“СУПЕР ТАРХИ” буюу Э.Энхмөнх: Аливаа зүйл юмын цээжлэх гол арга техник бол сэтгэл хөдлөлөө оролцуулах явдал
Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны "Super Brain" шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнхтэй ярилцлаа.
-Оюуны спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар дурсахгүй юу?
-Энэ спортоор анх 2013 оноос хойш хичээллэж эхэлсэн. Өмнө нь Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч, ой тогтоолтын их мастер Х.Хатанбаатар багшийн лекцэнд сууж байлаа. Тэр лекцэн дээр багш маань өөртөө олж авсан мэдлэг чадвараа амьдралдаа хэрхэн ашиглах талаар илтгэл тавьсан юм. Бидний өдөр тутмын амьдралд утасны дугаар цээжлэх, багшийн заасан хичээлийг хялбар аргаар ойлгож эзэмшихээс эхлээд бодож, сэтгэх зүйлс их гардаг шүү дээ. Энэ бүхнийг тусгаж, хүний оюун ухаан цаглашгүй их гэдгийг бидэнд мэдрүүлж, өөрийн онцгой чадвараа үзүүлж билээ. Тэр цагаас эхлэн өөрийнхөө мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг зорьж, Оюун ухааны академид элсэн орсон түүхтэй. Оюуны спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Тухайлбал 52 ширхэг хөзрийг хамгийн удаандаа таван минутын дотор цээжлэх ёстой ч би цээжилж чаддаггүй, эсвэл цээжиллээ гэж бодсон ч бүрэн гүйцэд санадаггүй байсан учраас би ч чадахгүй юм байна гэж бодох үе байсан. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол их. Гэхдээ тэр үед олон улсын их мастер Н.Баасандорж, Х.Хатанбаатар багш маань миний сэтгэлийг ойлгож, үргэлж урам зориг өгдөг байсан болохоор би бууж өгөхийг хүсээгүй.
-Оюуны спорт дотроо олон төрөлтэй байдаг байх. Таны хувьд яг аль төрлөөр нь хичээллэж эхэлсэн бэ?
-Хүний оюун ухаан гэдэг хэмжээлшгүй. Тэр ч утгаараа энэ спорт их олон төрөлтэй. Цээж бодолт буюу тоо бодох, рубек шоо эвлүүлэх, хоёр гараараа зэрэг аяга өрөх гэх мэт. Миний анх сонгон хичээллэсэн нь ой тогтоолтын төрөл. Аливаа юмыг цээжлэх гол арга техник бол сэтгэл хөдлөлөө оролцуулах явдал юм. Ой тогтоолт ихэвчлэн хүний төсөөлөл дээр явагддаг. Ингэж төсөөллөө ашиглана гэдэг нь хүний тархинд дахь депокус гэсэн бодис сэтгэл хөөрөл шаардсан үед ялгардаг. Ингэснээр аливааг хурдан цээжилдэг юм. Тухайлбал хоёр долоо хоногийн өмнө идсэн хоолоо санана гэвэл хэцүү. Учир нь хоол идэх нь хүний өдөр тутамд болдог нэг л хэвийн үзэгдэл. Харин таван жилийн өмнөх төрсөн өдрөөрөө ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэж байснаа санаж чадна. Цагаан сарын зоостой бууз, наадмын хуушуур идсэн гэх мэт хүний сэтгэл хөлдлөл нөлөөлсөн тэр үйл явдлуудыг бид хэзээ ч мартдаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл цээжлэх зүйлээ бодохдоо амьдрал дээр тохиолдог баяр гунигтай мөчөө дүрслэн, хийсвэр зүйлийг бодит мэт болгон төсөөлсөнөөр тухайн үйл явдал, юмс таны ой тойнд гүн сууж өгнө. Ингэснээр түүнийг мартахгүй.
-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв даа?
-2013 оны сүүлээр ой тогтоолтоор хичээллэж эхэлснээс хойш гурван сарын дараа анхны тэмцээн болох Улсын аваргад оролцож байв. Тухайн үед тоо, хөзөр, хүний нэр, зүс цээжлэх төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Ой тогтоолтын тэмцээн нь үндсэн арван төрөлтэй байдаг. Төрөл болгон тогтсон хугацаатай. Улсын аваргын тэмцээнд биелүүлэх даалгаврын хугацаа нь богино. Харин олон улсын тэмцээн, дэлхийн аваргын тэмцээн болохоор хугацаа нь урт үргэлжилдэг. Улсын аваргын тэмцээнд тав болон 15 минутанд тоо цээжлэх ёстой байдаг. Энэ даалгавар олон улсын тэмцээнд гучин минут, дэлхийн аварга дээр нэг цаг хүртэл уртасдаг. Цаг урт болохын хэрээр цээжлэх тоо ихэснэ гэсэн үг шүү дээ.
-Өнгөрсөн жил болсон "Super Brain" телевизийн шоунд Хятадын шилдэг багийг ялсан. Энэхүү тэмцээнд анх хэрхэн оролцох болов?
-2015 оны наймдугаар сард Хонгкокт болсон олон улсын ой тогтоолтын нээлтэй тэмцээнд оролцож байсан үе. Тэр тэмцээнээс манай тамирчид дангаараа 38 медаль хүртэж, илт илүүрхсэн л дээ. Медаль хүртэхээс өмнө монголчуудыг төдийлөн анхаардаггүй байсан. Харин 68 медалиас 38-ыг нь бид авсан болохоор Хонгкокийн сурвалжлагч, олон улсын тамирчид, шүүгч, үзэгч нарын анхаарал монгол тамирчдад төвлөрсөн юм. Тэр үед Хятадын “Super brain” шоуны баг, нэвтрүүлгийнхээ дүрс зураг авах ажлаар явж байсан юм билээ. Тэгээд бидэнтэй уулзаж “Монголчууд энэ тэмцээнд амжилттай оролцсон байна. Танай тамирчдаас нэг хүнийг сонгож энэ нэвтрүүлэгт оролцуулъя” гэж хэлсэн. Тухайн үед багийнхнаасаа хамгийн өндөр амжилт гаргасан нь би байлаа. Ингэж л анх энэ шоунд оролцсон юм. Өмнө нь энэ нэвтрүүлгийг их үздэг байсан. Хятадад 300 сая гаруй хүнд хүрсэн, хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэг шүү дээ. Дэлхийн оюун ухааны спортын алдартай тамирчид оролцдог учраас тэр шоунд оролцох нь миний мөрөөдөл байлаа. Хятадын дөрвөн хүн тутмын нэг нь үздэг хамгийн олон үзэгчтэй тус нэвтрүүлгийн гол зорилго нь “Хүний тархи юу хийж чаддаг вэ” гэдгийг санаанд оромгүй даалгавруудыг гүйцэтгэж, харуулахыг хичээдэг. Ингэхдээ улс бүрийн шилдэг тамирчдыг шоундаа урьж оролцуулан Хятадын эсрэг Америк, Хятадын эсрэг Герман гэх зэргээр хооронд нь өрсөлдүүлдэг. Өмнөх дугааруудад нь урд хөршийн тамирчдын хувьд Герман, Америк, Япон зэрэг орны тамирчдыг буулгаж авсан үзүүлэлттэй байсан юм билээ. Харин миний оролцсон дугаарт дэлхийн баг "X-team” буюу олон улсын шилдэг таван тамирчин Хятадын шилдэг таван тамирчны эсрэг өрсөлдсөн.
-Таны багтсан “Дэлхийн баг”-т ямар ямар орны тамирчид байсан бэ ?
-Ер нь “Х team”-д тив тивийн хамгийн шилдэг гэсэн төлөөллүүд багтсан. Миний хувьд Ази тивээ болон Монгол Улсыг төлөөлж тус багийн гишүүн нь болж шоунд оролцсон. Австрали тивээс рубек шооны дэлхийн аварга Feliks Zemdegs, Испанийн судокугийн дэлхийн аварга Martin Lopez Norses, Өмнөд Америкийн Перу улсын шоог харахгүйгээр эвлүүлдэг Gianfranco Huanqui, Швед улсын дэлхийн ой тогтоолтын хошой аварга Jonas Von Essen нартай хамтарч Хятадын шилдэг тамирчдаас бүрдсэн багийн эсрэг өрсөлдсөн.
-Тэмцээний даалгаврыг цаг тулгаж танилцуулсан гэсэн. Юу болсон юм бэ?
-Энэ шоунд тамирчдыг урихдаа гэрээнд хорин нэгэн хоногийн өмнөөс даалгаврыг танилцуулах журамтай байдаг юм билээ. Гэтэл зохион байгуулагчид долоо хоногийн өмнө манай багт даалгаврыг нь явуулсан. Ингээд Монголоос нисэхээс нэг хоногийн өмнө даалгаврыг дахин өөрчилсөн тухай надад мэдэгдэж, шинээр даалгавар явуулсан байсан. Тэр үед бидэнд их хүнд байсан шүү. Онгоцонд хоол, цай ч уух завгүй Х.Хатанбаатар багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа давтаж, тэмцээндээ оролцсон. Тэмцээнд оролцохоос өмнө багш маань “Ялах ч бай, ялагдах ч бай энэ шоунд оролцсоноороо Монгол Улс, монгол хүн гэж ямар аугаа үндэстэн байдгийг Хятадын олон сая хүнд харуулж чадах боломжтой. Тийм болохоор хичээх хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ аливаа тэмцээн уралдаанд ялагдана гэж ордоггүй учраас өөрийнхөө бүх хүчийг дайчилсан.
-Тухайн үед ямар даалгавар гүйцэтгэсэн бэ?
-Миний даалгавар15х15 харьцаатай 225 таван ширхэг нүдэнд секунд бүрт нэг тоо гараад алга болно. Тэгэхдээ дэс дарааллаар биш аль ч нүдэнд, ямар ч тоо гарч ирнэ гэсэн үг.Үүний дараа таван минут дахин дотроо бодож боловсруулаад төв тайз руугаа очино. Тэнд ч гэсэн адилхан 225 ширхэг дотроо гэрэлтэй шоонууд байх бөгөөд гэрэл нь энд, тэнд анивчиж байгаад удааширсаар нэг шоон дээр зогсоход гурван секундын дотор тэнд ямар тоо гарсныг санаж олонгуутаа өмнөө байрлах нэгээс ес хүртэлх тоог наасан лаазан ханыг нурааж зөв тоогоо олох ёстой. Өмнө ийм даалгавар гүйцэтгэж байгаагүй болохоор тухайн үед жаахан бэрхшээл тулгарсан, сандарсан шүү.
-Ой тогтоолтын спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?
-Энэ спортоор хичээллэх нь тухайн хүнд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бусад спорт шиг бэлтгэлийнхээ үеэр ч юм уу, тэмцээн дээр бэртэж, гэмтэнэ гэж байхгүй нь мэдээж. Хүн болгон оюуны спортоор өдөр бүр хичээллэдэг гэж би боддог. Хамгийн гол нь зөв хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг юм уу даа. Намайг анх энэ спортоор хичээллэж эхлэхэд багш маань ч тэгж хэлж байсан. Эрүүл мэндийн талаас ч гэсэн тархины үйл ажиллагаагаа сайн ажиллуулж байгаа нь эерэг талтай юм.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Ой тогтоолтын тамирчин хүн бэлтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай. Таван минут, 20 минут эсвэл гурван цаг ч хамаагүй бэлтгэлээ хийх ёстой. Багш маань ч тэгж шаарддаг.
-Хүмүүс таныг “Супер тархи”гэх нэрээр илүү мэднэ. Яагаад ийм хочтой болчихов?
-Миний оролцсон нэвтрүүлэгийн нэр “Super brain” шүү дээ. Энэ нэвтрүүлэгт амжилттай оролцож, олон нийтэд танигдсан болохоор тийм хоч өгсөн байх. Одоо ч гэсэн найз нөхөд, сургуулийн багш нар “Супер тархиа" гэж дууддаг (инээв).
-Оюун ухааны спортын тамирчинд цолыг нь ямар шалгуураар олгодог юм бол?
-Цолыг зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олгодог. Олон улсын мастер, их мастер, олон улсын их мастер гэсэн эрэмбэтэй. Олон улсын мастер цолыг авахын тулд оюуны спортын үндсэн арван төрлийн нийлбэр оноо 3000-аас дээш байж, болзлоо хангана. Энэ оноо таван мянга хүрсэн бол их мастер, зургаан мянга бол олон улсын их мастер болно гэсэн үг. Олон улсын чанартай тэмцээнд эхний гурван байрт орж байж, оноо авна. Тэгээд арван төрлийн нийлбэр оноо гэхээр цол хүртэх тийм ч хялбар биш шүү. Миний хувьд өдгөө хамгийн залуу олон улсын их мастер цолтой тамирчин. Энэ амжилтыг би ганцаараа олж аваагүй, багш, найз нөхөд, гэр бүлийнхэн маань тусалсан. Тэдэндээ үргэлж баярлаж явдаг.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?
-Ирэх сард болох ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Хэдий улсын аварга ч гэлээ чансаа өндөртэй тэмцээн болдог. Учир нь оюуны спортын дэлхийн чансааг Монголын өсвөрийн тамирчид тэргүүлдэг. Дэлхийн өсвөрийн тамирчдын гаргасан 17 рекордын 13-ыг нь манай тамирчид эзэлдэг гэхээр бахархмаар санагдаж байгаа биз дээ. Тийм болохоор манай ой тогтоолтын улсын аваргын тэмцээн олон улсын тэмцээн шиг маш ширүүн өрсөлдөөнтэй болдог.
-Та хаана сурдаг вэ. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Айлын ууган хүү. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа лаборатори 23 дугаар сургуулийг төгссөн. Оюутан болчихсон болохоор хичээл, ном ихтэй л явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ