Судалгаа: Монголчууд дахиад л Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөрөө сонгох уу


Ерөнхийлөгч болох мөрөөдлөө биелүүлэхээр тэмцэж яваа хүмүүсийн нэг бол яах аргагүй МАХН-ын дарга Н.Энхбаяр. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж л таараа. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавибал Монголын ард түмэн эсэргүүцнэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий. Сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулдаг. Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой.

Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй” гэсэн удаатай. Хэдийгээр МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл гарсан ч О.Баасанхүү үүнийг үгүйсгэсэн. Тэгвэл “Сант марал” сангийн судалгаагаар монголчууд дараагийнхаа Ерөнхийлөгчөөр дахиад л МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгох магадлал өндөр байна. Ялангуяа Улаанбаатарчууд. “Сант марал” сангийн судалгаа монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тусгахаас гадна олон нийтийн дунд хамгийн рейтинг өндөртэй улстөрчдийг нэрлэдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ажиг, сунгаанд чих тавин буй энэ цаг үед улстөрчдийн дундаас хэн хамгийн нэр хүнд өндөртэй яваа нь бүхний анхаарлыг татах нь дамжиггүй. Тэд судалгаагаа гуравдугаар сарын 10-30-ны хооронд 1200 иргэнийг хамруулан явуулсан бөгөөд ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас санхүүжилсэн гэдгийг судлаачид эхэнд онцолжээ. Тэгэхээр аль нэг нам хүчин, улстөрч, эрх мэдэлтний захиалгаар явагдаагүй гэж харж болох нь.

“Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултыг гурав хүртэл сонголттойгоор иргэдийн дунд тавихад МАХН-ын дарга тэргүүлжээ. Н.Энхбаярын араас Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар удаалж, С.Жавхлан дөрөвт бичигджээ. Айргийн тавд АН-ын лидерүүдийн нэг Р.Амаржаргал орсон байна. Түүнээс гадна “Хэрвээ маргааш сонгууль болвол Та саналаа өгөх үү” гэсэн асуултын хариу маш өндөр хувьтай гарчээ. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийн иргэдийн 90.6 хувь, нийслэлчүүдийн 84.2 хувь нь сонгуульд оролцоно хэмээн мэдүүлсэн байна. Ингэхдээ “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ? гэсэн асуултад Улаанбаатарт Н.Энхбаяр, Хөдөөд Б.Бат-Эрдэнийг хамгийн их дэмжсэн байна. Дунджаар энэ асуулгад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүлжээ.

"Сант-Марал"-гийн судалгаа:

Улстөрчдийн рейтинг Улаанбаатар хотод:

С. Жавхлан 14.9%
Н. Энхбаяр 14.4%
Р. Амаржаргал 13.1%
Ц. Нямдорж 11.3%
С. Ганбаатар 10.0%
Х. Баттулга 9.5%
Б. Жаргалсайхан 9.1%
Б. Бат-Эрдэнэ 7.8%
Э. Бат Үүл 6.2%
Н. Алтанхуяг 4.9%-тай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ