайд бүс нутгаас хамаарах бөгөөд Ромд тухайлбал, 70-аад дээш насныхан автобус, метрогоор үнэ төлбөргүй зорчих эрхтэй байдаг.
ФРАНЦ
1955-1973 онд төрсөн бол 62 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох хууль Францад мөрдөгдөж байна. Гэхдээ ажилласан хугацаа нь 40-43 жил хүрсэн тохиолдолд төрийн бүрэн тэтгэвэрт хамрагддаг. 1973 оноос хойш төрсөн иргэдийн хувьд 43 жил ажилласны эцэст 62 насандаа бүтэн тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хүүхэд төрүүлж, өсгөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарсан зэрэг зарим нөхцлийг харгалзан ажилласан хугацаанаас хамаарахгүйгээр 65, эсвэл 67 насандаа тэтгэвэр тогтоолгож болно.
Хувийн секторт ажиллагсдын хувьд тэтгэврийн хэмжээг тогтоохдоо хамгийн өндөр дүнтэй 25 жилийн цалингийн дунджийг инфляцийн төвшинтэй уялдуулж тооцно. Ингэснээр сарын цалингийн бараг тал хувийг тэтгэвэр хэлбэрээр авдаг байна.
Төрийн албан хаагчид арай давуу эрхтэй. Тэдний тэтгэврийн цалингийн орлогын 75 хувьтай тэнцүүлж тооцно, ингэхдээ сүүлийн зургаан сарын цалингийн дунджаар бодох гэнэ.
Ажил эрхэлж байгаагүй өндөр настнууд ганц бие бол жилд 9600 евро, эхнэр/нөхөртэй бол хоёул хамтдаа жилд 14904 еврогоос багагүй хэмжээний тэтгэвэр авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ