СУРВАЛЖЛАГА: “Хүннү молл”-д Монголд байхгүй 20 гаруй төрлийн амьтан иржээ

amitan

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборт “Харилцааны зоопарк” үүд хаалгаа нээжээ. Энэхүү амьтны хүрээлэнд Монголд байхгүй, Африкийн сонин хачин, өмнө нь нутаглуулж байгаагүй нийт 20 гаруй төрлийн амьтан ирсэн байна. Тусгай тэжээвэр бүхий сургуулилттай дээрх амьтдыг ОХУ-аас хүүхэд багачууд болон амьтан сонирхогч хэн бүхэнд зориулан авчирч, тэднийг хооллох, цуг зургаа авахуулах, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Энд ОХУ-аас ирсэн орос мэргэжилтэнүүд, тусгай мэргэжлийн эмч, амьтдын мэргэжилтэн болон монгол амьтан сургагч, тэжээгч нар 24 цагийн турш ажиллаж байгаа аж.

Энэхүү амьтдын ихэнх нь махчин бөгөөд удаан хугацааны туршид цуглуулсны эцэст тусгай зөвшөөрлийн дагуу оруулж иржээ. Амьтад өдөртөө жимс ногоогоор, оройн цагаар тусгай бэлтгэсэн өөхгүй үхрийн шинэ махаар хооллодог байна. Мөн тэдэнд амьтанд хэрэгтэй кальци болон тэжээлийг стандартын дагуу өгдөг ажээ.

“Харилцааны зоопарк” нээлтээ хийгээд удаагүй байгаа хэдий ч хүний хөл тасрахгүй байв. Хүүхэд багачууд болон том хүмүүс амьтдыг сонирхон зургийг нь авч, илж, тэднийг хооллож, тайлбарлагчаас элдвийг асууж байлаа. Хүүхдүүд дээрх амьтдыг хайрлан тэвэрч, сонирхож байв.

Амьтны хүрээлэнд америк тивийн махчин хамарт илбэнх, үен (махчин бөгөөд жижиг биетэй амьтан барьж иддэг), сурикат (африкийн зурам буюу хүүхэлдэйн киноны баатартимон), үнэг, загас, бидэрт мангуст, энгийн мангуст (махчин, сүргээрээ том амьтан барьж иддэг), үмхий хүрэн, хэрэм, туулай, үхэр зараа, усан гахай (дэлхий дээр байдаг хамгийн том мэрэгч амьтан), одой гахай (хамгийн жижиг өсдөггүй гахай), хярст үнэг (цасны үнэг), үхэр зараа зэрэг амьтад иржээ.

amitan

-ЦААШИД Ч ХОВОР СОНИН АМЬТАД ДАХИН АВЧИРНА-

Харилцааны зоопаркийн захирал М. Нармандахтай цөөн хором ярилцлаа.

-Та энэхүү амьтны хүрээлэнг яагаад нээх болсон юм бэ. Нийт хэдэн төрлийн амьтан байна вэ?

-Би хүүхэд багачууд Монголдоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үзэж харах танин мэдэхүйн хүрээгээ тэлж, амьтдыг хооллож, тэдэндээ харьцаж хайрлаж байгаасай гэсэн үүднээс энэхүү “Харилцааны зоопарк”-аа нээсэн. Нийтдээ 20 гаруй нэр төрлийн амьтан байгаа. Манай Монголд бодит ийм амьтны хүрээлэн байхгүй, бас хүүхдүүд ихэвчлэн утас оролдож, харгислалтай тоглоом тоглож, кино үзэж байна. Хүүхдүүд энд ирээд амьтдыг хайрлаж, хооллож байгаа нь тэдний төлөвшил болон хүмүүжилд сайнаар нөлөөлнө. “Харилцааны зоопарк” нь хүүхэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөр юм. Энэхүү орчин тэр чигтээ хүүхдэд зориулагдсаныг та харж байгаа байх. Хүүхдийн дуу эгшиглэж байгаа. Өнөөдөр хүүхдүүд амьтан хайрлаж сурвал маргааш найзаа хайрлаж, цаашлаад муу зүйл хийхгүй болж хүмүүждэг. Тийм учраас энэхүү зоопаркаа хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулсан.

-Амьтдаа цуглуулахад хэр хугацаа зарцуулав?

-Бүгдийг нь цуглуулах амаргүй байсан. Нэг дороос аваагүй. Энд тэндээс авсан. Усан гахай, ишиг, хурга, туулайг бол Монголоосоо авсан. Амьтдын ихэнх Москва хотоос ирсэн байгаа. Заримыг нь Европын хотоос авчирсан. Үхэр зараа Африкийнх, илбэнх гэхэд л зөвхөн Америкид байдаг. Эдгээр амьтад төрөлхийн зоопаркийн амьтад юм. Бараг гадны амьдрал мэдэхгүй. Анхнаасаа сургуулилттай өссөн. Ийм амьтдыг зориулалтын дагуу зөвшөөрлөөр нь оруулж ирсэн байгаа.

-Цаашид Монголдоо үржүүлж, нутагшуулах боломж бий юу?

-Боломж байгаа байх. Гэхдээ бид анхнаасаа үржүүлэх зорилготой оруулж ирээгүй. Магадгүй зарим нэг амьтад маань үр төлөө гаргах юм бол мэдээж хүлээж авна. Тусгай байр барьж, тусгаарлан, шаардлагатай зүйлийг нь тухай бүрт нь хийнэ дээ.

-Мэргэжлийн хүмүүс тэжээж байгаа юу?

-Тийм ээ, нийтдээ хоёр ээлжээр арав гаруй хүмүүс ажиллаж байна. Мөн Орос улсаас мэргэжлийн хүмүүс ирж бидэнд заавар зөвлөгөө өгч байна. Эдгээр амьтдыг бид их цаг хугацаа, маш их хөдөлмөр хөрөнгө зарцуулж байж холоос авчирсан болохоор сайн харахгүй бол болохгүй шүү дээ. Энэхүү зоопаркийг нээхийн тулд маш их зүйл хийсэн учраас эдгээр амьтдаа хараа хяналтгүй байлгах маш эрсдэлтэй.

amitan

-Амьтдынхаа эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Гадааддаа эдгээр амьтад бүгд вакцинд хамрагдсан гэсэн, энд авчраад дахин вакцинжуулж байгаа. Мөн долоо хоног бүр эмчийн нарийн үзлэгт хамруулж байна.

-Амьтны хүрээлэнгийн үнэ тарифаа сонирхуулахгүй юу?

-Хүүхэд 12мянга, том хүн 15 мянга, 3 хүртлэх насны хүүхэд үнэгүй. Мөн бид хугацаа заагаагүй. Хүссэнээрээ амьтадтай тоглож, зургаа авхуулж, хооллож, сонирхож болно.

-Цаашид өөр амьтад ирэх болов уу?

-Цаашид сонин содон, Монголд байхгүй амьтдыг авчрах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар амьтдын 70 орчим хувь нь ирсэн, цаашид үлдсэнийг нь авчрах тал дээр ажиллаж байна.

У.УРАНЦЭЦЭГ

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

amitan

СЭТГЭГДЭЛ БИЧИХ