С.Эрдэнэ: С.Баярцогтыг түдгэлзүүлсэн
Ардчилсан намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-ний өдөр 10.00-22.00 цагийн хооронд болж өндөрлөсөн. Дотоод сонгуулийн дүнгийн талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ. Ардчилсан намын дотоод сонгуульд 152 800 гишүүн санал өгөх эрхтэй байсан бөгөөд дотоод сонгуулийн ирц 78 хувь байжээ.
Үүнээс Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан байна. Тодруулбал, Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна. Харин аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Үүнээс 76 суудалд эмэгтэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа юм байна.
Мөн дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь Ардчилсан намын дотоод зохион байгуулалттай холбоотой учраас цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэдгийг намын удирдлагууд онцолсон юм.
Тайлбар: Аймаг, нийслэлийн даргад өрсөлдөн сонгогдсон хүмүүсийн нэрс /урьдчилсан байдлаар/
№ |
Аймаг, нийслэл |
Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/ |
1 |
Нийслэлийн АН-ын даргад |
Д.Баттулга |
2 |
Архангай |
М.Батжаргал |
3 |
Баян-Өлгий |
Е.Зангар |
4 |
Баянхонгор |
Д.Ширмэн |
5 |
Булган |
Б.Ариун-Эрдэнэ |
6 |
Говь-Алтай |
Ц.Нанзаддорж |
7 |
Говьсүмбэр |
Д.Сүрэнжав |
8 |
Дорноговь |
Б.Батбаяр |
9 |
Дорнод |
П.Алтангэрэл |
10 |
Дундговь |
Ц.Мөнхбат |
11 |
Өвөрхангай |
Хяналтын тооллого дуусаагүй |
12 |
Өмнөговь |
Р.Сэддорж |
13 |
Сэлэнгэ |
Хяналтын тооллого дуусаагүй |
14 |
Төв |
Ц.Мэндсайхан |
15 |
Ховд |
Ч.Чинбат |
16 |
Хөвсгөл |
Ш.Идэрбаясгалан |
17 |
Хэнтий |
Ш.Батдэлгэр |
18 |
Дархан-Уул |
Г.Гантулга |
19 |
Орхон |
Д.Алтанхуяг |
20 |
Увс |
Ч.Чимид |
21 |
Багахангай дүүрэг |
Ц.Алтанцэцэг |
22 |
Хан-Уул дүүрэг |
Хяналтын тооллого явагдаж байна |
23 |
Чингэлтэй дүүрэг |
Г.Баярсайхан |
24 |
Сонгинохайрхан дүүрэг |
М.Чинболд |
25 |
Налайх дүүрэг |
М.Дашхүү |
26 |
Багануур дүүрэг |
Ч.Очирхүү |
Ийнхүү мэдээлэл хийсний дараа АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 хүн нэр дэвшсэн. Үүнээс хэдэн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан юм бэ?
-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 511 хүнээс сонгуулийн явцад нийт дөрвөн нэр дэвшигчийг дотоод сонгуулийн өмнө нэрсийн жагсаалтаас хассан. Дорнод аймгаас хасагдсан хоёр нэр дэвшигч нь АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тодорхой хугацаатай шийтгэл оногдуулсан байсан бөгөөд тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учраас хассан. Дархан-Уул аймгаас мөн шийтгэл нь дуусаагүй гэсэн шалтгаанаар нэг нэр дэвшигчийг хассан. Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн учраас тус тус нэрсийн жагсаалтаас хассан.
-УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас яагаад хассан юм бэ?
-Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд намын тодорхой гишүүдээс санал гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо хуралдаж, асуудлыг нь шалгах шаардлагатай гэж үзэж түр түдгэлзүүлсэн. Үндсэн дүрмийн хороо дотоод сонгуулийн дүн гарсны дараа дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана.
-С.Баярцогтын асуудлыг шалгасны дараа ямар нэг асуудалгүй гэвэл тухайн нэр дэвшигчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид АН-ын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа учраас хатуу хяналт тавин ажиллана гэж үзэж байгаа. АН шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа учраас С.Баярцогтын нэр дэвшихээс түдгэлзүүлсэн. Хэрэв шалгалтын дүнд зөрчилгүй гэж үзвэл дахин Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвших эрхтэй. АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүнийг жил бүр сонгох, нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломжтой.
-Оффшорын асуудал удаан хугацаанд яригдсан. Үнэхээр АН-ын удирдлага С.Баярцогтыг оффшор данстай холбогдуулан ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм бол Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэхгүй байж болоогүй юм уу?
-Өмнө нь С.Баярцогттой холбоотой ямар нэг гомдол ирээгүй. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэний дараа намын гишүүдээс гомдол ирсэн учраас намын эрх бүхий байгууллага авч үзээд шийдвэрээ гаргасан.
-С.Баярцогтыг АН-аас хөөнө гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөөч ?
-Намын түвшинд С.Баярцогтыг намаасаа хөөх асуудал яриагүй.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооноос сонгох уу эсвэл?
-Тавдугаар сарын 2-7-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хуультай. Тиймээс бид АН-ын их хурлаар нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна. Одоогоор Их хурлын тов гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ