ДҮГНЭЛТ: 29-р сургуулийн сурагчдын хөндөж гаргасан асуудлууд бодитой болох нь тогтоогдсон
Өнгөрөгч 3-р сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид дохионы хэлээр хичээлээ заалгах хүсэлт тавьж хичээл хаялт зарласан билээ. Улмаар сурагчдын амралт эхлэх үеэр, БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллан өчигдөр буюу 4-р сарын 6-ны орой дүгнэлтээ гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, 29-р сургуулийн багш сурагчдад уншиж танилцуулжээ. Уг дүгнэлтэд, 29-р сургуулийн багш нарын дохионы хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь тогтоогдсон. Мөн сурагчдын зүгээс хөндсөн ёс бус харилцаа байгааг тогтоогоод байна. Тиймээс ажлын хэсгийн зүгээс, тус сургуулийн багш нарыг богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр хугацаатай үүрэг өгсөн байна. Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ сургуулийн багш сурагчдад танилцууллаа. Өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулна. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь тогтоогдсон. Мөн багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ