Э.Эрдэнэжамъян: 60 тэрбумын бичлэгийн А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд нар уучлалт гуйх хэрэгтэй
МАН-ын 60 тэрбумын бичлэгийн талаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-ТЭДНИЙ ЯРИАНД ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ТУХАЙ
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙСАН-
-Та МАН-ын 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх ил болгосон. Ямар зорилгоор энэхүү бичлэгийг нийтэд дэлгэх болсон юм бэ?
-Дээрх бичлэгийн хувьд бол сонгуулийн компанит ажлын үеэр надад ирсэн мэдээлэл. Бичлэгт А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд гэдэг гурван хүн төрийн албан тушаалыг наймаалцах тухай харилцан ярилцаж байгаа нь бичигдсэн байдаг. Бичлэгийг сонсох үед энэ яриа ямар нэгэн эвлүүлэг биш гэдэг нь ойлгомжтой байсан. Мөн тэдний ярианааг сонсоход төрийн эрхийг хууль бусаар авах, хээл хахууль авах тухай ярилцсан гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан. Энэ тохиолдолд энэ мэдээлэл буюу бичлэгийг яах ёстой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болсон.
Би өөрөө хуульч хүн. Хуульч хүн ч гэлтгүй ямар ч иргэн байгууллага албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж бий. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ гэмт хэргийн шинжтэй мэдээлэл тухайн хүнд ирсэн бол үүнийг заавал хэрэг бүртгэх байгууллагад мэдээлж шалгуулах ёстой. Хэрвээ гэмт хэргийн тухай тодорхой мэдээллийг мэдсээр байж түүнийг нуун дарагдуулбал, өөрөө гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн гэмт хэрэгт холбогдоно. Тухайн хэргийг үйлдсэн хүнтэй яг ижил ял авна гэсэн санкцтай байдаг.
Хуульч хүний үүднээс, надад гэмт хэргийн шинжтэй ийм мэдээллийг нуун дарагдуулаад өнгөрөх ямар ч боломж байгаагүй. Тиймээс цагдаа, АТГ, ТЕГ-т хандсан. Тухайн үед мөн Ардчилсан намын зүгээс энэхүү бичлэгийг шалгуулах хүсэлтийг хуулийн байгууллагад гаргасан байдаг.
Хоёрдугаарт, энэ бичлэг нь сонгуулийн үеэр, төрийн эрх мэдлийг авах тэмцэл явж байгаа үед олдсон мэдээлэл. Энэ бол өрсөлдөж байгаа намуудын хувьд нэг нам нь илт хууль бусаар мөнгө цуглуулж, цуглуулсан мөнгөө сонгуульд ашиглаад илт шударга бусаар сонгуульд оролцохоор бэлдэж буй нь тодорхой болсон учраас заавал олон нийтэд мэдэгдэж сэрэмжлүүлэх шаардлагатай байсан. Тэгэхээр би иргэн хүний хувьд, сонгуулийн төв штабын даргын хувьд, хуульчийн хувьд хуулиар ноогдуулсан үүргээ биелүүлсэн.
-Энэхүү бичлэгийг цагдаагийн байгууллагаас эвлүүлэг гэж үзсэн байдаг. Үнэхээр эвлүүлсэн бичлэг танд ирсэн байх боломжтой юу?
-Ер нь бол шинжээч нарын дүгнэлтээр дуу хоолойны бичлэгийг эвлүүлэг гэж үзэлгүйгээр, дуу хоолойны бичлэг дээр дүрс тавьсныг нь эвлүүлэг гэж үзсэн болов уу. Прокурорын гаргасан дүгнэлтэд хүртэл шинжээч нь эвлүүлэг гэдгийг тогтоох боломжгүй байна. Энэ бол жинхэнэ бичлэг байна гэж дүгнэсэн дүгнэлт байдаг юм билээ.
Ийм дуу хоолойны шинжилгээг эвлүүлэг мөн эсэхийг хоёр үндсэн аргаар хийдэг. Эхнийх арга нь тухайн хүний дуу хоолойг өөрчилсөн байна уу өөр хүний дуу хоолой байна уу гэдгийг шалгадаг. Өөрөөр хэлбэл техникийн хувьд хүний дуу хоолойг дууриалгаж уу үгүй юу гэдгийг, мөн тухайн бичлэг нь тасалдсан байна уу% өөр өөр бичлэгүүдийг нийлүүлж үү үгүй юу гэдгийг нь техникийн хувьд шалгана гэсэн үг.
Нөгөөх арга нь логикын хувьд шалгадаг. Өөрөөр хэлбэл ярианы эхлэл, өрнөл, төгсгөл нь өөр өөр хоорондоо нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Логикын хувьд бол энэ бол тасралтгүй яриа байсан шүү дээ. Яагаад гэхээр уншигчид санаж байгаа бол, энэ бичлэгт Сандуй болон Ганбаатар нар Энхболд даргадаа хандан ирээдүйд ямар албан тушаалыг хэрэхэн үнэлэх тухай төлөвлөгөөгөө ярьж танилцуулж байгаа ба өмнөх сонгуулийн үеийн хандивууд алга болж байсан тухай, өнөөдөр НАМЗХ гэдэг байгууллага нь хамгийн замбараагүй байгаа гэх мэтээр ярьж байгаа нь бичигдсэн байна.
МАН-ынхаа дотоод асуудал, нам дотроо болж байгаа процессыг ярьсан байгаа юм. Тийм учраас энэ бол логикынхоо хувьд бодсон ч тэр, техникийн хувьд бодсон ч тэр эвлүүлэг байх боломжгүй гэж үзсэн. Тиймээс үүн дээр хөндлөнгийн хараат бус шинжээч заавал оролцуулах ёстой гэж бодож байна.
-60 тэрбумын бичлэгийн хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байдаг. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм бэ?
-Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэл нь бол, эдгээр хүмүүс гэмт хэрэг төлөвлөсөн байна. Гэвч үүнийгээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум төгрөгөө босгож хүмүүсээс авсан тухай мэдээлэл алга байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Яагаад гэвэл тэр үед МАН сонгуульд ялаагүй эрх баригч болоогүй байсан үе. Магадгүй түүнээс хойш хүмүүсээс мөнгө авч албан тушаалд томилсоны дараа тэр нь нотлогдох юм бол энэ нь гэмт хэрэг болох байсан байна. Тэгэхээр тухайн үед тийм зүйл олдоогүй гэж үзсэн байна.
Уг нь бол энэ хэргийг завдалтаар төгсдөг гэмт хэрэг гэж үздэг. Жишээлбэл, зарим гэмт хэрэг бол хэргийг хийгээд дууссаны дараа гэмт хэрэг хийсэнд тооцогддог байхад зарим нь хэрэг хийе гэж төлөвлөхдөө л гэмт хэрэг болчихдог. Тэр утгаараа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, бэлтгэх гэдэг нь өөрөө завдалтаар хийж бэлтгэж эхэлснээрээ төгсдөг гэмт хэрэг. Тиймээс хуулийн байгууллагууд нэг талыг барьсан, эрх баригчдад тал зассан ийм л шийдвэр гаргасан гэдэг нь тодорхой.
-Таны хандсан бүх шатны хуулийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзсан гэж ойлгох уу?
-Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагууд хэрэг үүсгэж шалгаад холбогдох хүмүүсээс мэдүүлэг аваад явсан байдаг ч Нийслэлийн прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Магадгүй прокурор өөрөө ч улс төрийн дарамт шахалтан доор ажилласан байхыг үгүйсгэхгүй. Ер нь тухайн үеийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь их ноцтой байдаг.
-Тухайлбал?
-А.Ганбаатар “МАН-ын дэргэд стратеги төлөвлөлтийн баг гаргаж байсан. Тэр үед бидний ярьсан ярианы бичлэг байгаа юм. Дараа нь тэр үед ажиллаж байсан нэр бүхий хоёр хүн намайг энэ бичлэгээрээ дарамталсан. Дарамталсан учраас 20 сая төгрөг өгч байж үүнээс салсан. Би их айсан байсан” гэж мэдүүлдэг. Нөгөө хоёр хүн ч мөн энэ талаараа “Тухайн үед Ганбаатарыг айлгах зорилгоор бичлэг хийж өөрт нь үзүүлсэн, тэгээд мөнгө авсан” гэж мэдүүлсэн байгаа юм. Ганбаатарын 20 сая төгрөг шилжүүлсэн баримт нь хүртэл энэ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр зохиомол, оргүй хоосон зүйл дээр хэн ч ийм их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй нь тодорхой.
Тэгэхээр энэ бол МАН-ынхан ажил хэргийн явцдаа хууль бус зүйл санаачлаад төлөвлөж байгаад дотроосоо нэг нэгнийгээ шантаачилсан ийм явдал болсон шиг байгаа юм. Тэгээд бие биедээ мөнгө төлсөн ийм зүйл болсон. Үүний дараа ямар нэг байдлаар энэ бичлэг нь надад ирсэн. Тэгэхээр нэг талаас тухайн үед дотор нь ажиллаж байсан хүмүүс энэ бол хууль бус гэдгийг мэдэж байсан, тийм учраас нэг нь олон нийтэд дэлгэхээр сүрдүүлсэн, нөгөө нь баримтыг дэлгэхгүй байхаар мөнгө төлсөн болж таарна.
-Энэхүү бичлэгт нэр дурдагдсан А.Ганбаатар таныг шүүхэд өгөөд байна. Ямар үндэслэлээр шүүхэд өгсөн юм бэ?
-А.Ганбаатар гэдэг хүн нэхэмжлэл гаргахдаа нэр төрд халдсан, гутаасан гэх үндэслэлээр намайг шүүхэд өгсөн. Иргэний хуульд үндэслэлгүй мэдээллийг, нэр төрийг гутаах зорилгоор, санаатайгаар олон нийтэд түгээсэн бол нэр төрд халдсан гэж үзнэ хэмээн заасан байдаг. Гэтэл А.Ганбаатар, Ц.Сандуй нар өөрсдөө прокурорт өгсөн мэдүүлэгтээ энэ мэдээллийг үндэслэлтэй хэмээн мэдүүлсэн байдаг. Тийм учраас би огт ор үндэсгүй зүйлийг өөрөө зохиогоогүй гэсэн үг. Түүнчлэн, би энэ хүмүүсийн ялангуяа А.Ганбаатарын нэр хүндийг гутаах зорилго надад огт байгаагүй гэдгийг хэлье. Би бол хуулийг хэлбэрлэлтгүй сахих ёстой иргэнийхээ үүргийг л биелүүлсэн.
-Тэгэхээр та А.Ганбаатараас уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна?
-Иргэн хүнийхээ үүргээ биелүүлсний төлөө, өөрөөр хэлбэл гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд мэдээлснийхээ төлөө хэн нэгнээс уучлалт гуйх ямар ч шаардлага байхгүй. Харин ч А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд нар иймэрхүү зүйл ярьж, бие биендээ танилцуулж, тодруулан асууж, тооцоо хийсэн үйлдэлдээ уучлалт гуйх хэрэгтэй. Улс төрийн соёлтой улс оронд бол албан тушаалаасаа огцрохуйц ноцтой мэдээлэл байхгүй юу. Эдгээр хүмүүүс төрийн албан тушаал дээр сандаалж суух эрхгүй юм юм шүү дээ.
-Хоёр удаа шүүх хурал хойшиллоо. Ямар шалтгаанаар хойшлоод байна вэ? Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?
-Өчигдөрийн шүүх хурал бол шүүгчийн ар гэрт гачигдал гарсан гээд хойшиллоо. Тодорхой цаг хугацаа зааж хэлээгүй байна. Удахгүй хэлэх байх. Сонгуулийн сурталчилгаа дөхүүлж байж анхан шатны шүүх шийдвэр гаргах тактик байна уу гэж харж байгаа. Гэхдээ шүүхийн байгууллага, шүүгчид маань арай ч ийм тодорхой асуудал дээр улс төрийн даалгавраар ажиллахгүй байх гэсэн итгэл найдвар ч бас байна.
-А.Ганбаатар таныг нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэж үзэж байгаа хирнээ, прокурорын байгууллагад миний дуу хоолой мөн, бид бичлэг хийсэн гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр энэ хоёр мэдээлэл хоорондоо зөрчилдөөд байх шиг?
-Тийм. Ер нь бол одоо ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Бичлэгт гардаг гурван хүний хамгийн гол хүн нь намын дарга М.Энхболд гэж хүн байгаа. Тэр хүн одоо УИХ-ын дарга хийж байна, магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж байна. Тэгэхээр яаж байна гэхээр ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн нэгэнт мэдсэн энэ асуудалд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлнэ. Бусад нэр дэвшигчид ч мөн адил энэ асуудлыг сөхөж тавина, сөхөх ч ёстой. Яагаад төрийн албыг арилжих тухай ярьсан юм, түүнийг нь стратеги төлөвлөлтийн алба нь үнэлээд зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан байдаг. Бусад яам агентлаг төрийн өмчийн байгууллагуудаас хэдэн төгрөг босгосон босгохоор төлөвлөж байсан нь сонин шүү дээ. Энэ бүх зүйл заавал хариу тайлбар шаардаж байгаа хэрэг. Зөвхөн сонгуулийн хар пиар гэж тайлбарлаад өнгөрөх асуудал биш шүү дээ.
Тиймээс сонгуулийн өмнө намайг шүүхэд өгч, магадгүй захиалгатай шүүгч нар Эрдэнэжамъян худал мэдээлэл тараажээ, тиймээс уучлалт гуйх ёстой гэсэн байдлаар шийдвэр гаргуулах гэж л оролдож байгаа байх. Одоо ч энэ бичлэгийг хүмүүс интернэтээс олж сонсох хэрэгтэй. Хүмүүсээс нь асуух хэрэгтэй.
Миний бодлоор А.Ганбаатар гэдэг хүн шүүхэд хандсан нь цаг хугацааны хувьд ч, цаашдаа үүсэх эрх зүйн үр дагаварын хувьд ч чухал үйлдэл болжээ гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ асуудлыг тойроод шүүхийн танхимд ярих нь байна шүү дээ. Шүүхэд худал мэдээлэл өгнө гэдэг нь өөрөө гэмт хэрэг байдаг. Аль ч шүүхэд хэн нэгэн худал мэдээлэл өгвөл шүүхийг үл хүндэтгэсэн гэмт хэрэг юм. Тиймээс одоо шүүх хуралд Ганбаатар болон түүнийг төлөөлөгч нар үнэхээр ийм явдал болсон уу үгүй юу?, түүний дараа төлөвлөгөөний дагуу ажиллаж мөнгө цуглуулсан уу үгүй юу?, ямар зорилгоор энэ бичлэгийг хийсэн юм бэ?, ямар зорилгоор танилцуулга хийсэн юм бэ?, хэн гэдэг хүн ийм хууль бус санхүүжилт босгох талаар төлөвлөгөө боловсруулах даалгавар өгсөн бэ?, нийслэлээс гадна бусад яам агентлагийн албан тушаалыг яаж үнэлсэн бэ? гэх мэт асуултуудад шүүхийн танхимдтайлбар өгөх ёстой гэж болж байгаа юм. Үүнд хариулахгүй, хариулахаас зайлсхийх, худал хариулах юм бол эргээд шүүхэд худал мэдээлэл өгсөн гэдэг гэмт хэрэг болно. Энэ нь дараа дараагийн удаа өөр төрлийн гэмт хэргийн үндэслэлээр хэрэг үүсгэх боломжийг бий болгоно гэсэн үг л дээ.
-Дээрх бичлэгийн хэрэгт Н.Доржзодов гэх хүний нэр холбогдсон байсан. Энэ ямар учиртай хүн юм болоо?
-Би бол энэ хүнийг танихгүй. Гэхдээ энэ хоёр хүний нэрийг прокуророос гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээрээс олж харсан. Мөрдөн байцаалтын мэдүүлгээс үзэхэд МАН-ын дэргэдэх Стратеги төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан хүн байгаа юм. Эдгээр хүмүүс Ганбаатарыгаа дарамтлаад мөнгө авчихсан байгаа юм. Энэ хоёр хүн бол хөндлөнгөөс хархад хуулиа сахиж хууль бус зүйлийг илчилсэн. Магадгүй энэ хүмүүст асар их дарамт шахалт, заналхийлэл ирж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хоёр хүнийг улс төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Олон нийт ч мөн энэ хүмүүсийг хамгаалах, дэмжих асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.
Хэрвээ энэ бичлэг үнэхээр худлаа юм бол М.Энхболд эсвэл Ц.Сандуй өөрөө гарч ирээд надтай уулз л даа. Чи ингэж ингэж худлаа ярьсан байна. Ийм ийм бичлэгийг эвлүүлсэн байна гэж тайлбарлах хэрэгтэй. Би шүүхэд хандан хүсэлт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, үнэхээр олон газар болсон ярианы бичлэг нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол дэлгэрэнгүй мэдээлэл тайлбараа шүүх дээр гаргаад өгчих. Хэн хэн гэж хүмүүс хаан хаана уулзаж иймэрхүү эвлүүлэг хийх хэмжээний текст бүхий уулзалтууд хийсэн юм гэдгийг нотлох баримтаар гаргаад өгчих. Хэрэв яриаг нийлүүлж эвлүүлсэн нь тогтоогдох юм бол бид нар итгье. Уучлалт гуйя. Тэгж чадахгүй бол миний байр суурь шүүх ямар шийдвэр гаргахаас үл хамааран хэвэндээ үлдэнэ.
-Одоо МАН төрийн эрх барьж байгаа. Олон мянган төрийн албан хаагч намын харъяаллаас үүдэн ажлаасаа халагдаж байна. Үүний ард таны гаргаж ирсэн 60 тэрбумын бичлэг дээрх процесс явагдаж байж болзошгүй гэж олон нийт харж байна. Танд энэ тухай мэдээлэл ирж байна уу?
-Өнөөдөр ч энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байж магадгүй юм. Гэхдээ яг тэдэн төгрөгөөр тийм албан тушаалд очсон гэсэн нотлохуйц баримт надад ирээгүй байна. Хэрэв тийм баримт ирвэл гаргаж тавиад хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ер нь бол сураг сонсоход бүх л албан тушаалууд тодорхой хэмжээний үнэлгээтэй байна. Бүхэл бүтэн 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас халж оронд нь хүн томиллоо гэсэн мэдээлэл байна. Тэгэхээрэнэ томилогдсон хүмүүсийн хэд нь өмнө нь төрд ажиллаж байсан юм, хэд нь шинээр төрийн албанд орсон байна, тухайн салбартаа ажиллаж байсан уу үгүй юу гэдгийг нягталж үзвэл их сонин тоо гарах байх. Эдгээрээс хэд нь МАН-ын сонгуульд ажилласан байна, хэний ойр дотны хүн байна гээд тоолбол их л зүйл гарч ирнэ. Намын зарим гишүүд нь насаараа намдаа зүтгэж зүтгэж ажил олдохгүй, албан тушаал хуваарилах болоход хэн мөнгөтэй нь урдуур нь орчихоод байна гэх гомдолтой байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарч л байгаа шүү дээ.
-Танд энэ бичлэгийг дахин шалгуулах бодол бий юу?
-Шинээр нотлох баримт гарч ирэхгүй бол нэгэнт прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байхад хаа ч очоод амаа таглуулна. Харин шинэ нотлох баримт олдвол дахин шалгуулахад болохгүй гэх газаргүй. Миний сонссоноор энэ бичлэг нийт нэг цаг гарангийн бичлэг байдаг. Магадгүй энэ бичлэг бүрэн эхээрээ олдвол би хуулийн дагуу шалгуулах л болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ