Ука: Би Монголоороо гайхуулах эрхгүй юу?
-Зарим хүмүүс намайг “Монгол төрхтэй биш мөртлөө монгол хатны хувцас өмссөн” гэж шүүмжилсэнд эмзэглэсэн. Би одоо яах ёстой юм бэ. Би ийм л царай зүстэй монгол хүн. Тэглээ гээд би монгол үндэснийхээ хувцас өмсөж, Монголоороо гайхуулах эрхгүй юу-
“Киви” хамтлагийн дуучин Укагийн сүүлийн үеийн уран бүтээлүүд Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрхийг бий болгосон. Тэрбээр тун удахгүй амаржих гэж байгаа ч аль хэдийнээ дөрөв дэх цомгийн ажилдаа оржээ. Ингээд содон өнгө төрхөөрөө үргэлж олныг гайхашруулж, шинэлэг уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барьдаг дуучин бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийн бие даасан гурав дахь “Хөг-Жим” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байн. Шинэ цомогтоо хуучны монгол киноны дуунуудыг сэргээж дуулсан нь өвөрмөц санагдсан шүү?
-Миний хувьд гурав дахь бие даасан цомгоо яаж гаргах талаар маш удаан бодсон. Шинэ цомог гаргахдаа өөртөө ахадсан ч гэмээр том сэдвийг сонгож авсан л даа. “Хөг-Жим” цомогт хөгжмийн зохиолч, продюсер, миний хамгийн хүндэтгэж явдаг найз.Одбаяртайгаа хамтарч ажилласан. Оки маань цомгийн хөгжмийн судалгаан дээр ажилладаг хүн. Энэ чиглэлээрээ багш нараасаа өндөр үнэлгээг авсан юм билээ. Монголын анхны классик хөгжмийн зохиолуудыг сэргээн шинэчлэн дуулсан маань монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон ч гэлээ мартагдаж үлдсэн аялгууг орчин үеийн залууст хөгжмийн шинэ хэлээр хүргэхийг зорьсон. Зарим хүмүүс “Хуучин дуу дуулаад байна” гэж шүүмжилсэн байна лээ. Үгүй ээ, шинэ цомогт багтсан бүх дууг шинээр зохиосон. Хуучны хөгжмийн тэр дуугаралт нь хэвээрээ ч үг, ая, дуу нь цоо шинэ. Олон түмний сэтгэлд хоногшсон хуучны аялгууг дахин шинэ дуу болгон зохионо гэдэг оюуны маш том бүтээл гэж боддог. Хүмүүст энэ удаагийн цомгоо танилцуулахад нэлээд хугацаа хэрэгтэй юм шиг байна. Миний хувьд “Хөг-Жим” цомгоо маш сайн судалж хийсэн.
-“Хэнтийн өндөр ууланд” хөгжмийн зохиолоос “Уул”, “Алтан өргөө” киноноос “Хайр хөгжим юм уу”, “Энэ хүүхнүүд үү” киноноос “Энэ хүүхнүүд үү” дуугаа сэдэвлэн бүтээсэн байсан. Энэ бүх хуучны киноны сэргээн дуулахдаа зохиогчийн эрхийг авсан уу?
-Мэдээж, бид хууль ёсны бүх арга хэмжээг авсан. Залуус нэг сонсоод өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа нь харамсалтай. Аливаа зүйлийг шүүмжлэх их амархан. Харин тэрийг бодож олоод хийхэд маш хэцүү байдаг шүү дээ. Яваандаа шинэ цомогийг минь залуус илүү сонирхон сонсч, ойлгох байх. Гэхдээ хөгжим судалдаг, сонирхдог залуус үнэхээр гоё хүлээж авсан. Миний хэлэхийг хүссэн бүх зүйлийг өөрсдөө бодож олоод, сонсож байгаад их баяртай байгаа. Мөн ийм мундаг боловсон хүчнийг Монголд бэлтгэж өгсөн Окигийн багш нарт баярлалаа гэж хэлмээр байна. Оки маань одоо АНУ-ын Бостон хотын Хөгжмийн их сургуульд суралцаж байгаа. Би “Хөг-Жим” цомогтоо өөрийн урлагийн ертөнцөд сурсан, таньсан, мэдсэн өнцгөөсөө л ажилласан.
-Дуучин Ука хэв маягаа үргэлж өөрчилж, шинэ дүр төрхийг бий болгож байдаг. Уран бүтээлийн хувьд ч олны анхаарлын төвд байж, хүлээлт үүсгэсээр л байна?
-Сүүлийн үед хийж буй уран бүтээлүүд маань миний олон жил хийхийг хүссэн хүсэл мөрөөдөл. Тийм учраас би их сэтгэл хангалуун байна. Би аль болох мартагдсан зүйлийг сөхөхийг хүсэж байна. Өдөр бүр надад амжилт хүсэж, урмын үг хайрладаг сонсогч бий. Энэ бүхэн надад уран бүтээл хийх хүслийг минь хөглөж өгдөг. Тэр бүх сайхан энергиэр өөрийгөө тэтгэдэг. Хүмүүс дууг маань анхааралтай сонсож байгаа болохоор би энэ үед л хамгийн их ажиллах ёстой байх.
-Тэгээд л эрч хүчтэйгээр та дөрөв дэх цомгийн ажилдаа оржээ?
-Тийм ээ. Өөрийн бие даасан дөрөв дэх цомгийн ажилдаа орсон. Дөрөв дэх цомгийн эхний дуугаа “Эрх чөлөө” нэртэйгээр цацах гэж байгаа. Хаврын улиралд яг тохирсон хөгжмийн хэмнэл болно гэдэгт итгэлтэй байна. Үүнд манай баг хамт олны хүчин зүтгэл их чухал. Би “Хайр хөгжим юм уу?” дууныхаа клипийг дүрсжүүлэхээр “Лемон” студийн хамт олонг сонгосон. Яагаад гэвэл 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тус хамт олон түүхэн уран бүтээлд маш сайн судалгаатай ажилладаг. Зургийн дарга Шарга, Тэгшээ ах нар маань клипний хувцасны зургийг гаргаж, Ариунаа Сүри дизайнераар клипний дээлээ урлуулсан. Мөн клипний шийдлийг графит Онон гэх бүсгүй нагтан зургийн аргаар дүрсжүүлсэн нь их таалагдсан.
Мөн ирэх есдүгээр сард хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Би өнгөрсөн есдүгээр сард анхны тоглолтоо хийсэн.
-Шинэ цомгийнхоо дуунуудад монгол дээлээ өмссөн нь их гоё санагдсан. Монгол үндэсний хувцасаа уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа чинь таалагдсан шүү?
-Баярлалаа. Гэхдээ зарим хүмүүс намайг “Монгол төрхтэй биш мөртлөө монгол хатны хувцас өмссөн” гэж шүүмжилсэнд эмзэглэсэн. Би одоо яах ёстой юм бэ. Би ийм л царай зүстэй монгол хүн. Тэглээ гээд би монгол үндэснийхээ хувцас өмсөж, Монголоороо гайхуулах эрхгүй юу. Бие давхар байгаа болоод ч тэрүү шүүмжлэлийг их эмзэг хүлээж авсан л даа. Ер нь ямар ч хүнийг гадна төрхөөр нь ялгаварлан гадуурхах нь муухай явдал.
-Дуучин Укагийн хөрөг Австралийн Мелбурн хотын гудамжийг чимэх болсон талаар шуугиж байна. Энэ мэдээг анх яаж дуулав?
-Графитчин Хиско зургаа зурсны дараа надад зургийг маань явуулсан. Мөн өөрийн инстаграм дээр бүтээлээ тавьсан байсан. Надад үнэхээр гоё санагдсан. Би бага залуу байхдаа миний хийж бүтээсэн зүйл хаа нэгтээ дурсагдаасай, олон хүнд түгээсэй гэж л хүсдэг байсан. Энэ хүслийг маань Австралид суралцдаг графитчин Хиско гэдэг залуу биелүүлж өглөө. Надад үнэхээр гайхалтай сайхан санагдсан шүү.
-Тэр гудамжинд очиж үзэх юмсан гэсэн бодол төрөв үү?
-Тийм бодол төрсөн шүү.
-“Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу цацагдсанаас хойш “Ука” стиль хаа сайгүй дэлгэрсэн. Анх тэрлэгэн дээлтэй дуулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Миний хувьд хийж буй ажлуудаа бодож, төлөвлөөд хамтарч ажиллах хүмүүстэйгээ ярилцаж байж шийддэг. “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууны хувьд наадмын цаг үе таарсан юм. Өмнө нь гоё ганган хатанлаг дээлтэй дуучид зөндөө гарч байсан. Ялангуяа зохиолын дуучид их гоё дээл өмсдөг шүү дээ. Миний хувьд хотын лагерь болон сумын төвд байгаа тэрлэгтэй эмэгтэйчүүдийн дүр төрхийг харуулахыг зорьсон. Монголдоо төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үдэ, гадаад оронд амьдарч буй монголчууд аливаа урлаг соёлын арга хэмжээндээ энэ стиль имижийг бүрдүүлдэг болсон байна. Их гэнэтийн л зүйл болсон.
-Зарим сонсогчид “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг шинэ цомогт орсон гэж ойлгоод байх шиг байна. Шинэхэн “Хөг-Жим” цомогт орсон дуунуудаа танилцуулаач?
-“Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу миний 11.06 цомогт багтсан. Харин шинэхэн “Хөг-Жим” цомогт маань “Уул”, “Хайр хөгжим юм уу”, “Энэ хүүхнүүд үү”, “Чи тэр би”, “Би чамд хайртай” зэрэг дуунууд багтсан байгаа. Би хөгжмийн найруулга дээрээ хөгжимчдийг тоглуулахаас эхлээд л шинэ цомогт өмнө хийж байсан цомгуудаасаа илүү их хөрөнгө зарцуулсан. Мөн ерөнхий ивээн тэтгэгч “Гоёо” брэнд, “МС” дистрибюшины “Huggies” живхний хамт олонд талархмаар байна. Би “Гоёо” брэндээр гоёх дуртай. Хүүхдэдээ байнга “Huggies” живх хэрэглэдэг. Тийм учраас ч худалдаа хийх журмаар эдгээр ивээн тэтгэгчидтэйгээ холбогдож, хамтран ажилласан байгаа.
-Одоо хэчнээн дээлтэй вэ?
-Залуудаа монгол дээл өмсдөггүй байсан. Одоо бол их олон дээлтэй болсон л доо.
ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРААР Л ДУТААХГҮЙ ЮМСАН ГЭЖ БОДДОГ
-Танайх хоёр дахь хүүхдээ хэзээ өлгийдөн авах вэ?
-Энэ нууц./инээв/ Энэ талаар яриад хэрэггүй байх.
-Зарим эмэгтэй дуучдын хувьд ээж болоод уран бүтээлийн ажлаасаа хөндийрдөг. Харин дуучин Ука ээж болсноосоо хойш уран бүтээлээ улам эрч хүчтэйгээр хийх болсон. Ганц бие Ука, ээж Ука хоёрын ялгаа юу байна?
-Би ээж болсноор илүү их эрч хүчтэй, хариуцлагатай болсон юм шиг санагддаг. Гэр бүл, уран бүтээлээ авч явахад цагаа зөв зүйтэй зарцуулах нь хамгийн чухал болсон. Зөв цагийн хуваарьтайгаар ажиллаж чадвал хүн бүр амжилт гаргаж чадна. Хүн бүх зүйлийг хослуулж, ажиллуулж сурах ёстой нас юм билээ. Тэгэхээр энэ бүгдийг орхигдуулахгүй, аз жаргалтайгаар амьдрах хэрэгтэй. Ер нь цагийн хуваариа маш сайн зохицуулж чадвал хүн бүр энэ бүхнийг амжуулж чадна гэж боддог. Ээж маань биднийг гэдсэнд байхад ажилласаар ирсэн. Хүүхдүүдээ төрүүлчихээд ажилласаар ирсэн. Ер нь ээжийн тэр их эрч хүч надад өвлөгдсөн биз.
-Одоо хүү нь хэдэн настай билээ?
-Хүү маань хоёр нас дөрвөн сар хүрэх гэж байна. Одоо дүүтэй болно гэдгээ мэдээд л байна. Ээжийнхээ гэдсийг дандаа үнсдэг. Анх хүүгээ төрүүлээд нөхөр бид хоёр хүүгээсээ зургаан сар холдоогүй. /Инээв/
-Таныг Англид хүүгээ төрүүлсэн гэж дуулсан. Бүр Английн Хатан хааны нэрэмжит эмнэлэгт төрсөн гэл үү?
-Тийм. Английн хатан хааны нэрэмжит эмнэлэгт хүүгээ төрүүлсэн. Тэр үед манай нөхөр Англид доктор хамгаалах ёстой байсан учраас би тэнд амаржиж таарсан юм. Хэдий гадаад оронд хүүгээ төрүүлсэн ч ээж, аавтайгаа утсаар яриад хэцүү санагдаагүй ээ. Би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж боддог. Манайх зургаан хүүхэдтэй айл. Ээж, аав биднийг юугаа ч дутаахгүй өсгөсөн.
-Таны хувьд үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэхийг хүсдэг вэ?
-Хүүгээ яг аав шигээ хүн болоосой гэж хүсдэг. Би хүүгээ “ингэ”, “тэг” гэж шахахыг хүсдэггүй. Ер нь хүн гэдэг амьтныг хайраар л дутааж болохгүй. Хүн хайр халамжаар дутаад ирэхээр уурлаж, уцаарлана, юманд сонирхолгүй болно. Харин хайраар тэтгэгдээд ирэхээр хүн аливаад сонирхолтой, эрч хүчтэй, сайн сайхан руу тэмүүлдэг болдог гэж боддог. Ялангуяа урлагт хөл тавьснаас хойш хайрын мэдрэмжийг илүү их олон давтамжтайгаар авахыг хүсдэг болсон. Ер нь гудамжинд явж байхад “Сайн байна уу” гээд инээмсэглэх инь хүртэл хайр шиг санагддаг. Тийм учраас аливаа хүнийг хайрлавал хамгийн зөв хүмүүжил. Миний хувьд хүүхдүүдээ хайраар л дутаахгүй юмсан гэж боддог.
-Та хүүгээ аав шигээ хүн болоосой гэж хүсдэг гэлээ. Бидэнд нөхрийнхөө талаар танилцуулаач?
-Хувийн амьдрал хувийнхаараа л байх ёстой. Хүмүүст танилцуулах ямар ч шаардлага байхгүй байх гэж бодож байна.
-Таны хувьд хүүгээ хөхөөрөө хооллодог гэж дуулсан. Төрсний дараа хоолны дэглэм барьж байв уу. Биеийн жингээ хэрхэн хассан бэ?
-Бусад ээжүүдийн жишгээр л аль болох зөв хооллож, зөв амралт цагаа зохицуулдаг. Би ажлаас хойш суух дургүй. Орчин цагт техник технологи сайн хөгжсөн болохоор хүүхдийн маань биеийн байдал сайн байгаа. Жирэмсэн учраас фитнест өмнө хийдэг байсан дасгалынхаа жинг нь хасаад л хийдэг. Жин нэмээд ирвэл хоол хүнснийхээ нүүрс усыг хасна. Ер нь хүн өөрийнхөө бие махбодыг хамгийн сайн судлах хэрэгтэй. Тэрнээс биш Доржоо, Дулмаагийн идэж байгаа хоол надад тохирохгүй шүү дээ.
-Жирэмсэн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд маш эмзэг, мэдрэмтгий болдог. Таны зүгээс жирэмсэн ээжүүддээ хандан ямар зөвлөгөө вэ?
-Жирэмсэн эмэгтэйг хамгийн ихээр хайрлан хүндэтгэж, дээдлээрэй гэж хэлмээр санагддаг./инээв/ Тэр л үед нь аавууд маань сайн хайрлан халамжилж, байнга сэтгэл санааг нь өндөрт байлгаж байгаарай. Учир нь жирэмсэн үедээ эмэгтэй хүн байж болох хамгийн дээд мэдрэмжээрээ эмзэг, мэдрэмтгий бүх зүйлийг өөр дээрээ тусгадаг болсон байдаг. Гэхдээ тийм байлаа гээд жирэмсэн ээжүүд маань тэр бүгдийг эмзгээр хүлээж авах хэрэггүй. Ирээдүйн ээж болох гэж байгаа учраас өөрийгөө илүү сайн судалж, таньж мэдэх хэрэгтэй. Жирэмсэн ээжүүдэд зориулсан гарын авлага, ном, сонин сайн уншиж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
-Саяхан хамтлагийн гишүүн Ц.Намуунаа бас ээж болсон. Киви хамтлагаараа уулзах зав гарч байна уу?
-Ц.Намуунаа маань саяхан амаржиж, хөөрхөн охинтой болсон. Бид хамтлагийнхаа цомгийн ажилдаа орчихсон байгаа. Ц.Намуунаагийн дараа намайг ажилд орохыг бс хүлээх байх. Тэгээд хамтлагийн шинэ цомгийн ажлаа үргэлжлүүлэх байх. Мэдээж хамтлагийн маань охид чаддаг бүхий л сайн сайхан зүйлсээ бие биетэйгээ хуваалцана. Бие биеэ халамжилна.
-Продюсер Б.Ангирмааг “Төмөр хатагтай” гэцгээдэг. “Киви” хамтлагийн охид одоо ээж болсон болохоор багшийн чинь шаардлага зөөлөрсөн үү?
-Продюссер маань ажлын шаардлага өндөртэй, ажлаа маш сайн хийдэг эмэгтэй. Мэдээж бидний хувийн амьдралыг дэмжинэ. Маш хариуцлага өндөртэй эмэгтэй. Ажлыг ягштал хийнэ. Багш маань бидэнд үргэлж сайн сайхныг хүсдэг. Хүүхдүүдэд маань хайртай. Бас хүүхдүүдийн маань эмээ нь шүү дээ.
А.ЦЭЭСҮРЭН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ