Далай лам өөрийг нь оргоход зүтгэл гаргасан тусгай цэрэгтэй уулзжээ
Далай лам Энэтхэг улсад дүрвэн ирэхэд 60 жилийн өмнө дэлхийн улстөр, нийгмийн байдал туйлын тогтворгүй байв. БНХАУ-ын хуурай замын 150 мянган цэрэг Түвдэд цөмрөн орж, тус улсыг өөрийн эрхшээндээ авсан юм.
Тухайн үед, азаар Түвдийн оюун санааны удирдагч, XIV Далай лам эх нутгаасаа зугтан гарч, Энэтхэгийн хилийг давж амжсан билээ. Харин түүнийг оргуулахад тусгай үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын албаны цэргүүдийн нэг өдгөө амьд, мэнд байдаг аж.
Далай лам эдгээр өдрүүдэд Энэтхэг улсын зүүн хойд бүс буюу Түвдтэй хил залгаа оршдог муж, нутгаар айлчилж буй бөгөөд энэ үеэр тэртээ 60 жилийн өмнө өөрийг нь Энэтхэгт оргон гарахад хамгаалагчаар ажиллаж байсан Нарен Чандра гэх эртэй уулзжээ.
Нарен Чандра одоо 79 настай бөгөөд 1957 онд Энэтхэгийн тусгай албанд хүчин зүтгэж байжээ. Түүнд “Далай ламыг хамгаал” гэх үүргийг Энэтхэгийн тагнуулын албанаас өгч, хэсэг нөхдийн хамт Түвдийн хил рүү илгээсэн байна.
Лхас хотод түвдүүд Хятадын цэргүүдтэй тэмцэлдсэн ч хүчний хэт ялгаатай байдлаас үүдэж нутгийнхан ялагдахад хүрсэн бөгөөд энэ үед Нарен Чандра нарын 10 гаруй тусгай албаны цэргүүд XIV Далай ламыг уулын замаар Түвдээс оргуулж байжээ. Тэд замдаа маш олон саад бэрхшээлтэй тулгарсан төдийгүй хэд хэдэн цэргийн амь эрсдэх хүртэл хүнд нөхцөл байдлыг туулан гарсан гэнэ.
Далай ламтай 60 жилийн дараа уулзсан тусгай үүргийн бие хамгаалагч Чандра “Би одоог хүртэл тийм ариун үйлст мөр зэрэгцэн зүтгэж явсандаа бахархдаг. Таныг харахад 1957 онд болсон явдал өчигдөр шиг санагдаж байна” гэжээ. Далай лам түүнийг тэврэх үед Чандра нулимс дуслуулан баярласан гэнэ.
Түвдийн хилээр тусгай үүргийн есөн цэргийн алба хаагч XIV Далай ламыг амьд, мэнд оргуулж, замын дунд зарим хамгаалагч алагдах зэргээр Энэтхэгийн хилийг давахад Далай ламаас гадна таван хүн л үлдсэн байсан түүхтэй аж. Тэд Бутан, Хятадын хил Аранучал орчимд Энэтхэгийн Аюулаас хамгаалах албаныханд Далай ламыг эсэн мэнд хүргэж иржээ.
Чандра өнгөрсөнд болсон явдлыг дурсахдаа “Бид Далай ламын амь насыг биеэрээ хамгаалж байлаа. Түүнд сум үл нэвтрэх хантааз өмсгөн, зөвхөн өргөж авч явж байв. Түүнийг хамгаалж үл чадваас бид амиа золих болзолтой байсан билээ” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ