Эгч минь хууль бусаар ажлаасаа халагдаад, өөрийгөө шатаачихлаа
Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр орой Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Т нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан ажээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой. Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Идэр суманд амьдарч байжээ.
Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус сумын засаг даргатай холбогдоход “Энэ талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Дараа өгье” хэмээгээд утсаа тасаллаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Завхан аймгийн Идэр суманд өөрийгөө шатааж нас барсан хүн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа хийж байгаа гэлээ.
НЭМЭЛТ: 11:22 ЦАГ
-ЭГЧ МИНЬ ХУУЛЬ БУСААР АЖЛААСАА ХАЛАГДАЖ, СЭТГЭЛ САНААГААР УНААД АМИА ХОРЛОЧИХЛОО-
Бид болсон хэрэг явдлын талаар Т-ийн ойрын хүнтэй утсаар холбогдож тодрууллаа.
-Талийгаач ямар учраас өөрийгөө шатаах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Талийгаач улсад 20-иод жил тогтвор суурьшилтай ажилласан. Улаан дипломтой төгссөн хүн. Гэтэл хууль бусаар ажлаасаа халагдаад сэтгэл санаагаар унан амиа хорлочихлоо. Манай эгч даруу төлөв, хамгаалж өмгөөлөх ах дүү нар муутай хүн л дээ.
-Ажлаас халагдсан шалтгаан нь юу юм бол?
-Сонгуулиар манай Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Үүнтэй холбоотойгоор 11-р сард сумын удирдлагууд солигдсон. Тухайн үед сумын засаг дарга н.Баярмаа аймаг руу явахдаа тамгын газрын даргадаа энэ хүнийг ажлаас хал гэж үүрэгдсэн байсан. Үүний дагуу талийгаачийг ажлаас халах захирамж гаргасан. 2015 онд төрийн албан хаагчдын шалгалт авсан. Тэр шалгалтад манай эгч нэгд орсон хүнээс нь хэдэн оноогоор дутуу байсан. Тэр шалгалтад дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байгаа юм.
-Оронд нь ямар хүнийг томилсон юм бэ?
-Засаг дарга н.Баярмаагийн өөрийнх нь талын Бат-Өлзий гэж хүн аймагт бас том алба хашдаг юм гэсэн. Тэр оронд нь оруулах гээд байгаа хүн нь Бат-Өлзийтэй холбоотой хүн юм билээ. Тэгээд бас долоон сартай жирэмсэн хүн шүү дээ. Ерөөсөө л намын үзлээр ажлаас халчихаж байгаа юм. Засаг даргын тамгын газарт нягтлан хийдэг хүүхэн МАН-ынх. Гэтэл эгчийн оронд орсон хүүхэнтэй ах дүүгийн хүүхдүүд болчихож байгаа. Төрийн албанд ах дүү, хамаатан саднаараа ажиллаж болдоггүй биз дээ. Тэгэхээр нягтлан хийж байсан хүүхнийг бас ажлаас нь халах нөхцөл нь бүрдэж байгаа юм.
-Талийгаач ажлаас халагдаад ямархуу байдалтай байсан бэ?
-Манай эгч лам хард үзүүлэхэд цаанаас нь хараал ерөөл хийсэн байна гэж хэлсэн байсан, ажлаас халагдсан өдөр болох гуравдугаар сарын 14-нөөс хойш маш их сэтгэл санаагаар унасан. Тэгээд шөнөдөө халуурч хоноод, бие нь их л муу байсан. Өчигдөр ийм харамсалтай хэрэг болчихлоо. Хашаан дотроо шатаачихсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан. Хүмүүсийн хэлж байгаагаар эгч маань хотоос удирдлагууд ирэхээр гэрээслэл бичиг үлдээнэ гэх зүйл яриад засаг даргын тамгын газраар орсон юм шиг байна лээ. Тэгээд аймгийн удирдлагууд их ажил бүтээгээд ирсэн гээд хүмүүс эерэг сэтгэгдэлтэй байхаар нь яаж ч чадалгүй буцсан бололтой юм. Тэгээд хашаандаа өөрийгөө шатаачихсан. Гэрээслэл бичиг энэ тэрийг нь олоогүй байна. Хаана хийсэн юм мэдэхгүй. Манай эгч элий балай хүн биш. Эрүүл саруул хүн шүү дээ. Ийм шийдвэр гаргасан гэж бодохоор маш их гайхаад байна. Ямар хэцүү байсан болоод ингэх вэ дээ.
-Сумын удирдлагууд ирж уулзсан уу?
-Засаг даргын тамгын газрын дарга, орлогч дарга нарыг нь дуудуулж байж арайхийж эмнэлэгт авчирсан. Засаг дарга нь ирэхгүй байсаар байж орой долоон цаг гэхэд засаг даргын нөхөр нь ирсэн. Тэгээд “Та нар манай эхнэрийг алах гээд байгаа юм уу. Унтаж байгаа хүнийг та нар яах гээд байгаа юм” гэх зүйл ярихаар нь талийгаачийн нөхөр, төрсөн дүү хоёр нь нэг нэг цохиод авсан. Хүнээ алдчихсан хүмүүс аргагүй шүү дээ. Тэгээд яг өнгөрөхөд нь засаг дарга орой 11 цагийн үед ирсэн. Өнөөдөр энд сум даяар жагсаал цуглаан хийх гээд байж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ