Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих эрхийг хазаарласаар байх уу
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургууль тойрсон дуулиан намжаагүй байтал дахиад нэг асуудал босч ирлээ. Энэ бол Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэгийг татан буулгах болсон тухай мэдээлэл юм. Энэ талаар тус эмнэлэгээр үйлчлүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхчүүд ярьж байна.
Тодруулбал, тус төвийн байранд “Хүүхдийн тусламжийн утас 108” төвийг оруулах шийдвэрийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргаад буй аж. Учир нь, тус газрын үзэж байгаагаар ““Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэгээр “Өнөр бүл” төвийн хэдхэн хүүхэд л үйлчлүүлдэг. Харин “Хүүхдийн тусламжийн утас 108” төвд ирэх тусламж хүссэн хүчирхийллийн дуудлага өдөр ирэх тусам нэмэгдэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэн” гэнэ.
Ийн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шийдвэрээр энэ оны эхээр “Хүүхдийн тусламжийн утас 108” төв “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэгийн хоёр, гуравдугаар давхарт нүүж иржээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэг өөрийн байрныхаа ихэнх талбайг бусдад булаалгаж, зөвхөн нэгдүгээр давхартаа эмчилгээгээ явуулж байна.
-“Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэг өдөрт 20-30 хүүхдэд үйлчилдэг-
Уг мэдээллийн мөрөөр бид “Сэргээн засах хөгжлийн төв”-ийг зорилоо.
Биднийг өглөөний 10:00 цагт тус эмнэлэгт очиход 3-8 насны 10 гаруй хүүхэд асран хамгаалагчийн хамт ирж, хуваарьт эмчилгээндээ орж байв. Өнөөдөр тэднээс гадна 16 хүүхэд ирж, эмчилгээнд оролцох хуваарьтай гэдгийг эмч нар хэлж байлаа.
Тухайн өдөр Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хязгаарлалттай байсан хэдий ч эмч нар “Цахилгаангүй байгаа ч хүүхдүүддээ эмчилгээгээ хийх боломжтой. Сэргээн засах эмчилгээ бусад төрлийн эмчилгээг бодвол харьцангуй өртөг багатай. Цахилгаангүй байсан ч бид хүүхдүүддээ хөдөлгөөн засал, татлага, зүү, төөнүүр, бариа засал гээд олон эмчилгээ хийнэ. Учир нь, сэргээн засах эмчилгээг архаг болон суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэц зэрэгт хийдэг. Тийм болохоор бусад төрлийн өвчнүүдийг бодвол өндөр үнэтэй эм, тариа байнга хэрэглэх шаардлагагүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй, архаг буюу суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэцтэй хүүхдүүдэд олон удаагийн курс эмчилгээ, уйгагүй ажиллагаа шаардлагатай байдаг” гэв.
-Хоёр жилийн хугацаанд 400 гаруй хүүхдэд эмчилгээ үзүүлжээ-
Тус эмнэлэгийг 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Өнөр бүл” асрамжийн газрын дэргэд Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулж байжээ. “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэг нь Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар авсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй гэнэ.
Тус эмнэлэгт Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хомсдолтой 100 гаруй хүүхэд байнга ирж, эмчлүүлдэг байна.
Тус эмнэлэгт өдөрт 20-30 хүүхэд эмчилгээнд ордог бол байгуулагдсан цагаасаа хойш 2-18 насны 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний хомсдолтой хүүхдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ.“Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэг нь зөвхөн “Өнөр бүл” төвийн 156 хүүхдийг эмчилгээнд хамруулдаггүй гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. Учир нь, тус эмнэлэгт Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хомсдолтой 100 гаруй хүүхэд байнга ирж, эмчлүүлдэг байна.
-Ариунжаргал: Шийдвэр гаргагчид ийм хүүхэдтэй байхын зовлон, шаналыг мэддэггүй болохоор буруу шийдвэр гаргадаг байх-
Ингээд Баянзүрх дүүргийн харьяат 6 настай хүүгээ эмчлүүлэхээр ирсэн н.Ариунжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Та хоёр “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэгт байнга ирдэг үү. Өнөөдөр ямар эмчилгээнд орсон бэ?
-Бид хоёр энд хөдөлгөөн засал, парафин, татлага, цахилгаан эмчилгээ 10 хоног хийлгэлээ. Өмнө нь Эх нялхасын сэргээн засах төвд очдог байсан ч оочер, дараалал нь барагдахгүй. Эмч нар нь ч хүнд сурталтай тул наашаа ирсэн юм. Энд оочер багатай амар юм байна.
-10 хоногийн эмчилгээний үр дүн хүүд нь мэдрэгдэж байна уу?
-Сэргээн засах эмчилгээний үр дүн урт хугацааны дараа мэдрэгддэг. Тиймдээ ч ийм хүүхэдтэй эцэг, эхээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ хүү маань 10 хоног эмчилгээ хийлгээд таталт өгөх нь багаслаа. Бага ч гэсэн сайн үр дүн гарч байгаа.
-Тус эмнэлэгийг татан буулгаж, “Өнөр бүл”-д байрлуулж Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд эмчилгээ хийхгүй байх шийдвэр гарсан гэж сонслоо. Хэрвээ тус эмнэлэг татан буувал та хүүгээ хаана эмчлүүлэх вэ?
-Хэрвээ энэ эмнэлэг ажиллахгүй болвол хүүгээ хаана эмчилгээнд хамруулахаа мэдэхгүй л байна. Хувийн эмнэлэгүүд нь маш үнэтэй, улсынх нь эмчилгээ муутай, ачаалал ихтэй. Хүү бид хоёр энд хүссэн үедээ ирээд л бүх төрлийн эмчилгээгээ нэг дор хийлгэчихдэг. Сэргээн засах үндэсний төвд л очих болов уу.
Гэхдээ тэнд ихэвчлэн насанд хүрсэн иргэд үйлчлүүлдэг болохоор хүүхэд эмчлүүлэхэд тохиромжгүй санагддаг.Цаашид хүүгээ хаана эмчлүүлэхээ үнэхээр мэдэхгүй байна даа.
-Хэрвээ “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэг хаагдвал тань шиг олон ээж, аав хүүхдээ хаана дагуулж очихоо мэдэхгүй хүнд байдалд орох байх. Та тэднийг төлөөлж юу хэлмээр байна?
-Тийм шүү. Энэ эмнэлэгт зөвхөн манай дүүргээс бус хөдөө орон нутгаас бүр Завхан аймгаас хүүхэд ирж эмчлүүлдэг юм билээ. Хэрвээ энэ эмнэлэг маань татан буугдвал маш олон ээж, аавууд хаачихаа мэдэхгүй хүнд байдалд орно. Төр засгийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ хөгжих эрхийг яагаад ингээд хязгаарлаж, хазаарладаг юм бол. Ийм хүүхдүүдийг авдаг цэцэрлэгийн байрыг барьж өгөлгүй 3, 4 жил боллоо. Одоо эмнэлэгийнх нь байрыг “булаалаа”. Шийдвэр гаргагчид ийм хүүхэдтэй байхын зовлон, шаналыг мэддэггүй болохоор л ийм шийдвэр гаргадаг байх даа.
Бидэнтэй уулзсан зөвхөн энэ ээжээс гадна олон эцэг, эх, эмээ өвөө нарын сэтгэл энэ л асуудалд зовних болжээ. Хэрвээ “Сэргээн засах хөгжлийн төв” эмнэлэгийг хаавал эднийд байнга ирж эмчлүүлдэг 200 гаруй хүүхэд хаачих нь тодорхойгүй, хаана хэнд ч хандахаа мэдэхгүй хүндхэн байдалд орох нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ