ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Амиа хорлосон охид нэг ангид сурдаг байжээ
-“TUUL ONE” ХОТХОН БҮРЭН КАМЕРЖСАН БАЙВ-
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсан орчмын "Tuul one" хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан талаар өнөө өглөө мэдээлсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр охид 16-17 орчим настай, нэг ангид сурдаг 12- ангийн сурагчид байжээ.
Бид болсон хэрэг явдлын шалтгаан нөхцөлийг сурвалжлахаар “Tuul one” хотхоныг зорилоо. Хэргийн газарт очиход цагдаагийн хэргийн газрын үзлэгийн үед хэрэглэдэг тууз ч байсангүй. Эмгэнэлт хэрэг гарсан гэх ул мөр алга байв. Тус байрнаас гарч орох оршин суугчдаас хэрэг явдлын талаар асуухад “Тийм хэрэг өчигдөр оройхондоо гарсан байсан. Яг орцны үүдэнд унасан юм шиг байна лээ. Цагдаа нар хамгаалалт авчихаад гаднаас ч хүн оруулахгүй, дотроос ч хүн гаргахгүй хоёр гурван цаг болсон. Тэгээд охидын цогцсыг аваад явсан ” гэв.
Мөн өөр нэгэн залуу “Өглөө намайг эрт гарч ирэхэд орцны үүдэнд цагаан шохойгоор тойруулж зурсан дүрс байсан. Кинонд гардаг шиг амиа хорлосон охидын унасан байдлыг тойруулж зурсан юм шиг байсан. Эргээд ирэхэд арилгасан байсан” гэсэн юм. Үнэхээр тэр байрны гадна ямар ч ул мөр байсангүй. Ойролцоох шорооноос асгаж байгаад хүрзээр арилгасан бололтой орцны үүдэнд хүрз тавиатай байлаа. Мөн тус орцноос нэгэн хүүхэд дагуулсан эмэгтэй гарч ирж охид унасан гэх газар дээр сүү өргөчихөөд яваад өгөв. Тухайн охидтой ямар нэг хамаатай эсэхийг асуухад “Ямар ч мэдээлэл өгөхгүй. Би мэдэхгүй”гэсэн хариулт өгсөн юм.
-ОХИДЫН НЭГ НЬ АР ГЭРИЙН АСУУДАЛТАЙ БАЙСАН БОЛОЛТОЙ-
Бид тус газарт цаг гаруй болсны эцэст амиа алдсан охидын талаар бага сага мэдээлэл олж авсан юм. Тэд 16, 17 орчим настай, ахлах ангийн сурагчид байсан бөгөөд 16 давхар тус байрны 14 давхарын орцны цонхоор үсэрч ийн амиа алджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тэд "TUUL ONE" байранд амьдардаггүй бөгөөд тухайн өдөр амиа хорлох зорилготой ийшээ орсон бололтой.
Мөн хоёр охины нэгийнх нь ар гэр асуудалтай байсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, аав ээж нь салсанаас болж хоёр талд амьдардаг байсан охин хойд ээжтэйгээ таарамжгүй харилцаатай болсон аж. Улмаар гэртээ харихгүй хэд хоног гадуур явсан гэх бөгөөд ар гэрийнхэн нь хайсны эцэст олсон байна. Гэтэл дахин алга болсон гэх бөгөөд ингэж явахдаа амиа хорлосон бололтой. Тэд ... дүүргийн 11...-р сургуулийн нэг ангийн сурагчид байжээ. (Зарим эх сурвалжийн хүсэлтийн дагуу сургуулийн хаягийг нууцлав)
Тус байрны бүх орц, хонгил, цахилгаан шатыг хянадаг камерын хяналттай харуул хамгаалалтын алба байдаг юм байна. Бидний олж авсан мэдээллээр8 өчигдөр орой харуулд гарч байсан хүнийг цагдаагийн байгууллага байцаалт авахаар авч явсан бололтой байв. Ямартаа ч бүрэн камержсан энэ байранд ийм харамсалтай хэрэг гарсан нь тухайн харуул хамгаалалтын ажилтны хайнга хариуцлагагүй байдалтай холбоотойг ч хэлэх хүн олон байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ