Жанет Жексон саятан нөхрөөсөө салжээ
Жанет Жексон, Виссам аль Мана нар 2012 онд гэрлэжээ. Тэд гурван сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.
Хэдхэн сарын өмнө амаржиж, 50 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан дуучин Жанет Жексон Катарын саяхан нөхрөөсөө салсан тухай дуучин бүсгүйн ойрын эх сурвалжийн мэдээллийг Daily Mail нийтэлжээ.
Домогт дуучин Майкл Жексоны дүү Жанет 2012 онд Катарын бизнесмэн Виссам аль Манатай гэрлэсэн бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Эйсса хэмээх хүүтэй болсон юм.
“Харамсалтай нь, Жанет, Виссам нар тус тусын зам мөрөөр амьдрахаар шийдсэн. Тэд хоёул завгүй хүмүүс. Гэхдээ хэдий тусдаа байгаа ч сайн эцэг, эх байхын тулд хичээж байгаа. Эйсса одоо ээжтэйгээ хамт Лондонд байгаа” гэж Жанет Жексоны дотнын найз мэдээлэл өгсөн гэнэ.
990 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг, Катарын “Аль мана” бизнесийн гүрний удирдагч Аль Манагийн хувьд энэ салалт өртөг өндөртэй тусах нь гарцаагүй. Түүний хөрөнгийн хэмжээ Жанетынхаас бараг дөрөв дахин илүү гэнэ.
Тэднийг гэрлэсний дараахан Жанет толгойгоо алчуураар боож яваа нь нэг бус удаа харагдсан бөгөөд үүнээс үүдэн түүнийг исламын шүтлэгтэй болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор батлагдаагүй юм.
Жанет Жексон өмнө нь 1984 онд дуучин Жеймс ДеБаргтай гэрлэсэн ч ердөө жилийн дараа хосууд гэрлэлтээ цуцлуулжээ. Түүний хоёр дахь нөхөр нь Мексикийн бүжигчин Рене Элизондо гэгч байв. Тэд 1991 онд гэрлээд, 2000 онд гэр бүлээ цуцлуулсан гэнэ. Тухайн үед Жанет Жексон шүүхийн шийдвэрээр түүнд 10 сая ам.доллар төлсөн гэдэг.
Хоёр дахь удаагаа гэрлэлтээ цуцлуулсны дараа өгсөн ярилцлагадаа Жанет өөрийгөө хайр дурлалт азгүй нэгэн хэмээж байв. Тэрбээр “Заримдаа би өөрийгөө хараагдсан гэж боддог. Магадгүй гэрлэлт гэдэг надад зориулагдсан зүйл биш байх. Үргэлж бүтэлгүйтдэг шалтгаан нь би өөрөө ч байж болох юм” гэж ярьж байжээ.
Хөл хүнд байхдаа Жанет бараг 45 кг жин нэмсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ