Төр, засгийн алдаатай шийдвэрүүд бизнесийг туйлдуулж гүйцлээ
Хууль, тогтоомж зөрчиж татвар хураалтаас урамшуулал олгож ирсэн тухай, дүүргийн татварын алба, хэлтсүүдэд улсын төсвөөс 7 тэрбум төгрөг олгосон тухай мэдээлэл 2014 оны сүүлээр нийтэд ил болсноор томоохон шуугиан дэгдсэн билээ. (1)
Үүнээс 4 гаруй тэрбум төгрөгийг татварын хэлтсийн дарга, ахлах байцаагчдад хуваан өгчээ. Тухайлбал, 2013 онд л гэхэд Баянгол дүүргийн хэлтсийн дарга 20 сая, ахлах байцаагч нарыг 12 сая төгрөгөөр шагнасан гэдгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, тогтоосон байдаг. (2)
Томоохон асуудал дэгдсэн боловч урамшуулал хэлбэрээр олгосон мөнгийг буцаан төлүүлэх асуудал 2014 оны 11-р сард Сангийн дэд сайдын Татварын ерөнхий газарт өгсөн чиглэлээс хэтрээгүй нь гайхалтай. Тэгвэл энэхүү хууль бус урамшууллын журмын сөрөг үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байгаа аж.
Яг үнэндээ бол татвар төлөгчид татварын хэлтсийн дарга, байцаагчдыг олон зуун сая төгрөгөөр шагнаач ээ гэж бус, харин хуульд заасан болон иргэний хувьд нийгмийн өмнө хүлээх үндсэн үүргээ биелүүлэх журмаар л татвар төлдөг юм гэдгийг санах нь зүйтэй. Харин хууль бус урамшууллын журам нь татварын хэлтсүүд өндөр тоо, хэмжээтэй татварын хойноос хөөцөлдөхөд хүргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, татварын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, аль болох олон татвар төлөгчийг хамруулах, аж ахуйн нэгжүүдийг татвар төлдөг болгохоосоо илүүтэйгээр татвар төлөгчдийг торгох, өндөр үнийн дүнтэй акт тавих, түүнийхээ хойноос улайран зүтгэхэд хүргэсэн.
Үүний үр нөлөөгөөр маш олон тооны өндөр дүнтэй татварын акт тавигдаж, тэр нь өдгөө Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шатанд хүчингүй болсоор байна. Тухайлбал, Татварын маргаан таслах зөвлөлөөс татварын актаар тогтоосон дүнгийн 90 гаруй хувийг нь хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь татварын актад гарч байгаа алдаатай холбоотой гэж Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгажээ. (3)
Шүүхийн шийдвэрээр татварын маргаан бүхий олон акт хүчингүй болдог ч олон шат дамнасан Татварын маргаан таслах зөвлөл, шүүхийн ажиллагаа ядарсан татвар төлөгчдөд ихээхэн дарамттай, олон жил дамжсан ажиллагаа болдог.
Шүүх татварын байцаагч, хэлтсүүдийн тогтоосон актыг хүчингүй болгох шийдвэр гаргадаг ч нөгөөдүүл нь шүүхийн шат бүрт давж заалдаж, хянуулдаг явдал түгээмэл байгаа нь татварын алба хууль хэрэгжүүлэх үүрэгтэй атал шүүхийн шийдвэрт үл итгэдэг, “гомддог” буруу жишиг тогтсоных юм.
Үүний улмаас өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь түр зогсохоос өөр аргагүйд хүрч, зөвхөн татварын акттай “тулалдах”-аас өөр үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүд ч олон байдаг аж. Шүүх татварын актыг хүчингүй болгосон ч татварын алба давж заалдах зэргээр маргааны хугацааг дахин бүтэн жилээр сунгаж орхидог нь 2-3 жил үйл ажиллагаа явуулаагүй ААН-үүдэд хүндээр тусаад зогсохгүй, тухайн ААН-үүд зээл авах, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломжгүй болгодог байна. ААН-үүд шүүх дээр байгуулсан ээлжит ялалтынхаа дараа “За, гайгүй ээ. Дахиад давж заалдана даа” гэсэн татварын албадын дайсагнасан хандлагад нэгэнт дассан байдалтай болжээ.
Өнөөдрийн нөхцөлд эдийн засагт учирсан хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулах зорилгоор татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа нь бизнесийн орчинг сайжруулах шаардлагатай хэрхэн уялдаж байгааг тооцож үзэх хэрэгтэй биз ээ. Татварыг нэмэх тухай ярихаас гадна татвар хураалтын системийг бүхэлд нь эрүүлжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байгааг төр, засаг анхааралдаа авахгүй бол бизнесүүд эхнээсээ татвараа төлөхгүй, гудамжинд гарч жагсаал цуглаан хийхдээ тулсныг саяхны үйл явдлууд харуулав.
Ялангуяа татварын албадын хувийн хэвшилд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, тухайн нэг дүүргийн татварын байцаагч татвар төлөгчдөд өөрийн үзэмжээр дарамт, шахалт үзүүлэх боломжийг хязгаарлах, өндөр дүнтэй торгууль тавьсан татварын байцаагчдыг урамшуулдаг байсан зэрэг төрийн байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас олон жилийн турш шүүхийн маргаанд “цоожлогдсон” ААН-үүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг олгох зайлшгүй шаардлага тулгараад байна.
Сүүлийн үед хувийн хэвшлийнхэн төр, засагт дургүйцлээ илэрхийлэх болсон нь зөвхөн татварыг нэмэх гэж байгаад бус, харин төрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн эдийн засгийн хямралыг зөвхөн татвар төлөгчдийн нуруунд үүрүүлж байгааг л эсэргүүцэж байгаа хэрэг юм. Иймд татварын алба, төрийн үйлчилгээний бусад салбарынхан хууль, шүүхийг хүндэтгэдэг юм гэсэн ойлголтыг нийгэмд өгөх тал дээр анхаарах цаг хэдийн болжээ.
1 - www.24tsag.mn2 - www.news.mn3 - Үндэсний аудитын газрын 2012 онд Татварын Ерөнхий газрын үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан (ҮАГ-ГАГ/2012/11-ГА)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ