Э.Оюунтуяа: Халуун тогоондоо тавиур хийснээс хойш айдсаас салсан
Халуун тогоонд унаж, ус буцалгагч татаж түлэгдсэн хүүхэд амиа алдлаа гэх мэдээлэл байдаг л зүйл мэт хөвөрч, өдөртөө хэд хэдэн тохиолдол бүртгэгддэг болоод удаж буй. Зөвхөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт өдөрт 10-15 хүүхэд яг ийм шалтгаанаар осолдон очиж байна.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад, уржигдар буюу энэ сарын 21-нд халуун тогоонд түлэгдсэний улмаас ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлэгдэж байсан Баянзүрх дүүргийн 11-р хороонд оршин суух 1.7 настай эрэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Тэнд хэвтэн эмчлүүлж буй зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэргийг татсан, дээр нь унаснаас болж түлэгджээ. Энэ мэт ахуйн ослын дийлэнх буюу 80 орчим хувь халуун тогооноос үүдэлтэй гэсэн харамсалтай тоон судалгаа ч гарсан.
Айл болгонд шахуу байдаг, Хятадаас орж ирсэн, цахилгаанаар ажилладаг халуун тогоо гээч зүйл бяцхан жаалуудад ямар аюул тарьж байгааг та бид бэлхэнээ мэдэх ч үүнээс яагаад сэрэмжлэхгүй байсаар байна вэ. Бид эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэнгээ санаа өгөх зорилгоор хүүхдээ халуун тогоо, ус буцалгагчаас хамгаалах тавиур хийсэн нэгэн айлын эзэгтэйтэй ярилцсанаа хүргэж байна.
-АЙЛ БҮР ХАЛУУН ТОГООГОО ХАМЖААРГАТАЙ БАЙЛГААСАЙ-
-Халуун тогооноос хүүхдээ хамгаалсан танд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ тавиурыг хэзээ хийсэн бэ?
-Манайх Өмнөговь аймагт байдаг. Өнгөрсөн 9, 10-р сард телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдүүд халуун тогооноос болж түлэгдэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирлоо, үр хүүхдүүдээ халуун тогооноос хол байлгаач гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл маш их гарсан. Тэр үед манай хүү яг л хөдөлгөөнд орох гээд байж байсан юм. Тэгээд нөхөр маань “Хүү маань яг л энэ халуун тогоог татчих гээд байна” гээд хүүгээ хамгаалах гэж энэ тавиурыг хийсэн. Тавиур хийснээр хүүгээ халуун тогоо, ус буцалгагч татчих вий дээ, уначих вий дээ гэх айдсаас салсан. Хүү маань одоо хоёр ой гарч байгаа. Тухайн үед ой долоон сартай байсан. Өдөр ирэх тусам л хөдөлгөөнд ороод, газар тавьчихаар янз бүрийн юм татаж чангаагаад эхэлсэн л дээ. Тэгээд л ийм тавиур хийх санаа төрсөн.
-Танай нөхөр модоор юм хийдэг юм уу?
-Үгүй ээ. Зүгээр л гэрт байсан аар саар мод ашиглаад, нэг их цаг зав зарцуулахгүйгээр хийчихсэн. Нэг дороо суугаад хийчих юм бол гурван цаг ч хүрэхгүй дээ. Нэг их гарын ур дүй шаардаад байх юм байхгүй юм билээ. Гуравхан цаг зарцуулаад хийсэн энэ зүйлээрээ хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадаж байгаадаа баяртай байгаа. Орон сууц, байшинд амьдардаг хүмүүсийн хувьд гайгүй байдаг байх. Монгол гэрт амьдардаг, хүүхэдтэй айлуудын хувьд халуун тогоо, ус буцалгагч байнга ил, хүүхдэд ойр байж байдаг маш эрсдэлтэй. Айл бүр ингээд ямар нэг байдлаар халуун тогоо, ус буцалгагчаа хамжааргатай тавьдаг, хэрэглэдэг болчихвол өдөр бүр шахам хүүхэд түлэгдлээ, амиа алдлаа гэх аймшигт мэдээлэл дахиж гарахгүй байх гэж бодож байна.
-ХҮҮ МИНЬ АЮУЛГҮЙ ОРЧИНД ӨСЧ, БОЙЖИЖ БАЙНА-
-Хүүхэд хүрэх ямар ч боломжгүй биз дээ?
-Залгуур зэргийг дотор нь суурилуулаад өгсөн. Ус буцалгагчаа хүртэл дотор нь хийдэг болсон. Наад талдаа бариул байхгүй. Хүүхэд татаж чангаах ямар ч боломжгүй. Дотроосоо соронзоор татагддаг байдлаар хийсэн. Манайд ах дүү нарын зөндөө хүүхдүүд ирж тоглодог. Санаа зовох зүйлгүй амар л байна. Аюулгүй орчинд хүү минь өсч бойжиж байна.
-Та ямар ажил эрхэлдэг вэ?
-Би цэцэрлэгийн багш хийдэг. Сургуулиа төгсөөд 3-4 жил ажиллаж байна. Би ой гарантайгаас дээш насны хүүхдүүдтэй ажиллладаг. Манай хүүхдүүд дундаас нэг хүүхэд түлэгдсэн. Гэхдээ цахилгаан тогооноос болоогүй. Өөр халуун зүйлд түлэгдсэн байсан. Эцэг эхчүүддээ үр хүүхдийнхээ ирээдүйн амьдрал, эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд жаахан цаг зав, сэтгэл гаргахад болохгүй, бүтэхгүй зүйл байдаггүй юм шүү гэж хэлмээр байна. Үр хүүхдээ хамгаалахад гарын ур дүй биш сэтгэл байхад л болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ