Б.Мөнхбадрах: Ах маань эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан цагдаа нарт зодууллаа
Хууль сахиулж, иргэдийг аливаа хүчирхийлэл, халдлагаас хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа энгийн иргэнийг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээллэсэн. Тодруулбал Сүхбаатар дүүргийн таван цагдаа иргэн М-ийг 30 минутын турш бүлэглэн зоджээ. Тус хэрэг энэ оны гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойргийн Шинэ замд байрлах “Formula F1” авто угаалгын газар болжээ. Бид болсон хэрэг явдлын талаар хохирогч М-ийн дүү Б.Мөнхбадрахтай ярилцлаа.
-ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАЖ БАЙНА ГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗОДУУЛСАН-
-Тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ахын тань биеийн байдал ямархуу байна вэ?
-Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, формула гэдэг авто угаалгын газар цагдаагийн таван албан хаагч ахыг маань бүлэглэн зодсон байна. 30 гаруй минут өчиж, зодсон нь камерын бичлэгнээс харагдаж байгаа. Ах маань одоо ГССҮТ-д наркозын байдалтай эмчлүүлж байна. Формула авто угаалгын газрын эзэн нь манай ахын найз юм. Тухайн өдөр тус угаалгын газрын зохион байгуулагчтай нь нь таван цагдаа төрийн албан хаагчийн нэр бариад автомашинаа үнэгүй угаалгана, угааж өг энэ тэр гээд дарамталсан өнгө аястай яриад байсан юм билээ. Үүнийг нь манай ах сонсоод тэсэлгүй дундуур нь ороод “Төрийн албан хаагч ингэж болохгүй ээ. Та нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна. Би ч бас ахмад цолтой хүн. Ингэж болохгүй” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл “Чиний төрийн албан хаагч, ахмад цолтой байх чинь ямар хамаатай юм” гэж маргаан үүсгээд зодож эхэлсэн гэсэн. Гадна ингэж маргаан үүсч эхлэхэд нь зохион байгуулагч, ажилчид нь салгаад ахыг маань угаалгын газраа оруулаад тусгай амралтын өрөөнд оруулаад хаалгыг нь цоожилсон байгаа юм.
-Тэгээд зодоон яагаад дахиад үргэлжилчихэв?
-Гэтэл араас нь энгийн хувцастай цагдаа нь орж ирж бичиг баримтаа үзүүлээд “Би өөрөө Сүхбаатар дүүргийн цагдаа. Надад эрх нь байдаг юм” гэж хэлээд дагуулж авч гарсан байгаа юм. Гарахад цагдаагийн хувцастай зогсож байсан нь шууд цохиод авсан гэсэн. Ингээд хажууд нь байсан энгийн хувцастай цагдаа нар нь бас хэд хэд цохьсон байгаа юм. Ингэхэд нь ах зугатаад дотогш угаалгын газар луу орсон.. Гэтэл цагдаа нар угаалгын газар дайрч орж ирж зодож байгаа бичлэг нь камерт бичигдсэн байгааг та бүхэн үзсэн байх.
-Цагдаа нарт зодуулсаныхаа дараа машинд мөргүүлсэн гэсэн. Яагаад ийм зүйл болов?
-Ингээд дахиад ахыг маань авч гараад цохисон. Шөнө болж, гадна нь хүн байхгүй байсан учраас цагдаа нараас айж нуруугаараа ухарч явж байгаад л машинд мөргүүлчихсэн. Тухайн авто угаалгын хаалганаас машины зам хүртэл ердөө л хоёр метр орчим зайтай байгаа юм.
-Ахыг тань мөргөсөн жолооч юу ярьж байгаа вэ?
-Ахыг дайрсан жолоочийн ярианаас бол ах маань юмнаас зугатсан байдалтай нуруугаараа ухраад зам руу гараад ирсэн гэсэн. Тэгээд гэнэт гараад ирсэн болохоор яаж ч чадаагүй мөргөсөн. Тухайн үед хажууд нь цагдаа хувцастай хүн зогсож байсан гэж яриад байгаа. Замын цагдаа ирээд осол хэргийг бүртгэж байхад хүртэл тэр цагдаа хажууд байж байсан гэж мэдүүлсэн. Угаасаа 30-40 минут зодуулчихсан хүн чинь аргагүйн эрхэнд зугатаах нь зөв биз дээ. Ямар ч хүн зугатаана гэж бодож байна.
-АХ МААНЬ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ, АХМАД ЦОЛТОЙ ХҮН-
-Тухайн үед таны ах угаалгын газар ямар ажлаар явж байсан юм бол. Согтуу байсан гэх мэдээлэл гараад байна?
-Тухайн үед ах маань угаалгын газрын хажуугийн пабад найзыгаа хүлээнгээ нэг кофе уусан юм билээ. Түүнээс архи дарс уугаагүй. Бичлэгэнд кофе уугаад сууж байгаа нь бичигдсэн.
-Гэмтлийн зэргийг нь тогтоолгосон уу?
-Одоо хөл нь хоёр хугарсан. Цээж нуруу нь битүү хөдлөхгүй, гарын бугуй нь хөхөрч, няцарсан байдалтай байна. Шүүх эмнэлэг ч гэж эмнэлэг. Хөл нь хоёр өсгийгөөрөө хугарчихаад байхад гэмтлийг нь хүндэвтэр гэж оношилсон байгаа юм. Уг нь ахын маань гэмтэл хүнд гэмтэлдээ орох ёстой. Манай аав бас авто осолд орж байсан. Тэр үед нэг хугарахад хүнд гэж явж байсан. 31-ний өдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах ёстой байтал гараагүй. Ахын хэлж байгаагаар намайг эзгүйд шүүх эмнэлгээс явж байна гэж хүмүүс ирээд зөвхөн хөлнийх нь зургийг аваад явсан байгаа юм. Хүзүү толгой, цээж нурууны зургийг ердөө аваагүй гэсэн.Ах маань уржигдар хоёр хагалаанд орсон. Дусал залгуулсан, наркозтой байгаа учраас өөрөө энэ асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа. 24 цагийн дусалтай байгаа.
-Таны ах ахмад цолтой гэж ярьсан гэсэн. Ямар ажил хийдэг хүн бэ?
-Ах маань мөн л 30 гаруй насны залуу. Цэргийн байгуулагад ажилладаг хүн л дээ.
-Тухайн үед цагдаа нар тэнд бөөнөөрөө юу хийж байсан юм бол?
-Ах маань тухайн үед энгийн хувцастай цагдаа нар нь зодож байхад нь хажууд нь зогсоод байсан албан хувцастай цагдаад нь “Намайг ингээд зодоод байхад болиулаач” гэж хэлсэн байсан. Гэтэл тоосон ч шинжгүй бохь зажлаад л, хараад л зогсож байсан гэж байгаа юм. Тэд нар хоёр приус, нэг цагаан чэйзэртэй явж байсан нь камерт бичигдсэн байгаа. Камерын бичлэгнээс харахад яг юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй гурван машиныхаа хооронд суугаад буугаад л дамжаад яваад байгаа. Тэгэхээр тэд нар бас архи дарс хэрэглэсэн байх магадлалтай.
-НАМАЙГ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН-
-Та энэ асуудлаар цагдаагийн байгуулагад хэзээ хандсан бэ?
-Би энэ асуудлаар 25-ных нь шөнө буюу ахыгаа зодуулаад осолд орсоных нь дараа өргөдөл барьж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү очсон. Гэтэл наад хэргийг чинь манай хэлтэс шалгахгүй, цагдаа цагдаагаа шалгадаггүй. Мөрдөн байцаах газрын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэст шалгана гээд тийшээ явуулсан. Маргааш нь мөрдөн байцаах газар луу нь өргөдөл бариад очтол тэр өдөр нь амралтын өдөр таараад даргатай нь утсаар ярьтал Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар эхлээд бүртгэж аваад дараа нь наашаа хэргээ шилжүүлнэ. Тиймээс одоо манайх шууд шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд би эргээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёругаар хэлтсийн хэрэг бүртгэгчид өргөдөл энэ тэрээ аваачиж өгсөн. Гэтэл намайг камерын бичлэгийг нь үзээд зураг хөргийг нь тодруулаад аваад ир гэсэн. Зургийг нь тодруулаад аваад очтол хэрэг бүртгэж байсан нэг цагдаа нь “Би 24-25-нд шилжих шөнө яг наад Формула авто угаалгын газар эргүүлээр ажилласан. Тэнд ямар ч тийм зодоон нүдээн болоогүй. Чи битгий худлаа яриад бай” гэсэн. Тиймээс би аргагүйн эрхэнд өмгөөлөгч аваад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан.
-Цагдаагийн байгууллага хэргийг чинь шийдвэрлэхээс цаарагласан гэж ойлгож болох уу?
-Намайг цагдаагаар явж байх хооронд ахыг маань зодсон цагдаа нар Формула авто угаалгын газарт камерын бичлэг авъя гэж очсон байгаа юм. Тэр авто угаалгын газраас над руу утасдаад “Бичлэг авъя гээд цагдаа нар ирчихээд байна. Одоо яах вэ” гэж ярьсан. Тэгэхээр нь би хэрэг бүртгэж авсан цагдаа руугаа утсаар яриад “Нөгөө ахыг маань зодсон цагдаа нар авто угаалгын газар очоод камерын бичлэг нэхээд байна гэнэ. Та нар одоо очоод хар” гэхэд шал согтуу “Би одоохондоо ажиллах боломжгүй байна, уучихсан байна ” гэсэн хариулт өгсөн. Цаг харахад таван цаг өнгөрчихсөн байсан болохоор би за яахав ажлын цаг нь дуусчихсан юм байна гэж бодоод маргааш өглөө нь 11 цагийн үед дахиад залгахад дахиад л шал согтуу. “Одоо наад хэрэг чинь надад хамаагүй.” Гэхээр нь би “ямар хүнтэй уулзах вэ” гээд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэсийн дэд дарга дээр нь орсон. Н.Мөнхтуяа гээд байцаагч дээр нь орсон. Тэгээд тэр зодсон цагдаа нар ингээд бичлэг авах гээд яваад байна. Та нар хайгаад байх зүйлгүй шууд очоод бариач гэхэдН.Мөнхтуяа байцаагч нь “Манай ажлыг битгий заа” гэж хариулсан. Ингээд болсон үйл явдлаас хойш бараг арав гаран хонож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсаны хүчинд өчигдөр л Мөрдөн байцаах газрын Тусгай субьект мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өгч байна.
- Сүхбаатар дүүргийн цагдаа нар байсан гэдэг нь үнэн үү?
-Тэр цагдаа нар ерөнхийдөө залуухан, 30 гаран насны хүмүүс байсан гэсэн. Дүрэмт хувцастай байсан цагдаагийх ньмөрдөс гурван зураастай байсан гэж байсан. Угаалгын газрын зохион байгуулагчаас асуухад ерөнхийдөө бол Сүхбаатар дүүргийн цагдаа нар мөн байсан. Манайхаар хааяа орж ирдэг гэж надад хэлсэн. Та нар яагаад зодоод байхад нь салгаагүй юм бэ гэхэд цагдаа нараас айсан гээд байсан. Аргагүй дандаа машин угаадаг жаахан хүүхдүүд байсан юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ