Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ

Бүжгийнхээ бэлтгэлд явна гэж дөрөвдүгээр сарын 15-нд гэрээсээ гарсан есдүгээр ангийн сурагч Б. Дэлгэрмөрөн хүү тав хоног сураггүй байсны эцэст өнгөрсөн пүрэв гарагт эсэн мэнд олдсон билээ. Хүүг алга болсон гэх мэдээлэл сошиал сувгаар эрчимтэй явсан. Харин олдсоны дараа хүүгийн ээж “Хүү минь олдсон. Сайхан сэтгэлт ард түмэн ахан дүүс хамт олон найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Одоохондоо хүүгээ амрааж байна. Эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байсан юм.

Олон нийтийн сошиал сувгаар хүүг PС тоглоомын газар л байгаа байх гэх хүмүүсийн сэтгэгдэл нэлээд олон харагдаж байсан. Гэвч хүүгийн ээж үүнийг үгүйсгэж “Миний хүү маш сахилга баттай, PС тоглоомын газар хонож өнжих хүүхэд биш” хэмээж байсан.

Баттай эх сурвалжийн мэдээллэсэнээр хүүг “хулгайлсан” байжээ. Тодруулбал 18-20 орчим насны хэдэн залуус хүүг өөрсдийн амьдардаг нийтийн байранд аваачиж хорьсон маягтай байлгаж байсан аж. Тэд хүүгийн утас шөрмөсийг нь булааж авч ломбарданд тавьсан бөгөөд олсон мөнгөөрөө PС тоглодог байсан гэх урьдчилсан мэдээлэл бидэнд байна. Одоо энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм. Бид яг юу болсон, хүү хаана байсан талаар аавтай нь утсаар холбогдож тодрууллаа.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХААР ДӨРВӨН
ХҮҮХЭД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН-

-Танай хүүг хорьсон байдалтай байсан гэж үнэн үү?

-Үнэн.Бид тав хоног цагдаагийн байгууллага болон сошиал сувгаар дамжуулан олон түмэнд түгээсний хүчинд хүүгээ олж авлаа. Одоо л тайвширч байна.

-Ямар учиртай хүүхдүүд хүүг тань хорьж байсан юм бэ?

-Ажил хийдэггүй, нийтийн байранд хэдүүлээ нийлээд амьдардаг юм шиг байсан.

-Танай хүү ганцаараа байсан уу?

-Манай хүүгээс гадна хоёр гурван хүүхэд байсан гэсэн.

-Хүүгээ тийм байдалтай байгааг яаж мэдэв ээ?

-Хүүг минь олж өгөөч гэсэн зарыг сошиал сувгаар явуулж, олон түмэн шэйр хийсний ачаар нэг эмэгтэй бидэнтэй холбогдсон. Өөрийнх нь охин бас алга болоод, тэр газраас олж авсан юм билээ. Тэгээд бид тэнд очиход манай хүүхэд байж байсан. Тэр охиныг бас утас шөрмөсийг нь булааж авч, дээрэлхэж янз бүр болсон юм шиг байсан. Аав нь цагдаагийн газар бас өргөдөл өгнө гэж байсан. Биднийг очиход тэнд хүүг маань байлгаж байсан нөхдүүд зугатаасан. Бид араас нь хөөж барьж аваачиж цагдаагийн байгууллагад өгсөн. Одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа.

-Хэдэн хүүхэд байсан юм бэ?

-Дөрвөн хүүхдийг барьж аваачиж өгсөн. Нэг нь голлох үүрэг гүйцэтгэж, хүүхдүүдийг аваачиж хорих ажлыг гардан зохион байгуулсан юм шиг байна лээ. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Холбогдолтой байж магадгүй гэсэн дөрвөн хүүхдийг одоо цагдаагийнхан шалгаж байна. Тэд нийтийн байр, хажуу өрөө энэ тэр түрээслээд яваад байдаг юм уу даа. Манай хүүхдийг долоон буудлын тэнд нийтийн байранд байлгаж байсан.

-Ямар зорилгоор ийм хэрэг үйлдсэнээ хэлсэн үү?

-Мэдэхгүй. Цагдаагийн байгууллага нь тэрнийг нь шалгаж, байцааж мэддэг байх. Бид ямар ч байсан гомдлоо гаргаад өгчихсөн.

-Бараг дөрөв тав хоног сураггүй алга болсон. Энэ хооронд юу идэж ууж байсан юм бол. Одоо хүү тань зүгээр үү?

-Зүгээр ээ. Хүүгээ олж аваад санаа амраад байж байна. Ганц нэг бэлэн гоймон энэ тэр идээд байж байсан юм шиг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ