Б.Баяраа: “Чи явж болохгүй шүү” гэж нэг ч тамирчинд хэлээгүй, энэ бол тэдний эрхийн асуудал
Өнгөрсөн зун болж өнгөрсөн “Рио 2016” зуны олимпын наамын үеэр чөлөөт бөхийн Монголын анхны медалийг хууль бусаар алдлаа хэмээн дэлхий нийтийн өмнө, олимпын дэвжээнээ хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн дасгалжуулагч багш Б.Баяраатай ярилцлаа.
Тэдний энэ үйлдлийг Монголын чөлөөт бөхийн холбооноос ёсзүйгүй үйлдэл хэмээн үзэж хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хоёр жилээр хассан байдаг. Гэсэн ч шигшээ багийн хуучин багш нар нийлж “Монголын чөлөөт бөхийн үндэсний академи” байгуулан, академид ирсэн тамирчдын бэлтгэл сургуулилтыг чамбайруулж байгаа юм.
Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Олон улсын хэмжээний мастер, Доктор Бямбаренчингийн Баяраа:
-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ НИЙТИЙН ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ СУДАЛГАА,
ТӨСЛИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА-
-Б.Баяраа багш ойрдоо их нам гүмхэн байлаа. Энэ хугацаанд та юу хийж амжуулж байна вэ?
-Судалгааны ажил хийж байна. Хийж буй энэ судалгаагаараа хөтөлбөр боловсруулаад төсөл болгохоор төслийн баг бүрдүүлээд явж байгаа. Мөдхөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар, оролцохоор бэлтгэл ажлаа хийгээд ачаалал ихтэй байгаа. Монгол залуусын бие бялдар, эрүүл мэндийн төлөө би энэ ажлыг хийж байгаа бөгөөд академийнхаа үйл ажиллагааг ч цаашид яаж боловсронгуй болгох вэ, олон улсын стандартад хэрхэн нийцүүлж, хэрхэн өндөр зэрэглэлийн академи болгох вэ гэдэгт төлөвлөрөн ажиллаж байна даа.
-Нууц биш бол ямар судалгааны ажил хийж байгаа юм болоо?
-Монгол улсын хуулинд заасанчлан Биеийн тамир спортыг нийтийн үйл хэрэг болгох, дунд болон их дээд сургуулиудын биеийн тамир спортын сургалтыг тэргүүлэх чиглэл болгох гэж заасан байдаг. Иймд би эхний ээлжинд Монголынхоо их дээд сургуулиудын оюутнуудын дунд судалгааны баг гаргаад судалгаа явуулж байна. Тухайлбал, 18-21 насны оюутан залуусын бие бялдрын ерөнхий хөгжил, эрүүл мэнд нь ямар түвшинд явж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт тесттэй харьцуулахад ямар түвшинд явж байгаа болохыг гаргана. Олон улсын стандартыг би Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан стандарттай тест, Европ, Англи, ЗХУ, АНУ, Япон зэрэг улсуудын стандарт тесттэй харьцуулан дундажлаад албан ёсны стандарт тест гаргаж байгаа юм. Энэ тестээрээ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх буюу Монгол хүмүүсийн эрүүл мэндийг нийтийн биеийн тамираар дамжуулан нас насанд нь хэрхэн хөгжүүлэхийг дүгнэнэ. Өнөөдөр гарсан байгаа судалгаанаас харахад залуус хөдөлгөөний дутагдалтай, бие бялдрын хөгжил муутай, биеийн ачаалал авахад ямар ч бэлтгэлгүй явж байна. Тэднийг эрүүлжүүлэхийн тулд яах ёстой вэ, ЕБС-аас их дээд сургууль болон ажлын байран дээр гараад хүмүүс нийтийн биеийн тамирыг хэрхэн хийх вэ гэдэг системийг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм. Ингэж судалгаагаа хөтөлбөр болгон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулж, батлуулаад томоохон төсөл болгоно доо.
-Тэгэхээр танай академитай энэ ажил хэрхэн холбогдох вэ?
-Энэ академид зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх биш нийтийн биеийн тамрыг дэмжих зорилгоор бид бие бялдраа эрүүлжүүлэх гэсэн хүмүүсийг ч сургана гэсэн үг юм. Энгийн сургалт, өндөр зэрэглэлийн тамирчин болох өндөржүүлсэн бэлтгэл бүхий сургалт, дасгалжуулагч багш нарыг бэлтгэх сургалт гээд олон төрлийн сургалт байна. Энэ төлөвлөлтөө бид хийгээд төслөөрөө дамжуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-СУДАЛГАА, ТӨСЛӨӨ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭНЭ-
-Ажилчдыг бэлтгэхийн тулд ч нийтийн биеийн тамир хэрэгтэй гэлээ. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид эхлээд 606 оюутны дунд судалгаа явуулсан. “SPSS” гэдэг програмдд оруулж Г маягийн график болгож байна. Үүнээс харахад судалгаанд оролцогчдын 34.9 хувь биеийн тамирын хичээлээс гадна бие дааж биеийн тамирын дасгал хийдэггүй гэж хариулсан бол 39.7 хувь нь 1-2 удаа, 9.5 хувь нь гурваас дээш удаа хичээллэдэг гэж хариулсан нь биеийн тамирын хомсдолд орсныг харуулж байна. Мөн ирээдүйд эзэмших мэргэжилд тохирсон бие бялдрын хөгжилд таарах дасгалуудыг хийх хэрэгтэй эсэхийг лавлахад 85.9 хувь нь хэрэгтэй гэж үзсэн байна.Тухайлбал, зарим инженерүүдийн ажиллах орчин хэт өндөрт эсвэл гүний уурхайд байдаг бөгөөд энэ орчинд хүчил төрөгчийн сийрэгжилттэй байдаг. Тэнд хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадварын бэлтгэлжилтгүйгээр ажиллах юм бол оюун ухааны чадвар муудна, хүчил төрөгчийн хангамж муудсанаас зүрх судасны үйл ажиллага хямрана, тооцоо судалгаан дээрээ алдана. Гэтэл тэнд нэг л алдаа гаргавал инженер хүний үүрэх хариуцлага өндөр шүү дээ.
-Нас насны ангилалд бие бялдрын хөгжил ийм түвшинд байгааг олж мэдсэний дараа яах вэ?
-Ерөнхийлөгчийн баталсан долоон сорилоор 2009, 2011, 2012, 2017 онд хүүхдүүдийг хоёр сарын зайтай хэмжихэд хүүхдүүд хоёр сарын турш долоо хоногт нэг удаа нийтийн биеийн тамираар хичээллэхэд биеийн үзүүлэлтүүд нь маш хурдан хугацаанд сайжирч байна. Энэ л сорилын дүнгүүдээ дээр дурдсан олон улсын стандарттай харьцуулснаар ямар дасгал хөдөлгөөн хийж, яаж биеийг эрүүлжүүлэх вэ гэдэг тэр хөтөлбөрийг гаргах юм шүү дээ. Бүх зүйл стандартынхаа дагуу, нарийн тооцоо шинжилгээн дээр явагдана.
-Тухайлбал?
-Тухайлбал, 8-12 насны хүүхэд ямар ачаалалтай бие бялдрын дасгал хийх юм, 12-15, 16-18, 18-25 насны хүмүүсийн хөтөлбөрийг боловсруулж бүх багш нарт тэр хөтөлбөрийг өгнө. Ийм насны хүүхдэд ийм л даацаар ажиллана, наадуул чинь зүрх судас, амьсгалын систем нь хөгжөөгүй учраас чи зүрхний цохилтыг нь ийм хэмжээнд хүргэж болохгүй нь байна шүү, тэгвэл хэт ачаалалд оруулаад хүүхдийг доголдолтой зүрхтэй болно. Тиймээс яг энэ стандартыг барьж хичээлээ заана шүү гээд л заана. Ингэснээр хүүхдүүдийг ЕБС-д байхад нь сонгон шалгаруулалт явуулж, түүнийг бага залуугаас нь бэлдэж чадах юм.Харин Мандахаа шиг өндөр зэрэглэлийн өндөр тамирчдад “За нөхөд минь олон улсын стандарт ийм байна, та нарын энэ энэ чинь стандартад хүрэхгүй байна, 2000 онд миний авч байсан тест энэ байна, тэр үед та нар ийм чадвартай байсан, одоо харин ямар байна, олон улсын стандартад яаж очих юм. Уян хатан, анхаарал, сэтгэлзүй, эрчимтэй үйл ажиллагаа, хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадвар, ур чадвар гэх мэтээр томоохон шаардлагуудаа тавьж явна. Энэ стандартад хүрсэн хүн манайд хамгийн өндөр зэрэглэлийн тамирчинд тооцогдох ёстой, бүх зүйл шударга ил тод байна. Хүүхдүүдийг энэ амжилтанд хүрэхэд нөгөөтэйгүүр санхүүгийн хөшүүрэг байна, тэр өндөр стандартад хүрч чадсан тамирчин л санхүүжилт авна. Тиймээс хүүхдүүд тэр өндөр стандартад хүрэхийн тулд чармайна шүү дээ.
-Та судалгааны ажлаа хэзээ дуусгана гэсэн зорилготой байгаа вэ?
-Маш хүнд, нямбай ажил тул хоёр жилийн дотор багтаана гэсэн зорилготой байгаа.
-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БОЛ ОЛОН ЖИЛИЙН МИНЬ
ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ БАЙСАН-
-Саяхан дэгдсэн чөлөөтийнхөн ААШТ, ДАШТ-д оролцож чадахааргүй болсон тухай мэдээллийг та харсан болов уу. Тамирчид бэлтгэл сургуулилтаа ирж хийхгүй байгаа гэж байсан?
-Хүүхдүүд яагаад тэдэн дээр очихгүй байгаа вэ гэдгийг таамаглахад тэдний ур чадварыг үнэлэхгүй байна шүү дээ. Маш олон жил их өндөр классын бэлтгэлээр бэлтгэгдэж тэр заах арга зүйгээр сургагдчихсан, тэр их нягтралтай бэлтгэлийг хийчихсэн, өөртэй нь тэгж их тулж ажилладаг бэлтгэлээр өөрийнх нь эрэлт хэрэгцээ, юу хүсээд ирж байгаа түүнийх нь дагуу дор дор нь ажиллаад сурчихсан хүүхдүүд чинь яваад очихоор багш нарынх нь хэлж ярьж байгаа, үйлдэж байгаа үйлдэл, заах арга зүй, хамт олныг бүрдүүлж байгаа уур амьсгал, сэтгэлзүй харьцаа гээд л тэр хүнийг үнэлж буй бүх юм нь хүүхдүүдэд гологдоод байна шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд тийш явахаас цааргалаад, биднийг хаана бэлтгэл хийж байна тэр газрыг бараадаадл бэлтгэл сургуулилт хийгээд явж байна. Нэг талаар энэ чинь хүний эрх, эрх чөлөө шүү дээ. Нөгөө талаар, тэд өнөөдрийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болоод явчихаж байгаа юм. Гуравдугаарт, энэ хүүхдүүд өөрсдөө дэлхийгээс медаль авчихсан, гавьяат болчихсон, олон улсын тэмцээнд маш олон удаа оролцоод нүд нь нээгдчихсэн, спортын мастер болчихсон байхад нэгдүгээр зэрэг эсвэл спортын мастер байхгүй хүнээр юу заалгах вэ. Хүүхдүүдийн энэ байдлыг багш нар нь мушгиад бид нар руу гүтгээд байгаа болов уу. Би үүнд нь нэг ч үг дугарахгүй байгаа, цаг хугацааны шалгарлаар шалгарах байхаа.
-Танд Чөлөөт бөхийн холбоо хэр үнэ цэнэтэй байсан бэ?
-Чөлөөт бөхийн холбоонд магадгүй маш их хэмжээний хөрөнгө санхүүжилт орж ирдэг, магадгүй татвараас зугтаасан мөнгө, яаж олсон нь мэдэгдэхгүй мөнгө их эргэлддэг байх. Тэр тэмцээн уралдаанаар орж ирдэг мөнгө тайлан дээр яаж тавигддагийг бид мэдэхгүй. Тийм учраас тэдний хувьд Чөлөөт бөхийн холбоо асар үнэ цэнэтэй байгаа болов уу. Харин миний хувьд Чөлөөт бөхийн холбоо бол энэ олон жилийн хөдөлмөр, оюунаараа гаргаж ирсэн топ багийн амжилт юм. Энэ хүч хөдөлмөрөө цаашид авч явсаар дэлхийн топын топ баг болгохсон, зогсохгүй юмсан гэж бодож байсан ч хүчээр зогсоолоо.
-Академи байгуулагдаад, тамирчид тэмцээнд оролцоод эхэлчихлээ. Академи одоо ямар хуваарилалтаар хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-Бид академийнхаа ажлыг хуваарилаад авчихсан. Тухайлбал, Ц.Цогтбаяр маань тодорхой хэмжээний сургалт дасгалжуулалтанд орж байгаа ч гэсэн ерөнхий зохион байгуулалт, санхүүжилт хариуцаж байхад, О.Пүрэвбаатар сургалт дасгалжуулалт, техникийн ур чадвар, бие бялдрын хөгжлийг хариуцаж байна. Харин Л.Энхбаяр өдөр тутмын бүх үйл ажиллагааг хянах, тамирчдын сахилга бат, дэг журмыг хангаж байна. Миний хувьд бие бялдрын өндөр зэрэглэлийн ур чадвар, сургалт дасгалжуулалтын төлөвөлтөн дээр ажиллахаас гадна, энэ судалгааны ажил дээр ажиллаж байна.
-ЧИ ЯВЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭЖ НЭГ Ч ТАМИРЧИНД ХЭЛЭЭГҮЙ-
-Тамирчдынхаа бэлтгэлийг маш өндөр түвшинд хийж байгаа болов уу? Хэрхэн ажиллаж байга вэ?
-Бид энэ жилийн Азийн болон дэлхийн аварга хүртэл төлөвлөлтөө нарийн гаргасан байгаа. Бид хамгийн өндөр ачаалал авах үе буюу яг тийм өндөр ачаалалтай нөхцөлд ур чадвараа хэрэгжүүлэх бэлтгэлээ өмнөх долоо хоногт хийгээд дууслаа. Энэ долоо хоногийн эхний хагаст сэргэлт явж байна. Тэр өндөр ачааллаас шууд бууж болдоггүй, нэг хэсэг жаахан буучихаад, тэр өндөр ачаалалдаа эргээд очоод, эргэж сэргээгээд явах гэх мэт нарийн төлөвлөгөөтэйгээр явдаг. Хэрэв хэт өндөр ачаалал аваад сурчихсан зүрхийг юу ч хийлгэхгүй гэнэт сул зогсоох эсвэл үргэлжлүүлсэн их ачаалал өгөөд байвал тамирчид гэдэг тамирчид биш өвчтөн болж хувирна. Гэтэл яг энэ өндөр ачаалал явж байгаа нарийн процесс дээр багш нар нь бидэнтэй нийлээчээ, одоо манай барилдаан явах гэж байна гэдэг. Гэтэл манайд тэр өндөр зэрэглэлийн ачааллыг аль хэдийн авчихаад дуусчихсан байхад тэнд ахиад эхлэх гэж байна. Тэнд ачааллаа өгчихсөн байхад ахиад тэр ачааллыг өгөх юм бол хүүхдүүд сэхэхгүй унана шүү дээ. Анхнаасаа сургалт, аргазүйгээ бид ярилцаж, ямар тэмцээн уралдаанд оролцох юм гэдгээс шалтгаалан төлөвлөгөөгөө гаргадаг байх хэрэгтэй.
-Ер нь шигшээ багийн тамирчин заавал Спортын төв ордны зааланд очиж бэлтгэл сургуулилт хийх ёстой байдаг уу?
-Би бол үүнийг хүний өөрийнх нь асуудал гэж боддог. Өнөөдөр би тамирчдаас “Чи явж болохгүй шүү” гэж хэнийг ч хэлээгүй. Бидэнд итгээд, бидэнтэй хамтарч ажиллана гэвэл хамтарч ажилла, дунд нь хэсэг явчихаад ирмээр байвал яв. Гол нь ингэхдээ дээр ярьсан төлөвлөлт, ачааллын зөрүүнүүдээс болж алдахвий, багш нар нь түүнийг нарийн тооцож чадсан уу, үгүй юу гэдэг л байна. Энд би нэг зүйлийг нэмж хэлэхэд миний маш их харамсч явдаг зүйл бол бид Монголын олимпын хүрэл медалийн төлөө тэмцсэн. Тэр хүрэл медалийн төлөөх тэмцэл Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаатай зорилго нэг л байх ёстой. Гэтэл эд нар маань яагаад үүний төлөө явахгүй, үүний төлөө явсан багш нарыгаа ингэж байгаа юм. Бүр гадны улс орнуудын тэмцээнд оролцуулдаггүй юм байж, Монголдоо яагаад хүүхдүүдийнхээ тэмцээн дээр очоод мэддэг чаддагаа хэлж яриад, урмыг нь өгөөд тэмцээнд оролцож болохгүй гэж.
-Тийм шийдвэр гарлаа гэхэд түүнийг нь хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин байдаг юм болов уу?
-Өдөр тутмын бэлтгэл сургуулилтын дасгалжуулалт хийхэд тэд хорихгүй байна. Гэхдээ тэмцээн дээр Цогоог хөөгөөд л, буланд суулгахгүй байгаа зэрэг байдлууд нь их л харамсалтай санагдсан. Хүүхдүүдийн сэтгэл санаанд ч муу шүү дээ. Хүрэл медалийнхаа төлөө зүтгэсэн энэ хоёр хүнийг яагаад ад үзээд байгаа юм, яагаад бидэнд ийм мэхнүүдийг зааж өгөөд энэ хоолонд хүргээд, амжилтанд хүргэсэн улсын эрхийг хасаад байгаа юм бэ гэж бодож л байна. Эд маань хэлж өмөөрөхгүй ч гэсэн үйлдлээрээ өмөөрөөд, бид нарын талд зогсоод байна шүү дээ, хөөрхий. Тэгээд хүчээр, цалингаар, эрх мэдлээр тийшээбариа байгаа юм байх.
-БАЙРАНДАА ЗОГСОЖ БОЛОХГҮЙ, ЮУГААРАА ТОП БАЙСАН,
ТҮҮГЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРЛӨНӨ-
-Баяраа багшаа энэ асуулт тантай тийм холбоотой биш ч шигшээ багийн дасгалжуулагч олон жил хийж байсны тань хувьд асууя. Саяхан манай тамирчид ААШТ, ДАШТ-д оролцох боломжгүй болох шахлаа. Тамирчдын мэдүүлгийг хоцроосон энэ асуудал дасгалжуулагчийн хариуцлагатай л холбоотой байдаг уу?
-Цэвэр дасгалжуулагчийн хариуцлага шүү дээ. Дасгалжуулагч дотооддоо ямар ч шийдэл байна, юу байна гэдгээс үл хамааран Монгол улсыг төлөөлөн гадаадтай харилцах эрх мэдэлтэй байгаа учраас тэр л ажлаа хариуцлагатай хийх ёстой. Гэтэл саяын тэмцээнд жин тус бүрд нэг тамирчны нэр өгсөн гэсэн. Бид өмнө жин тус бүрт хоёр хүний нэр өгдөг байсан. Энэ нь сургалт дасгалжуулалт болон гэнэтийн осол аваар, эрсдлийг тооцоолж байгаа хэрэг.Гэтэл УАШТ-д түрүүлсэн долоон тамирчны нэрийг мэдүүлэгт оруулсан уу гэтэл “оруулаагүй ээ” гээд хариулсан байгаа юм. Хоёрдугаарт, мэдүүлэгт хоёр тамирчны нэр өгч болдог биздээ гэж асуухад эхлээд “өгч болно” гэж хариулсан. Тэгснээ дараа нь нэг шинэ журам мөрдөгдөж эхэлсэн тухай яриад, өмнө нь нэрс өгөөд өөрчилж болдог байсан бол одоо нөхцөл байдал өөр болсон гэх юм. Тэгээд яг өгч болох юм уу, болохгүй юмуу гэдэг нь тодорхойгүй. Нэг хүний нэр өгчихөөд түүнийг баллаж, сохолж өөрчлөхгүйгээр анхнаасаа л хоёр хүний нэр өгчих хэрэгтэй шүү дээ. Бас өгч болно гэчихээд “би оруулаагүй” гэж байна. Энэ үйлдлийг ямар зорилготой вэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Би энэ хугацаанд юу ч дугарсангүй, гэтэл биднийг буруутай юм шиг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна.
-Тамирчинд та бүхэн дээр очиж бэлтгэлээ хийгээд байгаагаас болж ийм явдал болсон юм болов уу?
-Би шигшээ багийн дасгалжуулагчаар маш олон жил ажилласан. Тэр ойлгомжтой. Ажиллах хугацаандаа тэр хүмүүсээс ямар шүүмжлэл авдаг вэ гэхээр “Чи гарын шавьгүй шүү дээ” гэдэг. Гэтэл энэ Монгол улс даяар нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг, спортын мастер, олон улсын хэмжээний мастер болсон тэр бүх л хүүхдүүдийг бид энэ олон жил бэлтгэж явсаар дэлхийн хэмжээнд аваачлаа. 22 жил зургаахан медаль авдаг байсныг гуравхан жил дэлхийн зургаан медаль авдаг амжилтанд хүргэсэн. Гэтэл тэдгээр нөхөднамайг “Чи хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй” гэж байгаа юм. Ингэж хэлж байгаа хүний шавийг ч тэр, бүгдийг нь л би алагчилж үзэлгүй өнөөдрийн хоолондоо хүрэхэд нь гар бие оролцчихсон шүү дээ. Гэхдээ юм ойлгодог хүмүүс, хүүхдүүд өөрсдөө мэдэж байгаа гэдэг утгаараа чимээгүй өнгөрөөлөө.Өнөөдөр чөлөөт бөхийн улсын шигшээ баг бүрдэж чадахгүй эд нар хэвлэл мэдээллээр гоншигоноод, хаа байсан эрдмийн ажил, судалгааны ажил, жижиг бизнес хийгээд, өөрийнхөө тааваараа бэлтгэл сургуулилтан дээр очоод явж байгаа хүмүүсийг “Энэ Баяраа, Цогтбаяр хоёр шигшээ багийг бүрдүүлэхгүй, хүүхдүүдийн сэтгэл санааг урвуулаад байна, үүнээс болж шигшээ баг бүрдэхгүй байна” гээд л ярьж, тархийг нь угааж, ахиад л бид хоёрыг буруутай юм шиг яагаад яллаад байгаа нь харамсалтай. “Гарын шавьгүй” гэх сэтгэл гонсойлгом тодорхойлолт, хүүхдүүийн сэтгэл санааг урвуулаад байна гэх энэ хэл амны хажуугаар би өөртөө “Байрандаа зогсож болохгүй, хэл амаар хэрэлдэх биш, оюунаараа, хөдөлмөрөөрөө, хоёр гараараа юу чаддаг, юугаар топ байсан түүгээрээ ажиллая, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, олон улсын хуралд хэлэлцүүлж үнэлэмжээ аван баталгаажуулж, үүнийгээ төсөл болгож, бүтээн байгуулалт хийнэ” гэж амлаад байна.
-МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БИДЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ-
-Одоо академийн бэлтгэлийн байр хаана байгаа вэ?
-Төв аймагт байгаа. Бид одоогоор 40-60 хүүхдийн хоол байр гэх мэт зардлыг гарган академиа аваад явж байна. Харин цаашдаа нийтийн биеийн тамирын салбар болгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Яг үнэнийг хэлэхэд Монголчууд бие биенээ л битгий буруутгаасай гэж хүсч байна. Тэртэй тэргүй тэр шүүгчид бид нарын эсрэг шүүгээд, шийдвэрээ бидний эсрэг гаргаад байхад, бид хоёр хувцсаа тайлснаас болж хожигдсон юм шиг. Яагаад энэ логик дэс дарааллыг ойлгохгүй байна вэ гэдгийг л гайхаад байна. Буруу шүүсэн, буруу шүүлтээс болж буруу шийдвэрт хүрсэн, буруу шийдвэрээс болж Г.Мандахнаран хожигдож, Монголын медалийг байхгүй болгосон. Үүнийг эсэргүүцэж бид хоёр хувцас тайлсан. Гэтэл олон нийтэд ойлгуулахдаа яг эсрэгээр нь ойлгуулаад байна. Хувцас тайлснаас болж буруу шүүгээд, буруу шүүснээсээ болж Г.Мандахнаран хожигдоод, Г.Мандахнаран хожигдсоноос болоод Монголын нэр хүнд унасан гээд байх юм. Яагаад ингэж шал өөр талаас нь тайлбарлаж, Монголчууд Монголчуудынхаа тархийг угаагаад байгааг гайхаж байна. Дэлхийн бөхийн холбоо энэ буруу шүүлтийн талаар албан ёсны хариулт одоо болтол өгч чадаагүй байхад бид хоёр аль хэдий нь шийтгэлээ авчихсан сууж байна. Бид хоёрыг бүдүүлэг гэж хэлж болох ч цаад логик нь Монголынхоо төлөө байсан юм шүү дээ. Тиймээс цаашид Монголчууд маань битгий талцаж нэг нэгийгээ гүтгээсэй, дэмжих цагтаа дэмжиж, буух цагтаа бууж, нэгдэх цагтаа нэгдэж, нэг зүйлийн төлөө яваасай.
-Маш харамсалтай зүйл болсон ч та дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон байна шүү дээ?
-Тиймээ, илүү өргөн хүрээтэй ажиллахаар шийдэж байна. Магадгүй манай академиас Монголын анхны олимпын аварга төрнө гэж найдаж байна. Ингэхийн тулд одоо ажиллаж байгаа Монголын чөлөөт бөхийн холбоо бидэнтэй хамтарч ажиллах ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ