СУРВАЛЖЛАГА: Байлдааны гранатыг цэнэгтэй холбох явцад алдаа гарчээ
/2017.04.11. 23.00 цагийн орчимд. Цэргийн төв эмнэлэг/
Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд өчигдөр 18.00 цагийн үед /2017.04.11/ гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Энэ дагуу Цэргийн төв эмнэлэгийн баг ослын газрыг зорьсон. Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид бөгөөд тэд хээрийн сургалтын бэлтгэлд гарч байгаад ийнхүү осолд өртсөн аж. Энэ асуудлаар өчигдөр ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгээс мэдээлэл хийсэн юм.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлэхдээ “ЗХЖШ-ын анги салбарууд ЗХЖШ-ын 2016-2017 оны батлагдсан сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалт дадлага, байлдааны буудлага, харвалтыг хийж байгаа. Бүх анги, салбаруудын алба хаагчид энэ сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтаа өгдөг.
Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Тавантолгой дахь Зэсвэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өнөөдөр /2017.04.11/ 17.40 цагийн орчимд осол гарсан. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагынхантай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Шуурхай комисс ослын газар дээр ажиллаж байна. 17.40 цагаас мэдээлэл аваад бид шуурхай арга хэмжээг авсан. Одоо Цэргийн төв эмнэлэг, БХЯ-ны бие бүрэлдэхүүн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Гол шалтгааныг хуулийн байгууллага тогтоосны дараа мэдээлнэ.
ахлагч А, Н нар газар дээрээ нас барж, бусад 8 хүн шархадсан байна
Ер нь бол сургалтын явцад байлдааны гранатыг цэнэгтэй холбох явцад тодорхойгүй шалтгааны улмаас гранат дэлбэрсэнбайна. Энэ үед ахлагч А, Н нар газар дээрээ нас барж, бусад 8 хүн шархадсан байна. Одоогоор шархадсан хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт эмчилж, шаардлагатай эмчилгээг хийж байна. Бид цаашид БХЯ, ЭМЯ-тай хамтран ажиллахаар төлөвлөөд байна” гэв.
-Осол хувь хүний болгоомжгүй байдал эс бөгөөс байлдааны зэвсгийн ашиглалттай холбоотой гэв-
Харин Цэргийн төв эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар хэлэхдээ “Осол болсон даруйд ЗХЖШ-ын сургалтад гарч байсан эмч нар яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар 8 алба хаагч эмчлүүлж байна. Газар дээр нь эмч нар яаралтай арга хэмжээ авсны үр дүнд эхний цэргийн алба хаагч 19.58 цагийн үед ирсэн. Сүүлийн алба хаагч 20.15 цагийн үед ирсэн.Яг одоо /2017.04.11/ хоёр алба хаагч яаралтай журмаар хагалгаанд ороод байна. Ихэвчлэн мөчлөгийн гэмтэл, металь хэсгийн хэлтэрхийнүүд нь мөчлөгөөр орсон хагалгаа хийгдсэн. Одоогоор эмчлүүлэгсдийн амь насанд аюул занал хийлсэн зүйл байхгүй. Биеийн байдал тогтвортой байгаа” гэсэн юм.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазарын мэдээлснээр хүчний хээрийн сургалтын дадлагын төв нь Улаанбаатар хотоос 50 орчим киллометр зайтай оршдог бөгөөд эл байрлалаас 10 орчим киллометрын зайд осол болсон аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа юм байна.
ЗХЖШ-ын албан эх сурвалжийн өгүүлснээр ослын шалтгаан нь хувь хүний анхаарал болгоомжгүй үйлдэл эс бөгөөс байлдааны галт хэрэгслийн ашиглалтын байдлаас үүдсэн техникийн саатал байж болзошгүй аж.
Осолд өртсөн цэргүүдийн ихэнх нь хөдөө орон нутгийн харъяалалтай бөгөөд ЗХЖШ-ын зүгээс гурван байлдагчийн ар гэртэй холбогдож, мэдээлэл өгсөн байна.
Бид энэ хэргийн мөрөөр өчигдөр /2017.04.11-ны 21.00-00.00 цаг хүртэл Цэргийн төв эмнэлэг, ЗХЖШ-ын үүдийг сахисан боловч цэргүүдийн ар гэрийнхэн болон бусад эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд “Осол гарсантай холбогдуулан Цэргийн төв эмнэлэг рүү энгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, харуул хамгаалалт гаргасан байна. Цэргүүдийн ар гэрийнхэн эмнэлэгт эргэлтээр орсон байгаа. Нэлээд айхтар осол гарсан бололтой. Олон цэрэг шархадсан гэнэ” гэх мэтээр таамаглал дэвшүүлэн ярилцаж байхтай таарсан юм. Харин бид ЗХЖШ болон Цэргийн төв эмнэлгийхэн 350 дугаар ангийнхнаас мэдээлэл авах гэсэн боловч дүгнэлт гарсны дараа эргэн мэдээлэл хийнэ гэх хариултыг өгсөн юм.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ