Төрийн дарамт ямар аймшигтай болсныг Завханы эмэгтэйн үхэл харууллаа
-ИДЭР СУМЫН ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖЛААСАА ХАЛАГДСАНААС БОЛЖ ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ ҮХЖЭЭ-
2017.03.29. Завхан аймгийн Идэр суманд болсон жагсаал
Завхан аймгийн Идэр суманд 50 орчим насны эмэгтэй өөрийгөө галдан шатаажээ. Талийгаач Тэгшжаргал сумын төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд түүнийг хэдхэн хоногийн өмнө ажлаас нь халсан байна. Ажлаасаа халагдсан тэрбээр шийдвэрийг хууль бус явдал хэмээн эвлэрэхгүй, улмаар амиа хорлоход хүргэжээ. Талийгаач сумын Тамгын газарт 20 гаруй жил нягтлангаар ажилласан бөгөөд сүүлийн хоёр, гурван жил төрийн сангийн мэргэжилтний албыг хашчээ.Олон жил төрийн албанд ажилласан тэрбээр ажлаасаа халагдах болсон шалтгаанаа намтай холбож, шүүхэд хүртэл өргөдөл гаргажээ. Амиа хорлохын өмнөх өдөр талийгаач аймгаас ирээд байж. шүүхээс түүнийг заргаа авах боломжгүй 50:50 хувьтай хэмээн буцаасан болохыг талийгаачийн ар гэрийнхэн ярив. Энэ шийдвэр талийгаачийг сэтгэлийн гүн хямралд оруулсан гэнэ. Ингээд энэ сарын 27-28-нд шилжих шөнө буюу 03:00 цагийн үед өөр дээрээ бензин цацаж галджээ. Талийгаачийг ар гэрийнхэн нь хэдий эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр түлэгдэлтийн шархаа даалгүй тухайн өдрийнхөө үдээс хойш амьсгал хураасан байна. Энэхүү харамсалтай явдлыг дуулсан нутгийн ард түмэн удирдлагуудаа эсэргүүцэж өчигдөр жагсаал зохион байгуулжээ.
Талийгаачийн төрсөн дүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач юунаас болж өөрийгөө шатаахад хүрчихэв ээ. Ажлаасаа халагдсан явдлыг та бүхэн мэдэж байсан уу?
-Мэдэлгүй яахав. Хэдхэн хоногийн өмнө “Эгч нь ажлаасаа халагдчихлаа. Цалингийн зээлээ яаж төлж, оюутныхаа төлбөрийг хаанаас олно оо. Хууль бус томилгоо хийсэн. намайг хамаатан садан, ардаа танил талгүй болохоор хавчсаар байгаад халчихлаа. одоо яаж амьдарна аа” гээд л халагдсанаасаа хойш их сэтгэлээр унаж, шаналж байгаа нь илт байсан.
-Гэхдээ зөвхөн ажлаасаа халагдлаа гээд амиа хорлох дээрээ тулна гэж үү. Цаана нь ямар нэг нөлөө байсан байх гэж нутгийн хүмүүс ярьж байна?
-Тэрийг нь би сайн мэдэхгүй. Хорь гаруй жил сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдралаа төрийн албанд зориулсан хүн гэнэт нэг өдөр ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа халагдахаар сэтгэл санааны хувьд ямар хүнд тусах нь ойлгомжтой шүү дээ.Гэрийнхээ ганц орлоготой хүн нь. нөхөр нь ажилгүй. Хоёр хүүхэдтэй, нэг охин нь хотод оюутан. Суманд айл гэрийн ядаж нэг нь ажилтай байхад амьдралаа залгуулаад байдаг. Гэтэл ийм байдлаар ажилгүй болчихоор хөөрхийд хүнд цохилт болсон байх. 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан гэсэн.
-Талийгаач ажлаасаа хууль бусаар халагдсан гээд шүүхэд хандсан гэсэн.
-Тийм ээ. Талийгаач маань ерөөсөө аймшигт өдрийн урд өдөр байх аа, аймгаас ирсэн.Гуравдугаар сарын 14-нд халагдах шийдвэр гарснаас хойш л шүүхээр явсан.Харамсалтай нь шүүхээс эгчийг ялах ямар ч боломжгүй. 50:50 хувьтай гэж хэлсэн юм билээ. Тэгээд үүнтэй эвлэрч чадахгүй сэтгэлээр унаж өөрийгөө ийм байдалд хүргэсэн бололтой.
-Тухайн үед нөхөр нь дэргэд нь байгаагүй юм уу?
-Хэдэн өдөр эхнэрийнхээ сэтгэл санааг засах гэж дагаж явж, нойргүй хоносон болохоор жаахан унтчихсан байсан юм билээ. Шөнө 03:00 цагийн үед “Гарч бие засчихаад ирье” гээд гарсан байсан. Гэнэт л хашгираан сонсогдож, гартал эгч тэр чигээрээ галд авалзаж байсан гэсэн. Тэр даруйд галыг унтрааж эмнэлэгт хүргэсэн л дээ. Бид ч мэдээд сандарч гүйлдсэн.Бүтэн биеэрээ галд шатаад, толгойных нь үс хүртэл юу ч үгүй хуйхлагдчихсан байсан.Эмнэлгийн зүгээс яаралтай эм, тариа хийсэн боловч харамсалтай нь бид түүний амийг авч үлдэх хувьгүй байж.Миний эгч хэр баргийн зүйлд өөр дээрээ бензин асгаад галдчих хүн биш. Шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй учраас л ийм байдалд хүргэчихлээ.Өглөө оюутан охин нь хотоос ирээд ээжийгээ биднээс нэхэж уйлж хашгичиж байгаад арай гэж тайвшраад байж байна. “Та нар ээжийг минь сайн харж байхгүй. Ганцхан хүнд анхаарал тавьж байхгүй арчаагүй юм бэ” гээд л бидэн рүү гомдоллож уйлаад байна гэв.
БУХИМДСАН ИРГЭД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.БАЯРМААГ ҮСДЭЖ ӨРӨӨНӨӨС НЬ ГАРГАЖЭЭ
Нутгийн иргэд болон талийгаачийн ойр дотнын хүмүүс нутгийн удирдлагын шийдвэрээс болж дээрх эмэгтэй амиа хорлоход хүрсэн хэмээн эсэргүүцлээ илэрхийлж өчигдөр жагсаал хүртэл зохион байгуулжээ. Тэд сумын Засаг дарга Х.Баярмаа, орлогч дарга Болдбаатар зэрэг нутгийн удирдлагуудыг албан тушаалаасаа огцрохыг хүсч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир нь талийгаачийг ажлаас нь халж түүний оронд сумын Засаг даргын орлогч Болдбаатарын эхнэр Н.Нямжавыг томилсон юм байна. Энэ талаар нутгийн нэгэн иргэн ийн ярьж байна.Тэрээр “Манай суманд ажлын халаа сэлгээ гэж аймшигтай зүйл бий болоод байна. Хэн дуртай нь хамаатан саднаа баруун солгойгүй татаж ажилд оруулдаг. Олон жил ажлаа мөрөөрөө хийгээд явсан хүнийг хүртэл нэг л өдөр ямар ч шалтгаангүйгээр халчихдаг.Бид энэ байдлыг хараад сууж байгаа хэрнээ дуугүй байхаас аргагүй. Хэрвээ ам ангайвал ажлаас халагдчих гээд зовлонтой. Талийгаач Т ч гэсэн олон жил ажилласан туршлагатай. Гэтэл оронд нь долоон сард амаржих бие давхар эмэгтэйг томилчихож байгаа юм. Яахав, тэр эмэгтэй орлогч даргын эхнэр болохоор тохироо хийгээ л биз.Баярмаа, Болдбаатар гээд манай сумын удирдлагууд бүгд АН-ынхан. Тамгын газрын дарга Батчулуун хүртэл аймгийн Засаг дарга Батсайханы төрсөн ах. Энэ хүмүүс ардаа том хүнтэй гээд юу хүссэнээ хийж байх шиг байна. Гэвч төр түмэн нүдтэй. Улаам цайм хүний амиар тоглочихлоо шүү дээ.Хэлэхгүй л байгаа болохоос талийгаач шиг сэтгэл санааны хямралд орчихсон яах учраа олохгүй, хэндээ хандахаа мэдэхгүй олон хүн бий. Үүнээс өмнө сургуулийн нийгмийн ажилтан бас халагдсан. Бид өглөө ажилдаа ирэхдээ халагдчихгүй байгаа гэсэн айдас тээж явдаг болсон” гэв. Ардчилсан нам Завхан аймагт үнэмлэхүй ялалт байгуулж улмаар өнгөрсөн арваннэгдүгээр сард сумын удирдлагууд солигдсон байна. Үүнийг дагаад хуучин Засаг даргын үед ажиллаж байсан хүмүүс ээлж дараалан ажлаасаа халагдсан гэх. Энэ талаар Идэр сумын Засаг дарга асан Ч.Мөнххүрэл “Суманд 28 жил ажилласан туршлагатай хүнийг МАН-ын хүн, өмнөх Засаг даргын хүн гэх шалтгаанаар амиа хорлотол нь дарамталж, хавчин гадуурхсан байна. Ганцхан энэ хүн биш, манай Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, хөдөө аж ахуйн тасгийн дарга, санхүүгийн албаны дарга, жолооч гэх мэт маш олон хүнийг халсан” хэмээн ярив. Харин жагсаал зохион байгуулсан талийгаачийн ар гэрийнхэн болон нутгийн иргэдэд нутгийн удирдлагууд “2015 онд авсан төрийн албан хаагчдын шалгалтад талийгаач одоо ажиллаж буй хүнээс дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан” гэх тайлбарыг өгчээ. Жагсаалын үеэр сумын Засаг дарга Х.Баярмаа өрөөгөө дотроосоо түгжин гарч ирэхгүй байсан бөгөөд түүнийг талийгаачийн хоёр хүүхэд болон зарим иргэд үсдэж хүчээр гаргаж ирсэн гэх мэдээлэл ч байна. Удирдлагуудаа эсэргүүцсэн жагсаалд ар гэрийнхэн болон нутгийн иргэд нам харгалзахгүй оролцсон байна. Тэд дээрх болсон явдалд аймгийн Засаг дарга Батсайханыг буруутгаж байгаа аж. Сумын удирдлагууд бүгд түүний намын гар хөл болсон нөхдүүд гэж үзэх хүмүүс ч байна.
ТАЛИЙГААЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
Сумандаа 28 жил ажилласан төрийн албан хаагч нэг л өдөр ажилгүй болж үүндээ шаналж амиа хорлох болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг ажлаас халж сумын Засаг даргын орлогч Болдбаатарын эхнэр Н.Нямжавыг томилсон нь хууль бус хэмээн үзэж байна.Талийгаач Тэгшжаргал МУИС-ийг санхүүгийн чиглэлээр улаан дипломтой дүүргэсэн. Их сургуулиа төгсөөд сумандаа ирж төвхнөсөн байна. Өнгөрсөн хугацаанд сумын нягтлан бодогчоор 20 гаруй жил ажиллахдаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан. Сумандаа чадвараараа эхний гуравт багтахаар боловсон хүчин гэдгийг хамт олон нь хэлж байна. Тэрээр хоёр хүүхэдтэй, нөхрийн хамт амьдардаг байжээ. Талийгаач бамбай булчирхайн хагалгаанд ороод удаагүй байж. Тиймээс эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэсэн шалтгаан хэлсэн бололтой. Харин түүний оронд томилогдсон Н.Нямжав гэгч хэн бэ. Нямжав сумын Засаг даргын орлогч даргын эхнэр болохыг дээр дурдсан. Н.Нямжав өдгөө давхар биетэй бөгөөд өмнө нь жирэмсний амралттай хүний оронд таван сар ажилласныг эс тооцвол төрийн албанд ажиллаж байгаагүй хүн гэнэ. Зарим иргэдийн өгч байгаа мэдээллээр бол Идэр сумын Засаг дарга Х.Баярмаагийн ард Бат-Өлзий гэх хүн аймагт дээгүүр алба хашдаг юм байх. Харин талийгаачийн оронд томилосон хүн нь Бат-Өлзий гэгчийн танил гэнэ. Үүгээр зогсохгүй Н.Нямжав сумын нягтлангаар ажилладаг эмэгтэйтэй ах дүүгийн хүүхдүүд юм байна. Мөн нөхөр нь сумын орлогч дарга. Тиймээс иргэд төрөл садны ашиг сонирхол явж байна хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Н.Нямжавын хувьд МАН-ын гишүүн боловч өнгөрсөн сонгуульд АН-ынхныг дагаж гүйсний эцэст төрийн албанд шингэх хүслээ гүйцээсэн гэж ярих хүмүүс ч олон байна.
ТАЛИЙГААЧ БОЛОН ТҮҮНИЙ ОРОНД ТОМИЛОГДСОН ЭМЭГТЭЙ 2015 ОНООС ЭХЭЛЖ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ ИРЖЭЭ
Талийгаач болон түүний оронд томилсон эмэгтэй хоёрын хоорондох ажлын байрны төлөөх тэмцэл аль 2015 онд эхэлжээ. Энэ талаар аймгийн удирдлагуудтай холбогдож албан эх сурвалжаас авсан мэдээллээ хүргэе. Завхан аймгийн Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус шалгалтад гурван хүн өрсөлджээ. Тэднээс хамгийн өндөр оноог иргэн Н.Нямжав 73, Б.Одхүү 70, харин талийгаач С.Т 65.67 оноо авсан гэнэ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны мэргэшсэн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох хуулийн заалттай байдаг ч тухайн үед сумын Засаг дарга асан Ч.Мөнххүрэл талийгаачийг томилжээ.
Төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан Н.Нямжав сумынхаа удирдлагад удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй учраас аймгийн удирдлага Д.Батсайханд хандан 2016 оны арванхоёрдугаар сард гомдол гаргажээ. Ингээд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хамгийн өндөр оноо авсан Н.Нямжавыг Идэр сумын төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргасан байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох нь хууль ёсны дагуу хэмээн албаны эх сурвалж хэллээ. Харин анх шалгалтад хамгийн өндөр оноо авсан ч Н.Нямжавыг төрийн албанд аваагүй Тэгшжаргалыг томилсон шалтгаанаа тухайн үеийн засаг дарга ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тийм шийдвэрт хүрсэн болохыг тайлбарлав. Тухайн үед санхүү хариуцсан дарга нь Н.Нямжавын ойрын төрөл байжээ. Тиймээс хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Тэгшжаргалыг томилсон гэх. Ердөө л ийм шалтгаан тэдний дунд хэдэн жил хөвөрч. Нам, засаг солигдоход дагаад төрийн албан хаагчдын халаа, сэлгээ сум орон нутаг гэлтгүй төрийн аль ч шатанд хийгддэг. Хамаатан садан, эсвэл сонгогдоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, цүнх баригчдаа төрийн аль нэг албанд шахах гэж хуйлардаг манайхны овилгогүй зангаас болж эрдэнэт хүний амь эрсэдлээ. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Ямартай ч цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгаж байна.
ТЭС СУМЫН ЗАСАГ ДАРГА АЖЛАА ӨГӨӨД АМИА ХОРЛОЖЭЭ
Завхан аймгийн Идэр суманд төрийн албанаас халагдсан эмэгтэй амиа хорлосон явдал олон нийтийг цочроолоо. Гэтэл үүнтэй зэрэгцэн бас нэгэн таагүй мэдээлэл ил болсон. Энэ сарын 25-нд Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Н амиа хорлосон байдалтайгаар олдсон байна. Тэрээр өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, өнгөрсөн арваннэгдүгээр сард Засаг дарга болжээ. Ардчилсан намын хүн гэнэ. Гэвч талийгаач сарын өмнө Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хэд хоног ажилдаа ирээгүй байна. Нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол талийгаач эхнэрийнх нь бие тааруу байсан учир Улаанбаатар хотод эмчлүүлэхээр болж ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгсөн гэх. Гэвч түүний цогцсыг хажуу айлынх нь хашаанаас өөрийгөө боомилсон байдалтайгаар олжээ. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Харин түүний амиа алдах болсон шалтгаан нь гадны нөлөөтэй байж магадгүй гэдгийг зарим иргэд ярьж байна. Тодруулбал, Тэс сумын Дооно хайрхныг уул уурхайн нэгэн компани хайгуул хийхээр зөвшөөрөл авчээ. Гэхдээ өмнөх Засаг даргын үед. Харин шинэ Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулах ёстой байж. Гэвч үүнийг нь талийгаач эсэргүүцэж байсан бололтой. Үүнтэй холбоотой байж магадгүй хэмээн нутгийнхан хардаж байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ