Баабар: Дорой төрийг хүчирхэг луйварчид удирддаг
Нийтлэлч Б.Батбаяр:
-Эргэн тойрноо эргүүлээд нэг харцгаа даа. Бид нэг өдөр баяжаад л, нөгөө өдөр гуйлгачин болоод л, нэг бялуурч мөнгө тараагаад л, тэгснээ гэнэт өрийн тулам болоод л өдөр хоногийг өнгөрүүлсээр олон жил боллоо. Энэ нь эхэндээ эрх баригчдын мунхаг бодлогын үр дүн байсан бол өдгөө тоотой хэдэн бүлэглэлийн зориудаар үйлдэж байгаа маш “ухаалаг” бодлогын төлөвлөсөн ажиллагаа болон хувирчээ. Эхэн үедээ мулгуу байдал нь үнэн чанар нь байсан бол сүүлийн үед баг халхавч нь болж санаатай үйлдлүүдээ “тэнэгтээ л ингэж байгаа” болгон харагдуулж эхэллээ.
-Одоо байгаагаа хар. Шударга сонгууль хэдийн байхаа больсон. Үүнийг хуйвалдаан, мэхлэл, худал амлалтаар шийддэг болсон. Үүнийг өөрсдийн байгуулсан сүлжээний аргаар гүйцэтгэдэг.
Нэг намын удирдагч нь 100 мянга гаруй уяачийг нэгтгэсэн сүлжээтэй. Яахав монгол хүн болохоор морь, бөхөндөө дуртай, үүнийг нь ашиглаж буй хэрэг. Энэ сүлжээгээр хээл хахууль, шагнал урамшуулал урсана. Мэдээж бүгдэд нь хүрэлцэхгүй. Тэгээд ч олонхи нь хэн нэгэнд эрх мэдэл олж өгөх тоглоомын шатрын хүү болж байгаагаа огт мэдэхгүй. Энэ бол төрийн эрх дээрэмдэж авах хэрэгсэл нь.
Нөгөө намын дарга нь намын анхан шатны үүрийн дарга нарыг өөрийн хүмүүсээр тавьжээ. Цэцэрлэг, сургууль, шоронд хамт байсан хүмүүс нь. Чамаас дээрэмдэж авсан мөнгөөрөө тэднээ цалинжуулж гөлөг болгоно. Төрийн эрх мэдлийг булааж авах бас нэг хүчирхэг сүлжээ. Төрийн институц дээр хийсэн луйврын сүлжээгээ улстөрийн намд хувилан хэрэглэв.
Мэдээж аль аль нь толгойлогч, өөрийг нь хүрээлсэн үнэнч барлагуудтай. Ийм мафижсан бүлэглэлүүд засгийн эрхийг ээлжлэн барьсаар. Нэгэнт эрх мэдлийг атгасан тохиолдолд дуртайгаа хийнэ. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Тэдний хэлэх дуртай үг нь “Хууль ямар хамаатай юм”, “ Та нар хэзээ нэг их хууль сахидаг болчихоо вэ”.
-Засаг авсан бүлэглэл улс орныг тонож эхэлнэ. Түр зуур ялагдсан нөгөө бүлэглэлээ гомдоохгүйн тулд хуйвалдана. Эсвэл эрх авсан бүлэглэлүүд биенээ гацаана. Дотроо ч жижиг бүлэг болгон хуваагдаж үзэж тарна. Хүний өөрийн хамаагүй хуйвалдан эвсэнэ. Гаргаж буй шийдвэрээс унах унац нь бүгдэд нь ногдсоны дараа түр тайвширч төрийн шийдвэр гаргамар аядана. Тэгснээ даруй түрүүний шийдвэрийг хүчингүй болгож шинээр шийдвэр гаргах нь өөрт ногдсон ашгаа чамласан хэрэг. Ярих өнгө нь эх оронсог. Үйлдэл нь популизм, үнэндээ бол хоолны булаацалдаан. Ийнхүү төр нь шийдвэр гаргаж чаддаггүй. Чадсан ч байнга өөрчлөгдөж байдаг тогтворгүй учир улс орныг хорлож сүйдлэнэ. Ийнхүү дуртай луйварчны түйвээж болдог сул дорой төр засаг. Дорой төрийг хүчирхэг луйварчид удирддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ