П.Цагаан: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхийг үнэн, бүтэн болгосон
“Ийгл” телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлгийн зочноор улстөрч, судлаач П.Цагаан уригдан оролцлоо. Түүний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
-“Ийгл” телевиз “Ардын үг” аяныхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлсэн, бодит ажил болгосон зарим ажлуудыг олон нийтэд тайлагнаж, танилцуулж байгаа. 2009-2017 оны хооронд найман жилд олон ажлыг хийж амжуулсан.Та 2009 оноос 2016 оны намар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт ажилласан. Ялангуяа соёл, хэл, түүхийн сэдвүүдээр хийсэн ажлуудын талаархи мэдээллийг өгөөч ээ гэж таныг урьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол хэлний их тайлбар толь” гэдэгтом төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн талаар танилцуулахгүй юу?
-Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой долоон жил гаруйн хугацаанд хамт ажиллаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт янз бүрийн алба хашсан. Хийсэн ажлуудын талаар асууж байгаад талархаж байна. Аливаа үндэстний дархлаа, бусад үндэстнээс ондооших, омогших гурван зүйл байна гэж үздэг. Энэ бол эх хэл, эх түүх, соёл урлаг гэсэн гурван хэсэгтэй гэж үздэг. “Монгол хэлний их тайлбар толь”-ийн тухайд дүрмийн буюу кирилл үсгийн дүрмийн алдаа, онооны асуудал биш. Тэр асуудлыг Монгол хэлний төрийн бодлогын зөвлөл гэж байгуулагдаад тэнд ажиллаж байгаа хүмүүс нь жигдрүүлээд дүрэм гаргасан. “Монгол хэлний их тайлбар толь” цахим толины тухайд бол анх удаа хийгдсэн. Өмнө нь С.Шагж, Я.Цэвэл гуайн “Ногоон толь” гэхэд л 30-60 мянган толгой үгтэй байсан. Харин энэ толь бүтээгдсэн түүх бол сонин. Үүнийг бүтээх санаа анх Шинжлэх ухааны академийн ажилтай Ерөнхийлөгч танилцаж явж байгаад монгол хэлний эрдэмтэдтэй уулзсан юм. Тухайн үед монгол хэлний эрдэмтэд цаасаар толь хэвлэх тухай л яриад байдаг. Тэгэхээр нь бид монгол хэлний эрдэмтэдтэй уулзаж ярьж байгаад үүнийгээ та нар мэдээллийн технологийн хэлбэрт оруулаач ээ гэсэн. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс жаахан дэмжсэн бөгөөд энэхүү цахим толь жил гаруйн хугацаанд бүтээгдсэн. Үндсэн ажлыг нь монгол хэлний эрдэмтэд хийгээд, программыг нь ШУА-ын Физиктехникийн хүрээлэнгийн залуу эрдэмтэд хоёр талаасаа нийлээд бүтээсэн. Бид зохион байгуулалт болон санхүү талаас нь бага зэрэг дэмжсэн. Энэ цахим толь бол өнөөдөр монголчууд бидний хамгийн их хандалттай вэб сайт болсон. Энэ толь нэг сарын өмнө 126 мянган холбоо үг, хоршоо үг, нутгийн аялгууны үгтэй байсан. Энэ толь цахим хэлбэрт байгаа учраас интернэт орчинд ажиллахдаа тухайн үгийн авиаг сонсож болдог. Жишээлбэл, бид кириллээр нэг лбичдэг үгийг монгол бичгээр тэрхүү үгийн утга агуулгаас болоод олон янзаар бичдэг. Бидний өвөг дээдэс 1000 гаруй жилийн өмнөөс өөрийн бичиг үсэгтэй, бичиг үсгээрээ хэрхэн бичдэг байсныг худам монголоор бичээд мөн кириллээр яаж бичиж байна. Энэ утга санаа нь утга зохиол, түүхэнд ямар утгаар хэрэглэгдэж вэ гэдэг тайлбар толийг бүтээсэн. Анхны өдрөөсөө л олны таашаалд нийцсэн.
-Одоо байнга баяжиж байгаа юу?
-Байнга баяжсаар байгаа. Тэгэхээр үүнийг өөрөө ч баяжуулж болно. Одоо би Хөвсгөл, Ховд, Өмнөговьд явж байхад хүмүүс шинэ үг нэмсэн. Өөрөө шинэ үг олоод ийм үг ороогүй байна гээд хандах юм бол ШУА-ын Хэлний хүрээлэнгийнхэн үзээд үнэхээр шинэ үг байна гэвэл нэмдэг. Ганболдын, Цагааны, Ганзоригийн, Түдэвийн гээд зохиолд хэрэглэгдсэн гэдгээр нь хүн бүр хувь нэмрээ оруулах боломжтой. Энэ цахим толийг бүтээж байх нэг жилийн хугацаанд Завхан аймгийн малчин хүн 70-80 үгийг шинээр нэмж байсан. Тэгэхээр энэ байнга баяжиж байхад, 24 цагаар онлайн, хэн ч хандаж болохоор хэрэглээнд их ойртсон толь бичиг байгаа. Ялангуяа орчин цагт дэлхийн 70-80 гаруй оронд монголчууд тархан, амьдарч байна. Тэдний хүүхэд эх орноосоо хол байгаа хүмүүс хэн ч гэсэн гар утсаараа эргэлзэж байгаа үгийнхээ утгыг тайлж мэдье гэвэл www.mongoltoli.mn гэсэн хаяг руу хандаад худам монголоор яаж бичдэг юм бэ, кириллээр яаж бичдэг, ямар утгатай, нутгийн аялга нь ямар вэ гэдгийг харахаас гадна авиа дуудлагатай нь сонсож болох юм. Үүнийг хэлд орж байгаа хүүхэд ч ашиглаж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, долоон настайгаас 70 настай хүмүүс ашиглаж болохоор.
-Авиа дуудлагыг гадаадад байгаа монголчуудын хүүхдүүд ашиглаж болох нь ээ. Тэд эх хэлээрээ тэр бүр сайн ярьдаггүй шүү дээ?
-Тийм шүү. Энэхүү цахим толь интернэт орчинд ажиллах учраас үүнийг бүрэн ашиглаж болно. Орчин цагт нийцсэн оновчтой бүтээл болсон. Энэ бол нэг талаас манай эрдэмтэд, нөгөө талаас мэдээлэл технологийн ололт, программ бичдэг хүмүүс, санаачилга зохион байгуулалт нийлээд их амжилттай төсөл болсон. Энэ программыг бид Microsoft руу бичээд android үйлдлийн систем рүү шууд хэрэглэчихнэ. Бүх ухаалаг гар утас үйлдвэрлэдэг компаниудаас нь албан ёсны зөвшөөрөл аваад суурилуулсан. Дэлхийн аль ч өнцөг буланд нас хүйс, өдөр шөнийг эс харгалзан ашиглаж болдог орчин цагийн байнга шинэчлэгдэж, баяжиж байдаг цахим толь бүтээхэд оролцсондоо би хувьдаа их баяртай байдаг. Анх энэ толийг бүтээхэд 120-иод мянга үгтэй байсан. Харин одоо 130-аад мянган үгтэй гэхээр бүтээгдсэнээс хойш байнга баяжиж байна гэсэн үг.
-Өмнөх цаасан хэвлэлүүдээсээ ч илүү өргөн хүрээг хамарсан байна, тийм үү?
-Тийм шүү. Цаасан толь бичигт анх 30 мянган үг, дараагийнх нь 60 мянган үг багтсан байсан. Тэгэхээр энэ цахим толь бичиг бол хамгийн баян, хамгийн орчин үеийн, хэрэглэгчдэд дөхөмтэй юм.
-Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар урлаг, соёлын чиглэлээр Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслүүдийг хэрэгжүүлсэн?
-Их үндэстэн бол өөрийн хэлтэй, бичиг үсэгтэй байдаг. Монголчууд түүхэндээ өөрийн бичиг үсэгтэй байсан талаар би цухас хэлсэн. Монголчууд түүхэндээ маш олон бичиг үсгийг хэрэглэж байсан. Түүний хамгийн урт хугацаанд хэрэглэж байгаа нь худам монгол буюу босоо монгол бичиг. Босоо монгол бичиг 10-аад жилийн дараа төрийн албан ёсны бичиг болно. Түүнээс гадна манай өвөг дээдэс, монгол үндэстний бахархууштай зүйл бол өөрийн соёл, өөрийн язгуур урлаг, сонгодог урлагтай байсан явдал юм. Үлгэр, домог, тууль, уртын дуу, хөгжмийн маш олон төрөл зэмсэгтэй. Манай өвөг дээдэс дэлхий дээр маш олон дэг журмыг тогтоож явж байхад газар газрын гийчид ирээд Монголын дуу хуурыг сонсоод явдаг байсан. Гэтэл энэ цагийн эрхээр түүхийн нугачаанд гээгдэн ул болох буюу алга болох эрсдэл байсан. Өнгөрсөн хугацаанд төрийн бодлогоор үүнд анхаарч ирсэн. Өнгөрсөн ХХ зуунд монголчууд тусгаар тогтнолоо олсон. Түүний явцад соёл, урлагаа сэргээх нь учир дутагдалтай байсан юм шиг ажиглагддаг.1990-ээд оноос хойш Монголын үндэсний сонгодог урлаг буюу урлаг язгуур урлаг хөгжих таатай орчин бүрдсэн. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас ихээхэн дэмжээд жил бүр язгуур урлагийн наадам хийдэг. Одоо манай этно хамтлагууд дэлхийн хаана ч очсон хүлээн зөвшөөрөгдөж гранпри шагналыг нь авч байна.
-Томоохон кино бүтээлийн дуу нь хүртэл болсон байдаг?
-Дэлхийд хоёр л сонгодог урлаг байна.Нэг нь, Европын, нөгөө нь Монголын. Монголд л сонгодог уртын дуу, хөгжим, их найрал хөгжим байсан тухай судлаачид бичсэн байсныг би олж уншиж байлаа. Бид мартагдсан, бүдгэрсэн, баларч буй хөгжмийн зэмсэг, урлаг, түүх соёлоо сэргээх юм бол цаана нь их утга учир байгаа юм. Бусдаасаа ялгарч ондоошихоос гадна хэдэн мянган шад шүлэг, үлгэр домгийг цээжээр уншиж, тууль хэлбэрээр хайлдаг хүн асар их оюуны багтаамжтай болж байгаа юм.
Монголчууд хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхдээ багаас нь урлагийн авьяас олгож, өөрийн гэсэн хөгжмийн зэмсгээр дуулж хуурдуулж, тархиных нь бор гадаргыг тэлүүлж, эрдэм мэдлэг олгон, оюун ухааныг нь хөгжүүлдэг байсан. Одоо энэ бүхнийг сэргээх ажил явагдаж байгаа. Сэргээх тусам монголчууд бусад үндэстнээс ялгаатай гэдгээрээ бахархах, бусдаас илүү гэдгээрээ омогших зэрэг олон талын ач холбогдолтой.
-Барууны нэртэй аялагчдын Монгол Улсад аялж байх үеийн янз бүрийн дүрс, бичлэгүүд энд тэнд харагддаг. Тухайлбал, тууль хайлж байгаа, бөх барилдаж байгаа, хуурдаж буй болон соёл, зан үйлийг түлхүү харуулж үлдээсэн байгаа юм.
-Тийм. Марко Поло, Плано Карпини, Рашид-Ад Диний зохиол бүтээлүүд дээр байдаг л даа. Хааны ордонд л гэхэд 400-500 хүний ансамбль байдаг тухай өгүүлсэн байдаг.
Бас манай нэгэн нэрт эрдэмтэн, докторын бүтээлд монголчууд гэрийн буйрны хэлбэртэй, их найрал хөгжимтэй, удирдаач нь дунд зогсч байгаад тойрч дохидог байсан хэмээн бичсэн байх жишээтэй.
-Одоогийн симфони найрал хөгжим байх аа?
-Яг зөв. Симфони найрал хөгжим. Тэгэхээр манайх бол үнэхээр хосгүй авьяастай ард түмэн байсан ч гадна, дотны янз бүрийн нөлөөгөөр мартагдсан зүйл байгаа юм. Тухайлбал, Манжийн үед дайчин эрсийг бадраадаг байсан их хуурыг хориглож байсан. Цэрэг эрс хуурын аялгуу сонсоод их сэргэж, хэнд ч дийлдэшгүй сэтгэл, оюуны хүч авдаг байсан гэдэг. Одоо манай этно хамтлагууд НҮБ-ын Төв байр, Юнеско-д болон Японы эзэн хааны ордонд хөгжим тоглож байна шүү дээ. Энэ бол үндэстэн бүхэнд байдаг зүйл биш. Түүхийн ямар ч үед юу ямагт байсан гэхээр тууль байсан. Тууль хайлах буюу “Алтайн магтаал”-ыг л гэхэд Цагаан сарын шинийн нэгний өглөө хайлдаг. Үүнийг сонссон хүн Ганданд очиж ямар нэгэн засал ном хийлгэх хэрэггүй болдог гэдэг. Ямар ч номыг орлодог гэж байгаа юм.
Тиймээс мартагдах шахсан энэ биет бус соёлын өвийг тээгчид буюу туульчдыг хамгаалж, урамшуулах хэрэгтэй. Бид Сар шинийн өмнө тууль хайлуулдаг уламжлал тогтоосон. Мөн цуурын хамтлагийн санаалчилгыг дэмжих зэргээр энэ чиглэлд олон ажил хийсэн.
-Хамгийн том сэдвүүдийн нэг бол Монголын түүх. Сурах бичиг, эх сурвалж зохион бүтээх чиглэлд үе үеийн Ерөнхийлөгч нар анхаарч, идэвхтэй ажилласан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Монголын эртний 5 боть, Их түүхийн 6 боть гээд хоёр том эх сурвалжийг бүтээхэд гар бие оролцсон?
-Бид Төрийн тэргүүн, айлаар бол эцэгтэй болсноос хойш 26 жилд юу хийсэн талаар өдөр өдрөөр, сар сараар судлаад “Ерөнхийлөгчийн институцийн цаг тооны товчоон” гээд ном гаргасан юм. Тэгэхэд манай аль ч Ерөнхийлөгч Монголын түүхэнд анхаарч ирсэн байдаг. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгчийн хувьд эрдэмтдийн бичсэн номын өмнө оршил бичдэг байснаас илүү санаачилгатай, бүтээлч ажил хийсэн гэж боддог.Хүний түүх хэдий чинээ уртасч, төдий чинээ бүрэн бүтэн болно ирээдүйд тустай. Үүний төлөө ч ажилласан гэж бодож байна. Мөн эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор “Монголын эртний түүхийн 5 боть”, “Монголын их түүхийн 7 боть”-ийг хэвлэсэн.
Түүнчлэн Монголын түүх бол зөвхөн XIII зуун биш 2500-2600 жилээр урагшилж байгаа юм. Тухайбал, Хүннү, Сүннү, Уйгур, Кидан, Жужан, Монголын их гүрнээс эхлээд уруудсан, доройтсон үе гээд л үргэлжилнэ. Энэ бүх түүхийг үнэн болгох, бүтэн болгох ажил хийсэн. Яагаад үнэн, бүтэн болгох хэрэгтэй вэ гэхээр гадна, дотны явуулгаар Монголын түүхийг гуйвуулж, засварласан явдал байсан. Тиймээс бүрэн эхээр нь хэвлэх ажил хийгдсэн.“Монголын эртний түүхийн 7 боть”-ийг л гэхэд анх бичсэн эхийг кирилл бичгээр буулгасан. Мөн “Монголын эртний түүхийн 5 боть”-ийг МУИС-ийн түүхч эрмэдтэд оройлоод анх удаа хэвлэсэн. XIII зуунаас өмнөх эртний түүх гэж ойлгож болно. Ингэснээр манай Монголын түүх үнэн, бүтэн болж байгаа юм. Би яагаад үнэн, бүтэн гээд дахин дахин яриад байна вэ гэхээр түүхийн номыг харж байгаад XX зуун бол монголчуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон зуун л даа. Гэтэл энэ үеийн түүхийг бичихэд хүртэл эхлээд бодит түүх бичиж байгаад сүүлдээ үзэл суртлын ч юм уу янз бүрийн нөлөөнөөс болоод засвар орсон байгаа юм.
Тэр ч утгаараа “Монголын түүхийн 7 боть” дээр анх худам монгол бичгээр хэвлэгдсэн эхийг нь орчин цагийн кирилл рүү буулгаж хамт хэвлэсэн. Ямар ч маргаангүйгээр. Үүнийг бидний санаачлагыг дэмжээд манай түүхчид, эрдэмтэн судлаачид хийсэн. Түүхээ нэгдүгээрт уртасгасан. Хоёрдугаарт XX зууны түүхээ үнэн, бүтэн болгох тал дээр анхаарсан. Түүхийн тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Манай алтан ургийн их бичгийн хүн Инжинаш “Хөх судар” номондоо “Аливаа үндэстэн, аливаа хүн эх түүхээ үзэж судлахгүй бол эх хүн үрээ гээж, орхисонтой адил” гэж бичсэн байдаг. Түүхээ мэдэх нь одоо байгаа бэрхшээлийг даван туулах, ихийг бүтээх эрч хүч авдаг. Нөгөө талаараа ЗХУ задраад шинэ Бүгд найрамдах улсууд нь тусгаар тогтносон. Энэ улсууд түүхээ бичихийн тулд холион бантан, түүх гуйвуулсан зүйлүүдийг их бичиж байгаа. Манай их түүхийг, Зүүн гарын хаант улсын түүхийг өмчлөх санаатай ч юм шиг. Тэгэхээр бид түүхээ үнэн бүтэн, өргөн дэлгэр, зөв болгох нь үндсээ л хамгаалж байгаа юм. Түүхэнд ийм идэвхтэй оролцож, цаг хугацаа, хүчин чармайлт гаргана гэдэг бол цаанаа стратегийн, Монголын тусгаар тогтнолын дарлааг бэхжүүлж байгаа юм. Би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.
2015 онд эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиосон. Энэ хоёр дайнд Монгол Улс асар их хувь нэмэр оруулсан. Бусад улс үндэстэнтэй харьцуулах юм бол нэг хүн ногдох ачааллын хувьд хамгийн их ачаа үүрсэн ард түмэн бол монголчууд. Ганцхан жишээ хэлье. Тухайн үед манай хүн ам нэг сая хүрэхгүй байсан. Тэгэхэд дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид 500 мянган акт морь, 500 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг. Тэр үед дэлхийн хамгийн том хүчирхэг эдийн засагтай байсан АНУ лентилистпрограммаар хөтөлбөрийн дагуу 600 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн өгсөн байдаг юм. Тэгэхэд тэр гүрэнтэй харьцуулах хэмжээний тусламж өгчээ. Гэтэл Монголд өлсгөлөн, зуд болж байсан. Энэ бахархалтай түүхийг бид сайн мэддэггүй. Дэлхийн II дайнд Улаан армид тусалсан тухай түүхийн архивын материал дээр тулгуурласан гэрэл зургийн архив, цомог хийгээд ОХУ-ын ерөнхийлөгч Путинд бэлэглэхэд ихэд хүндэтгэлтэй хүлээж авч байсан. Мөн сонирхолтой нэг түүх хэлэхэд, чөлөөлөх дайны тухай бид ч бага мэддэг, одоогийн Хятадын ард түмэн ч мэдээлэл багатай гэдэг нь харагдсан. Яагаад гэхээр 1945 онд Чан Кайши засгийн эрхэнд байсан. Тэр үед иргэний дайн явагдаж байсан. Ингээд 1949 онд Коммунист засаг тогтсон. 1945 онд болсон Чөлөөлөх дайнд Монголын 24 мянган цэрэг эрс хилийн дээс алхаж, зүүн хойд Хятад, Өвөрмонголыг чөлөөлсөн. Энэ түүхийн тухай, маршал Чойбалсангийн хэлсэн үг зэргийг манай түүхчид айгаад дутуу хэвлэдэг, хагас хэлдэг байсныг нь гэрэл зураг, архивын баримт бичиг, өвөрмонголын ахан дүүсээс манай монголчуудад хандаж байсан захидал, даалгавар зэрэг бүгдийг нь эмхтгээд цомог хийгээд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ынерөнхийлөгчСи Зиньпинд бэлэглэсэн. Тэр цомгийг авсны дараагаар баярт оролцсон манай төлөөлөгчдөд хандах хандлага нь өөр болсон. Тэр ч бүү хэл 70 жилийн ой өнгөрсний дараа Си Зиньпин Ерөнхийлөгч захирамж гаргаад Монголын таван хүнийг Хятадын одонгоор шагнасан. Би энэ бүгдийг яагаад хэлж байна гэхээр түүхийг сэргээгээд үнэн зөв болгох юм бол хоёр хөрштэйгөө дэлхий дахинд хүн амын хувьд монголчууд цөөхөн боловч дэлхий дахинд энх амгалан байдлыг тогтоохын тулдямар их хувь нэмэр оруулсан юм бэ гэдгийг мэдүүлэх. Нөгөө талаасаа одоо цагийн залуучууд манай ахмад үе ямар их бахархмаар түүх, зовлон дундуур туулж өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм бэ гэдгийг мэдэх юм бол ахмад үеэ хүндэтгэх өнөө маргаашийн бэрхшээлийг даван туулах цаашаа тусгаар тогтнолоо хамгаалах улс орноо хөгжүүлэх эрч хүч ундарга авна гэж үзээд байгаа. Би тэр хоёр ботийг энхийг сахиулагч залууд өгсөн. Тэрээр Сьерра Леон, Өмнөд Суданд энхийг сахиулсан хүн. Түүнээс энэ ажиллагаанд явснаар юу сурсан бэ гэхээр тэрээр миний үзэл бодол бүрэн өөрчлөгдсөн гэсэн. “Юуны үзэл бодол” гэхэд “Эх орныхоо талаархи” гэсэн. Энхийг сахиулах ажиллагаанд явахынхаа өмнө эх орныхоо талаар баахан шүүмжилдэг байсан гэсэн.Тэнд алба хааж ирснээсээ хойш Монгол эх орноо муулсанхүнийгшанаадаад авмаар болдог гэж тэр монгол залуу надад хэлсэн. Яагаад гэхээр тэрээр Монгол чинь ямар сайхан орон юм бэ, бараг үлгэрийн юм шиг, хэний ч мөрөөдмөөр тийм байгальтай, өргөн уудам гээд л. Өнөөдрийн бэрхшээл бол байна утаа, замын түгжрэл гээд. Гэтэл өнөөдрийн асуудал бусад оронд зовж байгаа үндэстэй харьцуулах юм бол ямар азтай, тусгаар тогтносон улс гэдэг чинь тайван байна гэдэг ямар гоё юм бэ гэж ярьсан. Тайван байхаас гадна туурга тусгаар байна гэдэг чинь чухал шүү дээ. Ийм цөөхөн хүнтэй, энэ том хоёр гүрний дунд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн шүү дээ. Энэ тусгаар тогтнолоозөвшөөрүүлэхэд дэлхийн чөлөөлөх дайн, II дайнд өгсөн дэмжлэг тусламжийн төлөөс шүү дээ. Мэдээж дипломат үйл ажиллагаа байсан. Үүнийг зүгээр л нэг сайн санаатай хүн өгөөгүй. Бид хөлс хүч, газар нутаг, мал сүрэг, хүнийхээ амиар өнөөгийн энх тайван хилийг тогтоосон. Олон жил хэлэлцээр хийсэн. ДэлхийнII дайны дараа л хойд, урд хоёр хөрш дипломат харилцааг Элчин сайдын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Түүнээс өмнө бол манайд бол Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг хүмүүс л суудаг байсан. Бид үнэн түүхээ мэдээд эхлэхээр “Аан ийм байсан юм байна” гэж хандаж байгаа. Түүнээс биш манай зарим залуус 1911, 1921 онд л бүх юм сайхан болчихсон юм шиг боддог. Тийм биш. Тэр үед бол эхлээд явсаар байгаад 1990 онд л бид бүрэн эрхт улс болж чадсан. Хүний эрхээр жаргадаг биш өөрийн эрхээр зовдог улс болсон. Энэ замыг туулахад ямар бэрхшээл байсан юм бэ гэдгийг орчин цагийн ХХ зууны түүхийг дахин хэвлүүлж гаргаад байгаа нь олон талын ач холбогдолтой байгаа юм.
-Олон талын сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны судалгаа, улс төрийн ажилд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ