Г.Мэнд-Амар: Эдит Пиафын дүрийг элэглэснийг хараад эхнэр охин хоёр минь элгээ хөштөл инээсэн
Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа “Камертон” хамтлагийн дуучин, “Боловсрол” телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоуны оролцогч Г.Мэнд-Амарыг уулзуулж байна. Тэрээр энэ удаагийн шоунд одоогоор Эдит Пиаф, Виктор Цой, Питбүүл нарын дуучны дүрийг бүтээгээд байгаа бөгөөд санаанд оромгүй олон үзэгчийн анхаарлыг татаж, тэдний дэмжлэгийг аваад байна.
Бид энэ удаа Г.Мэнд-Амартай шоуны талаар болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-БИ ЭНЭ ЭМЭГТЭЙН АМЬДРАЛЫНХ НЬ СҮҮЛИЙН МӨЧҮҮДИЙГ
ДҮРСЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН-
-Шоунд оролцохын зэрэгцээ хувийн ажлуудаа амжуулах гээд цаг завгүй байгаа ч бидэнтэй уулзаж ярилцаж байгаа танд баярлалаа.
-Зүгээрдээ, та бүхэнд ч бас их баярлалаа. Ний нуугүй хэлэхэд ачаалал маш өндөр байна. Хувийн ажил гэхээсээ илүүтэй урлагийн ажил, бизнесийн ажил, олон нийтийн ажил гээд л дор дороосоо ундарсаар л байна. Ер нь өдөртөө хийж байгаа ажлын 50 хувь нь төлөвлөсөн ажил байдаг бол 50 хувь нь төлөвлөөгүй гэнэтийн ажлууд байдаг. Яг одоогийн байдлаар Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож байгааг минь та бүхэн мэдэж байгаа болов уу. Мөн Камертон хамтлагийн маань 11 дэх шинэ цомог мэндэлсэн байгаа учраас цомогтой холбоотой клип, идэвхижүүлэлтийн ажлууд давамгайлж байна даа.
-Яг одоо үзэгчдийн анхаарлын төвд байгаа шоуны талаар яриагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Өнгөрсөн гурван дугаарт танд хамгийн хүнд санагдсан дүр юу байв аа?
-Мэдээж эмэгтэй хүний дүр. Хүмүүст бяцхан ч болтугай хөгжил, баяр өгөөд буй Эдит Пиафын дүрийг хэлж болно. Би өмнө хэзээ ч эмэгтэй хүний дүрд хувирч, эмэгтэй хүн “болж” байсангүй. Тэр тусмаа Эдит Пиафын хувьд нүүр будаг, биеийн байдал, царай төрх гээд их өвөрмөц. Азаар Боловсрол телевизийн тайзнынайруулагчид болон “Аймар” продакшны залуус маш сайн зөвлөгөө өгч байгаа. Нөгөөтэйгүүр би өөрөө дүрээ сайн судлах хэрэгтэй шүү дээ. Одоо “Google”, “Youtube” гэдэг сайхан зүйлс байхад хайгуул хийхэд хялбар болсон. Ингээд хайхад Эдит Пиафынамьд сэрүүн байх үеийн бичлэг их ховор байдаг юм билээ. Тухайн үед технологи тийм ч өндөр түвшинд хүрч хөгжөөгүй байж. Харин Эдит Пиафын амьдралаас сэдэвлэсэн “La vie en rose” киног үзэж, түүний дүрийг бүтээсэн Францын жүжигчин Марион Котийярын жүжиглэлт надад илүү их хөтөч болсон гэж хэлж болно.
-Эдит Пиафын дүрийг бүтээхэд нурууны бөгтөр, царай төрхний хувирал зэргийг хараад зарим үзэгч шүүмжлэлтэй хандаж байсан. Та яг дүрийнхээ ямар онцлог шинжүүдийг гаргахыг хүссэн юм бэ?
-Эдит Пиаф үнэхээр л ийм бөгтгөр байсан. Ер нь Эдит Пиаф өндөр наслаагүй, 40 гаруй насандаа өөд болсон шүү дээ. Учир нь энэ эмэгтэй өөрөө дөнгөж төрсөн даруйдаа эцэг эхдээ хаягдаж, түүнээс хойш эмээ дээрээ өссөн байдаг. Ингэхдээ биеэ үнэлэгчдийн амьдардаг хоёр давхар байшинд өссөн. Энэ хугацаанд нүдний халдвар авч, сохрох шахсан ч азаар биеэ үнэлэгчид нь мөнгө цуглуулж, сайн санаат эмчтэй таарсны ачаар хараатайгаа үлдэж чадсан. Дараа нь энэ эмэгтэй архинд орж, хар тамхи ч хэрэглэх нь ихэссэн. Гэрлэх гэж байсан хайртай залуу нь өөд болсноос сэтгэл санааны гүн хямралд орж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцож жилийн дотор гурван ч удаа осолд орсон тухай бичсэн байсан. Үүнээс болоод үе мөчний хүнд өвчтэй болж, бие нь морфины хамааралтайболсон, өвчнөөсөө болоод нуруу нь бөгтийж хөл дээрээ ч тогтож зогсоход хэцүү болсон гээд л маш хүнд замыг тэр эмэгтэй туулсан байдаг. Мөн архины хамаарлаас болсон уу элэгний хүнд өвчтэй, ходоодны хагалгаанд орж байсан гээд л энэ эмэгтэй үнэхээр цэгц, шулуун зогсох ямар ч боломжгүй байж. Би энэ эмэгтэйн амьдралынх нь сүүлийн мөчүүдийг дүрслэх гэж оролдсон.“La vie en rose” ч түүний сүүлийн үеийн дуунуудын нэг. Дэлхийн II дайн дуусахад 1936 онд шүлгийг нь зохиогоод, 1937 оноос хүн төрөлхтөнд танигдаж эхэлсэн. Тэр л үеийг харуулах гэж хичээсэн.
-ӨӨРИЙНХӨӨ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЖ, ЦОЙГ АМЬД ГЭДГИЙГ
ХАРУУЛАХЫГ ХҮССЭН-
-Тайзны тавилтын тухайд, их зүйлийг илэрхийлж байсан?
-Миний баруун хойно нэг залуу болон бүсгүйн сүүдэр байх бол зүүн хойд талд ганц бие залуу хүлээж буйгаар дүрслэгддэг. Ганцаараа зогсож байсан залуу нь явчихаад эргэж ирдэггүй, энэ нь түүний хайртай залууг илэрхийлж байгаа юм. Харин баруун талд нь байсан хос хоёр бол Эдит Пиафын мөрөөдөл юм. Эдит Пиаф гэрлэсэн үү гэвэл гэрлэсэн. Өөрөөсөө 20 гаруй насаар дүү залуутай гэрлэдэг ч амьдралын хамгийн сүүлийн мөчид нь тэр залуу нөхөр нь хамтдаа байж чаддаггүй. Тиймээс л би бие нь өвдөж бөгтгөр болсон, өвчин зовлонд шаналсан ч сэтгэлээрээ асар их хүчтэй байсан эмэгтэйг нүдээр нь дамжуулан гаргахыг хичээсэн.
-Виктор Цой ч мөн их түүхтэй дуучин шүү дээ. Дүр болоод дуулалтын хувьд “Яг түүн шиг” байж чадсан гэж үзэгчид дүгнэж байсан. Та бас л их судалгаа хийсэн байх?
-Виктор Цойн дүрийг гаргахад надад тийм ч хэцүү байгаагүй. Учир нь бид хоёулаа Ази хүн байсан. ОХУ-ын иргэн гэдэг ч Виктор Цойн ээж нь Хойд Солонгосын иргэн шүү дээ. Тиймээс царай төрхийн хувьд адил болсон байх. Харин дуу хоолойн хувьд түүнийг яг л дуурайх гэж хичээгүй, албаар ч тэгсэн. Виктор Цой цээл маягийн хоолойтой ч би сөөнгө болгож дуулсан. Цой өөрөө маш их тамхи татдаг хүн байсан. Түүнийг шүтдэг, түүнийг хүлээн зөвшөөрсөн, түүнийг ертөнцөө болгосон хүмүүсийг “Виктор Цой амьд, тэр зүгээр л тамхилахаар гарсан” гэж үздэг. Хэрэв Цой тэр осолд ороогүй, өнөөдөр амьд байсан бол хоолой нь иймэрхүү суулттай, сөөнгө тал руугаа байх байсан болов уу гэж бодож дуулсан. Нэг талаараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн гэх үү дээ, түүнийг амьд гэдгийг харуулахыг хүссэн.
-Та энэ гурван дугаарт гурван өөр хэлээр дууллаа шүү дээ. Хэлний бэрхшээл их тулгарав уу?
-Харин тиймээ, энэ талаараа жаахан хэцүү сонголтууд таараад байгаа /инээв. сурв/
-МИНИЙ ХУВЬД ЭНЭ ШОУНД ӨРСӨЛДӨХДӨӨ ГОЛ НЬ БИШ-
-Гэсэн ч долоохон хоногийн дотор дууг нь сурч, үгийг нь цээжлээд л, дуудлагаа засна гэдэг амаргүй ажил байх?
-Миний хувьд англи хэл дундаж түвшинд бол орос хэл бол бүр нэгдүгээр түвшинд байгаа. Дээр үеийн “Радуга” сурах бичгийн I, II, III-аар намайг төсөөлж болно. Харин Франц хэлэнд “а” ч байхгүй шүү дээ. Үүнд надад дуучин Э.Оюундарь маш их тусалсан. Э.Оюундарь жазз дуу, Пиафын дууг дуулдаг учраас хамгийн түрүүнд надад санаанд орж “За ахдаа туслаарай” гээд л утсаар ярьсан. Ингээд л дүү маань надад Пиафын дууг зааж, үг бүрийг нь монголоор галиглан бичиж өгч, ээж нь хүүдээ “Маамуу нааш ир” зааж байгаа юм шиг л нэг оройжин суусан даа. Франц хэлтнүүд намайг голж байгаа ч, энэ хэлийг мэдэхгүй хүмүүст их л дөхүүлсэн шиг санагдах болов уу /инээв. сурв/. Дуучин Питбүүл /Pitbull/-ийн хувьд гайгүй ч яг Американ эсвэл Бритиш аялгатай биш, латино аялгатай. Түүнийг нь сайтар анзааруулахын тулд цэвэр дуудлагыг нь эвдээд, жаахан хэтрүүлэг хийсэн. Харин хүмүүс түүнийг нь жаахан буруу ойлгосон шиг байна лээ, англиар их муухай дуудлагатай юм билээ гэсэн санал шүүмжүүд байсан.
-Энэ жилийн өрсөлдөгчид эн тэнцүүхэн байна гэж үзэгчид үзэж байна. Харин та бүхний дунд өрсөлдөөн хэрхэн өрнөж байгаа вэ? Тухайлбал, таны хувьд хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?
-Үнэнээ л хэлье. Г.Ганхүү ах бид хоёр саяхан уулзаад ярьж байхад Г.Ганхүү ах: “Олимпын зарчим гэж нэг зарчим хүн төрөлхтний дунд байдаг. Олимпод түрүүлэх нь гол биш, үүнд оролцож байна гэдэг нэр хүндийн хэрэг бөгөөд дурсамжтай сайхан үйл хэрэг. Яг л үүн шиг” гэж их сайхнаар хэлсэн. Г.Ганхүү ах бид хоёрын хувьд тийм л байна. “Яг түүн шиг” бол зөвхөн Монголд болоод байдаггүй, олон улсын шинж чанартай төсөл шүү дээ. Нийт 30 гаруй улс оронд хийгддэг. Үүнд өрсөлдөхдөө гол нь биш, хэзээ ч хувирч чадахгүй гэж бодсон дүрдээ хувираад, энэ тайзан дээр өөрийн жаргал цэнгэлийг эдлээд, хүмүүст баясал инээд хөөр бэлэглэж байна гэдэг миний хувьд маш сайхан байна.
-Өрсөлдөгчийн хувьд?
-С.Гантогоо бол үнэхээр сайн явж байгаа, өөртөө байгаа бүх нөөц бололцоогоо дайчилж байгааг нь харж байна. Т.Бархүү маань ч маш сайн байна. Түүнийг үзэгчид зөвхөн жүжигчин гэж хардаг байсан бол өнөөдөр түүнийг дуучин гэж харж байна. Дуучин дуучиндаа бүр маш их авьяаслаг дуучин юм гэдгийг нь харж байгаад би баяртай байна.
-МИНИЙ ОХИН, ЭХНЭР ХОЁР “ЭЛГЭЭ ХӨШТӨЛ” ИНЭЭСЭН-
-Өрсөлдөөн гол биш гэлээ. Гэсэн ч тэмцээнд орж байгаагийн хувьд хувийн амжилтаа ахиулах, өөрөө өөртөө шинэ зүйлийг нээж, шинэ зүйлд суралцаж байгаа болов уу?
-Байна. Юуны өмнө өндөр өсгийт өмсөж чадахаар юм билээ гэдгээ мэдсэн /инээв. сурв/. Гэхдээ С.Гантогоо, Т.Бархүү хоёртой юу ярих билээ, тэр хоёр төө хэртэй өндөр өсгийт дээр бүжиглэнэ, Т.Бархүү бол бүр түүнтэйгээ ширээн дээр үсрээд гарчихсан шүү дээ. Миний хувьд гуравхан хуруу өндөртэй сандаал өмссөн, хэцүү юм билээ. Ер нь телевизийн ийм том төсөлд оролцож, хамтарч ажиллахад маш их зүйлийг сурж авдаг, би өмнө ч хэд хэдэн том төсөлд оролцож, дунд нь орж ажиллаж байлаа. Яг үнэнийг хэлэхэд телевизийн урлагийн хөгжил яг одоо Монголд их гоё цаг үе дээрээ байна. Би энэ шоунд орсноороо энэ талаас нь, их ондоо талаас нь л харж суралцаад байгаа. Магадгүй хэзээ нэгэн цагт би өөрөө төсөл хариуцаж аваад хийвэл маш их туршлага хуримтлуулж байгаа гэж бодож байгаа.
-Цахим орчинд нилээд шүүмжлэл, магтаал, элэглэл явж байгаа. Та тэр болгоныг харсан уу?
-Харсан, харсан. Миний охин, эхнэр хоёр “элгээ хөштөл” инээсэн шүү. Эдит Пиафынхаа бичлэгийг ухраагаад үзтэл хөлс урсаад, инээд хүрээд их юм болсон. Гэхдээ гоё. Тийм л мэдрэмж хүнд байх ёстой гэж би боддог.
-Дараагийнхаа дүрийн бэлтгэл ажилдаа орсон уу? Бэлтгэлээ хэрхэн хийж байгаа вэ?
-Орсоон, дараагийн дүр гайгүй дүр. Японы Пикотаро /Pikotaro/ гээд комеди жүжигчин бий. Түүний хийсэн ажлуудыг харахад ганц л топ хит дуу байгаа. Тэр хит дуу нь Ганнам сталь дууг давж, дэлхийн хамгийн богино мөртлөө Billboard, UK chart, US chart зэрэгт маш дээгүүр байр эзэлсэн, Азийн ганц дуу болсон. Их сонин, хүн гэдэг айхтар гүн гүнзгий зүйл бодохоосоо илүүтэй, өвөрмөц зүйл хийвэл хүн төрөлхтөнд таалагддаг болчихсон юм уу даа гэдэг нэг өнцгийг Пикотарогийн “PPAP”-ээс олж харсан даа. Хүн болгон классик, рок, поп руу зүтгэхээсээ илүүтэй өвөрмөц зүйл нь урлагийн онцлог болж байгаа юм болов уу.
-ХАЙР УЛАМ ЗАЛУУЖДАГ ГЭДГИЙГ ИЛРЭЛ НЬ БИДНИЙ ХҮҮХДҮҮД-
-Одоо сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаар сонирхъё. Камертон хамтлаг “Хязгааргүй” нэртэй 11 дэх цомгоо өлгийдөн авлаа. Энэ цомгоор та бүхэн юу өгүүлэхийг хүсэв ээ?
-Камертон хамтлагийн үе үеийн цомгууд, Камертон хамтлагийн дуулж буй стиль угаасаа л өвөрмөц онцлогтой. Хөгжмийн хувьд уламжлалт акапелла, полифони урсгалаа хаяагүй. Мэдээ мэдээж энэ дунд ярьдгаараа ярьж байгаа /инээв. сурв/. Дууны утга санааны хувьд Камертон өөрөө үнэртсэн, хүмүүсийн дуртай тэр л сэдвийг дуулж байгаа. Ер нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. Хайрыг ямар яруу найраг, ямар шүлгээр магтан алдаршуулах вэ гэдэг тухайн үндэстний өөр өөрсдийн онцлог. Харин цомгийн хийцийн хувьд контемпорари талдаа болсон гэж хэлж болно.
-“18насны хайр”-ын тухай дуулж байсан бол одоо Камертоныхон үр хүүхэд, хань ижлийнхээ хамт хайрын тухай дуулж байна. Ялгаа байна уу?
-“Хайр хэзээ ч хөгшрөхгүй” гэдэг үнэхээр үнэн. Анх яг л таны хэлдэгчлэн бид 18 насны хайр гээд л яг л шилжилтийн нас, ертөнцийг танин ядан байгаа оргилуун, дэврүүн үеийн мэдрэмж, анхны үнсэлт гээд л.Харин одоо бид хайр гэхээр төлөв түвшин, “хөгширчихсөн” хайрыг дуулах юм шиг. Гэтэл эсрэгээрээ, хүний хайр хүндлэл, хайр сэтгэл гэдэг он цаг улирах тусам улам залуужиж байдаг. Илрэл нь бидний хүүхдүүд байна шүү дээ. Хайр улам залууждаг, хайр улам өнгөлөг, улам өнөр өтгөн болдог гэдгийг “Хайр” дууны клип дээрээс харсан болов уу. Энэ клип бол манай Болдоогийн тавилт, санаа, өнгө будаг. Болдоогийн маань хамтлагтаа зориулж хийсэн анхны клип гэж хэлж болно, их бүтээлч байгаа биз?
-БИЗНЕСИЙН САЛБАРТ ШУДАРГААР ӨРСӨЛДӨЖ БАЯЛАГ
БҮТЭЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА-
-Цомог гарахтай зэрэгцээд сонсогчдын зүгээс “Тоглолт хэзээ бол” гэдэг хүлээлт үүсч байна.Тоглолт төлөвлөгдсөн үү?
-Бидний хувьд тоглолт хийе гэж яарахгүй байгаа. Мэдээж нилээд удаан хугацаанд цомог гаргаагүй тул цомогт орсон дуунуудаа дүрсжүүлэх, олонд түгээх ажлуудаа хийж гүйцэтгэсний дараа шийдвэр гаргана аа.
-Уншигчаас ирсэн асуултыг уламжилж байна. “11 дэх цомог Камертон хамтлагийн сүүлийн цомог уу?”
-Үгүй ээ. Бидэнд магтаал, шүүмжлэл эн зэрэгцэж ирдэг ээ, энэ бол амьдралын олон өнгөний нэг. Камертон хамтлагийнхан сүүлд нэгдэж, нийлсэн хүүхдүүд биш. Бид долоо, наймхан настай байхдаа танилцаж, хамтлаг байгуулахаасаа 10 гаруй жилийн өмнөөс үерхэж нөхөрлөсөн юм. Гэхдээ тус тусдаа биш, яг л нэг ширээн дээр ойрхон нөхөрлөж өссөн. Харин хамтлаг болсноос хойш 20 жил болсон байна. Тиймээс бид тийм амар салчих юм биш. Хоёрдугаарт, “Камертон” гэдэг яах аргагүй бидний амьдралын утга учир, салшгүй нэг хэсэг болчихсон. Энэ сайхан утга учраа бид үгүй хийж, утга учиргүй амьдрахгүй. Харин хамтдаа цомог гаргахгүй удсан ч бид тус тусдаа цомгуудаа гаргаж явлаа. Нөгөөтэйгүүр, бидний нас одоо хэд билээ. Үргэлж л дуу хуур гэж явахаас гадна нийгмийн өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж байгаа тул үйлдвэрлэл хөгжүүлэх ажилд гар бие оролцох, нийгэмд хэрэгтэй бизнесийн салбарт шударгаар өрсөлдөж баялаг бүтээх гэж хичээж байна.Тиймээс бидний цаг зав жил бүр хоёр цомог гаргадаг байсантайгаа тэнцэж чадахгүй.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Энэ сарын 22-нд “G-mobile” компанийн 10 жилийн ой тохиож, их гоё шоу болох гэж байгаа. Энэ үеэр Камертон хамтлаг сонсогчиддоо дөнгөж хүргэж буй хоёр шинэ дуугаа тайзан дээрээс үзэгчиддээ зориулан дуулах болно. Мөн өөрсдийн өмнөх хит дуунуудаасаа сонгон, түүвэрлэж сонсгох болно. Камертон хамтлагаас гадна “G-mobile” компанитай хамтран ажилладаг бусад уран бүтээлчид ч ирж ая дуугаа өргөх тул та бүхнийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ