Б.Батмөнх: Талийгаачийг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэл бий

Завхан аймгийн Идэр сумын төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж амиа хорлосон хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд гарсан. Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, талийгаачийн төрсөн ах н.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар өнөөдөр /2017.03.13/ болсон явдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэд талийгаачийн талаар буруу, ташаа мэдээлэл олон нийтэд цацагдаж байгаа учраас бодит мэдээллийг хүргэхээр ийнхүү хэвлэлийн хурал зарласан тухайгаа тайлбарлав.

Талийгаач С.Тэгшжаргал нь 28 жил Идэр сумын төрийн албанд ажилласан, 2005 оноос Идэр сумын нягтлан бодогчоор ажиллаж байгаад тухайн жилд төрийн албаны бүтцэд өөрчлөлт орсноор Санхүүгийн алба шинээр байгуулагджээ. Тухайн үед Санхүүгийн албаны даргаар Т.Сэлэнгэ томилогдон ажилласан байна. Харин талийгаач төрийн сангийн мэргэжилтэн болохоор Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч байжээ.

Төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноог гурван хүн авсан бөгөөд талийгаач гуравдугаарт бичигдсэн талаар дээрх хүмүүс ярилаа.

2015 оны дөрөвдүгээр сард болсон төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтад оролцсон С.Нямжав хамгийн өндөр оноо авсан боловч Идэр сумын санхүүгийн албаны дарга Т.Сэлэнгэтэй төрөл, садангийн холбоотой байсан учраас Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж байгаа гэж үзэн, С.Нямжавыг ажилд аваагүй байна.

Тиймээс С.Нямжавын оронд талийгаач С.Тэгшжаргалыг Идэр сумын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтнээр томилох шийдвэр гарч, өнгөрсөн хугацаанд тэрээр уг албыг хашиж байжээ.

Гэтэл 2017 оны гуравдугаар сарын 14-нд талийгаачийг гэнэт ажлаас нь чөлөөлж, төрийн албаны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр С.Нямжавыг дахин томилохоор болсон гэв.

С.Нямжав нь Идэр сумын Засаг даргын орлогч н.Болдбаатарын эхнэр бөгөөд талийгаачийг ажлаа өгөөгүй байхад нь ирж, "Ажлаа хурдан хүлээлгэж өг" гэж дарамталдаг байсан гэлээ.

Төрийн албанаас гэнэт чөлөөлсөн болон тухайн ажилд томилогдсон С.Нямжав нарын дарамтаас болж талийгаачамиа хорлоход хүрсэн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа учраас шүүхэд тэд хоёр асуудлаар хандахаар болжээ.

Өмгөөлөгч Б.Батмөнх энэ талаар “Талийгаач С.Тэгшжаргалыг МАН-ын хүн учраас ажлаас халсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байсан. Үнэн хэрэгтээ талийгаач аль нэг намын гишүүн биш. Төрийн жинхэнэ албан хаагч аль нэг намын гишүүн байж болохгүй гэсэн хууль бий. ГэтэлИдэр сумын одоогийн Засаг дарга н.Баярмаа болон С.Нямжав нар өмнө нь МАН-ын гишүүд байсан ч 2016 оны сонгуулийн өмнө Ардчилсан намд элссэн хүмүүс. С.Нямжав төрийнжинхэнэ албан хаагч байсан учраас намаасаа татгалзсан байх гэж найдаж байна” гэлээ.

Талийгаачийн ар гэрийнхэн төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн, төрийн албанд томилогдохдоо ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь хууль бус гэж үзэн, дээрх асуудлаар шүүхэд хандахаар болсноо энэхүү хурлын үеэр мэдэгдлээ.

Мөн "Идэр сумын Санхүүгийн хэлтсийн дарга н.Сэлэнгэ гэгч С.Нямжавтай эгч дүүсийн харилцаатай тул энэ нь мөн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчиж байгаа" гэдгийг тэд онцлов.

Сануулахад, Завхан аймгийн Идэр суманд гуравдугаар сарын 28-ны шөнө төрийн алба хаагч эмэгтэй ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Талийгаач шөнийн 04.30 цагийн үед өөрийгөө шатаасан бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч шархаа даалгүй долоон цагийн дараа амьсгал хураасан. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Завхан аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй.

С.Нямжавыг төрийн албанд аваагүй тухай Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаярын хүсэлт. 2015.07.28С.Нямжавыг төрийн албанд аваагүй тухай Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаярын хүсэлт. 2015.07.28

СЭТГЭГДЭЛ БИЧИХ