С.Баяр: Манай охин долоон байртай биш арав гаруй байр эргэлтэнд оруулсан
Английн Лондон хотод Монгол Улсыг төлөөлөн суугаа Бүрэн эрх Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн монголчууд тус хотын Консулын газрын гадна жагсаал хийж буй. Үүнтэй холбогдуулан өчигдөр Элчин сайд С.Баяр Лондонгийн цагаар 22.00 цагт мэдээлэл хийж, иргэдтэй уулзжээ.
Тэрээр мэдээллийн эхэнд “Жагсаал хийсэн иргэдийг хүлээн авч уулзахыг хүссэн. Гэтэл тэд хүлээж аваагүй. Ямар учиртай жагсаал юм. Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр томилсон учраас тэд асуудлыг шийднэ. Би шийдэхгүй. Лондонгийн гудамжинд жагсаад асуудал шийдэгдэхгүй. Төрийн томилгоог Лондончууд ч шийдэгдэхгүй. Энүүгээр явж байгаа хүмүүс ч мэдэхгүй. Төр шийдэх байх. Би томилгоо авсан хүн асуудал тавих эрхтэй. Асуудлын дагуу хариу өгөөч гэсэн санал тавьсан. Дөрөвдүгээр сард болох арга хэмжээнээс өмнө асуудлыг шийдмээр байна. Миний буруу гэдэг нь батлагдаж байгаа бол Монгол-Английн харилцааг муутгаж болохгүй. Намайг эргүүлэн татаж болно. Хэдий би улс төрд олон жил болж байгаа ч доромжлол, гүтгэлэгт дасна гэж байхгүй л дээ. Дурын амьтанд гүтгүүлээд сууж байх сонирхол надад алга” гэв.
-Элчин сайдын уулзалтын БИЧЛЭГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ-
Мөн Элчин сайд С.Баяр 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн МАН-ын харъялалаас гарч, төрийн албан хаагч болсноо хэллээ. Түүнчлэн зарим иргэд С.Баярыг Ерөнхий сайд байхдаа “Оюу Толгой”-н гэрээ байгуулахдаа авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн эсэргүүцдэг. Тэгвэл тэрээр энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 2015 оны тавдугаар сард С.Баярыг АТГ-аас шалгаж,хууль зөрчөөгүй гэдэг тогтоол гаргажээ.Тус тогтоолд “Хууль зөрчсөн, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан үйлдэл тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлгүй байна” гэж дурдсаныг тэрээр онцоллоо.
Үүнээс гадна С.Баяр АНУ-д долоон тансаг хаустай гэх асуудалд анх удаа тайлбар хийв. Түүний хэлснээр С.Баярын төрсөн охин тус улсад үл хөдлөхийн бизнес эрхэлж, 2003 оноос хойш арав гаруй хаус худалдан авч, зарж, борлуулан эргэлтэнд оруулсан аж. Одоо ч тэр бизнесээ эрхэлдэг юм байна.
Харин энэ яриа зарим иргэдэд таалагдсангүй бололтой. Эсэргүүцсэн сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
-С.Баярын охиных нь эзэмшлийн хаусны зураг-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ