С.Жавхлан: Би жагсана

УИХ-ын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжив. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-нд шилжиж орох гэж улайран зүтгэж, Монгол Улс засаглалынхаа тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн гээд л байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна. Одоо та хоёр хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Гэхдээ энд 75-ын эсрэг С.Жавхлан ганцаараа. Харин гадаа гараад монголчуудтайгаа тэмцэхээр ганцаараа байна уу үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлаар жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана.Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэлээ.

Ингээд дээрх хуулийн төслийг дэмжсэн тул чуулган дараагийн асуудалдаа орлоо. Хуваарь ёсоор төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Тиймээс төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр УИХ-ын чуулган түр завсарлаж байна.

Энэ хугацаанд Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тодотголыг дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ