Оффшор данстай монгол хүн байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй
ХБНГУ-ын Шөнефелд хотын захирагч Удо Хаазетай ярилцлаа. Гунбольтын нэрэмжит Берлиний их сургуулийн Ази ухааны салбарын Монгол судлалын ангийг 1976 онд төгссөн тэрбээр хэзээнээсээ л Монголд элэгтэй нэгэн. Зүүн Германы, нам бус дипломатч Удо Хаазе хоёр Германыг нэгдсэний дараа 1991 онд Шөнефелд хотын захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулснаасаа хойш гурван удаагийн сонгуульд иргэдийн саналыг авч, өнөөг хүртэл уг албыг хашиж буй. Мөн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоосон төдийгүй ирэх онд 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. “Хамтын ажиллагааны хүрээнд их зүйл хийх хэрэгтэй байгаа ч харамсалтай нь төр захиргааны тогтвортой, тогтмол ажиллагаа өнөөг хүртэл алга” хэмээн ноён Удо Хаазе өгүүлсэн юм.
Монголчуудын зочломтгой зан чанар даян дэлхийн өөр хаана ч байхгүй. Энэ бол онцгой чанар.-Тэртээ 1970 оны дунд үед Монгол судлалын ангид суралцахаар шийдэхэд түүхч мэргэжилтэй аав тань нөлөөлсөн болов уу?
-Манай аав надад үнэхээр их нөлөөлсөн юм билээ. Би түүхийн номонд бүр багаасаа л сонирхолтой болсон. Тийм учраас Чингис хааны түүх миний амьдралд онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь Монгол судлалын ангийг сонгож шалтгаан байсан. Энэ ангийг сонгон суралцсан нь миний хувьд маш их аз. Би үргэлж сэтгэл хангалуун байдаг. Би маш олон монгол найзтай гэдгээ онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
-Монголд бас суралцсан гэлүү. Докторын зэргээ энд хамгаалсан гэсэн байх аа?
-Тийм ээ. Монгол ардын үлгэрийг би маш их сонирхож, олон айлаар орж, настайчуудын ярьсан үлгэрийг сонсож, бичиж авна. Дипломын ажлаа энэ сэдвээр хийсэн. Берлинд Монгол судлалаар суралцахаасаа өмнө би 1974-1976 онд МУИС-д суралцсан юм. МУИС- ийн Хэл бичгийн факультетэд суралцахаар 22 настай залуу Берлинээс Улаанбаатар руу галт тэргээр ирж байлаа. Оюутны дотуур байранд орж, Япон, Франц, Вьетнам, Орос, Болгар, Румыний оюутнуудтай хамт байсан. Пүрэв багш тамхиа татаад л бидэнд хичээл зааж байсныг би амьдралдаа мартдаггүй юм.
Чингис хааны түүх миний амьдралд онцгой байр суурь эзэлж байсан
Тэр үед МУИС-ийн гурван Лу багш гэж Лувсанвандан, Лувсан, Чойлувсанжав гэсэн гурван суут багш байсан. Тэр гурван багшийн дор суралцсан нь маш том завшаан. Мөн сурч байхдаа Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн гуайтай уулзаж байлаа. Ринчен гуайнх МУИС- ийн Оюутны II байрнаас холгүй, хэдхэн алхмын зайтай. Хааяа нөхөр зам дээр маш гоё дээлтэй, дэгжин гуталтай явах нь бидэнд их сонирхолтой. Тэр мундаг хүнтэй хоёр ч удаа уулзсан. Харин Дамдинсүрэн гуайтай бол олон удаа уулзаж байсан.
Түүнийг Германд ирэхэд нь дагуулж хамт явж байлаа. Ямар ч гэсэн энэ түүхэн хүмүүстэй учирсан нь миний амьдралын мартагдахгүй түүх. Хожим нь олон жилийн дараа Лувсанвандан багшийн хүү Болд, Ринчен багшийн хүү Барсболдтой янз бүрийн тохиолдлоор хамтран ажиллаж байсан.
-Та Монголд хэр олон удаа ирсэн бэ?
-Бараг 100 гаруй удаа ирсэн. Гэхдээ гуравт нь удаан хугацаагаар амьдарсан юм. Эхний удаа суралцахаар ирсэн бол дараа нь 1981 онд ирээд Мах консервийн комбинатад орчуулагч, зохион байгуулагчаар гурван жил ажилласан. Энэ хугацаандаа ажилчдад герман хэл заасан. Тэр үед эхнэртэйгээ хамт ирсэн. Эхнэр маань хүний их эмчээр ажиллаж байсан, манай 300 гаруй албан хаагчийн төлөө. Тус үйлдвэрт ажиллаж байхдаа Жамьянсүрэн, орлогч дарга Дариймаа, гаражийн дарга Найданжав гэх мэт олон хүнтэй танилцсан. 3-4 айлтай маш дотно харилцаатай байлаа.
Харин гурав дахь нь, эхнэр бид хоёр 1988-1990 онд Монгол дахь Германы ЭСЯ-нд ажилласан он жилүүд. Эхнэр маань эмчээр, би дипломат албанд ийнхүү ажиллаж байхдаа Д.Баярхүүтэй танилцсан. Би яамны хэвлэл мэдээлэл хариуцаж байсан учраас сурвалжлагчаар байсан Баярхүүтэй хамтран ажилладаг байлаа. Тэгээд үнэхээр сайн найз болсон. Би 1990 онд намуудын бараг бүх анхны Их хуралд оролцож байв. Улс төрийн эргэлтийн дараа Монголд дахин ирж, Германы хэвлэл мэдээллийн шугамаар шинэ эрин үеийн түүхэн сурвалж бичиг, мэдээлэл бэлтгэж байсан түүхтэй.
-Анх таныг Монголд хөл тавьж байхад ямархуу улс угтаж байсан дурсамжаасаа ярихгүй юу?
-Тухайн үед шал өөр Монгол орон намайг хүлээж байсан. Автомашин тэр үед маш ховор. Хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг. Гар утас, компьютер мэдээж байгаагүй. Мөн Сүхбаатарын талбай дээр хааяа нэг морьтой цагдаа явах нь содон. Ресторанууд тэр үед их ховор. Хувийн өмч, газар огт байгаагүй. Нийгмээрээ тэгш амьдралтай, баян хоосны ялгаа бараг үзээгүй. Өнөөгийнх шиг хашаажсан Монгол орон угтаж байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Бас нэг зүйл санаанаас ерөөсөө гардаггүй юм. 1980 оны эхээр Улаанбаатар хотод гэнэт үер бууж, маш хүчтэй аадар бороо орсноос 200 гаруй хүн амиа алдсан. Бид тэр үед олон арга хэмжээ авч, хэд хэдэн хүний амийг аварсан. Мах комбинатын зойронд ус дүүрч байсныг бид нүхэлж, хүмүүсийг гаргасан юм. Үүнийг маань үнэлж Германд биднийг төрийн том шагналаар шагнасан. Тухайн үед Богд уулын Зайсан толгойн ард хэдэн айл байлаа. Богд ууланд амьдарч болохгүй байсан үе. Хүмүүсийг нүүхийг шаардсан. Тэр айлууд мах комбинатын тийш нүүгээд, гэр барьж амьдарсан. Тэр хүмүүсийг үерийн үеэр хүнд байдалд ороход нь бид тусалсан юм. Энэ үйл явдал яг л кино мэт нүдний өмнө тодхон харагдаж байна.
МУИС-ийн гурван Лу хэмээх суут багш нараар заалгасан нь том завшаан
-Одоо Улаанбаатар танигдахын аргагүй өөр болсон байгаа биз. Сүүлд нь манай нийслэлд ирэхэд ямар сэтгэгдэл төрөв?
-Ер нь би жил болгон 1-3 удаа Монголд ирдэг. Монголд ирэхэд үзэх шинэ юм ихтэй болсон. Гэвч сэтгэл эмзэглэх зүйл бас их харагдах юм. Жил болгон хашааны тоо нүдний өмнө ихсэж байна. Баян, хоосны ялгаа улам их тод харагдах болжээ. Ийм сайхан баян Монгол нутаг хямралд орсныг хараад их харамсаж байна.
Германд намайг хотын даргаар сонгоход би найман жил энэ албан тушаалыг хаших эрхтэй болдог. Гэтэл Монголд зөвхөн дөрвөн жил л ажиллаж байна. Тийм учраас тууштай,тогтвортой, урт удаан хугацааны төлөвлөгөөтэй ажиллахад бэрх. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд миний мэдэхээр Баянгол дүүргийн нэг ч Засаг дарга дөрвөн жилээс илүү хугацаагаар ажиллаж чадаагүй. Дөрвөн жилийн дараа зөвхөн даргаар тогтохгүй маш олон шинэ хүн орж, өөрчлөгдсөн байдаг. Энэ нь маш хэцүү.
-Тэгвэл та Улаанбаатарт ирэх бүртээ их эмзэглэдэг байх нь ээ?
-Эмзэглэх зүйл бий. Юуны өмнө зам тээвэр, хотын барилга байгууламжийн төлөвлөгөө байхгүй байна. Хотын хөгжил үнэхээр эрчимтэй өрнөж байгаа мэт харагдаж байгаа ч нөгөө талаар олон өндөр байшин, орон сууцнууд хоосон байгааг би нүдээр үзсэн. Яагаад ийм болсныг гайхаад олохгүй байгаа. Төр засгаас, эсвэл Уланбаатар хотын засаг захиргаа цаашдаа үүнд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал өнөөдрийн байдлаар улам их анхаарах шаардлагатай болсон. Хог боловсруулах, усны хангамж, бохир ус боловсруулах асуудалд улам их анхаарах ёстой гэж бодож байна. Хэдийгээр энэ нь дэлхийн том хотуудад тулгардаг бэрхшээл боловч шийдвэрлэх хэрэгтэй. Гэр хороололд амьдрах нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай байх. Зам тавих, усны хэрэгцээг хангах, бохир усыг шийдвэрлэх нь гол асуудал гэж бодож байна. Ингээд харахаар Улаанбаатар хотод хийх ажил маш их байна.
Уг нь Улаанбаатар сайхан. Гэхдээ замын хөдөлгөөн ямар хэцүү юм бэ. Зам гатлахад хүндрэлтэй болсон байна. Машинууд тасардаггүй. Тийм олон машин хаанаас гарч ирдэг байна аа, яагаад Улаанбаатарт тийм олон машин байдаг байна аа гэж гайхмаар.
-Хүмүүсийн хувьд ямар нэгэн өөрчлөлт анзаарагддаг уу таньд?
-Гуравдугаар сард би Монголд хоёрхон хоногийн хугацаатай очсон. Тэр зочломтгой, дотно харилцаа, биднийг хүлээж авч байгаа нь яг л хуучин шигээ санагдсан. Монгол орны зочломтгой зан чанар даян дэлхийн өөр хаана ч байхгүй. Энэ бол онцгой зан чанар.
-Таны удирддаг Шөнефелд хот Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоогоод удаж байгаа. Энэ дүүргийн хөгжилд таны оруулсан хувь нэмэр мэдээж их байх. Энэ талаараа ярихгүй юу. Яагаад заавал Баянгол дүүрэгтэй хамтран ажиллах болов?
-Миний оруулсан хувь нэмрийн талаар С.Эрдэнэ, Л.Амгалан, Д.Оросоо, С.Одонтуяа нараас асуух ёстой байх(инээв). БГД- ийн саналын дагуу ямар нэгэн хувь нэмэр оруулсан байх. Намайг Баянгол дүүргийн хүндэт иргэн, Найрамдлын медаль, Алтангадас одонгоор шагнасан. Мөн 2008 онд Монгол Улсын хүнсний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг минь үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан.
Сүхбаатарын талбай дээр хааяа нэг морьтой цагдаа явах нь содон
Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 19 жилийн ой энэ жил тохиож байгаа. С.Эрдэнэ, С.Одонтуяа бид гурав ирэх оны 20 жилийн ойг маш өргөн хүрээнд тэмдэглэхээр тохиролцсон. Ойн арга хэмжээ арай өөр түвшинд болох байх. Монгол, ХБНГУ-ын хамтын ажиллагааны 25 жилийн ойг дөнгөж сая Улаанбаатар хотод очихдоо би онцлон тэмдэглэсэн. Бид галын 14 машин бэлэглэсэн.
-Хамтын ажиллагааныхаа хүрээнд цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажил бий юү. Тийм ажил хийчих юмсан гэх хүсэл тээдэг үү, та?
-Хамтын ажиллагааны талаар хийх юм маш их байна. Гэхдээ урт хугацааны төлөвлөгөө хийх ёстой гэж бид боддог. Хүүхэд залуучуудыг солилцох, дунд болон дээд сургуулиуд яаж хамтарч ажиллах мэтээр урт удаан хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Харамсалтай нь, монгол дарга нар зөвхөн дөрвөн жил ажиллаад дахиад л шинэ дарга солигддог. Үүнээс болоод тогтвортой, тогтмол ажиллагаа өдий болтол алга. Шинэ нам засгийн эрх авахад бүх дарга, ажилчид солигдчих юм. Дандаа шинэ улсууд. Тэр болгонд ажил явуулахад хэцүү болдог.
Бас оффшор данстай монгол хүн байдаг гэж би хэзээ ч бодож байгаагүй. Тэр тухай ерөөсөө миний санаанд ороогүй. Монгол Улс хөгжиж байгаа нь маргаангүй. Гэвч байгалиас өгөгдсөн баялгийг хүн бүхэнд хүртээх ёстой. Гуравхан сая монголчууд өргөн уудам, үзэсгэлэнтэй, нарлаг газар нутагт амьдарч байгаа. Ашигт малтмалын арвин нөөцтэй учраас монголчууд бүгдээрээ сайн амьдрах ёстой. Сайхан амьдрах бүрэн дүүрэн бололцоотой гэж би итгэдэг.
-Ярилцсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ