СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Оюутнууд багш нараасаа нууцаар архи ууж, нэг нь амиа алджээ

amralt

Өнгөрсөн бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж явсан оюутан учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн товчооноос цааш 15 км зайд байрлах амралтын баазад, Их засаг олон улсын их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх курсын оюутан 23 настай Г.У гэх эмэгтэй нас баржээ.

Энэхүү хэргийн тухай дуудлагыг тус амралтын газрын ажилтан цагдаагийн байгууллагад өгсөн гэх башөнийн 01:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж ажилласан байна.

Мөн Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн Баянзүрх салбарын эмч нар хэргийн газарт очсон боловч талийгаач эмэгтэйн биеийн байдал маш хүнд, зүрхний цохилт удааширсан байдалтай байснаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.

amralt

Дээрх хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач эмэгтэйн биед гадны ил шарх сорви байхгүй байсан гэх ба архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Албан ёсны шинжилгээний хариу задлан шинжилгээний дараа буюу 14 хоногийн дотор гарах юм байна.

Хэрэг гардаг өдөр Их засаг олон улсын сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэхээр дөрөвдүгээр сарын 15-ны оройн 22:00 цагийн орчимд амралтын газарт очиж байрлажээ. Удалгүй амрагч оюутнуудын нэгний биеийн байдал муудсан тул түргэн дуудаж, түргэний эмч нарыг ирэхэд эмэгтэй нас барсан байж.

Амралтын газрын ажилтны ярьж буйгаар “Хагас сайн өдрийн нилээн оройхон манай амралтад хонхны баяраа тэмдэглэж яваа хоёр ангийн оюутнууд ирсэн. Тэд анги даасан багш болон ангийн дарга нарынхаа удирдлага доор байгаа гэж байсан. Хэрэг гарсан орой хүүхдүүд бужигнаж, нэг хүүхдийн бие муудсан гээд түргэний эмч нар ирсэн ч охиныг нас барчихлаа гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд охины цогцосыг аваад явсан. Тэр шөнөдөө сургуулийн захиргаанаас явж байгаа гээд удирдах багш нар нь мөн ирсэн байсан. Харин маргааш өглөө нь үлдсэн оюутнууд хоол цайгаа идэж уугаад амралтаас явцгаасан. Оюутнууд хонхны баяраа тэмдэглэж архи, пиво ууцгаасан байсан. Харин талийгаач охиныг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна” хэмээв.

amralt

Төгсөх курсын оюутнууд амралтад явахдаа анги даасан хоёр багшийн хамт явжээ. Амралтын газар очихдоо тэд багагүй согтолттой байсан гэдгийг тус газрын ажилчид хэлж байв. Мөн зарим оюутнуудын зүгээс багш нараасаа нууцаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж байгаа боловч анги даасан эмэгтэй багш цагдаагийн газарт мэдүүлэхдээ “Хэрэг гарах үеийн процессыг сайн санахгүй байна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан”хэмээн мэдүүлсэн байна.

Талийгаач оюутан Г.У нь тухайн өдөр бие муу байна, амралтад явж чадахгүй гэсэн ч олон нийтийн ажилд заавал оролцох шаардлагатай хэмээн ангийнхан нь амралтын газар луу явахыг ятгажээ. Мөн талийгаач эмэгтэй нь есөн сартай нялх хүүхэдтэй байсныг зарим эх сурвалж мэдээлж байна.

Энэхүү хэрэг гарсны дараа ИЗОУИС-ийн захиргааны зүгээс яаралтай хурал хийж сургуулийн дотоод журам, гаргасан шийдвэрийг зөрчсөн зарим хүмүүст хариуцлага тооцох тухай ярьжээ. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард тус сургуулийн захиргааны зүгээс хонхны баяр тэмдэглэн зохион байгуулах арга хэмжээний талаар хуралдаж, хонхны баярын арга хэмжээ, аялал зугаалгыг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэх тухай тушаал гаргасан байна. Мөн өдөр хонхны баярын арга хэмжээ эхлэх үеэр дээрх тушаалыг багш оюутнуудад уншиж танилцуулжээ.

Б.ЦОГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.АНХБАЯР

amralt

СЭТГЭГДЭЛ БИЧИХ