“Нөхөд минь, хагацъя даа, би шатаж байна ”

Тавин зургаан жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Алексеевич Гагарин хүн төрөлхтний мөнхийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, сансарт анх ниссэн билээ. Тэрбээр “Восток-1” хөлгөөр дэлхийг нэг бүтэн тойроод эх дэлхийдээ буцаж ирсэн. Сансарт зам гаргасан түүний тухай болон эл нислэгийн талаарх сонирхолтой баримтуудаас хүргэе.

•Ю.Гагарин сансарт хөөрөхөөсөө хоёр хоногийн өмнө эхнэртээ захидал бичжээ. Хагацлын үгтэй тэрхүү захиаг золгүй явдал тохиолдвол Валентина Ивановна Гагаринад өгөх ёстой байсан гэдэг. Үүнээс долоон жилийн дараа буюу 1968 оны гуравдугаар сарын 27-нд тэрхүү захидлыг Ю.Гагарины эхнэр уншсан бөгөөд тэр үед эр нөхөр нь туршилтын нислэгт яваад эргэж ирээгүй юм.

•Ю.Гагарин гараанаас хөдлөхөөсөө өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандаж үг хэлсэн. Сансрын нисэгчийн сэтгэлийн үгийг төр, засгийн удирдлагууд гурван хувилбараар бэлтгэсэн гэдэг. Учир нь түүхэн тэр өдөр Ю.Гагарин нисээгүй бол түүний орлон нисэгч Г.Титов, эсвэл Г.Нелюбов хоёрын нэг нь сансарт хөөрөх байсан юм. Тиймээс гурван нисэгчид зориулан тус бүрт нь бэлтгэсэн байна. Үүнээс гадна ТАСС агентлагаар орон даяар дамжуулах мэдээг ч нислэг амжилттай, амжилтгүй болсон тохиолдолд, мөн хэрэв хөлөг осолдвол гэсэн гурван хувилбараар бэлтгэсэн байжээ.

•Байконур дахь сансрын буудлаас “Восток-1” хөлгийг хөөргөхөөр бэлтгэж байтал гэнэт түгшүүр зарласан гэдэг. Учир нь хөлгийн бүхээгийн дохиолол ажиллахгүй байжээ. Гэхдээ гэмтлийг маш шуурхай илрүүлэн, зассан байна.

•Дэлхийн тойрог замд 108 минут аялсан баатар эр хөлөг хөөрөөд удаагүй байхад осолдож шатаж байна гэж бодсон гэдэг. Тэрбээр төвтэйгөө холбогдон “Би Хуш байна. Нөхөд минь, хагацъя даа, би шатаж байна” гэж мэдээлсэн гэдэг. Сансрын хөлгийн гадаргуу агаар мандалд ороод, хэт халалт, үрэлтээс болж шатаж байгааг хөлгийн цонхоор харсан нь тэр байж.

•Эл түүхэн нислэг хүйтэн дайны үеийн хамгийн хүчтэй “тулаан” байсан.

•Түүнийг бууж ирсний дараа Н.Хрущев “Сансарт бурхан харагдав уу” гэж асуужээ.

•Дэлхийн баатар Ю.Гагаринд зориулан олон орны уран бүтээлчид сэтгэлд хоногшсон сайхан дуу, хөгжим, шүлэг, найргаа туурвисан байдаг. Түүний дотор хөрөнгөтний хэмээх тодотголтой улсын уран бүтээлч ч бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ