”Улс оронд бодлогын том өөрчлөлт хийх хэрэгтэй”
Udriintoim.mn сайт дээр гарсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа. Тэрбээр хэвлэлд нээлттэй хүн биш. Гэхдээ Ардчилсан намын анхны дарга байсан,“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж явсан, Улсын ерөнхий прокурорын алба хашсан, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд хийж явсны хувьд нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд дуулиан тариад байгаа сэдвүүдээр ярилцлага хийхийг хүссэн юм. Ялангуяа төрийн эрхийг нэг нам дангаараа барьж байгаа нөхцөлд сөрөг хүчний лидерүүдийн үгийг олон нийтэд хүргэх нь сэтгүүлч бидний ажил билээ.
-Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал их хурцадмал болжээ. Олон нийтийг талцуулсан, нийгмийг бухимдуулсан, эдийн засгийг хямраасан, хүлээлт хариулт нэхсэн олон сэдвээр тантай илэн далангүй ярилцмаар байна, болно биз дээ?
-Болно оо. Чи асуултаа тавь, би хариулахыг хичээе.
-Ерөнхийлөгчийн сонгууль угтсан том улс төр хөдөлгөөнд оржээ. МАН, АН-аас цөөнгүй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бэлтгээд эхэлсэн байна. Хэвлэлийн мэдээллийг харахад та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа юм аа даа?
-Тийм. Би шийдвэрээ саявтархан гаргасан.
-Гэнэт ийм шийдвэр гаргах болсон шалтгаан чинь юу байв. Таны хувьд сэтгэлийн хөөрлөөр шийдвэрээ гаргах хүн биш. Тиймээс мэдээж, ямар нэгэн томоохон зорилготойгоор энэ шийдвэрийг гаргасан байж таараа?
-Яг үнэндээ улс төрийн нөхцөл, цаг үеийн ороо бусгаа байдал намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн.
Миний хувьд улс төрд хөл тавиад 27 жил болж байна. Төрийн олон сайхан албыг хашиж явсан. Албан тушаалд дурлаад байх шалтгаан байхгүй. Шинэ засаг юу хийж байна, яаж улс орноо чиглүүлж байна вэ гэдгийг холоос харж сууна. Гэтэл олигтой найдлага ч төрүүлэхгүй байна. Харин ч улс төр, эдийн засгийн байдал улам эвгүй болох шинжтэй санагдсан. Улс төр нь зарчимгүй, төрийн ажил ойлгомжгүй, бодлого, шийдвэр нь улам ядуураад, улс орон маань нэг л ядруухан төрхтэй. Бидний үеийнхээс илүү юм алга.
Ер нь эдийн засгийн нөхцөл байдал, засаг төр, улс орны маань байж байгааг царайг харсан ч ерөөсөө ингээд гараа хумхиад суух хэрэггүй гэж шийдсэн юм. Ерэн онд ардчилал, хүний эрхийг дэмжээд сэтгэлийн дуудлагаар улс төрд хөл тавьж байсан бол сая бас л сэтгэлийн дуудлагаар шийдвэрээ гаргасан.
-Та түрүүнд улс орны байдал улам эвгүй болох шинжтэй гэлээ. Яагаад ингэж дүгнэх болов?
-Би цагийн үеийн үзэгдэл дээр өнгөц дүгнэлт хийхгүй байхыг чухалчилсан. Гэхдээ өрнөж байгаа үйл явдал, болж байгаа юмсын шалтгааныг дандаа ажиглаж явдаг. Цаашлаад гаргалгааг нь олохыг хичээсэн. Юмны гаргалгаа харагдахгүй болохоор тайван байж чаддаггүй.
Улс орны эдийн засаг, улс төр, нийгэм бүхэлдээ хямралтай, хүмүүсийн сэтгэл санаа, амьдрал ахуй хүнд байна. Монгол Улс ийм маягаар удаан явбал, энэ пянг нь эдийн засаг ч, улс төр ч, нийгэм ч даахгүй. Дэлхий ертөнц асар их хурдтай өөрчлөгдөж байна. Эдийн засаг, геополитекийн олон чухал асуудал хөндөгдөж байна. Тиймээс бид энэ хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед ямар бодлого шийдвэр гаргах вэ, яаж явах ёстой гэдгээ нэлээд нухацтай бодох хэрэгтэй байна. Гэтэл манай улсын төр засгийн бодлого шийдвэр, төрийн албаны боловсон хүчний байдал, эдийн засгийн асуудлууд, хүмүүсийн үзэл бодол, төрдөө итгэх итгэл, хандлага, төрийн үйл ажиллагааны зарчим улам уруудан доройтож байгаа нь миний сэтгэлийг зовоож байна. Монгол ардын нам үнэмлэхүй олонх болсон. Бас ч гэж шинэ зам мөр гаргах болов уу гэж харж байлаа.
-Зарим улстөрчид нийгмийг хувьсгалд уриалаад байгаа. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу бүү мэд. Гэхдээ та үүнийг юу гэж харж байна?
-Хувьсгалд уриалах нь ч юу юм бэ. Харин хувьслын шинж чанартай, улс төр, эдийн засагт нэн чухал цогц өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй нь ээ гэдэгтээ санал нийлнэ. бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд олж харлаа. Сонгуулийн өмнө би хэлж, ярьж байсан л даа. Бидний ажил урагш муутай байгаа нь улс төрийн намуудтай холбоотой гэж. Намуудыг зөв байранд бид тавьж чадаагүй тогтолцоотой. Тиймээс намууд өнөөдөр хэтэрхий зарчимгүй, дүрэмгүй байна. Дотор нь байгаа хүмүүс нь бүр замбараагүй, эх захгүй, цадиг захиргаагаа алдсан. Үүнийг нь зохицуулдаг механизм байхгүйгээс фракц байгуулаад хоорондоо хуваагддаг байдал бүх намд байна. Энэ нь улс орны амьдралд муугаар нөлөөлж байгааг сэтгүүлчдэд ч, намынхаа нөхдөд ч зөндөө ярьсан. Гэвч, үүнийг ухаарах сөхөөгүй байсан. Ухаараад засах шинж алга. Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд орох шийдвэр гаргасан. Улс оронд эргэлтийн шинж чанартай бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй бол болохоо байжээ гэж харж байна.
-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дотоод сунгаа явуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаа зарласан. Одоогоор тантай нийлээд долоон хүний нэр дуулдах болсон. Тэгэхээр танай намд нэлээд ширүүн өрсөлдөөн болох нь ээ дээ?
-Мөрийн хөтөлбөр, бодлогоороо шударгаар өрсөлдөнө. Манай Зоригийн хэлсэн шиг би бас хүмүүсийн саруул ухаанд итгэж байна. Одоо хуучин шигээ хэсэг бүлгийнхээ эрх ашгийг нэгд тавиад байх хэрэггүй гэдгийг хүмүүс маань эргэцүүлж бодож байгаа байх. Тэгэхээр зорилгоо зөв ойлгуулаад явах юм бол болно л гэж найдаж байна.
-Нөгөө талаар Ардчилсан намд дотоод сунгаа явагдахгүй, хоёр хүний нэрийг Их хуралдаа оруулаад нэр дэвшигчээ тодруулах шинэ журмын төсөл боловсруулж байгаа гэсэн шинэ мэдээллийг та сонссон байлгүй?
-Сонсоогүй мэдээлэл байна. Ийм том хэмжээний шийдвэрийг гаргахад гишүүдийн оролцоог чухалчлах ёстой. Цөөн хэдэн хүний шийдвэрээр явна гэвэл чиний хэлээд байсан нөгөө л фракцийн эрх ашгийн хүрээнд шийдэгдэнэ гэсэн үг. Тиймээс гишүүдийг аль болох өргөн оролцуулах хэрэгтэй. Ядахдаа л сонгуульт гишүүдээр шийдүүлэх нь зөв.
-Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хэд хэдэн чухал асуудал нийгэмд дуулиан тарих болсон. С.Зоригийн хэргийн шүүх хурал, оффшорын эсрэг жагсаал, дээр нь Эрдэнэтийн хувьчлалын асуудал байна. Та надад нээлттэй ярилцана гэсэн болохоор “Эрдэнэт”-ээс эхлээд асууя. “Эрдэнэт”-ийн асуудлыг юу гэж харж байна. Та бас урьд өмнө нь ГОК-ын захирлаар ажиллаж байсан шүү дээ?
-49 хувийн асуудлыг уу?
-Тийм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас “Монголын зэс” гэсэн компани худалдаж авсныг хууль бус, хууль ёсны наймаа гэж хоёр талцаад удлаа?
-Ямар ч байсан “Эрдэнэт” зуун хувь үндэсний компани боллоо гэдэгт дургүйцэж байгаа хүн нэг ч байхгүй байх. Харин худалдаж авсан мөнгө нь хаанаас гарсан бэ гэдэг асуудал болоод байна уу гэж харж байгаа. Би хуульч хүн. Хүнийг буруутгах, өмөөрөхдөө аливаа баримт, нотолгоонд тулгуурлаж ярих ёстой. Хэрэв үнэхээр хууль зөрчөөд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэвэл түүнийгээ нүдэнд харагдтал, баримт нотолгоонд нь үнэмштэл байх хэрэгтэй. Хууль бус ажил болсон бол олон зүйл яриад хэрэлдээд асуудлыг бүдгэрүүлээд, нийтийг талцуулаад байлгүй хурдан шийдээд дуусгах хэрэгтэй. Ямар бидэнд хэрүүл ерөөл багадаад байгаа биш.
Одоо хэрүүл нь ихдээд үнэн бүдгэрээд явчихлаа л даа
-Танай Шийдлийн Засгийн газрын үед энэ худалдан авалт явагдсан. Та Шийдлийн засгийн Хууль зүйн сайд байсан хүн. “Эрдэнэт”-ийн худалдан авалт хууль бус уу, хуулийн дагуу юу гэдгийг та л мэдмээр юм?
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн юм байна лээ. Би тэр хуралд нь байгаагүй, хөдөө явж таарсан. Гадаадын компанийн 49 хувийг худалдан авахад хуулийн ямар шаардлага хангасан байх ёстой вэ, ямар зарчмаар явагдах вэ гээд бүх юмыг хуульд тодорхой заасан. Одоо хэрүүл нь ихдээд үнэн бүдгэрээд явчихлаа л даа.
-Нийгмийн талцуулаад байгаа дараагийн сэдэв нь оффшор. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Сонгууль болгоноор гаргаж тавьдаг хэрүүлийн нэг том сэдэв болчихлоо?
-Оффшорын асуудлыг нийгэм хурцаар хөндөж байгаа нь зөв. Оффшорт данстай, компанитай байна гэдэг татвар төлөхөөс зайлсхийсэн юм уу, хууль бус орлогоо нуусан л гэсэн үг. Хэрвээ тэнд манайхан татвараа төлсөн, бодит орлого, цэвэр мөнгө аваачиж хийсэн гэж би зуун хувь итгэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг барьж авах нь зөв. Гэхдээ дахиад хэлэхэд улстөржүүлэх хэрэггүй, удааж хэрэггүй. Энэ асуудлыг асар хурдан шийдээд, нийгмийг хар хэрүүлд автуулахгүй байх хэрэгтэй.
-Нэг саваагүй асуулт тавья. Танд ингэхэд оффшорт нээсэн данс юм уу, компани байна уу?
-Ахад нь тийм юм байхгүй ээ. Ер нь надад нэг зарчим байдаг. Улс төр, бизнес хоёрыг холих хэрэггүй гэсэн зарчимтай. Би төрийн олон сайхан албыг хашиж явжээ. Түүндээ сэтгэл хангалуун байдаг. Төрд ажиллахдаа би нэг л зарчмыг амьдралынхаа туршид мөрдөж ирсэн. Би төрийн үйл ажиллагаатай холбоотой бизнесээс хувьдаа ашиг олохгүй. Хэрэв улс төр хөөмөөр байвал улс төрөөр яв, бизнес хөөмөөр байгаа бол бизнесээрээ явах хэрэгтэй. Тэгэхээр би улс төрийн замыг сонгосон учраас улс төрөөрөө л явж байгаа.
-Гэхдээ амьдралаа аваад явах бизнес байгаа биз дээ?
-Компани байгуулаад байшин сүндэрлүүлээд санхүүгийн пирамид босгох сонирхол надад байхгүй байх ёстой. Хэрвээ би төрийг ашиглаад бизнес хийе гэж бодсон бол Монголд надаас илүү баян хүн байхгүй. Би ойр тойрны хүмүүстээ, хамаатан садандаа, хэдэн дүү нартаа хэлдэг юм. “Та нар өөрийнхөө толгойгоор, энэ сайхан чөлөөт нийгмийн ашиглаад хүмүүстээ адилхан амьдар. Төрөөр битгий бизнес хий” гэж хэлдэг. Мэдээж гэр орноо авч явах хэмжээний бизнес орлого байлгүй яах вэ. Ямар хүнээр гэр орноо тэжээлгэлтэй биш. Хөрөнгө орлогын мэдүүлэгт миний гэх зүйл тодорхой бий.
-Бас нэг дуулиант сэдвийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан хүний хувьд танаас асуух ч ёстой байх. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын талаар ямар бодолтой байна. Энэ хэрэг дээр олон нийт бас л үнэн, худал гээд хоёр хуваагдчихлаа?
-Намайг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байгаад явах хүртэл тэр хүмүүсийг шалгасан асуудал байгаагүй.
Сүүлд гарч ирсэн мэдээлэлд тулгуурлаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан юм шиг байна. Би хуульч, прокурор байсан хүний хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ хэрэг захиалагчтай гээд байгаа шүү дээ. Захиалагчийг л олж яаралтай шийдээсэй гэж хүсч байна.
-Энэ хэрэг дээр ганц амьд гэрч байгаа шүү дээ. Б.Булган яг хэн юм бэ, ийм эргэлзээ нийгэмд бий болчихлоо?
-Хавтаст хэргийг нь уншаагүй, хаалттай шүүсэн болохоор Б.Булганыг хохирогчоор тогтоосон уу, гэрчээр тогтоосон уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Б.Булган гэрч нь юм уу, хохирогч нь юм уу бүү мэд.
-Таныг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад тэр хүмүүсийг баривчилсан юм биш үү. Та хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй хүн шиг яриад байхаар чинь асууж байгаа юм шүү?
-Тийм, намайг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед тэр хүмүүсийг баривчлан саатуулсан. Гэхдээ Хууль зүйн сайд хүн мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа нууцын зэрэглэлтэй хэрэг дээр бүр хавьтуулдаггүй. Хуульд зааснаар бол сайд хүн шалгаж байгаа хэрэг дээр нөлөөлөх, оролцох эрхгүй . Хэргийн мөрдөн шалгаж байгаа байцаагч, тэднийг удирдаж байгаа дарга нар, хяналт тавьж байгаа прокурорын хүрээнээс гарах ёсгүй. Асуудал шийдэгдлээ, шүүх дээр очлоо. Үүнийг ил тод болгох уу гэдгийг хоёр зүйлээс хамаардаг. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мөрдөн байцаагчийн тактик, гүйцэтгэг ажиллагааны нууцыг ил болгох уу, үгүй юу гэдгийг прокурор шийддэг. Улсын онц чухал нууцтай холбоотой асуудлыг ил тод болгох уу, үгүй юу гэдгийг хуулиар шийддэг.
-Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд хэн нь тайлбарлах эрхтэй вэ?
-Аль нь ч тайлбарлаж болно. Тухайлбал, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэг нотлогдсон гэж үзээд шүүхээр шийдвэр гаргуулсан прокурор ийм байсан, миний зөв байсан гэж хийсэн ажлаа тайлбарлаж болно. Шүүх ч хийж болно, прокурор ч хийж болно, зөвшөөрөгдсөн хэмжээнд мөрдөн байцаагч тайлбар хийж болно.
-Манай хуулийнхан мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааг хэр сайн хийдэг гэж та үнэлдэг вэ?
-Ажилдаа хариуцлагатай, чадвартай сайн мөрдөгч, прокурорууд бий. Бүхэлдээ хэрэг илрүүлэх арга зүй, техникийн бааз муу. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Нийгэм асар хурдан хөгжиж байна. Манай хуулийнхан нийгэмтэйгээ адилхан хөгжиж, тийм чадвартай болох ёстой. Энэ чиглэлийн дорвитой бодлого байхгүй. Контор, оффисийн байшин сайн барьдаг. Бодвол мөнгө ихтэй ажил учраас тэр биз.
-Өнөөдөр Монголын хууль, шүүхийнхэн хамгийн их улстөрждөг болсон байна. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Улстөрждөг биш улстөржүүлдэг гэж хэлбэл илүү зохилтой.
-Таны батлуулсан таван багц хуулийг МАН-ын засаг гарч ирээд буцаачихсан. Шүүх, хуулийн салбарт эхлүүлсэн шинэчлэл дагаад зогслоо гэсэн шүүмжлэл байна?
-Гацаатай маргаантай байсан төслүүдийг ямар байсан хэрэлдэж маргалдаж байгаад ойлголцоод батлуулсан. Харин шинэ Их хурал, Засгийн газар гарч ирээд бүгдийг нь зогсоогоод дахин ажиллаад байгаа бололтой.
-Хуулийн салбарт шинэчлэлийн амин сүнс болсон хуулиудыг буцааснаар нийгэмд учрах хохирлыг мөнгөөр тооцох боломжгүй л байх?
-Сайн хууль гарч ирээд үйлчилсэн бол нийгэмд аль хэзээний сайн үр дүнгээ өгөх байсан байх. Хойшлуулчихаад засч янзлаад байна гэсэн. Сайжруулж байгаа юм уу, муужруулж байгаа юм уу бүү мэд. Би хүнээс илүү сайхан юм хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ эцсийн үр дүн бол солих, өөрчлөх ёстой хуучин тогтолцоотойгоо, хуучин арга барилтайгаа байж байна. Энэ бол хохирол.
-Ардчилсан нам шинэчлэл хийгээд есөн сар өнгөрлөө. Ингэхэд Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж чадаж байна уу?
-Ардчилсан нам шинэчлэл хийхээр оролдож байна. Оролдож байна гэдэг чухал. Жирийн гишүүд маань ч одоо нэг цэгцрээд аваасай, зөв яваасай гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ миний харж байгаагаар Монголын улс төр нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийхгүй бол бидний хүсээд байгаа шинэчлэлийг бүрэн хийх боломжгүй. Ганцхан Ардчилсан намд биш Ардын намд ч ил далд асуудал нь бугшчихсан байна. Бас л гурвалжин, дөрвөлжин болчихсон байна. Шинэ төрж байгаа нам байна. Төрөөд бүрдэж амжаагүй байхдаа дахиад фракци болоод бутраад алга боллоо. Тэгэхээр энэ бүхний шалтгааныг зөв олж харах хэрэгтэй. Дан үл бүтэх муу хүмүүс цугласан биш. Гэхдээ хүмүүс муу аргаар санасандаа хүрэх боломж олгосон тогтолцоотой улс даа бид.
-Та тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй гэлээ. Гэхдээ ийм тогтолцоонд хүргэсэн нь танай хоёр нам. Улс орныг ийм байдал хүргэсэн буруутан нь АН, МАН хоёр биз дээ?
-Бид буруутан хайгаад байвал асуудлаа шийдэж чадахгүй ээ. Шалтгааныг нь зөв тогтоох ёстой. Сонгууль эхлээгүй байхад олон юм яриад яах вэ. Ямар ч байсан эргэлтийн шинж чанартай том цогц өөрчлөлт хийх ёстой гэдгийг би дээр хэлсэн. Энэ талаар 1994 онд буюу 23 жилийн өмнө энэ талаар “Эрх чөлөө” сонинд өгсөн миний ярилцлага бий. Тэнд дэлгэрэнгүй байгаа.
-ОУВС-гаас Монгол Улс зээл авахаар боллоо, хариуд нь татвараа нэмэхээр яригдаж байна. Та эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл хэр ханамжтай байгаа вэ?
-Сэтгэл ханамжгүй гэж хэлнэ. Учир нь Валютын сан тийм хэмжээнд зардлаа багасга, тийм хэмжээнд орлого нэм гэдэг санал тавьдаг. Тэндээс алийг нь хасч, алийг нь нэмэх вэ гэдгийг хэлдэггүй. Энд эдийн засгийн маш олон шийдэл байж болно. Одоогийн Засгийн газрын хэлэлцүүлж байгаа төсвийн тодотголд оруулж байгаа, татварын өөрчлөлтөд би санал нийлэхгүй байгаа. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Ардчилсан нам төрийн албыг данхар том болгочихлоо гэж шүүмжлээд байсан. Гэтэл өөрсдөөө улам нэмээд томруулаад байна. Энэ чиглэлийн зардлыг хасахгүй мөртлөө нэмэлт орлого олохын тулд баахан татвар нэмэх бодлого буруу юм.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь буруу гэсэн байр суурийг зарим улстөрч, эдийн засагчид илэрхийлдэг. Валютын сангийн тусламжгүйгээр хямралаас гарах боломж байна уу, бидэнд?
-Зарим хүн ингэж мэдэмхийрээд байна лээ. ОУВС өмнө нь хоёр ч удаа Монголын хүнд байдлаас гаргасан. 1990 онд шилжилтийн эдийн засгийн хүндрэлээс 2008 онд дэлхийд нүүрлэсэн хямралаас Монголыг гаргасан. Бид өнөөдөр зөв юмыг зөв гэж хэлж чадахгүй, буруу юмыг буруу гэж хэлж чадахгүй. Хүнээс юм авч чадахгүй, хүн юм өгч чадахгүй л ийм сонин хүмүүс болж.
-Олон улстөрчтэй уулзахад Монголын хувь заяа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна гэлцэх юм. Таны ярианд бас ийм зүйл цухалзаад байна. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн шийдвэрлэх сонгууль гэж ойлгож болох уу?
-Болно. Хамгийн чухал шийдлээ хүлээсэн цаг үе одоо тохиож байна.
-Танд амжилт хүсье, ярилцлага өгсөнд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ