Т.Бархүү: Дуучин болохоор СУИС-д очсон минь “Яг түүн шиг” шоунд орсноор биелэлээ оллоо
“Боловсрол” суваг телевизийн бүтэл “Яг түүн шиг” шоу хоёр дахь жилдээ зохиогдож байна. Энэ улиралд таван дуучин, хоёр жүжигчин, нэг хөгжимчин уригдан оролцож байгаагийн нэг нь “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү юм. Нэвтрүүлгийн эхний дугаарын ялагч болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.
-ЭЭЖ БИД ХОЁР ЦОНХООР ХАРААД, ЭЭЖ НАДАД ДУУ ДУУЛЖ ӨГДӨГ БАЙЛАА-
-“Яг түүн шиг” шоуны эхний хоёр дугаар үзэгчдэд хүрлээ. Төсөөлснөөс тань хэр хүнд байна вэ?
-Нэвтрүүлэг эхлэхээс 10 гаруй хоногийн өмнө надад “Яг түүн шиг” шоунд орох санал ирсэн. “Чадах болов уу, үгүй болов уу” гэж нилээд эргэлзсэний эцэст орохоор шийдсэн. Жүжигчин хүн тул продакшныхаа шоу тоглолтын үеэр иймэрхүү пароди, элэглэх урлагийг ганц хоёр удаа хийж байсан учраас илүү дөхөм байсан болов уу. Мөн хамтлагийнхан болоод найз нөхөд маань дэмжсэн учраас орсон. Ер нь орой болгон тоглолттой байсан учраас бэлтгэлийн цаг хомс, хугацаа их давчуу явж байгаа. Бэлтгэлээ хийх, дүрээ судлах, дуугаа сурах гээд нилээд хөдөлмөр, хөлс, хүч шавхсан ажил болж байгаа. Жаахан ядарч байна.
-Эхний дугаарын ялагч болсонд уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Дуучин Т.Дэлгэрмөрөн болоход зөвлөж тусалсан хүмүүс байсан болов уу. Дүрээ хэр судалсан бэ?
-Байлгүй яах вэ. Гэр бүлийн хүнтэйгээ гэртээ байхдаа энэ талаар ярьж, санаа оноогоо хуваалцсан. Мөн дуучин Дээгий рүүгээ утасдаж, эр хүний бэлгэ тэмдэг болсон бүс, гутал хоёрыг нь гуйж авсан. Дээгийтэйгээ гэрт нь очоод уулзаж байхад “Энэ бол их мундаг сайхан дуу, арав гаруй жилийн өмнө би авч байсан, сайхан дуулаарай” гэж надад урам өгсөн. Дээгий маань өөрөө энэ дууг их сайхан дуулсан байдаг. Түүний энэ сайхан дууг чадан ядан дуулж, өөрийнхөө хувьд нилээд дөхүүлсэн гэж бодож байна. Гэхдээ би үүнээс ч илүү дөхүүлэх боломж байсан даа гэдэг бодолтой үлдсэн шүү. Үзэгчдэд маань ч хүрч, таалагдсанд их баярлаж, урам орсон.
-Т.Дэлгэрмөрөн хэнийг дууриагаад гараад ирэв ээ гэсэн шог яриа хүртэл гарсан байна?
-Тийм байна лээ, гэхдээ арай дэгсдүүлчихсэн байх аа (инээв. сурв). Энэ бүхнээс нь урам авч цаашид илүү хичээж байна даа.
-Зарим хүн таныг дуучин болох байж дээ гэж ярьж байна. Гэр бүлийнхээ хэн нэг дуучнаас суралцав уу?
-Манай ээж их сайхан дуулдаг. Аав маань намайг бага байхад өөд болсон. Ээж маань таван сайхан хүүтэй үлдсэний хамгийн бага нь би. Ээж маань хүнд хэцүү амьдрал туулж, зах зээлийн нийгэмд таван хүүхдээ өлсгөж цангаачихгүйхэн шиг, өмсөж зүүх хувцастай болгочих гэж ажиллаж хөдөлмөрлөж байхдаа намайг өсгөсөн. Би тэр үед 6-7 настай жаахан хүүхэд байлаа. Ээж маань зав чөлөө гарангуут л гэртээ сайхан хоол хийж, сайхан дуулна, гитар, шанз, ятга, баяан, аман хуур тоглоно. Манайх “Өргөө”-гийн хажуу талын байранд байлаа, одоо ч ээж маань тэр байрандаа бий. Бид хоёр тэр үед цонхоор хараад л, гудамжинд яваа хүн, машины хөдөлгөөнийг ажаад суудаг байсан. Өндөр сандал тавьж сууж байгаад ээж маань гитараа тоглоод надад дуу дуулж өгдөг байсан. Намайг энэ дууг сур гээд зааж өгнө.
-Багаасаа л дуулах дуртай болж өсчээ?
-Ээж минь надад зөв сонсголтой болох, бага зэрэг ур чадвар эзэмших зэргийг өгсөн юм болов уу гэж боддог юм. Ээж маань дуу дуулах дуртай болохоор би ч дуулах дуртай. Арван жилийн сургуульд байхдаа 8-10 дугаар ангидаа хамтлаг энэ тэртэй болж үзэж, пионерын ангийн дуулаачийн дугуйланд явж байлаа. Тэгээд аравдугаар ангиа төгссөнөөсөө хойш хоёр жилийн дараа СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөх гэж очсон. Гэтэл тэр өдрөө, тэр цаг мөчдөө бүх юмаа шийдээд жүжигчний ангид шалгалт өгөхөөр бүртгүүлчихсэн. Хоёр өдөр бэлдээд, 15 хүүхэд авахад 14-т нь багтаад тэнцэж байлаа. Хааяа би дуулаачийн ангид шалгалт өгсөн бол яах байсан бол доо гэж боддог юм. Гэхдээ бурхан тэнгэрийн заасан зам, хүний хувь тавилан гэж байдаг бол түүгээрээ л явж байгаа болов уу. Магадгүй тэр өдөр дуулаачийн шалгалт өгөөгүй маань өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт орсноор биелэлээ олж байж болох юм. Өөрийнхөө дуулмаар санагддаг, таарч тохирсон дуучин гарч ирвэл чадах бүхнээ гаргаж харуулах юмсан л гэж боддог шүү.
-ӨӨРИЙГӨӨ БАТЛАХЫН ТУЛД ИЛҮҮ САЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЁСТОЙ-
-Илүү чанга, чамбай байгаа өрсөлдөгчөө нэрлэнэ үү?
-Эхний дугаарын дараанаас харахад би маш чанга, хүчтэй өрсөлдөгчидтэй таарч дээ гэж бодсон. Таван дуучин, хөгжимчин, хоёр жүжигчин орсон. Ариука бид хоёр жүжигчин. Ами гэж төгөлдөр хуурч маань хөгжимддөг, дуулдаг, бүжиглэдэг авьяастай. Нөгөө тавтай бол ярих юм байхгүй. Мээдээ үнэхээр төсөөлөхийн аргагүй хоолой гаргасан. Тиймээс Мээдээгийн баззер дээр өөр гайхалтай хүмүүс таарах юм бол шаггүй сайн уран бүтээлч гэдгээ дахин дахин баталж чадна гэж би мэдэрч байгаа. Г.Ганхүү ахын хувьд мундаг хоолойтой. Ер нь тэд бүгд мундаг байсан. Арай гэж л түрүүлсэн шүү дээ, би чинь (инээв. сурв). Нүүр хувиргалт тал дээр монголчууд илүү түлхүү ажилласөн төдийгүй ОХУ-аас нүүр хувиргагчид ирж, гар нийлсэн сайхан баг хамт олон бүрдсэн. Энэ жилийн “Яг түүн шиг шоу” маань илүү чанаржиж, үзүүштэй сайхан, хөгжилтэй болж байна гэдэгт би итгэж байна.
-Шоуны нээлт дээр та Н.Онон ах шүүгч болоод ороод ирвэл надад үнэхээр хэцүү байх болно. Ашиг сонирхлын зөрчил үүснэ, тийм болохоор биш байгаасай гэж байсан. Гэвч яах аргагүй Н.Онон шүүгчээр орж ирлээ?
-Тийм ээ. Гэхдээ одоо өөрийгөө батлахын тулд илүү сайн хөдөлмөрлөх ёстой гэж ойлгоод, дүрдээ сайн орохыг бодож байна. Ер нь юм гэдэг нүдэнд харагдаж байгаа учраас тодорхой гэж ойлгоод, сүүлдээ санаа зовохоо больсон.
-Дараагийн дүр “Шер”. Эмэгтэй, задгай хувцасладаг, эрч хүчтэй дүр сонгожээ. Дүрдээ хэрхэн бэлдэв ээ?
-Жаахан тиймэрхүү бүжиг хөдөлгөөн орсон (инээв.сурв). Долоо хоногийн хугацаанд бэлдэж байгаа ч бүх өдөр бэлдэж чадахгүй шүү дээ. Найман оролцогчийг маань хоёр продакшн хуваан авч бэлдүүлж байгаа. Зарим өдрүүдэд нь дууныхаа бэлтгэлийг хийнэ, зарим өдөрт дүр гээд. Бас бусад ажлуудаа хэрхэн амжуулах вэ гээд их шахуу байдаг. Ихээр бодоход дөрвөн өдөр бэлдэж амждаг бөгөөд байгаа цагаа алдалгүй, хариуцлагатай бэлтгэлээ хийнэ. Бүжгийн хувьд “Аймар” продакшны залуус маань бидний бүжгийг бэлдүүлж байна. Энэ удаа өндөр өсгийт дээр бүжиглэсэн. Би чинь өндөр өсгийт дээр байтугай өөрийнхөө хөл дээр ч бүжиглэхдээ хэцүү хүн шүү дээ. Гэтэл эмэгтэй хүн болоод, хагас нүцгэн шахуу, өндөр өсгийт дээр бүжиглэнэ гэдэг ярих юм биш. Хувцасны тухайд өөрийн фэйсбүүк хуудас дээр хэд хэдэн сонголт тавиад хүмүүсээс асуутал хар өнгөтэй хувцас нь илүү дээр юм гэсний дагуу хар хувцас сонгосон.
-ШИРЭЭН ДЭЭР ГАРНА ГЭДГЭЭ НЭВТРҮҮЛГИЙН БАГИЙНХАНД ХЭЛЭЭГҮЙ БАЙСАН-
-Ширээн дээр гарч нилээд эрсдэлтэй алхам хийж байгаа харагдсан?
-Тийм ээ. Яг тухайн үеийн эмоциороо энэ дугаар дээр ширээн дээр гарсан. Тавилт нь ийм байгаагүй, бүжиглэхийн зэрэгцээ хоёр тийшээ эрч хүчтэй алхаж байгаад, хамгийн сүүлд бүжигчидтэйгээ дуусгах ёстой байсан. Харин дундуур нь миний өөрийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, хүмүүсийн уур амьсгал, хүлээн авч байсан байдлаас шалтгаалаад шүүгч нарын ширээн дээр гараад бүжиглэсэн. Тэр үйлдлийг маань манай найруулагч нар, оператор, гэрэлтүүлэгч нар маш их гайхаж, “Ширээнээсээ унах вий дээ” гэсэн байдлаар хүлээж авсан болов уу. Гэтэл би нэвтрүүлгийн зураг авалт эхлэхийн өмнө тэдэнд мэдэгдэлгүйгээр ширээгээ нууцаар очоод судалчихсан байсан юм. Шоу энтертайнментыг яаж сонирхолтой болгох вэ гэдэг л их чухал шүү дээ. Тиймээс энэ ширээн дээр гарах уу, байх уу гэж нилээд бодсоны эцэст хүмүүсийг уулга алдуулах ийм зүйлийг бодож олсон. Гэхдээ энэ нь унаснаараа уулга алдуулах биш шүү дээ (инээв.сурв). Хүмүүстээ хэлээгүй байсан болохоор тэд маш цочирдож хүлээн авч, сүүлд нь нилээд инээдэм болсон.
-Та үзүүлсэн үзүүлбэртээ сэтгэл хангалуун байж чадаж байгаа юу?
-Өө, их сэтгэл хангалуун байгаа. Ер нь дуулалтын хувьд ч энэ гайхалтай дуучны тембрийг дөхүүлж чадахаар юм шиг надад санагдсан. Тиймдээ ч нилээд дөхүүлсэн болов уу гэж бодож байна. Хэрэв та нар минь Шерийг сонсож үзээгүй бол харьцуулаад сонсоод нэг үзээрэй.
-Энэ удаа танд хэлний бэрхшээл гарсан уу?
-Би англи хэлэндээ тийм ч сайнгүй л дээ. Гэхдээ яах вэ, сонсголоороо, киног эх хэл дээр нь үздэг, ийш тийшээ аялал жуулчлал, тоглолтоор явж байсан туршлага бий. Би чинь олон жилийн өмнө бас гадаадын оронд нэг жил амьдарч байсан шүү дээ. Зарим хэцүү хэллэгүүд дээрээ нилээд ажиллахыг хичээсэн. Гэхдээ мундаг, сайн англи хэлтэй хүмүүсийн хажууд инээдтэй юм ярьж байгаа болов уу.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Намайг зорьж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Уншигчиддаа намайг дэмжээрэй гэж уриалъя, хувийн дугаар 05.
Б.ГЭРЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ