Г.Цагаандарь: Манай хүүхэд өвчтэй хүн тэжээж чадахгүй, хүүхдээ авахуулаарай гэсэн
-ХОЁР ӨДРИЙН ДОТОР 5.7 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ-
Энэ удаа бид уншигч та бүхэнтэйгээ Г.Цагаандарийг уулзуулж байна. Хоёрхон өдрийн өмнө хоёр охинтойгоо хамт авахуулсан зураг нь цахим орчинд тарж, олон хүний итгэл найдвар, бахархал болж буй энэ бүсгүйтэй ярилцлаа.
Өдгөө “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ гэж бүсгүйн талаар мэдэхгүй хүн ховор. Өөрийн үр хүүхэд, өдрийн бор хоолныхоо төлөө хөдөлмөрлөж буй энэ бүсгүй өөрийн цахим хуудас, ТББ-аараа дамжуулан яг энэ мөчид л түшиг, тулгуур хэрэг болоод буй хүмүүст тусламжийн гараа сунгадаг билээ. Түүний тусалж, гэр оронтой болгосон хүний тоо гарын арван хуруунд багтахаа байжээ. Энэ удаа тэрээр 23-хан настай ч насандаа баймгүй их ачаа үүрч яваа Г.Цагаандарь бүсгүйд туслахаар сэтгэл шулуудсан байна.
Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй Толгойт өртөөний вокзал дээр Г.Цагаандарь гэдэг хоёр хүүхэдтэй залуухан эмэгтэй хоног төөрүүлж байна гэсэн мэдээлэл аваад түүнтэй уулзахаар очжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэйг нь сонсоод гэрээ ачаад зугтсан байна. Хоёр настай охиноо, долоон сартай жирэмсэн ханиа юу ч үгүй үлдээгээд өөрөө алга болжээ.
Буурин дээрээ торонд хийсэн хэдхэн хувцсыг нь үлдээсэн байж. Г.Цагаандарь эмнэлгээс гараад таних, танихгүй олон айлаар хоног төөрүүлэн явсаар эцэст нь очих ч газаргүй болж, гудамжинд хоносноос вокзал дээр арай дулаан хэмээн тийш зүглэсэн байна.
Өдгөө Г.Цагаандарьд тусалж, хоёр охиныг нь орон гэртэй болгох, ээжийг нь эмчилж, элэг бүтэн үлдээх хандивын аян Монгол улс даяар эрчимтэй өрнөж байна. Хоёрхон хоногийн дотор таван сая гаруй төгрөг цугларсан талаар Ц.Сувд-Эрдэнэ бидэнд баярлан хэлсэн юм. Хандивын аян дуусах болоогүй, Г.Цагаандарь бүсгүйг эмнэлгээс гарах хүртэл дахин зургаан хоног үргэлжлэх юм байна. Хаяад явсан нөхрийнх нь талаар гомдол бичиж, цагдаад хандаад байгаа бөгөөд тун удахгүй хариуцлагаа үүрэх байх хэмээн хэн хүнгүй хүлээн сууна.
Өвчтэй, зовлонтой байхад нь хаяад явсан нөхөр нь Г.Цагаандарийг амаржсаны дараахан бүлэг танхайн хэрэгт холбогджээ. Хоёр дахь охин нь амаржих үед эргэж ирээгүй байна. Тухайн үед хадам ээж нь утсаар “Манай хүү байцаагдаад шоронд явах гээд байна. Чи хоёр хүүхдээ дагуулж очоод хэлээд, гуйгаад өгвөл шоронд явуулахгүй байх боломжтой юм шиг байна. Хүрээд ир” гэж ярьжээ.
Бүсгүй өдгөө ханилж суусан ханиа буруутгахгүй, гомдохгүй байгаа тухайгаа хуучилж сууна. Залуу байна, болгоно, бүтээнэ гэсэн итгэл дүүрэн амьдралд нь яагаад ийм зүйлс тохиолдох болсон талаар уншигч та Г.Цагаандарийн ярилцлагаас уншина уу.
-ХОЁР ОХИН МИНЬ НАДАД ИРЬЕ ГЭЖ ИРСЭН ЮМ. БИ ХЭЗЭЭ Ч ӨРГҮҮЛЭХГҮЙ-
-Таны бие сайн байна уу?
-Сайн байна аа. Өчигдрөөс эмчилгээгээ хийлгээд эхэлчихсэн, их сайжирч байгаа, зовиур гэж юм алга л байна.
-Хүүхдүүдээ санаж байна уу?
-Тийм ээ, хоёр охиноо санаад л байна. Эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас хоёр охиныг маань улсын сувилалд хүргэсэн. Орой унтахдаа хоёр охиноо хоёр талдаа гаргаад унтдаг болохоор өчигдөр орой ганцаараа унтах гэтэл нойр хулжаад болдоггүй. Удтал хөрвөөж, хөрвөөж хөнжлөө бөөрөнхийлж тэврээд хэсэг унтсан. Одоо том охин Ц.Анударь маань 2 ой 2 сартай, багыг нь Ц.Эгшиглэн гэдэг, удахгүй дөрвөн сар хүрнэ.
-Хүмүүс танд хэрхэн тусалж буй талаар та сонсов уу? Хүмүүсийн танд зориулж буй сэтгэл, Ц.Сувд-Эрдэнийн тус танд юу бодогуулж байна вэ?
-Их сайхан байна, цаашид маш итгэлтэй найдвартай амьдарна гэдэгтээ бүр илүү их итгэл төрж байна. Хэлэх үг олдохгүй юм.
-Та Ц.Сувд-Эрдэнэтэй анх хэрхэн холбоо барьсан бэ?
-Би өөрийн нөхцөл байдлыг бичээд фэйсбүүк дээрээ “туслаач” гэсэн агуулгатайгаар пост оруулсан. Гэтэл хүмүүс Сувдаа эгчид хандаад үзээч, холбоо бариарай гэж зөвлөсөн. Ингээд Сувдаа эгчтэйгээ уулзаж, эгчийнхээ буянаар эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэн, гэр оронтой болох гэж байна.
-Сувд-Эрдэнэтэй холбоо барихаас өмнө хэр удаан хугацаанд хаагуур амьдарч байв?
-2016 оны есдүгээр сар гэргүй болсон юм. Энэ өдрөөс хойш айлын ногооны талбай манадаг зуны гэрийг сарын 30 мянган төгрөгөөр түрээслээд, 12 дугаар сарын 13 хүртэл амьдарсан. 12 дугаар сарын 14-ний өдөр хийсвэр(кесарево.сурв) хагалгаа төлөвлөгдсөн байсан учраас Эх нялхаст хэвтээд, 15-нд хагалгаанд орж төрсөн. Түүнээс хойш эмнэлэгт зургаа хонож, таньдаг ахындаа гараад цагаан сар өнгөртөл байсан даа.
-Таны бие хэзээнээс өвдөж эхэлсэн юм бэ?
-Есдүгээр сараас. Тэрнээс өмнө өвдсөн ч гэсэн диклоденк угаад, өвчнөө намдаагаад ажлаа хийдэг байсан. Гэтэл гэнэт л босож чадахгүй болтлоо халуураад эмнэлэгт хэвтсэн.
-Тэгэхээр та бие давхар байх үедээ хүндээр өвджээ?
-Тийм ээ, гэхдээ охин минь эрүүл саруул төрсөн.
-Хоёр охин их эрүүл саруул харагдаж байсан. Энэ хугацаанд та охидоо хэрхэн өсгөж, бойжуулж байв аа?
-Би бүх зүйлээ л нөгөө гуравтаа зориулна. Тав, гурван төгрөгтэй болох л юм бол түүгээрээ охиддоо дулаан өмд, дүүдээ оймс гээд ганц нэг юм цуглуулна. Ер нь хүүхдүүдээ эрүүл саруул байлгахыг хамгийн эхний зорилгоо болгодог байсан. Бас мөнгө олдвол хүүхдүүд, дүүдээ ханиаднаас хамгаалах эм авч уулгадаг байсан.
-Их олон хүн охидоо өргүүлэх үү гэж асуухад та шууд эсэргүүцсэн байсан?
-Би хоёр охиноо яагаад ч өргүүлэхгүй. Өсгөж чадна л гэж төрүүлсэн шүү дээ. Тэгж хүн амьтанд өргүүлэх байсан бол вокзал дээр хонож байхдаа л “Ингэж зовоож байхаар” гээд өгчихвөл өгчихөөр. Гэтэл би тэднийг өсгөж чадна шүү дээ. Би охидоо хэзээ ч өргүүлэхгүй. Миний охид үнэхээр хөөрхөн, ээждээ ирье гэж ирсэн хүүхдүүд юм. Бага охиныг минь гэдсэнд байхад хадам “Наад хүүхдээ авахуул” гэж байсан, том охин минь нэг удаа ацетон уугаад, түүнээсээ болж эмнэлэгт хүртэл хэвтэж байлаа. Гэхдээ тэд минь өнөөдөр надтай хамт байна. Би өдөр, шөнөгүй тэднийхээ төлөө “Яах вэ, ийх вэ” гэж боддог болохоор хүнд өргүүлнэ гэж үнэхээр бодож ч чадахгүй. Арван сар хэвлийдээ тээж, өөрөө төрүүлж, өөрөө өсгөж байж ямар эх хүн үр хүүхдээ өгч чадах билээ дээ.
-ААВ ЭЭЖ, АХ ЭГЧ ГЭЭД ОЛОН ХҮН ЯТГААД Л ИЙМ ШИЙДВЭР
ГАРГАСАН БОЛОВ УУ-
-Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан талаараа ярихгүй юу?
-Би 2013 оны эхээр нөхөртэйгөө танилцаж байсан. Бид бие биенийхээ амьдрал ахуйг ярилцаад, “Болно, бүтнэ, сайхан амьдаръя” гээд 2013 оны сүүлээс нэг гэрт амьдарч эхэлсэн. Том охиноо төрөхөөс өмнө ажил төрөл хийгээд, маш хурдан хугацаанд гэр оронтой болоод, амьдрал яг сайхан тэгширч ирж байсан. Айхтар дутуу юм байгаагүй. Гэтэл намайг өвдөөд эхэлснээс хойш охиноо ч, намайг ч орхиод л яваад өгсөн (бодлогошров.сурв).
-Таны нөхөр тантай зүй бусаар харьцаж байсан тохиол байгаа юу?
-Үгүй ээ. Бид хоёр ёстой зөрчилдөж, хэрэлдэж, маргалддаггүй хүмүүс. Бие биедээ таалагдахгүй зүйл болвол айхтар хатуу үг ашиглалгүй илэрхийлчихээд, хэрүүл уруулгүй, сайхан амьдарна аа, болгоно оо, бүтээнэ ээ гэдэг зорилготой амьдардаг байсан.
-Ойлголцдог, итгэдэг мөртлөө яагаад хаяад явсан гэж та бодож байна?
-Аав, ээжийнхээ үгэнд л орсон болов уу гэж бодоод байдаг юм. Ээж аавынхаа үгэнд их ордог хүн байсан. Ах эгчээс нь эхлээд олон хүн ятгаад байсан болохоор ийм шийдвэр гаргасан болов уу даа.
-Та нөхрөө буруутгадаг уу?
-Үгүй ээ. Буруутгаад байх ч юу билээ. Нэгэнт л болж бүтэхгүйг мэдээд, залуу насан дээрээ салж, цаашдаа хоёр охиныхоо төлөө амьдрах итгэл найдварыг надад үлдээгээд явсан юм чинь. Хоёр охиноо л сайн хүн болгохсон. Тэр хүн чадахгүй бол би өөрөө байгаа юм чинь хоёр охиноо яаж ийгээд хүн болгоно. Тийм болохоор нэг их гомдоллоод, буруутгаад байгаа юм байхгүй.
-ОДОО МАНАЙ ХҮҮХЭД ӨВЧТЭЙ, ЗОВЛОНТОЙ ХҮҮХЭД ТЭЖЭЭЖ
АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН-
-Хүмүүс хоёрын хоёр хүүхэдтэй мөртлөө гэр орноо ачаад явсанд нь дургүйцэж байна. Таныг бүр эмнэлэгт хэвтэж байхад явсан юм уу? Яг юу болсон юм бэ?
-Би тухайн үед Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байсан юм. Маш их халуураад, халуун бууж өгөхгүй, эм ууж байж хамгийн багадаа 38.7 болж буурна. 30-40 минут боход буцаад халуураад байсан. Тэр үед эмч нар хүүхэдтэйгээ уулз, өөр уулзах хүн амьтан байвал уулзаад сэтгэлээ тайван байлга, эмчилгээний үр дүн гарахгүй байна гэсэн. Нөхрөө ирэхэд нь “Охиныг дүүтэй нь цуг над руу явуулчих” гэтэл тэднийг над руу явуулсан. Охин минь над дээр ирж уулзчихаад, явахгүй гэж уйлаад, автобус зогсох гэж байсан тул “Дүүгээ аваад уйлуулаад ч хамаагүй харь” гээд дүүгээ охинтойгоо хамт явуулсан. Дүү минь охиныг минь дагуулаад очтол буурин дээр минь бүх хувцсуудыг минь торонд хийж үлдээгээд, бүх юмаа ачаад явчихсан байсан гэсэн. Ингээд дүү маань над руу залгаад “Аниа гэр байхгүй болчихож” гэсэн.
-Та тэдэнтэй эргэж холбоо барьсан уу?
-Хадам ээжтэй ярьтал “Одоо манай хүүхэд өвчтэй, зовлонтой хүүхэд тэжээж амьдарч чадахгүй. Наад гэдсэндээ байгаа хүүхдээ ч гэсэн авахуулсан нь дээр байх даа” гэсэн. Бага охин минь гэдсэнд, долоон сартай болчихсон байсан. Тийм болчихсон хүүхдийг яаж авахуулах билээ, тийм үг хэлж чадах зориг байна гэдэг аймаар. Ингээд эмнэлгээс гараад дүү, охин хоёртойгоо айлын ногооны талбай барьдаг гэр түрээслэж гарсан даа.
-Дүү тань танд их дэм болдог байх даа?
-Тийм ээ, дүү минь 15 настай. Маш их дэмтэй. Өнөөдөр холбогдсон, “Аниа сургуулийн компьютерээр фэйсбүүкт орж байна, таны бие гайгүй юу” гэж байсан. Дүүдээ хичээлээ сайн хийгээрэй л гэж захисан.
-Та гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу. Өнөөдөр танд яагаад аав ээж тань туслахгүй, Ц.Сувд-Эрдэнийг туслаад байгаа юм бол гэж гайхах хүмүүс байж болох юм?
-Манай аав ээж хоёр 2003 онд салсан. 2003 оноос хойш аав ямар ч сураггүй. Харин ээж маань хэсэгтээ холбоотой байж байгаад өөр хүнтэй суусан. Би хоёр эрэгтэй дүүтэй, бид гурвыг тэгээд л орхиод явчихсан юм. Түүнээс хойш бид гурав болох бүтэхээрээ явсаар нөхөртэйгөө таарч, суусан. Том дүү маань одоо Ховдод цэргийн алба хааж байгаа, бага дүү маань надтай энэ өвөлжингөө хамт явлаа.
-ЯМАР ҮЕД МИНЬ ХАЯЖ ЯВЛАА, “УУЧЛААРАЙ” ГЭХ НҮҮР БАЙХГҮЙ Л БОЛОВ УУ-
-Хандивын мөнгө Ц.Сувд-Эрдэнийн төлөвлөж байснаас ч их цуглаж байна гэсэн. Та эмнэлгээс гараад ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ?
-Ямар ч байсан эхлээд эмчилгээгээ хийлгээд, ойрхон ажилд орох бодолтой байна. Их хүнд ажил биш л бол намайг ажил хийж болно, найман сарын турш тасралтгүй эмчилгээ хийлгээрэй гэсэн. Одоо удахгүй дахиад л өвөл болчих юм чинь нүүрс түлээнээс эхлээд базаана, нөгөө хоёр маань есдүгээр сараас сургууль цэцэрлэгтээ орох учраас эртнээс бэлтгэлийг нь базаана гээд хийх ажил их байна аа. Одооноос ер нь их хичээнгүй амьдрахгүй бол болохгүй.
-Юмыг яаж мэдэх вэ, танд ажил санал болгох ч юм билүү. Та ер нь ямар ямар ажил хийж чадах вэ?
-Би ажил төрөлд энийг чадахгүй, тэрийг чадахгүй гэж суудаггүй. Өөрийнхөө хэмжээнд бүгдийг хийнэ ээ. Хүмүүс ажил санал болгосон ч хичээгээд хийчихэж чадах байх аа.
-Өөрөө бие өвдөөд, хоёр охиноо дагуулаад, дүүгээ тэжээгээд нилээд хэцүү замыг туулжээ. Өмнө нь тийм ч дардан замыг туулаагүй гэлээ. Амьдралаа нуруун дээрээ үүрч явах энэ үедээ та өөрөө өөртөө юу гэж хэлж, өөрийгөө юу гэж зоригжуулдаг байв?
-Амьдрал сайхан болно доо, залуу сайхан нас байгаа учир бүх юм л болж бүтнэ дээ гэж хичээж амьдардаг. Хоёр дүүтэйгээ байхдаа ч ажил төрөл хийгээд, болохгүй байна, бүтэхгүй байна гэлгүй зүтгэдэг байсан. Манай хичээл өглөө ордог байлаа. Хичээлээ тараад сургуулийнхаа хажуу талын цайны газарт угаагч хийдэг байсан юм. Намайг ажиллуулдаг эгч маань миний байдлыг ойлгодог болохоор өдрийн 13 мянган төгрөгөөр цалинжуулна. “Өөр хүмүүст хэлж болохгүй шүү, зөвхөн чамд л ингэж бодож байгаа юм” гэнэ. Боломж бололцоогүй үедээ ч тэр эгч л мөнгө төгрөгөөр тусалж “Миний дүү сайн хүн болох хэрэгтэй шүү, хоёр дүүгээ хүн болгоорой, сайхан мэргэжилтэй болооорой, ажил мэргэжилтэй байхад хүн хаана ч очоод ажиллаж болдог юм шүү” гээд сэтгэлээр их дэмждэг байсан. Багш нар маань ч их дэмждэг байсан. Энд тэнд сургалт, лекц гарвал намайг л үргэлж бүртгүүлнэ, би ч идэвхитэй оролцоно, илтгэл тавих дуртай. Арван жилийн сургуульд онц сурдаг байлаа.
-Таныг гэр оронтой болоод амьдрал ахуй тань тэгшрээд ирэхийн цагт хадмын талаас холбоо баривал яах бол, дарамтлах вий гэж хүмүүс айж байна? Ер нь нийтлэл гарснаас хойш тантай холбоо барьсан уу?
-Үгүй ээ, надад тэдэнтэй холбоо барья гэсэн бодол алга. Ирлээ ч гэсэн “Уучлаарай” гэх нүүр бараг байхгүй болов уу? Ямар үед нь хаяад явсан билээ. “Уучлаарай” гэж хэлж чадах ч үгүй байх, чадсан ч би яах билээ. Одоо хоёр охиныхоо төлөө л амьдарна. Тэр хүнтэй эргээд нийлэх бодол надад байхгүй.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та манай ярилцлагаар дамжуулан хэн нэгэнд сэтгэлийн үгээ дайж болно шүү?
-Хоёр хөөрхөн охиндоо хайртай шүү. Тусалж дэмжиж байгаа хүн бүртээ маш их баярлаж байна. Та нарынхаа итгэл сэтгэлээр ийм сайхан гэр оронтой болж байгаа учраас хоёр охиноо л сайн, сайхан хүмүүжүүлж, эх орондоо хэрэгтэй хүн болгоно оо гэж амалъя. Дүү нараа ч би асрах болно оо. Өөрийнхөө төрсөн ээжид их гомдсон шүү гэж эцэст нь хэлмээр байна(уйлав.сурв).
-Хэрэв ээж тань тан дээр ирвэл та хүлээж авах уу?
-Мэдэхгүй.
Ц.СУВД-ЭРДЭНЭ: Г.ЦАГААНДАРИЙГАА ИХ БУЯНТАЙ ОХИН ЮМ ГЭЖ БОДОЖ СУУНА-
Бид “Итгэл сэтгэлийн гүүр ТББ”-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Хандивын аяны явц хэр амжилттай үргэлжилж байна вэ?
-Г.Цагаандарийгаа эмнэлгээс гарах хүртэл зургаан хоног хандивын аянаа үргэлжлүүлэх гэж байна. Чадвал хашаа байшинтай, чадахгүй бол хашаа гэртэй болгочих санаатай байгаа. Би ч анх нэг гэр аваад, айлын хашаанд бариад өгөх юм бодож явтал хүмүүс шал өөрөөр хүлээж авлаа.
-Одоо хэдэн төгрөг цугларсан байгаа вэ?
-2017 оны гуравдугаар сарын 29-ний 11:00 цагийн байдлаар 373 хүн хандив илгээж 5.781.999 төгрөг болсон байна. Дансан дахь мөнгөнөөс нэг ч төгрөг зарлагадаагүй бөгөөд Enkhchimeg Davaadorj эгчийн явуулсан 25 доллараар эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй зүйлс, алчуур аяга халбага, бусад зүйлсийг бэлдэж өгсөн.
-Г.Цагаандарь тантай анх хэрхэн холбоо барьсан юм бэ?
-Фэйсбүүкээр минь холбоо барьсан. Би утасны дугаарыг нь асуугаад шууд л явж очсон. Очиж аваад, буцахдаа яг үнэнийг хэлэхэд хаачихаа мэдэхгүй байсан. Ингээд Г.Цагаандариас “За эгч нь үнэхээр чамайг зөвшөөрвөл зургийг чинь аваад олон нийтэд мэдээлье. Маш олон хүн унших учраас чи шийдээрэй” гэсэн. Цагаандарь ч “Надад нуух зүйл одоо байхгүй, ярьж байгаа бүхэн минь үнэн” гэсэн. Тэгээд л зургийг нь аваад нөхцөл байдлыг нь бичээд фэйсбүүктээ постолсон. Тухайн үед “Хаашаа явах вэ” гэж бодож байгаад “За тусалдаг хэдийнхээ нэгний гэрт хүргэж өгдөг ч юм билүү” гээд бодож байтал утас дуугарсан. Нэрээ нууцлахыг хүссэн эгч өөрийнхөө сувилалд хэвтүүлж өгье гээд залгадаг юм байна. Цагаандарийгаа сувилалд хүргэж өгөөд удаагүй байтал “Улаанбаатар мед” эмнэлгийн гүйцэтгэх захирал залгаад, долоо хоног үнэ төлбөргүй эмчлүүлэх санал тавьсан. Бүх зүйл үнэхээр сайхан дэс дараатай бүтсэн. Г.Цагаандарийгаа би их амны хишигтэй, буянтай охин юм гэж бодож сууна.
-“Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг. Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
(Хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан /Цагаандарьд гэж хийх/
Холбоо барих утас: 88197878)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ