Б.Даваадорж: Жорлонгийн бохир завааныг бодох ч сөхөө байгаагүй

Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч жорлонгийн нүхэнд унасан байсан нярай хүүхдийг аварсан талаарх “сайн” мэдээг бид өчигдөр та бүхэнд хүргэсэн.Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 минутанд Дундговь аймгийн Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцоожийн Даваадорж тухайн газарт очиж шуурхай тусламж үзүүлж нярайн амийг аварч, амьдрал бэлэглэжээ. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж ганцаараа очсон бөгөөдтүргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ.Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бид мөрдөн байцаагч Б.Даваадоржтой утсаар холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу. Сайн үйл бүтээсэн таньд баяр хүргэе. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-Баярлалаа. Тухайн өдрийн өглөө би ажилдаа очоод байсан юм. Гэтэл өглөө 08:00 цагийн үед манай жижүүрийн утсанд “Хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж би ганцаараа очсон. Тухайн айл маань цагдаагийн газраас нэг их холгүй, км гарангийн зайтай байсан болохоор хурдан очсон л доо.

-Таныг очиход хүүхэд ямар байдалтай байсан бэ?

-Хүүхэд дээшээ харсан байдалтай уйлж байсан. Маш их сандарсан. Намайг очиход дуудлага өгсөн бололтой нэг эмэгтэй гадна байсан. Төрсөн эх гэрт байсан юм шиг байна лээ. Түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй байсан учраас шууд л жорлон руу орохоос өөр арга байгаагүй.Ямар ч байсан амьд байгаа юм байна, амийг нь аваръя гэсэн бодол толгойд орж ирсэн. Жорлонгийн хажууд хэвтэж байсан труба төмрийг аваад модыг нь хөшиж авч хаяад л шууд орсон.

-Жорлон хэр гүнгүнзгий байсан юм бол. Нярайн амийг аврахад хэр цаг хугацаа орсон бэ?

-Нэг их гүнзгий байгаагүй. Миний мөрөөр татсан метр гарантай гүн жорлон байсан. Хүүгийн амийг аврахад таван минут л болсон. Жорлонг бохир заваан гэж бодох ч сөхөө байгаагүй. Намайг нярайг аваад гараад ирэхэд түргэн тусламж болон онцгойхон ирсэн. Тэгээд эмнэлгийнхэн эх, хүү хоёрыг аваад явсан. Цагдаагийн байгууллагын ажилчид бидний ажил үүрэг бол энэ шүү дээ. Ялангуяа мөрдөн байцаагчид бид аливаа хэрэг явдлын жаргал зовлонг хуваалцаж байдаг учраас өөрийхөө албан үүргээ хамгийн түрүүнд тавьсан.

-Амаржсан ээжийн талаар мэдээлэл байна уу?

-Би хүүхдийн ээжтэй ерөөсөө уулзаагүй. Тухайн үед намайг очиход гэрт байсан. Тэгээд намайг хүүхдийг гаргаад өгөхөд түргэний тэрэг иргээд хоёуланг нь аваад явсан. Миний сонссоноор Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат. 30 настай эмэгтэй гэсэн.

-Таныг сайн үйл бүтээлээ гэж сайшаах хүн олон байна. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Аймгийн хэмжээнд жорлонгоос нярайн амь аварсан анхны тохиолдол болж байгаа болохоор хүмүүст сонин санагдсан юм болов уу. Бид өдөр тутамд албан үүргээ гүйцэтгэж, хүмүүсийн баяр жаргал, зовлон гуниг гээд бүх зүйл дээр очдог болохоор бидний л хийх ёстой ажил гэж боддог.Энэ удаад бяцхан нярайн амийг аварсан гэхээр тухайн үедээ их баярлаж байлаа. Ард түмнийхээ аюулгүй тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтай алба хаагчид бидний ажлын нэг өдөр, үүрэг хариуцлага юм даа. Алба хаагч бидний нэг өдрийн ажил байсан.

Д.СОЁЛМАА: ХҮҮХДЭЭ БАРИАД АВСАН Ч НОЙТОН БОЛОХООР ГАРААС МУЛТАРЧИХСАН

Бид хүүхдийн ээж Д.Соёлмаатай мөн л утсаар холбогдлоо.

-Сайн байна уу. Хүүхэд та хоёрын бие гайгүй юу?

--Одоо гайгүй ээ. Охин маань унтаж байна. Бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна. Манай хадамийнх Гурвансайхан суманд байдаг. Би эмчилгээ хийлгэх санаатай Дундговь аймагт орж ирээд таньдаг хүнийхээ хамаатныд хэд хонохоор болсон байсан. Тэгээд тэр өглөө өвдөлт энэ тэр бараг өгөөгүй.Хөл жаахан өвдөөд, явж болохгүй, хүндрэх гээд байгаа юм шиг болохоор нь жорлон ороод суутал гэнэт л хүүхэд маань гарчихсан. Уг нь би хүүхдээ хүзүүнээс нь бариад авсан л даа. Даанч хүй нь тасарчихсан, тэгээд нойтон байсан болохоор гараас мултраад уначихсан. Тэгээд тэр айлын эгчид хэлээд дуудлага өгсөн. Хүүхдийг маань гаргаж ирсэн цагдаа их хурдан ирсэн. Маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-Охин нь хэдэн кг төрсөн бэ?

-3,2 кг эрүүл саруул охин төрсөн. Охиноо тэврээд хэвтэж байна. Эгч нь ингээд хоёр дахь хүүхдээ өлгийдөж авч байгаа нь энэ.

-Таны төрөх хугацаа болчихсон юм уу?

-Уг нь би тооцоолохдоо болоогүй гэж бодоод яваад байсан юм. Гэтэл эмнэлэгт ирээд эмч нарт хоног хугацаагаа хэлтэл “Чиний төрөх хугацаа болчихсон байсан байна” гэж хэлсэн. Би л буруу тооцоолсон бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ