Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байна

nyamdorj

Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн хурал ширүүхэн өрнөх болжээ. Учир нь тус бүлгийн хурал дээр Засгийн газрын сайд нар нууцаар концесс оруулж, хувааж идэх гэж байгаа тухай яриа гарснаас болж Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна. Бүлгийн хурал ч гэлтгүй бусад хуралдаан дээр ширүүхэн байр суурь илэрхийлдэг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ж.БААТАР ГЭДЭГ ХҮН НАМАЙГ “ЭХ ОРНООСОО УРВАСАН” ГЭЖ
25 ЖИЛИЙН ЯЛ ТУЛГААД, 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Сүүлийн өдрүүдэд Концессын гэрээтэй холбоотой асуудал маргаан дагуулж байна. МАН-ын бүлгээс Концессын гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Энэ гэрээнүүдийг хаанаас оруулж ирээд маргаан үүсгээд байгаа юм бэ. Концесс нэрээр төсөв идэх гээд байгаа зүйл үнэхээр байна уу?

-ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрдугаарт, ойрын хэдэн жил барих, шилжүүлэх концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Төсвийн тодотгол батлах гэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудал яригдсан. Би бүлгийн хурал дээр “Концесс тойрсон асуудлаар ажлын хэсэг байгуул, энэ хардлага чинь үнэн үү, магадлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Та нар зөвхөн төрийнхөө ажлыг хий. Хувийн компаний ажлаас холд. Засгийн газрын гишүүний хувийн компанитай холбоотой асуудал байхгүй шүү. Ард түмний итгэлийг нурааж болохгүй. Миний зарчим зарим хүнд таалагдахгүй байгаа юм байна лээ. Би хүнд таалагдах албагүй. Заавал концессын гэрээ байгуулах ёстой юм бол бизнес эрхлэгчдэд өгөх хэрэгтэй. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна даа.

-МАК-ын “Цагаан суварга”-ын орд хувийн өмч болчихсон шүү дээ. Гэтэл одоо дахиад зам, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалтыг нь төр хийхээр болж байгаа нь хэр зөв юм бэ. Н.Номтойбаяр сайдын зүгээс Эрчим хүчний хуулийн дагуу төр эрчим хүчний шугамаа үнэгүй татах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан?

-“МАК” компанид эрчим хүчний шугам татах хэрэгцээ байгааг ойлгож байна. Тэгвэл бусад хувийн хэвшлийн адилаар зээл авч шугамаа татах хэрэгтэй. Засгийн газрынхан та нар дэмий юм хийж байна даа, яах гэж ийм юманд нэр холбогдож байдаг юм бэ гэж хэлж байсан. Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд тэр хүний хувийн амьдралтай холбоотой асуудал Засаг, Их хурлаар орж шийдэгдэх ёсгүй. Нөгөө л сонирхлын зөрчил үүснэ. Одоо эрчим хүчний шугам, замаа өөрсдийн хөрөнгөөр барих ёстой гэж үзэж байна.

-УИХ Засгийн газартай хариуцлага тооцдог. Та УИХ-ын дэд даргын хувьд хариуцлагын асуудлыг яах ёстой гэж үзэж байгаа вэ. Таныг бүлгийн хурал дээрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хөндсөн гэж үнэн үү?

-Би огцруулна гэж хэлээгүй. Зарим нь мушгисан байна лээ. Алдаа гарсан бол засах ёстой гэдэг гишүүдийн байр суурь зөв байна. Олон Улсын Валютын сантай нэг юм тохирчихоод ар хударгаар нь өөр юм хийгээд байвал бидэнтэй хэн хамтрах юм бэ. Тийм л асуудал яригдсан. Өмнө нь хийсэн концессуудад аудитын дүгнэлт хийлгэж, бодит үнийг нь төл гэдэг чинь зүй ёсны шаардлага. Концессын гэрээгээр өгчихсөн, дуусгахаас өөр аргагүй ажлууд байна л даа. Гол нь Валютын сантай тохирсон гэрээнээс буцаж болохгүй. Захирлуудын зөвлөлийн хурлаа зарлачихсан.

-Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн таны талаар ноцтой мэдээллүүд хийсэн. Та энэ талаар тайлбар өгөх үү?

-Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Ц.Нямдорж Хятадын тусгай албанд элссэн гэдэг нь худлаа, эх орноосоо урвасан гэдэг нь худлаа, Ж.Баатар энэ хүнийг гүтгэсэн байна гэдгийг Тагнуулын байгууллага өөрөө шалгасан. Ингээд 2004 онд шүүх хурал болж, яг энэ хэргээр нь Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн Ж.Баатар өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын тусгай ажиллагаа материалыг өөрөө хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг. Энэ хоёр ял нь нийлээд долоон жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Тэрийгээ л ярьж байгаа. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байсан. Бодоод үз дээ. Дэлхийн аль улсын тусгай албаны дарга олон нийтийн өмнө гарч ирээд, өөрийнхөө есөн булчирхайгаа тоочиж байсан юм. Байхгүй. Байгууллагынхаа бүтэц орон тоог хүртэл ярьж байна лээ. Энэ бол намайг хорлох гээд улсаа хорлож байгаа хэрэг. Намайг хорлож чадахгүй.

-НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД ГАРААД
ИРЭХ ВИЙ ГЭЖ АЙСАН ХҮН ЗӨНДӨӨ БАЙНА-

-Ж.Баатар генерал яагаад гэнэт гарч ирээд таны талаар ярив?

-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Нэр дэвшээд гараад ирэх вий гэх айдас зөндөө байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг үгтэй юм. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, Р.Одонбаатар бид хэд ажиллаж,Ж.Баатарын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоод, ирүүлсэн. П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Цэвэр хариуцлага тооцох гэхээр эрх баригчдад эвгүй байсан учраас Аюулгүй байдлын байгууллага гэсэн нэрийг өөрчлөөд Тагнуулын Ерөнхий газар болгосон. Тэр гайтай шалгалтаас болж 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед миний бие муудаад, үхэх шахсан. Р.Одонбаатарын бие бас муудаж байсан. Тэр үед О.Дашбалбар “За даа, наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан. 2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Ж.Баатар өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тэр үед Энэбиш дарга, Энхбаяр дарга хоёр намайг дуудаж ямар учиртай юм гэж асууж байсан. Надтай холбоотой юм байхгүй гэж хэлсэн. Ж.Баатарын асуудлыг яах вэ гэхээр нь тэгсгээд л өнгөрөөсөн. 2003 онд дахиад баахан материал гаргаж байсан. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Миний хүслээр шийдэх асуудал биш. Энэ асуудлыг би биш нам шийднэ. Одоохондоо ямар нэг тайлбар хэлэхгүй. Миний ярьж байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж, ярьж байна. Тэгэхээр миний хийж байгаа зүйлсийг битгий Ерөнхийлөгчийн сонгуультай холбоорой гэж хэлмээр байна. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна. Үндсэн хуулийн зарчим нурсан, хэсэг бүлэг хүмүүс далдуур шийдвэр гаргадаг болсон. Төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага бол аминд тулсан асуудал. Өнөөдөр С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт хутгалдан орох хувийн ямар ч шаардлага байхгүй. Хэдэн чавганц дээлтэйгээ хатаад уйлаад гүйгээд байдаг. Хэдэн хүний амьдрал нүдэн дээр сүйрч байна. Шүүх, прокурор гэдэг зүйл байхгүй болсон учраас арга ядаад дуугарсан. Энэ хуулийн байгууллагуудын талаар ярих ёс суртахууны цорын ганц эрхтэй хүн би шүү. Яагаад гэвэл би энэ системийг толгойлж байсан. Нүдэн дээр миний батлуулсан хуулиудын зарчим нураад эхлэхээр байж сууж болохгүй байна. Ингээд яриад эхлэхээр Ерөнхийлөгч болох гэж байна гэх юм. Энэ улсад төрийн дампуурал нүүрлээд байгаа учраас ингэж ярихад хүрлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ