С.Гантогоо: Дараагийн дугаарт Рианнаг дуурайна
-ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ ДУРСАМЖТАЙ ШОУ БОЛЖ БАЙНА-
“Яг түүн шиг” шоуд оролцож буй С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр гурав дахь дугаарын дүрийн судалгаа болон хувцас сонгох бэлтгэлдээ гарсан, их завгүй байгаагаа дуулгасан юм. Тэрээр үзэгчдийн дэмжлэг, халуун алга ташилт хүртсэн оролцогч хэдийнэ болсонбилээ.
-Дараагийн дугаарын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Нойргүй л гүйгээд байна. Ерөнхийдөө маш их ачаалалтай, давчуу цагийн хуваарьтай байна. Энэ шоуны төлөвлөгөө маш шахуу байна.
-“Та яг түүн шиг” шоуны хоёр дугаарт амжилттай оролцлоо. Сэтгэгдэл ямар байна?
-Маш гайхалтай байна. Эхний дугаарт оролцох гэж байхдаа маш их айж сандарч байсан. Үнэндээ миний Солонгос улсад гаргасан өчүүхэн жоохон амжилтыг минь өндрөөр үнэлж, “Боловсрол суваг” телевизээс надад энэхүү шоунд орох санал тавьсан. Өмнө нь өөрт чинь ярилцлага өгч байхдаа сэтгэл хөдлөлөө дарж байсан. Гэхдээ дотроо маш их айдастай, үргэлж би яах бол гэсэн бодолтой байсан. Би хамт оролцдох оролцогчдоо судалж мэдчихээд яана даа, бурхан минь айхтар мундаг хүмүүстэй би хамт нэг шоунд оролцох нь байна гэсэн айдастай байсан. Гэсэн хэдий ч би цаанаа өөрийгөө зоригжуулж, би адилхан хүн, адилхан дуунд дуртай хайртай, БНСУ-ын урлагийн байгууллагаас их юм сурсан, багасаа сурсан мэдсэн зүйл гэж бас байгаа юм чинь гэж бодсон. Эдгээрийгээ нийлүүлээд өөрийгөө бүрэн утгаар нь шавхаад оролцож байна.
-БНСУ-ын тайзан дээр та таван жил дуулсан. Монголын тайзан дээрээ гарах ямар байна вэ?
-Яг үнэндээ би Солонгост байхдаа Монголынхоо уран бүтээлчилтэй ерөөсөө хамтарч ажиллаж байгаагүй. Танихгүй, хэн нэгэнтэй холбогдож уран бүтээл хийж байсан түүх байхгүй. Арван жилийн дараа монгол уран бүтээлчидтэй цуг нэг тайзан дээр нэвтрүүлэгт орж байна. “Яг түүн шиг” шоуг дэлхийн 47 оронд албан ёсны эрхтэйгээр хийдэг. Бодоод үз л дээ, Монголынхоо гайхалтай уран бүтээлчидтэй цуг энэ шоунд орж байна гэдэг маш сайхан. Энэ үйл явдлыг үхэн үхтэлээ мартахгүй шүү дээ. Ямар гоё дурсамжтай үйл явдал билээ дээ. Мөрөөдөл биелдэг юм гэдэг шиг юм болж байна. Гэхдээ мөрөөдлөө зүгээр суугаад хүлээгээгүй. Мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгээд явж байхад энэ зам руу намайг чиглүүлсэн. Зүтгэж явахад хэцүү зүйл байсан ч гэсэндээ гоё сайхан үйл явдал руу хүргэдэг юм байна. Сэтгэгдэл маш их өндөр байна.
-Эхний хоёр дугаарт үзэгчид өөрийг тань их дэмжлээ?
-Маш гайхалтай хүлээж авч байгаад их баяртай байна. Энэ ярилцлагаар дамжуулж намайг дэмжиж, урмын үг хэлсэн, надад саналаа өгсөн бүх үзэгчдээ маш их баярлалаа. Баярлалаа гэдэг үгнээс илүү сайхан үг болгоныг хэлмээр байна. Чанга тэвэрч хайртай шүү гэж хэлмээр байна. Эхний дугаартаа үнэг болсон шүү дээ. Бусад оролцогчид маань маш том дуу авчихсан бэлтгэл хийх явцдаа яаж шаргуу хөдөлмөрлөж байгааг хараад манай уран бүтээлчид ямар мундаг хөдөлмөр ч хүмүүс вэ гэж бодсон. Ямар ч байсан тэднээс дутахгүй юмсан. Яг түүн шиг болчих юмсан. Яг түүн шиг байж чадахгүй юмаа гэхэд ядаж дөхүүлчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан. Эхний дуун дээр үнэг юу гэж хэлсэн бэ гэх дууг өөр стиль, өөр дуугаралт, өөр имиж жанраар дуулсан. Зарим хүмүүст их хялбархан харагдсан байх. Гэхдээ хүнд хялбархан харагдаж байгаа ч гэсэн энгийн хүлээж автал нь би хөдөлмөрлөсөн шүү гэж хэлмээр байна.
Би өнөө өглөө үеэл дүүгээ сургуульд нь хүргэж өгсөн. Дүү минь та намайг хүргээд өг л дөө гэж гуйгаад их хөөрхөн. Сургууль дээр нь очсон чинь хүүхдүүд үнэг ах аа, Гага гоё байсан шүү гэж байсан./инээв/
-Хоёрдахь үзүүлбэр Lady gaga –ийн үзүүлбэр маш их хүч хөдөлмөр хувь хүнээс их чармайлт шаардсан байх. Тэр харц маш гайхалтай байсан?
-Баярлалаа. Үнэндээ хялбархан байгаагүй. Тэр чинь нэгдүгээрт эмэгтэй хүн. Дэлхийн айхтар том уран бүтээлч, хоёрт тэсрэлт болж гарч ирсэн их том уран бүтээлч шүү дээ. Би шууд дууны үгээ цээжлээд бүжгээ сурахаас өмнө тухайн уран бүтээлчийг өөрийн зүгээс маш их судалсан. Урьд нь дууг нь сонсож бүжиглэдэг байснаас биш энэ хүнийг дуурайна гэж бодож байгаагүй. Бэлтгэл дээрээ найруулагч болон бүжгийн багш нартайгаа маш их тулж ажилласан. Тэр дүрд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн юм. Өмнөх оролцогчнарын бичлэгийг үзээд, хувьдаа их тунгаан бодож хөдөлмөрлөсөн. Эхний дугаараасаа шал өөр хүний дүр гаргах болсон нь битүүхэн бодлогошролд автуулсан. Манай найруулагч нар нүдээрээ сайн тоглож өгөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Харин манай бүжгийн багш таны бөгс ерөөсөө хөдлөхгүй байна гэж шүүмжилсэн (инээв.сурв). Би дотроо бүжиг болон дууг нь сурчих байх гэсэн найдвар миний дотор байсан.
-БИ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙГ МАШ САЙН ОЙЛГОДОГ БОЛСОН-
-Энэ дүрийг бүтээхэд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
-Өсгийтэй гутал дээр тэнцвэртэй байх маш том асуудал байсан. Ийм байхад бүжиглэнэ гэж бодохоор л хямраад байсан. Нэг хоногийн дотор би тогтож сурах ёстой гэсэн шаардлага өөртөө тавьсан. Найман сантиметр өсгийтэй гутлан дээр бүжиглэсэн. Лэди Гага бол наймаас илүү өндөр өсгийтэй гутал өмсдөг шүү дээ. Харин ч тийм өндөр гутал өмсөөгүйдээ баярлаж байна. Яаж тогтох вэ гэдэг дээр маш их ажилласан. Хамаг хөлний булчин хөндүүр болчихдог юм билээ. Би эмэгтэй хүмүүсийг маш сайн ойлгодог болсон.Сайхан харагдахын тулд ямар их тэвчээр хөдөлмөр шаарддагийг ойлгож авсан. Гол нь би эхлээд өндөр өсгийт дээр тогтож сурсан, дараа нь хурдан алхаж сурсан.
-Тайзан дээр гараад хамгийн эхлээд юу бодогдсон бол?
-Хамгийн түрүүнд эвгүй гишгээд шагайгаа мулталчих вий дээ гэж санаа зовж, их айсан. Бүжиглэж байхдаа хүртэл “Миний хөл яах билээ” гэж байнга санаа зовсон. Энэ шоу чинь дуулах, бүжиглэх, хамгийн гол нь жүжиглэх шүү дээ. Манай жүжигчдийн хувьд надад маш их сайн ханддаг. Бархүү ах их тусална. Манай оролцогчид Солонгос улсаас ирсэн гэдэг утгаараа ч юм уу, надад их тусалж зөвлөдөг, маш хөөрхөн санагддаг. Их гоё нэг гэр бүл болсон. Хэдийгээр өрсөлдөгчид ч гэсэн нэг нэгэндээ урмын сайхан үг хэлнэ тусална, зааж өгнө, их сайхан. Маш их гайхалтай хүмүүс шүү. Би хүүхэд шиг л байнга яагаад, яахвэ гээд асууна. Тэд маань надад маш их зөвлөдөг. Өмнө нь зүүдэлж ч байгаагүй хүнээ дуурайсан. Надад маш олон хүн тусалсан. Ялангуяа бүжигчид болон багш нар их ажилласан. Энэ хүмүүс байхгүй байсан бол би хэдий өөрөөсөө гарах бүх зүйлээ зориулсан ч гэсэн тэгж сайн дүрдээ орж чадахгүй байх байсан.
-Үзүүлбэрээ хийж дуусаад шүүгч нарын өмнө зогсох тэр мэдрэмж ямар байдаг вэ?
-Ямар ч байсан үзүүлбэрээ бүрэн амжилттай хийж дуусгалаа. Өөрийнхөө хэмжээнд хийжчадсан учраас их гоё тайвширсан. Бас өсгийтэй гутлан дээр бүжиглээд, шагайгаа мултлаагүйдээ маш их баярласан (инээв.сурв). Шүүгч нар надад маш их урмын үг өгсөн. Үзүүлбэрийн дараа маш их алга ташилт өгөхөөр сайхан байсан. Энэ жилийн шоу өмнөх жилийнхийг бодоход хоёр дахин их хандалттай үзэгчдийг зурагтын өмнө уясан шоу гэж яригдаж байна лээ. Энэ шоунд намайг урьсан учраас надаас гарах бүх зүйлээ цаашид харуулахыг хүсэж байна.
-Монгол, Солонгос хоёр улсын тайз болон уран бүтээлчдийн ялгаа мэдрэгдэж байна уу?
-Одоохондоо “Яг түүн шиг” шоу дэлхийн форматаар явагдаж байгаа гэдэг утгаараа уран бүтээлчээс яг юу гарах вэ гэдгийг бүрэн харуулж байна. Жинхэнэ утгаараа шүүс шахаж авьяасыг нь гаргаж байна. Яагаад гэвэл чи уран бүтээлч учраас бүхнээ шавхах ёстой.Солонгос бол арай өөр, бэлдэх хугацаа байдаг. Мэдээж зохион байгуулалтын хувьд маш сайн. Одоохондоо ялгааг сайн хараагүй байна. Монголынхоо бусад шоу тайзан дээр гарч байж ялгааг харах байх гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө төстэй зохион байгуулалттай, тайзны ард 200 орчим хүн ажиллаж байна. Тайзны баг, нүүр хувиргалтын баг, инженерийн баг гэх мэтчилэн олон хүн ард нь ажилладаг. Яг үнэндээ маш мундаг байна. Би манайд ийм хэмжээний шоу ингэж болдог гэдгийг мэдээгүй. Би энэ мундаг шоунд оролцож байгаадаа баяртай байна.
-ӨШӨӨ ИЛҮҮ ЭМЭГТЭЙЛЭГ БАЙСАН БОЛ...-
-Лэди Гагагийн үзүүлбэрээ дуусгасны дараа энэ дээр алдсан даа гэх бодол байв уу?
-Мэдээж байгаа. Бүх уран бүтээлч өөрийнхөө үзүүлбэр уран бүтээлийг эргэн хардаг байх. Миний хувьд ч мөн адил энэ дээр тэгэхгүй яав даа гэх бодол байсан. Хэдий хүмүүст хүрсэн ч гэсэн дүгнэлт хийж, үүн дээрээ ингэж хийсэн бол гэсэн бол бий. Миний хувьд өшөө илүү эмэгтэйлэг байсан бол гэсэн бодол төрсөн. Алхахдаа ч гэсэн илүү эмэгтэйлэг байсан бол хүмүүс бүр их гайхширч хүлээж авах байсан байх даа гэж бодсон. Өндөр өсгийт дээр алхаж сурах хугацаа богино байсан учраас өвдгөөрөө нугаларсан байсан. Энэ тал дээрээ сайн ажилласан бол хүмүүст хүрэх байсан байх. Гэхдээ миний хувьд хангалттай байсан. Бэлтгэл дээрээ тайзнаас доошоо буух үедээ их эмэгтэйлэг алхаж байсан гэсэн. Тэгсэн гэрэл цацраад, шоу эхлэнгүүт л мартсан юм шиг байгаа юм. Үзүүлбэр үзүүлж байхдаа шатаар доошоо бууж байхдаа унах вий дээ л гэж их айсан. Унаж байхдаа гоё унаж, босохдоо хүртэл гоё босох ёстой гэж бодож байсан. Их хөгжилтэй юм бодсон.
-Та дараагийн үзүүлбэрээрээ хэнийг дуурайх вэ?
-Дараагийн дугаарт дурайх уран бүтээлч бол Рианна. Үнэхээр маш их хэцүү сонголт, дүр таарлаа. Намайг үнэхээр сорьж байх шиг байна. Өмнөх дугаар дээр эмэгтэй хүн дуурайж туршлага судалсан ч гэсэн энэ удаагийнх бол маш өөр. Тэр хоолой, стиль, эсрэг тэсрэг шүү дээ. Гага их хурц байсан бол Рианна маш секси, их хүчтэй дүр. Гэхдээ би чадна,хичээнэ ээ. Юу ч болж байсан би тайзан дээр гарах л ёстой. Надад итгэсэн хүмүүсийг бодоод, энэ шоугаа хүндлээд, би тайзан дээр бүх чадвараа шавхан харуулах л ёстой.
-Үзэгчид таныг их дэмжиж байна. Та юу хэлэх вэ?
-Үзэгчдээс ирэх тэр урмын үг үнэхээр намайг хөглөж байна. Тэр алга ташилт, онлайнаар ирж байгаа сэтгэгдэл, хандалт сайхан байна. “Таныг дэмжиж байгаа шүү. Өмнөх дугаартаа үнэхээр алж чадсан юм чинь дараагийн дугаар юм байх вэ дээ” гэх мэтчилэн маш сайхан урмын үгс ирж байна. Бас үзэгчид намайг их гоё хөлтэй гэсэн (инээв.сурв).
-Дараагийн дугаарын бэлтгэл ямар шатандаа явна вэ?
-Одоогийн байдлаар дүрээ судлаад, хувцсаа сонгож байна. Мөн дуугаа сонгосон байгаа. Одоо хэлэхийг хүсэж байгаа ч гэсэн гэнэтийн бэлэг байлгахыг хүсэж байна. Энэ удаагийн баззераар авсан сонголт маш хүнд санагдаж байна. Гэхдээ миний ард асар олон мэргэжлийн баг, хариуцлагатай хүмүүс ажиллаж байгаа учраас тэднийхээ зөвлөгөөг хүлээж аваад, өөрийн судалгаа шинжилгээг сайн хийнэ. Үзэгчдээ уйдаахгүй, ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бүрэн хичээж үзүүлнэ. Та бүхэнд таалагддаг ч бай, үгүй ч бай намайг ойлгоорой. Би үнэхээр их хичээж байгаа шүү.
-Бусад оролцогчдынхоо талаар яриахгүй юу?
-Оролцогчид маань их сайхан хүмүүс. Жишээ нь, “Камертон” хамтлагийн Мэдээ ах байна. Багадаа зурагтынхаа өмнө шүтэн бишрээд суудаг байсан хүнтэйгээ одоо ингээд мөр зэргэцээд нэг тайзан дээр гарах үнэхээр сайхан байна. Ганхүү ах гэхэд л урлагийн бүх талын мэдлэгтэй, үлгэр жишээ авахаар хүн. Мөн “Киви” хамтлагийн дуучин байсан Халиунаа байна. Солонгост би арван жилийн өмнө очихдоо солонгос хүмүүст дандаа “Киви” хамтлагийнхны бичлэгийг үзүүлж, танайд ийм хамтлаг байхгүй гэдэг байлаа. Мөн Ариунцэцэгийг маш олон кинонд тоглосноор нь мэддэг болсон. Бархүү ах ойлгомжтой шүү дээ. Хошин шогийг нь үзээд, ямар мундаг юм бэ гээд л хардаг байлаа. Хишигдалайгийн хувьд урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн, бас л суралцах хүний нэг. Ами мундаг хүний зээ охин. Амигийн “Тань руу нүүж явна” гэдэг аяыг би байнга сонсдог байлаа. Энэ гайхалтай, салбар бүрээс өөрийн авьяас чадлаараа цойлон гарсан. Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа хүмүүс. Би энэ гайхалтай хүмүүсийн дунд багтаж ороод, энэ шоугаар дамжуулан Монголынхоо хүмүүст өөрийгөө харуулахын төлөө зүтгэж байгаадаа баяртай байна. Бүгдэд нь баярлалаа гээд л тэврээд явчихмаар байна. Би хамгийн гол нь өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ.
-МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ЯАЖ ДЭЛХИЙД ДУУРСГАХ ВЭ
ГЭСЭН ТОМ МӨРӨӨДӨЛ БИЙ-
-“Яг түүн шиг” шоунд оролцох болсон зорилго тань юу вэ?
-Би энэ шоунд яг түрүүлнэ гэж бодохгүй байна. Харин үзүүлбэрээ хэнээс ч дутахааргүй үзүүлж, амжилттай шоугаа дуусгаад үзэгчиддээ Гантогоо гэдэг залуу ямар хүн бэ гэдгээ таниулах нь миний хамгийн том зорилго. Цаашид Монголдоо хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болох том мөрөөдөлтэй. Залуучуудад уран бүтээлээрээ маш их мессэж өгч, зөв хандлага руу уриалахыг хүсэж байна. Урлагаар дамуулан яаж өөрийн гэсэн хувь нэмрээ Монголдоо хүргэх вэ? Яаж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгах вэ гэдэг маш том мөрөөдөл бий. Миний энэ мөрөөдөл бүтсэн ч, бүтээгүй ч би өөрийнхөөрөө зүтгээд л явна. Одоо миний амьдралд төсөөлж байгаагүй, дурсамжтай өдөр хоногууд буцалж байна. Маш гайхалтай сэтгэгдэл төрж байна. Хичээхгүй байхын аргагүй.
-“Яг түүн шиг” шоуны дараахь таны төлөвлөгөөг сонирхъё?
-Одоогийн байдлаар энэ шоундаа бүх анхаарлаа хандуулсан байгаа. Гэхдээ мэдээж дараа нь яах вэ гэсэн зураглал байгаа. Ямар ч байсан анхныхаа уран бүтээлийг хийнэ. Одоо дэлхийн оддыг дуурайж байгаа бол дараа нь би өөрөөрөө уулзахыг үнэхээр их хүсэж, яарч байна. Гэрийнхэн маань маш их тусалж байгаа. Ээж маань шөнө орсон ч гэсэн хүлээгээд сууж байдаг. Өдрийн сонин сонсох гээд. Хэдий ядарч шөнө орсон ч гэсэн ээждээ өдрийн сонингоо яриад, үүр цайлгах жишээтэй. Ар гэрийнхэн маш их дэмжиж хүлээгээд сайхан байгаа.
-Өөрийн чинь хувьд тэр дуучин гарч ирээсэй гэж хүлээж байгаа дэлхийн од байдаг уу?
-Байлгүй яах вэ. Гэхдээ би хүсээд гарч ирэхгүй байна. Баззер гэдэг чинь их хэцүү шүү дээ. Би дотроо бурхан минь тэр хүн л битгий ирээсэй гээд залбирдаг. Би Солонгос дуучин ирэх юм бол их баярлаж үнэхээр сайн хийж чадна. Гэхдээ би хэцүү дүр ноогдох тусам юмыг өөр өнцгөөс харж байна. Өөрийгөө харуулах нэг боломж юм. Гэхдээ би хэцүү дүр таарах тусам өөрийгөө хурцлан ажиллаж байна.
-Их ажлын хажуугаар зав гаргаж, сонирхолтой яриа өрнүүлсэн танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Намайг дэмжээрэй гэж хэлмээр байна. Би та нарынхаа итгэлийг алдахгүй ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ