Доктор, антропологич Дуламын Бум-Очир: Шинжлэх ухаан хүн төрөлхтний өмнө их нүгэл үйлдсэн
Оюунлаг эрхмүүдтэй ярилцана гэдэг сэтгүүлчийн хамгийн том кайф байдаг. Үргэлж ярилцагчдаа өндөр босго тавьсаар ирсэн “Гранд”-ын хойморт энэ удаад антропологич Д.Бум-Очир уригдлаа. Бүтэн жил ярилцахсан гэж сэтгэлдээ тээсэн энэ эрхэм миний амьдралдаа цөөхөн уулзсан сайн ярилцагчийн нэг байсан юм. Тиймдээ ч бүтэн гурван цагийн турш бид хоёр хөөрөлдөж, үр дүнд нь 23 нүүр ярилцлага гарлаа. Аливаад хэмжээ хязгаар гэж байдаг болохоор түүнийг хасаж, танасаар 8 нүүр болгосноо эрхэм уншигч та бүхэндээ хүргэе. Мэдээж анх удаагаа ийм урт ярилцлагыг айж, эмээхгүйгээр сэтгүүлдээ нийтлүүлж байна. Хэрэв та оюун ухааныг бага ч атугай дээдэлдэг хүн бол заавал цаг гаргаж уншаарай.
Д.Бум-Очир докторын тухайд магтах,бахархах үг багадана. Манай нэрт эрдэмтэн С.Дулам докторын дунд хүү тэрээр эх орондоо нэг, Англид нэг нийт 2 удаа докторын зэрэг хамгаалсан. Цэл залуу 29-тэйдээ Кэмбрижийн их сургуулийн докторын диплом өвөрлөсөн тэрээр баруунд номын дуу сонсч, докторын зэрэг хамгаалсан Монголын цорын ганц антропологич. Өдгөө 35 настай, гурван настай хүүгийн эцэг ноён Д.Бум-Очир маш товчхондоо сэтгэлгээ нь он цагаасаа түрүүлж, сэтгэл зүрх нь өвөрмөц бүхнээр дүүрсэн ховор эрхэм бодгаль. Түүнтэй хүн, хүний ертөнцийн үүсэл гарал, амьдралын мөн чанар, аз жаргал бас хувь амьдралынх нь талаар яриа өрнүүллээ. Хэрвээ цаг бас цаас хоёр хангалттайсан бол түүнтэй дахин дахин ярилцахаас хэзээ ч залхахгүй, цааргалахгүй гэдгээ ч хэлмээр санагдлаа.
Антропологийн шинжлэх ухааныг би сэтгүүлчийн хувиар биш хувь хүнийхээ үүднээс их сонирхдог юм л даа. Хүн гэгч өөрөө судалж, нээж, ойлгож баршгүй ёроолгүй далай мэт амьтан байдаг. Харин энэ шинжлэх ухааныг дээд түвшинд судалсан таны тухайд антропологи таньд чухам юу өгсөн бол? Энэ талаар яриагаа эхэлмээр санагдлаа.
Антропологибол маш олон салбарыг өөртөө агуулсан том шинжлэх ухаан. Би хувьдаа нийгэм соёлын хүн судлаач. Хүн өөрөө таньж барагдашгүй олон учиртай, тайлагдашгүй оньсого шиг амьтан. Антропологи үзсэнээрээ би хүний мөн чанарыг таньж мэдэж дуусашгүй гэдгийг л ойлгосон. Миний хувьд эзэмшсэн шинжлэх ухааны хоёр дахь ухаан. Өмнө нь би хэл бичгийн ухааны салбараар мэргэшсэн. Монголын хэл, утга зохиол тэр дундаа аман зохиол судлалаар илүү мэргэшсэн. Анх хэл бичгийн ухаан үзэж байхдаа ойлгогдохгүй олон зүйлийг хүн судлалын ухаанаар дамжуулан ойлгож болох байх гэж бодож байсан. Мэдээж олон зүйлийг ойлгож авсан боловч бүгдийг нь ойлгож аваагүй л явна. Товчхондоо “Эрдэмд оройгүй” гэдгийг энэ шинжлэх ухааныг судлахдаа улам бүр ойлгож байна даа.
Таны мэргэжил олон салаа мөчиртэй. Тэр дундаас таны шимтэн судалдаг, сэтгэл оюунаа харамгүй зориулдаг салбар байна биз?
Улстөрийн хүн судлал, шашны хүн судлал, ураг төрлийн хүн судлал, эдийн засгийн хүн судлал гээд антропологийн шинжлэх ухаанд хамаагүй салбар тун ховор. Яагаад гэвэл энэ бүхний цаана хүн байгаад учир байгаа юм. Миний хувьд хоёр үндсэн салбараар мэргэшсэн. Нэг нь улстөрийн хүн судлал. “Эрх мэдэл, мөнгөний онол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Хоёрдугаарт, өмнө нь ч, хойшид ч сонирхож судалдаг сэдэв маань шашны хүн судлал. Шашин, ёс суртахууны тухайасуудал хүний мөн чанартай салшгүй холбоотой. Шашин гэхээр дан ганц бурхан, шашны институцуудыг судлах асуудал биш л дээ. Хүний үзэл бодол, шашин, сүсэг бишрэл, хүнтэй холбоотой янз бүрийн үзэгдэл, сүнс чөтгөр, онгод тэнгэр бөө мөргөл гээд сонирхолтой сэдэв ихтэй.
Хүн гэж чухам хэн бэ? Таны тодорхойлолт тун сонин байна.
Хүн өөрөө олон талт амьтан. Байгалийн ч амьтан, нийгмийн ч амьтан. Олон хүчин зүйл хүнийг хүн болгож байдаг. Нэгэнт олон зүйл хүнийг бүрдүүлдэг учраас хүн гэж юу вэ гэдгийн хариулт олон л байх ёстой. Товчоор тодорхойлж хэлэх төвөгтэй гэсэн үг л дээ /бодолхийлэв/. Яагаад гэвэл хүн үргэлж хувирч, өөрчлөгдөж байдаг амьтан. Ийм хувирамтгай мөн чанартай амьтныг тодорхойлж, томъёолох арга байх уу? Тиймээс би “Хүн”-ий талаар тодорхойлолт хэлмээргүй байна. Тодорхойлолт бий л дээ. Тэр нь төгс тодорхойлолт гэхээсээ илүүтэй ямар нэг өнцөг барьсан тодорхойлолт байдаг. Сөрөг талаас нь харвал хүн гэдэг хорвоо ертөнцийн хамгийн муу муухай, бузар булай амьтан.Нэгийгээ алж хядаж, идэж ууж, хорвоо дэлхийг ухаж, хөдөлж байгааг нь алж, ургаж байгааг нь тасдаж дуусгаж байна. Эндээс хорвоогийн хамгийн муухай амьтан хүн гэж тодорхойлж болохоор байгаа биз. Гэтэл нөгөө талаас нь харвал хүн төрөлхтний бүтээсэн гайхалтай, оюун ухааны бүтээл маш олон бий. Нисдэг онгоцоос эхлээд олон техник, саяхан Марс гарагт буулаа гэх мэтээр хүн хамгийн гайхамшигтай амьтан.
Хүний хүчийг оюуны, биеийн, сэтгэлийн гэж 3 хуваадаг юм байна л даа. Эдэн дундаас хамгийн чухал хүч нь аль юм бол? Жишээ нь оюуны хүч нь харьцангуй өндөр бол тэр хүний давуу тал нь юу байж таарах уу?
Миний улс төрийн антропологийн докторын ажлын судалгаа хүчний онолынх байсан юм. Улс төрд байдаг хамгийн чухал элементийн нэг нь захирах харилцаа. Тодорхой хэмжээний хүчтэй байж захирна. Үүнийг манайхан эрх мэдэл гэж хэлж байгаа юм. Маш энгийнээр хүч дотроо хоёр янз. Нэг нь бие бялдрын хүч нөгөөх нь оюуных. Бид сэтгэлийн хүч гэж их ярьдаг. Тэр нь бодвол зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой байж таардаг. Монгол хэлний сэтгэл гэдэг үг орчуулагддаггүй юм ш дээ. Их адармаатай. Оюуны хүч, физик хүчийг салгаж ойлгож болно. Харин сэтгэл, оюуны хүчийг салгаж ойлгоход төвөгтэй. Өрнө дахинд ментал буюу монголоор оюун ухаан гэсэн үг мэдлэг боловсролыг хэлээд байгаа ч юм уу. Яг хүчний антропологийн судалгаанд ментал гэхээс knowledge буюу мэдлэг боловсролыг илүү чухалчилж үздэг. Нэн ялангуяа улс төрийн хүчний онолд юмыг хэдий чинээ мэднэ тэр хүнд төдий хүч ирнэ гэж үздэг. Сэтгэлийн тухайд нэг иймэрхүү.
Нэг сонин зүйл байдаг юм. Өрнө дахиныхан хүчний тухайд физик буюу биеийн хүчийг анхаараадбайдаг. Тэд эсэргүүцэлгүй хүч гэж байдаггүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүчтэй бол хүчгүй нөгөөгөө дарангуйлна. Ингээд хүчгүй нь хүчтэйгийнхээ эсрэг сөрөг тэмцэл үзүүлнэ. Тэгэхээр хүчний харилцаа заавал эсэргүүцэлтэй зэрэгцэн оршдог гэнэ. Зарим онолчид бүр эсэргүүцэлгүй хүч гэж байхгүй гэж баталдаг. There is no power without resistance гэж түүнийгээ тодорхойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрнө дахины философи сэтгэлгээ, судалгаанд дарангуйлагч байх ёстой, дарангуйлагчийн эсрэг заавал босч, зөрчил үүсгэж тэмцэж байх ёстой гэсэн логик явдаг. Гэтэл үүний эсрэг жишээ монголчуудад байдаг нь Чингис хааны билэг сургааль, “Оюунтүлхүүр” зэрэг эртний ном судраас тод харагддаг. “Биеийг нь хураахаар сэтгэлийг нь хураа” гэх юм уу, хүнийг хүчээр дарангуйлж хажуудаа байлгахын оронд сэтгэл санаанд нь нөлөөлвөл чи тэр хүнийг хүчлэхгүйгээр дагуулах боломжтой гэсэн санаа их байдаг. Эндээс үзвэл сэтгэлээр холбогдох хүчийг илүү хүчтэй гэж монголчууд үзэж иржээ. Тиймээс сэтгэл илүү хүчтэй, оюун ухаан дараагийнх нь гэж би хэлж чадахгүй нь. Үүнийг хэмжих хэмжүүр ч байхгүй. Харин аль нь илүү хүмүүнлэг, энэрэнгүй вэ гэвэл магадгүй сэтгэлийн хүч жин дарна байх. Энэ бол гэхдээ судлаач Бум-Очирын биш харин монгол хүн гэдэг үүднээсээ өгч байгаа хариулт гэж болно.
Анх өрнийн эсэргүүцэлгүй хүчний тухай философийг уншиж мэдчихээд их гайхаж байлаа. Яахаараа хүч заавал эсэргүүцэлтэй тулгардаг юм гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байгаа юм л даа. Миний эсэргэцүүлж тавих гэсэн санаа бол хүчтэй нь хүчгүйдээ тусалъя, эргээд эсэргүүцэл бус харин хүндэтгэл бий болно гэдэг үзэл. “Өтгөсөө хүндэлж, нялхасаа хайрлах” гэдэг манай уламжлалт зан үйлээс энэ харагддаг. Ахмадуудаас бид их зүйл авсан байж таараа, үүнийхээ хариуд бид хүндлэх хэрэгтэй. Харин би нялхас балчируудтай харьцуулахад залуу хүчтэй байгаа учраас энэ хүчээ тэднийг дарангуйлж дээрэлхэхэд бус энэрч хайрлахад зориулна. Намайг нас өндөр болоход хайрын хариуд хүндэтгэл ирнэ гэсэн санаа. Энэ тухай “Хүндэтгэл ба эсэргүүцэлгүй хүч” нэртэй докторын ажил бичсэн. Энэ нь өрнөдийн улс төрийн философи, хүчний онолд байдаггүй сөрөг санаа.Үүний цаана л тодорхой хэмжээгээр сэтгэл гэдэг зүйл байдаг болов уу гэж ойлгож байна.
Магадгүй эндээс өрнө, дорнын соёл, сэтгэлзүйн ялгаа гарч ирж байх шиг?
Таны асуултанд хариулахаасаа өмнө нэг тайлбар хийчихье. Энэ бол миний тайлбар биш, харин антропологийн судалгааны үндсэн дээр батлагдсан зүйл. Бидэнд нэг дутагдалтай, ухвар мөчид сэтгэлгээ байдаг. Тэр нь өрнийхөн, дорныхон гэж ангилах гээд байдаг явдал. Өрнийхөн гэдэг дотор хэдэн сая хүн, хэчнээн олон үндэстэн, угсаатан, төчнөөн олон соёл байгаа. Дорныхон гэдэг дотор ч мөн тийм. Араб, энэтхэг, хятад, бас бус хэдэн арван үндэстэн мөн бид өөрсдөө орно. Гэтэл арабын соёл, монголын соёл тэс ондоо шүү дээ. Тэр битгий хэл манай хаяанд байгаа хөрш хятадын соёл хүртэл манайхаас огт өөр. Тэгэхээр ерөнхийлөн нэгтгэж, нарийн ялгааг нь харалгүйгээр үндэстэн угсаатан, дэлхийг ингэж хуваах нь буруу. Эдвард Саид “Ориентализм” буюу “Дорныхон” номондоо энэ талаар нарийн бичсэн байдаг. Үүний эсрэг “Оксидентализм” гэдэг ном ч бий. Иймэрхүү онолынмаргаан нэлээдгүй байдаг.
Саяын тохиолдолд магадгүй маш ерөнхий ялгаа байж болох талтай.
Тэгвэл монгол соёлын үнэт зүйл, амин сүнс нь юу вэ? Давуу сул тал нь юу юм бол? Түүгээрээ монголчууд дэлхийн дэвжээнд ялгарч чадах уу?
Давуу тал, сул тал гэдэг ойлголт их харьцангуй. Тухайн орон зай, цаг хугацаанаас шалтгаалаад өөр өөр байдаг. Мөнхийн сул тал, мөнхийн давуу тал гэж байдаггүй. Нэг тохиолдолд магадгүй сул тал байгаа зүйл, хэзээ нэгэн цагт өөр тохиолдолд давуу тал болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл аливаа соёл өөрийнхөө оршин буй нутаг дэвсгэр, байгаль цаг уур, газар орон, хөрш зэргэлдээ улс орнууд, тэр соёлд нөлөөлж болох бүх л хүчин зүйлүүдийн үндсэн дээр төгөлдөрждөг. Жишээ нь соёл хоорондын ялгаа гэж байна. Өмнө зүгийнхэн хорхой шавьж мэтийн жижиг амьтан иддэг бол хойд зүгийн азийнхан голдуу том амьтан иддэг байх жишээтэй. Бид урд зүгт очоод хорхой шавьж иддэг ямар заваан юм бэ гэж бодно. Гэтэл тэд биднийг эд ямар аймаар юм, том амьтныг бариад идчихлээ гэж хэлнэ. Аль нь ч тийм муу муухай зүйл биш. Харин аль аль нь тухайн орчин нөхцөл, байгаль цаг уур, өөр юу байдаг юм бүх л зүйлдээ тогтож, төлөвшиж, бий болсон нэг ёсны давуу тал нь юм. Орон зайдаа өөрийнхөө мөн чанарыг зохицуулж, хөгжүүлж, тэр нь өөрийн соёлын өвөрмөц онцлог болдог. Монголчууд урд очвол хонины мах иддэг нь сул тал болж хувирна. Халуун газарт өмхийрч болохгүй. Урд зүгийнхнийг энд авчирвал өвс ногоо, хорхой шавьж мэтийн илчлэг багатай хүнс иддэг нь сул тал болж хувирна гэх мэт.
Үндсэн асуултандаа эргэж оръё. Монголчууд нүүдэлчин соёлтой. Энэ соёлын амин сүнс нь аливааддасан зохицох, хувирах чадвар сайтай буюу survival. Янз бүрийн нөхцөл байдалд хурдан дасан зохицож, даван туулж, хувирч, өөрчлөгдөж, хурдан сэхэж, аливаа асуудлаас амьд үлдэх чадвар машөндөртэй. Тэгвэл монголчуудын давуу болонсул талыг өнөөдрийн өнцгөөс харъя. Өнөөдөр даяаршлын эрин үе. Үндсэндээ гадны соёлын элементүүд Монголд хурдан орж ирэх хандлага шүү дээ. Энэ дунд бидний соёлын амин сүнс буюу survival чанар давуу эсвэл сул аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна. Нэг талаас үзвэл дасан зохицох чадвар нь өөрийн соёлоо үгүй хийж, харь соёлд уусах аюултай. Гэтэл нөгөө талаас даяаршлын эринд дэлхий нийтийн соёлтой хөл нийлүүлэн алхаж, дэлхийн шинжлэх ухаан гэх мэт зүйлстэй зөв тоглож хэн нь амархан хөлөө олсон нь товойж гарч ирнэ. Энэ талаас нь үзвэл монгол соёлын шинж чанар давуу тал ихтэй болж таарах нь. Ийм л байна.
Хэдийгээр судалж, нотлоогүй ч монголчуудын дунд түгээмэл ажиглагддаг нэг зүйл бол маш чадварлаг, хөдөлмөрч хичээнгүй ард түмэн. Ялангуяа гадагш гарахаараа энэ чанар нь илүү тодорч харагддаг. Ажил хийсэн ч сайн ажиллана, сургуульд сурсан ч сайн сурагч болно. Их сургуульд ч хамгийн сайн оюутан нь байдаг.
Саваагүй асуулт асуумаар санагдчихлаа. Хүний үүсэл гарлын талаар өдгөө 21-р зуунд ч яг, таг хэлчих тодорхойлолт байхгүй л байгаа. Ний нуугүй хувийн бодлоо хэлье гэвэл хүн хаанаас үүссэн гэж та боддог вэ?
Физиологийн үүднээс хүний дээд өвөг нь хомосапиенс болж таараад байгаа юм. Гэтэл хүн бол зөвхөн физик амьтан биш. Яахав физиологийн үүднээс бичнээс үүссэн байж болох юм. Бич улиран хөгжсөөр хомосапиенс болж хувирсан хувьслын талаар Дарвинаас өгсүүлээд биологийн судлаачид, генетикчид, амьтан, хүн судлаачид тайлбарласан байдаг. Би биологийн хүн судлалын үүднээс бараг үнэн болов уу гэж боддог. Биологич биш учраас итгэхээс ч өөр аргагүй. Гэхдээ миний сонирхлыг татдаг өөр нэг судлагдахуун байдаг. Хомосапиенс үүсэхээс өмнө энэ ертөнцөд ухамсарт төрөлхтөн байсан юм шиг байгаа юм. Тэр Атлантидагийнхан л гэж байна, Лимурчууд гэж байна.Зарим нэг нь тэдний оршин байсан нь нотлогдлоо л гэдэг. Би археологич биш учраас эцсийн байдлаар хэлж мэдэхгүй байна. Тэгвэл энэ гараг дэлхий дээр хомосапиенс бий болохоос бүр өмнө буюу энэ ертөнц үүсэхээс өмнө гал, усан галавууд нь юүлж ухамсарт төрөлхтөн сүйрч үгүй болжээ. Тэгвэл тэнд нэг хэсэг бүлэг нөхдүүд байжээ дээ. Дараа нь өнөөгийн хүн үүсэх байгаль цаг уурын нөхцөл нь бүрдээд бид үүсчээ гэж үзвэл асуудал маш төвөгтэй болж хувирна. Бид бичнээс үүсчээ гэвэл өмнөх төрөлхтөн юунаас үүссэн байж болох уу? Ямар ч байсан энэ дэлхий дээр ухамсарт өөр төрөлхтөн оршдог нь тодорхой, хамгийн аюултай нь ганцхан хүн энэ дэлхий дээр оршиж байгаа биш. Яахав бидний мэдрэхүйд өртөгдөх хэмжээнд энэ цаг хугацаа, орон зайдаа ганцаараа байж болно. Миний одоо ярих гэж байгаа зүйлийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөггүй. Чи саваагүй асуулт тавьсан учир би саваагүй хариулт өгье.
Хүн зөвхөн физик амьтан биш гэж би дээр хэлсэн. Учир нь хүнийг сүнстэй гэж үзэх маш олон сэжүүр бий. Жишээ нь шашин бүр хүнийг сүнстэй гэж үздэг. Өнөөгийн шинжлэх ухаан өрнө дахин, европт анх бий болж, 18, 19, 20-р зуунд бага багаар хөгжсөөр ялангуяа сүүлийн нэг зуун жилд маш хүчтэй, хурдтай хөгжлөө. Түүнээс өмнө шинжлэх ухаан гэж байсангүй. Тэгвэл хүн ухаангүй байсан юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Үгүй ээ, хүн ухаантай байсан. Наук буюу шинжлэх ухаан биш өөр ухаан, өөр логиктой байж. Өнөөгийн шинжлэх ухаан материалист зүйл шүү дээ. Материалист шинжлэх ухаан, материалист логик, материалист учир зүйн хэлбэр. Энэ материалист шинжлэх ухаанаас өмнө хүн төрөлхтөн их өөр ухаантай байж. Тэр ухаан нь шашиндаа шингэж, хадгалагдаж ирж. Ялангуяа антропологид үүнийг тодорхой үздэг. Антропологид шашныг маш товчоор knowledge буюу мэдлэг гэж үздэг. Аливаа үндэстэн угсаатны шүтлэг, мөргөл, шашин суртахуун гэдэг бол ерөөсөө нэг төрлийн мэдлэг, мэдлэг бүтээгч гол зүйл гэж үздэг.Шинжлэх ухаан юу хийдэг юм? Мөн л мэдлэг бүтээдэг. Баталдаг, нотолдог. Гэтэл шашин дотор байдаг маш олон элементүүд шинжлэх ухааны хийдгийг хийж байжээ. Юу хийж байсан гэхээр амьдралынхаа туршлагаар хүмүүст янз бүрийн зүйлийг баталж, нотолж, түүнийгээ тайлбарлан мэдлэг бүтээж, дараа үеийхэндээ уламжлуулж ирсэн. Хүн үүсээд хэдэн сая жил болоход сүүлийн гурван зуун жилд л хүчээ авч хөгжсөн шинжлэх ухаан бидэнд одоогийн мэдлэгийн үүргийг гүйцэтгэж байна.Гэтэл энэ гурван зуунаас өмнөх хичнээн мянгаар тоологдох он жилүүдэд хүн тэнэг амьтан л байгаад байсан юм уу? Шинжлэх ухаангүй учраас.
Хувьслын онолоор шинжлэх ухаанаас өмнөх үед хүнийг гэнэн тэнэг амьтан байсан мэт үздэг нь их өрөөсгөл. Харамсалтай нь хүн одоогийн бидний бодож байгаа шиг гэнэн тэнэг амьтан байгаагүй.Тэд өөрийн гэсэн ухаантай, шинжлэх ухаантай, өөрсдийн гэсэн сэтгэлгээний хэлбэртэй байж. Тэдгээрийн ихэнх нь шашин дотроо байж. Тэгэхээр шашин гэдэг зөвхөн бурхны тухай үзэл, хэн нэгэн бурхныг магтан дуулсан магтаал биш юм. Маш их ухааныг өөртөө агуулсан нэг хэлбэрийн шинжлэх ухаан, туршлага. Тэр туршлагад суурилсан мэдлэгтэй. Ганцхан жишээ яръя. Миний танил, дэлхийн хэмжээний биологийн эрдэмтэн “Дэлхийн ямар ч том биологийн ухааны эрдэмтэн Монголын жирийн нэг малчин эмээгээс ерөөсөө илүү гарахгүй юм байна” гэж хэлсэн. Тэр эмээ зуу гаруй ургамлыг хараад таньдаг, хэзээ яаж ургаад унадагийг нь мэддэг, хэзээ түүж авахыг мэддэг, яаж боловсруулах, юунд хэрэгтэйг хэнээс ч илүү мэддэг. Дэлхийн ямар ч ботаникийн эрдэмтэнд ийм мэдлэг байдаггүй байна. Энэ мэдлэг нь шашинд нь хадгалагдаж ирсэн. Тэгэхээр шашин, шашнаас улбаатай сүнс, сүлдийн тухай асуудал хүний үүслийн тухайд их чухал.
Тэгвэл тэр сүнс нь хаанаас үүссэн байх уу?
Шинжлэх ухаан үүнийг тайлж, нотолж чадахгүй учраас айгаад тойроод гүйгээд байдаг. Хариу өгөх хүн олддоггүй. Тэгээд ч ер нь шинжлэх ухааны аль салбар нь сүнс байдгийг нотлох юм. Аль нь ч нотлохгүй, антропологи ч нотлохгүй. Нотолвол тэнэг харагдана. Тиймээс хүн төрөлхтөн тэр аяараа шинжлэх ухааны логикоор сэтгэлгээ нь ажиллавал үүнийг хэзээ ч нотолж чадахгүй. Харин эмээгийн логикоор бол өөр хэрэг. Нэгэнт хүн бүрийн логик шинжлэх ухаанчаар ажиллаж байхад би ч бас тэнэг харагдахгүйн тулд тэр логикоор сэтгэж байна. Харин шинжлэх ухаан сэтгэлгээнийхээ арга маягийг өөрчилсөн тэр цагт буюу материализмаасаа татгалзаж байж л сүнс байгаа эсэхийг нотлох боломжтой болно. Яагаад гэвэл шинжлэх ухааны нотолгооны арга, хэрэгслүүд нь материалист. Би хэтрүүлж ярьж байж болох ч материалист талдаа хэт хазайсан ертөнц шүү дээ. Энэ утгаараа шинжлэх ухаан бол тахир дутуу амьтан байхгүй юу. Тахир дутуу учраас зарим зүйлийг тайлбарлаж чадахгүй зугтаад байдаг. Тэр дунд нь хүмүүс итгэж чадахгүй, байж чадахгүй үрэгдээд байдаг. Гурван зуун жил хөгжсөн шинжлэх ухаанд итгэх үү, эсвэл хүн төрөлхтний өвөг дээдсийн хэдэн сая жилийн турш итгэж ирсэн хүн сүнстэй гэх үзэлд итгэх үү гэсэн сонголт бидэнд тулгараад байна. Би шинжлэх ухаанд зүтгэж байгаа учраас харамсалтай нь шинжлэх ухаандаа итгэхгүй бол болохгүй.
Та антропологич, шинжлэх ухаанч гэсэн багаа хуулж хаячихаад яривал зүгээрсэн. Би тийм л зүйл хүсэж таньтай ярилцахаар наашаа зорьсон...
Хуулж хаячихаад ярьвал би хувь хүн талаасаа ярих болно. Хоёр өнцгөөс ярих хэрэгтэй гэсэн үг. Нэгэнт би усы нь ууж байгаа учраас шинжлэх ухаанаа...
Шинжлэх ухаан чинь хэтэрхий бөөрөнхий юм ...
Тэр үнэн. Би шинжлэх ухаанаар яваад юуг ойлгосон бэ гэхээр энэ шинжлэх ухаан золиг өөрөө асуудалтай юм байна гэдгийг ойлгосон /инээв/. Би амьдралынхаа туршид шинжлэх ухаанаар л явсан хүн. Хоёр удаа магистр, хоёр удаа доктор хамгааллаа. Эцэст нь шинжлэх ухаан өөрөө асуудалтай гэдгийг ойлгосон. За шинжлэх ухаанаа болиод өвөө, эмээ нартаа итгэе. Тэгвэл нөгөө талд миний хамгийн ихээр айж явдаг асуулт гарч ирнэ. Хэрэв хүн сүнстэй юм бол шинжлэх ухаан балрав аа. Нэг бодлын бид маш олон зүйлд харамсах шаардлага гарна.
Яагаад?
Хүн төрөлхтөн өдий олон жил хүн сүнсгүй гэж бодож амьдарсан. Сүнсгүй гэж бодоод бид зөндөө юм хийчихсэн. Хүн битгий хэл амьтан, ургамлыг ч сүнсгүй гээд зөндөө гай балагтай юм хийчихсэн. Нүгэл маш их үйлдсэн байж таарна. Ингээд бодохоор шинжлэх ухаан гарч ирснээр хүн төрөлхтний уг ухаануудыг ихээр устгасан байгаа биз. Улаан тарианд итгээд, өөрсдийн итгэдэг байсан уламжлалт ухаанаа хөсөр хаяж, нэг ёсондоо баахан толгойгүй хүн гарч ирсэн. Физик утгаар нь харвал бүгд толгойгүй мөрнүүд, тэрнээс дээш хоосон. Тэгээд шинэ толгой ургасан нь одоогийн бидний шинжлэх ухаанч толгой. Шинжлэх ухаан их нүгэл үйлджээ.
Хүн сүнстэй гэдэг нь үнэн бол сүнс нь хаанаас үүссэн бэ? Хамгийн хэцүү асуулт. Би энэ асуултанд хариулах эсэхээ, хариулж чадах эсэхээ ч мэддэггүй. Гэхдээ нэгэнт асуусных хариулах гэж оролдъё. Гэхдээ энэ бол мэдээж шинжлэх ухаанч хариулт гэхээсээ илүү миний логик, фантааз сэтгэлгээнийх. Хэрэв Атлантидагийнхан, Лимурчууд байж байгаад устсан бол сүнс нь хаачсан бэ? Хүн сүнстэй юм бол яагаад Лимурчууд, Атлантидагийнхан сүнстэй байж болохгүй гэж. Яагаад болохгүй гэж?
Тэгвэл тэдний сүнс бид юм болов уу?
Тэгвэл тэд нарын сүнс хаанаас үүссэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Шинжлэх ухаан хөөрхий үүнд хариулт өгч чадахгүй. Хариулт өгч чадах нь шашны ухаан. Та бид хоёр шиг саваагүй улсууд энэ талаар их ч ярьж байгаа.
Бидний сүнс өмнө байсан төрөлхтнүүдээс үүдэлтэй байж болох юм байна. Маш олон шашин иймэрхүү зүйл хэлж байгаа. Загалмайтны шашинд эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурван сүнс хүний биш сүнс гэж үздэг. Тэгвэл бөөгийн шашинд мөнх тэнгэрийн үүсгэл өөрөө үүссэн гэсэн үг гардаг. Библид ертөнцийн эзэн өөрөө үүссэн, хүний биш сүнс гэдэгтэй ав адилхан зүйл. Өөрөөр хэлбэл, хүний биш сүнс зөвхөн Монголд биш дэлхийн өөр үндэстэн угсаатан дунд ч байдаг ойлголт. Тэд хаанаас үүссэнийг бид мэдэхгүй ч тэр сүнснүүдээс бидний сүнс тасарч үүссэн байх магадлал физик утгаараа харагддаг.
Заримдаа ч Библийн фантаазууд зүгээр санагддаг шүү. Яагаад могой элгээрээ мөлхдөг юм, жилд 365 хоног, сар, долоо хоног, амралтын өдөр гэж яагаад байдаг юм. Энийг ер нь хэн зохиосон юм гээд л бодохоор итгэхгүй байхын аргагүй зүйлс олон л байх юм..
Энэ ертөнц дээр байгаа бүх юмс голдуу хүний өөрийн зохиол. Бид энэ ертөнцийг зохиосон,бүтээсэн. Он, цаг тооллыг ч бид өөрсдөө зохиосон. Ер нь хүн төрөлхтний ахуй амьдрал нэг ёсны зохиол шүү дээ. Зүг чиг ч ялгаагүй. Жишээ нь өнөөдөр бид Богд Хан уулынхаа зүгийг урд зүг гэж үздэг. Гэтэл эртний монголчууд наран ургах зүгийг урд зүг гэдэг байж. Тийм учраас баруун монголчууд гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг уламжлалтай.
Хүн төрөлхтөн тэгвэл өөрсдийнхөө зохиосон үлгэр дунд төөрч дуусч байгаа юм байна даа..
Яг үнэн. Антропологи юу судалдаг вэ гэхээр хүний зохиосон үлгэрийг судалдаг. Байгалийн хууль, хүний мөн чанар гээд ойлгочихсон үлгэрийг судална. Миний ярих дуртай нэг жишээг татъя л даа. Хүн төрөлхтөн эмэгтэй хүнийг нийгмийн хоёр дахь хүйстэн гэдэг үлгэр зохиогоод түүнийгээ байгалийн жам мэт бат нот итгээд дуусч байна, үндсэндээ. Яахав, цаана нь янз бүрийн сүнслэг утга учир байж болох ч хоёрдогч хүйс гэж дорд үздэг утга ер байгаагүй. Эр, эм хүйс тодорхой хэмжээгээр ондоо. Ондоо боловч нэгдэгч, хоёрдогч гэсэн ялгаа ер байдаггүй байж. Харин хэрхэн эмэгтэй хүн нийгмийн хоёрдогч хүйс болсоныг судлаачид судалж үзээд физик хүчтэй нь холбоотой болохыг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн ан гөрөө хийж хоол хүнсээ олж иддэг байсан тэр эрт үед арай физик хүч ихтэй эрчүүд нь гэр бүлд давамгайлах нөлөөтэй байснаас эр хүн нэгдэгч хүйс гэгддэг байж. Харин өнөөдөр бол физик хүч амьдралд бараг хамаагүй болсон үед бид амьдарч байна. Хүй нэгдлийн үеийн хууль өнөөдөр бидэнд үйлчилж, бид түүнийг байгалийн жам гэж бодоод явж байгаа нь харамсалтай.
Үүнээс зөрчил их үүсдэг?
Үүсэлгүй яахав. Хэрвээ энэ хууль үнэн юм бол бие багатай Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөө арай бие томтой Д.Дагвадорж аваргаар солъё л доо. Эсвэл энэ хуулинд итгэхээ болъё.
Нийгэм соёлын антропологи хүн төрөлхтний бий болгосон иймэрхүү алдаатай сэтгэлгээнүүдэд хариулт өгч, зөв тайлбар хийсэн маш олон жишээ байдаг. Үүгээрээ антропологийн шинжлэх ухаан гайхамшигтай.
21-р зууныг бумбын эрин, оюун ухааны зуун гэж тодорхойлдог. Нэг талаас нь харвал бясалгал, эрүүл хоололт, энерги гэх мэт сүнслэг зүйлс ихээхэн дэлгэрч, хүн бүр чадлын хэрээр энэ тал дээр анхаардаг болсон байна. Энэ жинхэнэ бодит үр дүн мөн болов уу? Ер нь 21-р зуунаас бид юу хүлээх ёстой вэ?
Би сонсоноо л ярья. Хүмүүс нэг нэгнийгээ алж булж, зах замбараагаа алдаж байгаа энэ үеийг шашинд цөвүүн цаг гэж нэрлэжээ. Тэр үе дуусч, хүн илүү хүмүүнлэг энэрэнгүй, гэгээнлэг, оюунлаг болж хувирч байх шиг байна. Бүр нарийн ярьвал, миний ойлголтоор бол шинжлэх ухаанд төгсгөл ирж байх шиг. Шинжлэх ухаанч, материалист сэтгэлгээ л хүн төрөлхтнийг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Хүнийг сүнсгүй гэчихэнгүүт нэг амьдрах амьдралд яасан ч яадаг юм гэсэн үзлээр хандаж эхэлсэн. Тэгээд л нүд улаан, мөнгө цагаан гэгч нь болдог. Бумбын эрин гэдэг хүн төрөлхтний эртний сэтгэлгээ сэргэхийг хэлж байгаа юм болов уу.
Хүн төрөлхтний оюун ухаан, мэдрэмж улам нялхраад байх шиг анзаарагддаг. Фантааз ихтэй, хий хоосон зүйлд эсвэл домгийн чанартай юм бүхэнд хүмүүс татагдаж байгааг үүнтэй холбож ойлгож болох нь ээ?
Та оноод хэлчихлээ. Бумбын эрин, шинэ эрин, зарим нь алтан эрин ч гэх юм. Бурхны шашнаар бол Бурхан багшийн ирээдүйд тодорч буй дүр Майдарын эрин. Шинжлэх ухаанч нүдээр бол хүн нөгөө тэнэг юмандаа итгэж эхэллээ гэх байх. Шашныхан харин одоо л зөв замаараа явж байна, итгэх ёстой байсан юмандаа итгэлээ гэж хэлэх байх. Зургаа дахь мэдрэхүй өндөртэй хүмүүс олширч байна. Маш энгийнээр зургаа дахь мэдрэхүй гэдэг нь сүнсний оршихуйг илүү мэдрэх чадварыг хэлээд байгаа хэрэг. Бөө олноор төрж байна. Тэгэх тусам болохоо байгаад байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл сүнсэн дотормөн олон төрлийн сүнс бий. Албин, ад зэтгэр гэх мэт муу зүгийн олон юм байна. Зургаа дахь мэдрэхүйтэй хүн бугийг нь ч, бурхныг нь ч мэдэрнэ. Бугийг нь хэт их мэдэрсэн нь сөрөг үйлтэй илүү холбогдож, бурхныг нь мэдэрсэн хүн ёс суртахуунтай зүйлийг илүү их хийх жишээтэй.
Бид ер нь бөөд яаж хандах ёстой вэ?
Бид бөөтэй яаж харьцах ёстой вэ гэдгээс илүү бидэнтэй бөө яаж харьцах ёстой вэ гэдгийг чухалчлах нь зүйтэй. Яагаад гэвэл энгийн хүмүүсээс бөөд хандсан гэхээсээ илүү бөө нар энгийн хүмүүст хандсан зохисгүй харилцаа зонхилж байна. Өөрөөр хэлбэл есөн шидийн зүйл нэхдэг, архи ууж агсам тавьдаг, гаж буруу үйлдэл хийдэг, хүнээс гарахааргүй зан ааш гаргадаг, ихэрхдэг, эд мөнгөнд шунадаг гээд олон зүйл бий л дээ. Нэгэнт нөхцөл байдал ийм төвөгтэй болсон үед бид юу юугүй бөө нартай харьцахаа урьтал болгоод байх шаардлагагүй болов уу.
Бөөгийн энэ их урсгал хэзээ цэгцрэх бол?
Энэ тухай бөө нарын дотор ч мэр сэр яригддаг. “Бар жилийн барьцалдаан, туулай жилийн тунаан, луу жилийн мушгиан” гэж нэг хэлц бий. Сүүлийн гурван жилийг хэлж байгаа хэрэг. Луу бол тэнгэрийн жил. Өвөрмонголын Ордост жил бүр Чингис хааны онгоныг тахидаг. Хамгийн том тахилга нь 12 жилд нэг удаа буюу луу жилд тохиодог. Тэнгэрийн тахилгын жил их том, онцгой үйл явдал болдог, эрин зууны эхлэл, төгсгөл зааг чухал жил байдаг гэж үздэг. Гэхдээ бүх луу жил биш л дээ. Ялангуяа 2012 оны луу онцгой жил гэж үзэж байгаа. 2012 онд дэлхий сөнөнө гэсэн яриа гарч тэр нь луу жилд тохиож байгаа нь ч санамсаргүй хэрэг биш. Бар жилийн барьцалдаан гэдэг нь бар жилд хэн нь хэнийгээ мэдэхгүй барьцалдана гэсэн үг. Туулай жилийн тунаан гэдэг нь тунаж үлдээд болохгүй байгаагаа шигшинэ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ олон бөө нарыг шигшиж, тунгааж явж байгаад луу жилийн сүүлд мушгиж, үлдэхийг нь үлдээж, үлдэх ёсгүйг нь цэвэрлэх жил гэсэн үг. Гэхдээ энэ бол туйлын үнэн гэж байгаа юм биш, бөө онгод тэнгэрүүд ингэж ярьж, тайлбарлаж байгааг би хэлж байгаа хэрэг. Тэгэхээр луу жилээс хойш арай түвшин болно. Болохгүй юм хийдэг нөхдийн тоо эрс цөөрөх учиртай. Юу болохыг харцгааж л байя.
Нээрээ дэлхийн төгсгөлийн тухай сүүлийн жилүүдэд ярьсаар ирлээ. Маяагийн он цаг дуусаж байгаа, 2012 оны 12-р сард 9 гариг давхацаж, ертөнцөд түнэр харанхуй ноёлж, манай гариг энергийн дутагдалд орно гэх мэтээр олон зүйл яригдаж байна. Энэ бүхэнд бид итгэх ёстой юу? Та байр сууриа илэрхийлээч?
Итгэ, эсвэл битгий итгэ гэж би хэлж чадахгүй. Ямартай ч 2012 он луу жилд тохиож байгаа нь лав санамсаргүй хэрэг биш. Магадгүй энэ ертөнц түвшин болохын эхлэл ч юм билүү. Тодорхой хэмжээний хүний гарз гарна гэж яриад байгаа.
Нэг ёсны цэвэрлэгээ явагдана гэж үү?
Тэгж л яриад байгаа юм. Үер усны аюулаас өгсүүлээд цунами их болж байна. Үүнийг тодорхой хэмжээний цэвэрлэгээ гэж ярьдаг. Монголд ч гэсэн энэ цэвэрлэгээ тодорхой хэмжээгээр хийгдэх юм шиг ойлгогддог. Физик утгаараа галав юүлээд энэ ертөнц үгүй болно гэхээс илүү энэ ертөнцөд үзэл бодлын, сэтгэлгээний эргэлтийн шинэ үе эхлэх юм болов уу.
Хоёулаа баахан антропологи, шинжлэх ухаан ярилаа. Ярианыхаа сэдвийг өөрчилье. Тантай илүү ойр дотно танилцмаар байна. Таны тухай бид С.Дулам докторын хүү, МУИС, Кэмбрижийн их сургууль дүүргэсэн манай урдаа барих антрополгичдын нэг гэхээс илүүг бид мэдэхгүй. Бага нас, өөрийнхөө тухай яриач?
Лав багадаа авьяас билэг, ухаан төгөлдөр хүүхэд байгаагүй. Одоо ч тийм биш. Ер нь жаахан бүтэл муутай талдаа, сурлагаар ярьвал муу, овсгоо самбаагаар ярьвал сул дорой, сэтгэл зүйн зан байдлаар ярьвал гутранги үзэлтэй байлаа. Өнөөдөртэй харьцуулахад бараг зуун хувийн өөрчлөлт гарсан. Би одоо бол өөдрөг үзэлтэй болсон. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэвэл хүүхдийг, залуу хүнийг хэзээ ч битгий дорд үз гэж хэлэх гэсэн санаа. Амьдралын энэ туршлага маань надад багш хүний хувьд оюутан, залуусыг хэзээ ч битгий басамжил гэсэн зан суртахууныг төлөвшүүлж өгсөн.
Тэгтлээ өөрчлөгдөхөд нөлөөлсөн зүйл нь юу юм бол?
Олон хүчин зүйл бий байх л даа. Юун түрүүн өссөн орчин нөлөөлсөн. Эгч маань гутранги үзэлтэй намайг өөдрөг болоход олон алхам түлхэж өгсөн. Шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаад аавын нөлөө багагүй бий. Эцэст нь хөдөлмөрч чанар хамгийн ихээр нөлөөлсөн байх. Маш олон цаг сууж, уншиж, судалж, бичиг цаастай зууралдсаар өнөөдрийн Бум-Очирыг бий болгосон гэх үү дээ.
Та ингэхэд хэдэн настай юм бэ?
35 настай.
Залуу эрдэмтэн байна шүү. Цаг хугацааг сайн ашиглаж.
Саяхныг хүртэл өөрийгөө залуу гэж боддог байлаа. Яг өнөөдөр хийж бүтээх ид үедээ явж байна. Цаг хугацааг сайн ашигласан гэдгийг тухайд аавын гавьяа. Аавын надад өгсөн нэг том зүйл бол цаг хугацаа хожиход тусалсан. Мэдээ орсон цагаасаа аавын дэргэд байсан. Жаахан том болоод бичгийн машин дээр ойр зуурын юм шивж эхэлсэн. Хожим нь аавыг дагаж судалгаанд явж, суралцсан мэдлэг маань намайг төөрөхгүй, будилахгүй, цаг хугацааг алдахгүйгээр энэ мэргэжилд хөтөлж оруулсан байдаг. Ялангуяа Кэмбрижид доктор хамгаалсныхаа дараа энэ тухай бодож, аавдаа ихэд талархах сэтгэл төрсөн шүү.
Хэдэн настайдаа доктор хамгаалсан хэрэг вэ?
29 настай байсан. Тэр миний хоёр дахь докторын ажил байсан юм. Өмнө нь Монголд доктор хамгаалахад хүмүүс аав нь загнаад ч юм уу, худалдаад ч юм уу докторын зэрэг аваад өгчихсөн гэх ухааны юм ярьж, тэр нь намайг их эмзэглүүлж билээ. Тэр үед надад харамсалтай санагдсан. Доктор хамгаалсан биш аавынхаа бас өөрийнхөө нэрийг ч унагаад, Монголын шинжлэх ухааны нэрийг ч баллачихлаа гэсэн шаралхуу харамсал төрсөн. Дараахан нь Кэмбрижийн магистрт суралцах боломж олдож, үргэлжлүүлэн докторын зэрэг горилсон. Доктороо ч хамгаалсан. Хэн нэгний аав Кэмбрижийн докторын зэрэг аваад өгчихгүй. Тэрнээс хойш хүмүүсийн тэр сэтгэлгээ дарагдаж өнгөрсөнд би бас баяртай байдаг. Гэхдээ Кэмбриж төгсөөд хүний бүх карьер дуусахгүй, харин эхэлж байгаа хэрэг.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн болох нь бүх эрдэмтэн, судлаачдын мөрөөдөл. Хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэгийг бүтээнэ гэдэг гайхамшигтай амжилт. Миний хувьд Монголдоо ирээд 6 жил ажиллачихлаа. Ямартай ч энэ шинжлэх ухааныг Монголд учиргүй хөгжүүлэхчихээгүй ч тодорхой хэмжээгээр гар бие оролцсон. Анх ирэхдээ 5 жил ажиллаад хувийн карьераа хөөж, эрдмийн ажлаа үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байлаа. Нэг жил хэтэрчихлээ. Олон улсын шинжлэх ухааны түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтээл дээр сууж амжаагүй л байна. Докторын диссертацийн ажлаа ном болгож хэвлүүлэх боломж байгаа ч нэг ч үсэг нэмж тавиагүй сууна. Докторын ангийнхаа төгсч чадаагүй хүмүүстэй харьцуулахад мундаг амжилттай яваа ч дэлхийн антропологийн түвшинд хурдтай урагшилж буй залуучуудтай харьцуулахад чамлах зүйл их байна.
29 настай Кэмбрижийн доктор гэхээр сүрлэг сонсогдож байна. Энэ амжилт, алдар нэр цэл залуухан Бум-Очирт юу авчирсан бол?
Өөртөө итгэх итгэл авчирсан. Нөгөө гутранги үзэлтэй, өөрийгөө ихээхэн голдог байсан хүн тэр цагаас хойш би сул дорой, тэнэг амьтан биш юм байна, хийж чадах юмаа бол чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Яагаад гэвэл ангийнхаа 19 хүүхдээс хамгийн түрүүнд докторын ажлаа хийж дуусгаад, хамгийн түрүүнд хамгаалж, эхний хамгаалалтаараа гарч ирж, ямар ч засваргүй тэнцсэн нь надад тэр их итгэл үнэмшил, эр зоригийг авчирсан хэрэг. Тэр үед надтай хамт сурч байсан 19 оюутны ихэнх нь төрөлх хэлээрээ ярьдаг, цагаан арьстнууд байсан. Гэтэл тэдэн дундаас төгсч чадаагүй нь ч бас бий.
Та өөрийгөө их голдог хүн бололтой. Нөгөө их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэг нь л та бололтой.
Даруу дөлгөөн гэхээс илүүтэй өөрийгөө их голдог хүн.
Магадгүй энэ нь таны амжилтын үндэс юм байна?
Магадгүй. Би өөрийгөө голж байсан учраас маш олон цаг хөдөлмөрлөж байсан. Хүн хоёр цаг ажилладаг байхад би дөрвөн цаг. Яагаад гэвэл би муу юм чинь, дээр нь миний англи хэл муу. Тэгж олон цаг өөрийгөө шахаж ажилласан маань мэдлэг болж, хүч болж хувирсан. Дээр нь нэг зүйл байсан. Эгч, дүү, найз нөхөд гээд ойр дотныхон маань мундаг чадвартай хүмүүс байдаг. Тэдэнтэйгээ харьцуулахад би орос ардын үлгэрт гардаг, Иван дурачик л байхгүй юу. Пийшин Иван нь Кэмбрижид доктор хамгаалж чадаж байхад тэдэнд маань хэрэв боломж олдсон бол ёстой баллах байжээ гэж бодож байлаа. Ингээд бодоход монгол хүн гэдэг ямар айхтар чадалтай вэ. Идэж, уух, өмсч зүүхдээ бага анхаараад бодож сэтгэдэгээ жаахан цэгцлээд, оюундаа хөрөнгө оруулалт хийж шамдвал зөвхөн монгол ч гэлтгүй хүн гэдэг амьтандмаш их хүч байдгийг ойлгосон.
Эгч дүү гэснээс тэд тань хаана ямар ажил эрхэлж байна вэ?
Эгч маань хятад хэлний мэргэжилтэн. Багаасаа хэлний авьяас нь тодорсон. Зургаа, долоон гадаад хэлийг өндөр түвшинд сурсан. Хамгийн сайн мэддэг хэл нь мэдээж монгол байх. Солонгосоор ярихад нь солонгос хүн, хятадаар ярихад нь хятад хүн гэж андуурдаг юм гэнэ лээ. Одоо Монголын нэг томоохон компанид ажиллаж байна.
Аав маань хүүхдүүдээ их бодлоготой боловсрол эзэмшүүлсэн байдаг. Өөрөө олон хэлтэй ч хамгийн их сурахыг хүссэн хэл нь хятад байж. Учир нь Монголын түүхэн эх сурвалжуудын ихэнх нь хятад хэлээр байдаг. Тиймээс том охиноо хятад хэлээр мэргэшүүлсэн. Намайг яахав Иван “дурачик” болохоор өөртэйгөө ойр өсгөсөн. Өөрийнхөө мэргэжлийг өвлүүлсэн. Эгч, дүү хоёр маань сурлага сайтай хүүхдүүд байсан. Дүү маань багаасаа бурхны шашин сонирхдог, сүсэг бишрэлтэй хүүхэд байлаа. Дээр нь философи их уншина. Гэвч эдийн засаг, бизнест хөтөлсөн нь ерээд оны хүнд хэцүү үетэй холбоотой. Бүгдээрээ эрдмийн мөр хөөчихөөр биднийг хэн тэжээх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Аав ээж хоёр хоёулаа багш. Манайх учиргүй ядуу биш ч элбэг хангалуун айл байсангүй. Тиймээс бүх хүүхдээ “ядуу” сэхээтэн болгочихгүйн тулд дүүг маань эдийн засгийн сургуульд оруулсан байдаг. Ёстой буруу харж уйлж, зөв харж инээж байгаад зөвшөөрсөн дөө. Манай гэрээс мөнгө олж, бусдыгаа авч явах зорилгоор шахуу МУИС-ийн эдийн засгийн ангид оруулсан. Одоо ч үүргээ сайн биелүүлж байгаа. Хувийн компанитай. Оюутан байхдаа 2 найзтайгаа нийлж “Маркетинг Консалтинг Групп” гэдэг компани байгуулж, зах зээл, бараа бүтээгдэхүүний борлуулалтын судалгаа хийдэг манай анхны шахуу компани болсон. Отгон дүү маань дунд сургуульд сурч байна.
Гэр бүлээ танилцуулаач?
Эхнэр, нэг хүүтэй. Гэргий маань СУИС төгссөн жүжигчин мэргэжилтэй хүн. Одоогоор нэг телевизэд ажиллаж байгаа. Өөрөө дуртай байгаа эсэхийг нь мэдэхгүй учир хүний талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Хүү маань бага.
Эрдэм ном гэсээр гэр бүлийн амьдралд хожуу хөл тавьсан уу?
Хүүхэд бага болохоос гэргий авах тал дээр тэгтлээ хожигдоогүй ээ. Хүн эхлээд амьдралаа хөл дээр нь босгочихоод дараа нь өөр хэн нэгнийг энэ хорвоод урьж авчрах ёстой гэж би боддог. Энэ бол гэхдээ зөвхөн миний хувийн бодол юм шүү. Магадгүй ерээд оны хоолтой, хоолгүй хүнд үеийг амсаж туулсан залуус өөрийн эрхгүй ийм бодолтой болсон байх. Тийм учраас л гуч нэлээн гарсан хойноо хүүгээ өлгийдөж авсан даа.
Би өөр бодолтой байна. Хүнд хэцүү үеийг амсаж туулсандаа биш харин тань шиг оюунлаг хүмүүс л энэ талаар их нухацтай боддог байх. Манайхны ихэнх нь эрт гэрлэдэг шүү дээ.
Гэрлэлт эрт байж болно л доо. Гол нь хүүхдийн ирээдүйг бодох хэрэгтэй. Манай нийгэмд гэр бүл салалт хүүхдэд хамгийн хүндээр тусдаг учраас нухацтай бодохоос өөр ар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ