Б.Амаржаргал: Нэг төрлийн дагнасан хоолны дэглэм барих маш буруу
Энэ удаа бид хоолны дэглэм болон мацаг барихтай холбоотой гарах хүндрэл, анхаарах зүйлсийг тодруулж, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эмгэг судлалын тасгийн нарийн мэргэжилтэн, эмч Б.Амаржаргалтай ярилцлаа.
-ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭНИЙ ЭМГЭГГҮЙ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ-
-Иргэдийн дунд хоол боловсруулах эмгэгийн ямар шинж давамгайлж байна вэ?
-Манай эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасаг маш олон төрлийн эмгэг өвчин дээр ажиллаж байна. Үүнд улаан хоолойн эмгэг, ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний эмгэг, элэг, нойр булчирхай, цөсний замын эмгэгүүд хамаардаг. Яг одоогийн байдлаар хоол боловсруулах эрхтэний эмгэггүй иргэн манай улсад бараг байхгүй байна. Тухайлбал, элэгний В, С вирусын халдварын тархалт манай улсад маш өндөр байна. Тухайн вирусын хүндрэл болох элэгний хатуурал бас их өндөр байна. Мөн хеликобактерынхалдвар их өндөр буюу 80-85 хувийн тархалттай байна. Эдгээрээс үүссэн ходоодны шархлаа болон хорт хавдарын тохиолдлоор манай улс дэлхийн улсуудтай харьцуулвал дээгүүрт ордог. Тийм учраас энэ эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, өвчний эрт үед оношлуулах гэсэн иргэд манай эмнэлгээр тасралтгүй үйлчлүүлж байна. Эмнэлгийн хувьд хамгийн ачаалалтай тасаг бол манай энэхүү Хоол боловсруулах эртхтэн эмгэг судлалын тасаг байдаг.
-Хүмүүс мацаг барих сайн хэмээн их ярих боллоо. Мацаг барих, хоолоо олон хоногоор сойх, нэг бүтээгдэхүүн дагнан хэрэглэж олон хонох зэрэг нь эргээд эрхтэн системийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй юү?
-Мацаг барих асуудлыг буруу болон зөв талаас нь харж болно. Мацаг барихад таны бие эрхтэн бэлэн байна уу, архаг суурь өвчинтэй эсэх, хэрэв хууч өвчинтэй бол тэр нь сэдрэх магадлалтай юу гэдгийг тухайн хүн хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй. Тухайлбал, зүрхний хурц шигдээстэй болон тархины цочмог харвалттай хүн мацаг барихгүй байх хэрэгтэй. Гарах үр дагавар маш эрсдэлтэй байдаг. Харин харьцангуй эрүүл хүн тодорхой богино хугацаанд мацаг барьж болно.
-Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Маш олон шалгуур үзүүлэлт байдаг. Ерөнхийд нь хэлбэл, сүүлийн 14 хоногоос нэг сар вируст халдвар тусаагүй, ханиад болон амьсгалын замын өвчин тусаагүй, ямар нэгэн архаг өвчний улмаас эмнэлэгт хандаагүй, эмчилгээ хийлгээгүй байх, цусны болон биохимийн шинжилгээ болон лабораторийн шинжилгээний хариу хэвийн байх, ямар нэгэн эмгэгийн зовиур шаналгаагүй, архаг болон хууч өвчний илрэл, сэдрэлгүй, сэтгэл санааны хувьд тайван ийм хүнийг харьцангуй эрүүл хүн гэж хэлнэ. Ийм хүн мацаг барих боломжтой гэж үзнэ. Мацаг хэрхэн барих вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Мацаг олон төрөлтэй юу?
-Ямар ч хоол хүнсний зүйл огт хэрэглэхгүй усан мацаг гэж байна. Ус болон хоолны бүтээгдэхүүнийг бүгдийг нь хориглодог мацаг гэж байдаг. Хүмүүс хоолны дэглэм, мацаг хоёрыг нэгтгэж ойлгоод байдаг. Энэ бол ялгаатай асуудал юм. Хоолны дэглэм гэхээрээ эрүүл хоолны дэглэмийг хэлэх жишээтэй. Иргэд сүүлийн үед дан нэг бүтээгдэхүүн дагнан хэрэглэдэг хоолны дэглэм их барьж байна. Жишээлбэл, тарган дэглэм, усан дэглэм, дан хүнсний ногоо хэрэглэдэг дэглэм гэх мэтчилэн зохиосон, туршиж үзсэн онцлогоор нь нэрлэчихсэн олон дэглэм бий.
-Монгол хүний биед тохирсон, сөрөг нөлөө үзүүлэхгүй мацаг гэж байх уу?
-Яг тийм түгээмэл хэрэглэж болох мацаг гэж одоогоор байхгүй байна. Яагаад гэхээр хувь хүний бие махбодь өөр өөрийн гэсэн онцлогтой. Тийм учраас хүн бүр өөрийн биеийн онцлогт тааруулсан мацаг болон хоолны дэглэм барих хэрэгтэй.
-Зарим хүн мах хэрэглэхгүй бол болохгүй гэдэг. Энэ талаар та зөвлөгөө өгөхгүй юү?
-Ер нь аль нэг хүнсний бүтээгдэхүүнийг хориглох нь буруу. Тухайлбал, махнаас хүн уураглаг амин дэм эрдэсүүд авдаг. Махыг огт хэрэглэхгүй хоригловол тэр олон эрдэс бодисыг хаанаас авах вэ? Бусад хоол хүнсний бүтээгдэхүүнээс нөхөж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Махнаас авдаг уураг нь хүний биеийг гол үндсэн бүрэлдүүлэгч бодис юм. Энэхүү уургийн хэмжээ багасаад ирэхээр хүний дархлалын хариу урвал багасдаг. Яагаад гэхээр ямар нэгэн халдварт өвчний үед биеийн дархлалын хариу урвалын гол бүтээгдэхүүн дандаа уургийн бодисууд хүний биеэс ялгардаг. Уураг хориглосон хоолны дэглэм бол эрсдэл ихтэй. Дархлал бууруулна, төмрийн хангамж багасна гэх мэтчилэн хүндрэл тулгардаг. Дан нүүрс ус буюу будаа болон гурил гурлин бүтээгдэхүүнийг хориглох юм бол уургыг бодоход харьцангуй бага эрсдэлтэй.
-Өөх тос хориглодог дэглэм баайдаг юм билээ. Ямар нэг хөр нөлөөтэй юү?
-Хүний биед гаж нөлөө бага, бие махбодид явагдаж байгаа бодисын солилцоонд хортой үр дагавар үзүүлэхгүй. Учир нь нүүрс ус болон уургаас хүний бие махбод өөрт хэрэгтэй өөх тосыг үйлдвэрлэж чаддаг учраас өөх тосны дутагдалд орно гэж байхгүй. Харин уургийг хүний бие өөрөө тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг, заримыг нь гаднаас заавал авах ёстой байдаг. Тэгэхээр хүмүүс ямар төрлийн мацаг хоолны дэглэм барих ёстой вэ гэдгээ тохируулах ёстой байдаг. Хүний хоол хүнсээр авч байгаа амин дэмүүдийг ерөнхийд нь таван бүлэгт хуваадаг. Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс, витамин амин дэмүүд гэх мэтээр ангилдаг. Эрдэсийг хориглодог дэглэмүүд байдаггүй. Уураг, нүүрс ус, өөх тосыг хориглодог дэглэмүүд янз янз бий.
-МАЦАГ БАРИХ БУЮУ ӨЛСӨХ НЬ ХҮНИЙ БИЕИЙН ӨВЧТЭЙ ЭД ЭСИЙГ УСТГАДАГ-
-Хаврын улиралд мацаг барьдаггүй гэх юм. Энэ нь эргээд хүний биеийг ядрах болон дархлаагүй болгодог гэдэг үнэн үү?
-Аль ч улиралд нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх нь маш буруу. Аль болох зохистой орц тунгаар нь хэрэглэх хэрэгтэй. Мацаг барих нь сайн гэсэн судалгаа бол байдаг. 2016 онд Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэний судалгаагаар мацаг барих буюу өлсөх нь хүний биеийн өвчтэй эд эсийг устгадаг. Тухайн эд эс шинэчлэгдэх үндсэн суурь болдог гэдгийг нотолсон байдаг. Аль нэг улиралд мацаг барих сайн муу гэсэн шинжлэх ухаанаар нотолсон зүйл байхгүй. Гэхдээ монголчуудын олон зуун жилийн хугацаанд мөрдөж ирсэн хооллолтын онцлог байдаг. Жишээ нь, зун цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг. Харин өвөл махан бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэрэглэдэг. Хавар намартаа илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.
-Та мацаг гэж яг юу гэдэг талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Мацаг гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнийг тэр чигт нь хориглохыг хэлдэг. Хоолны дэглэм бол аль нэг хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог. Эрүүл хооллолтын дэглэм бол тухайн хүний бие ямар хэмжээгээр хоол хүнсний бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэвэл эрүүл байх вэ гэдэг асуудал юм. Тэгэхээр аль болох эрүүл хооллолтын дэглэм барих хэрэгтэй. Тухайлбал, дан тараг иддэг дэглэм гэж байна. Тарагнаас уураг, нүүрс ус, өөх тосыг хүний бие аль алиныг нь авна. Гэхдээ тараг исгэлэн хүнсний бүтээгдэхүүнд ордог. Иймээс ходоод руу орж исэллэг байдлыг нэмэгдүүлдэг. Ингэснээр ходоодны салстын бүрэн бүтэн байдал алдагддаг. Ийм үед хүний биед зовиур илэрч, цээж гашуун оргих, аманд гашуун амтагдах, шүлс ялгарах, хэт их өлсөх мэдрэмж төрдөг. Бас дан төмс иддэг дэглэм байдаг. Төмс бол нүүрс ус юм. Нүүрс ус хүний биед орохоороо хувирч таргалуулах магадлал өндөр. Таргалсан ч уургийг нөхөхгүй, тухайн хүн уургийн дутагдалд ордог. Хамгийн наад зах нь дархлал суларна. Ханиад томуу тусамтгай болно. Мөн дээрээс нь гол зорилго болох турж эрүүлжиж чадахгүй гэсэн үг.
-ТУРААХ БЭЛДМЭЛД ХОРДОЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-
-Иргэд турах гэж маш олон төрлийн янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Иргэдэд болон тэр дундаа бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд аливаа химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй, эрүүл спортоор хичээллэж байхыг зөвлөж байна. Химийн гаралтай тураах бүтээгдэхүүн хэрэглэж, хордож ирж байгаа олон тохиолдол байна. Тийм хүмүүсийг хараад эмч нарын зүгээс маш их харамсдаг. Өөрийн мөнгөөр өөртөө өвчин худалдаж авч байна. Ихэнх тураах бэлдмэлүүд хүмүүсийг хордуулдаг. Хордсон хүн хорноосоо болж турдаг. Эсвэл ямар нэгэн байдлаар шингэнээ маш их гадагшлуулдаг. Хүний биеийн 70 орчим хувь нь ус байдаг. Гэтэл тэр усыг гадагшлуулснаар жингээ үзэхээр багассан байдаг.
-Хүнсний бүтээгдэхүүнд удаан хадгалах бодис ихээр агууллагддаг болжээ. Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Удаан хадгалахад зориулсан хүнсний нэмэлтүүдийг хүний бие хүлээж авдаггүй. Сүүлийн үеийн хөгжилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах зорилгоор хүнсний нэмэлт их хэрэглэдэг болсон байна. Тэдгээр химийн нэмэлт бодисууд хэдийгээр нэг талаасаа удаан хадгалах ашигтай ч гэсэн хүний бие тэр химийн бодист дасаж өгдөггүй. Мөн тухайн химийн бодис хүний биед хордуулах нөлөө үзүүлдэг. Тийм учраас аль болох удаан хадгалахад зориулсан хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх хэрэгтэй. Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хүний биед орж байгаа хоолыг долоон эрхтэн нийлж байж боловсруулж, шимэгдүүлж, биеэс илүүдлийг нь гаргадаг. Тэгэхээр хоол боловсруулах эрхтэний өвчтэй иргэд хоолны эрүүл дэглэм маш сайн барих хэрэгтэй. Тухайлбал, элэгний өвчтэй хүмүүст зориулсан хооллолтын жор гэж байдаг. Тэр жорыг манай хоол зүйч эмч нар боловсруулж, эмчилгээний журмаар өгдөг. Энэ нь бидний эмчилгээний үр дүнд маш сайн нөлөөлдөг юм.
-Буруу хоолны дэглэм барьснаар яг ямар өөрчлөлт хүний биед орох вэ?
-Буруу дэглэм болон хэт нэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр тодорхой суурь өвчнийг сэдрээдэг ч юм уу, эсвэл хүндрүүлэх байдалд хүргэдэг. Тухайн хүн бүтэн мацаг буюу хоол болон уух төрлийн бүх бүтээгдэхүүнийг бүрэн сойх гэж байгаа бол хамгийн эхлээд өөрийн биеийн эрүүл эсэхийг шинжлүүлэх шаардлагатай. Архаг хууч өвчин маань сэдрэх магадал бий юу гэдгээ тодруулах хэрэгтэй. Үнэхээр мацаг барихад ачаалал даана гэж үзвэл барих хэрэгтэй. Тэгэхгүй бол хувь хүн өөртөө маш буруу зүйл хийж байна гэсэн үг.Тухайн хүн эрүүл байхаар шийдсэн бол эрүүл хоолны дэглэм барих хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэм бол нилээдгүй өргөн хүрээний ойлголт юм. Ерөнхийд нь хэлбэл, тухайн хүн өөрийн бие махбодид хэрэгцээ шаардлагатай уураг, нүүр ус, өөх тос, амин дэмүүдийг авахыг л хэлдэг. Илүү авахыг хориглодог. Хэрэв илүү хэмжээгээр авбал ямар нэгэн өвчний суурь болдог. Мөн жингийн илүүдэлд хүргэнэ. Тэгэхээр биедээ шаардлагатайг л авахыг эрүүл хооллолт гээд байгаа юм. Тухайлбал, ходоодны шархтай хүн шархны эсрэг эмчилгээ хийлгээд, өөрийн биед хэрэгцээтэй амин дэмээ авах юм бол тэр өвчин хурдан хугацаанд эдгэрдэг. Байх ёстой хэмжээнээсээ илүү авах юм бол өвчин нь хүндрэх аюултай бөгөөд таргалалт, бусад өвчний суурь болдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ