О.Алтансүх: Мориноос унасан хүү хоёр удаа хагалгаанд орсон ч тэссэнгүй
Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд нэгэн буддын сүмийн "Майдар эргэх ёслол" гэх шашны зан үйл болсон байна. Үүнийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан зохион байгуулах үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, улмаар амиа алдсан байна.Бид энэ асуудлаарГэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүхээс дараах зүйлсийг тодрууллаа.
-ХҮҮГИЙН ТАРХИ НЬ БЯЦАРСАН БАЙСАН ЮМ БИЛЭЭ-
-Зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсанаас болж хүүхэд амиа алдсан байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Ховд аймгийн Дөргөн суманд “Амар-Амгаланг эрэлхийлэгч майдар хийд” гэж хийд байдаг юм байна. Тэр хийдээс “Майдар эргэх ёслол” гэж жил бүр хийдэг арга хэмжээгээ зохион байгуулсан байгаа юм. Энэ үеэр нутгийн иргэд зөвшөөрөлгүйгээр морины уралдаан зохион байгуулсан. Албан ёсны зөвшөөрөлтэй уралдаан байгаагүй. Ямар нэгэн уралдаан зохион байгуулах захиргааны байгууллагын захирамж гараагүй байсан. Энэ үеэр гурван насны морьд уралдуулсанаас соёолон насны морь унаж байсан хүүхэд ийн харамсалтайгаар амиа алдлаа.
-Хүүхэд уралдаж байх явцдаа мориноос унасан уу?
-Тухайн хүүхэд яг уралдааны явцад мориноос унаж амиа алдаагүй юм билээ. Харин морь гарааны төхөөрөмжид толгойгоо цохиулаад улмаар мориноосоо унаж бэртсэн юм байна. Хүүхдийг бэртэнгүүт тус сумын яаралтай тусламжийнхан аваад шууд аймгийн төв рүүгээ явсан байгаа юм. Тэгээд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэх үедээ л манай Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт мэдэгдсэн. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газарт мэдэгдээгүй учраасямар нэгэн байдлаар уралдаан болохоос өмнөх хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудалд хяналт тавих боломж байсангүй.
-Хүүхэд эмнэлэгт хүргэгдээд шууд амиа алдсан уу?
-Хүүхэд эмнэлэгт очоод хоёр удаа хагалгаанд орсон. Тархины бяцралттай гэсэн оноштой байсан учраас ямар ч найдваргүй гэдгийг эмч нар нь хэлж байсан. Ингээд хоёр хагалгаа хийсэн ч нэмэр болохгүй, ухаан орохгүй байсаар амиа алдсан харамсалтай явдал боллоо. Бид энэ уралдааныг ямар ч зөвшөөрөлгүй зохион байгуулсанаас болж хүүхэд гэмтсэн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандчихаад байсан. Гэтэл хүүхэд амиа алдсан учраас өчигдөрөөс эрүүгийн хэрэг үүсгээд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ уралдааныг зохион байгуулсан, оролцсон хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээнэ.
-ААВ ЭЭЖ НЬ ШОКОНД ОРСОН БАЙДАЛТАЙ БАЙГАА-
Сумын удирдлагууд энэ уралдааныг зохион байгуулахад оролцсон уу?
Сумын удирдлагууд яг уралдаан болдог өдрийнхөө өглөө мэдсэн байна. Дөргөн сумын засаг дарга н.Заяа гэдэг хүнтэй холбогдож асуухад “Өвлийн уралдааныг хориглосон шүүхийн шийдвэр гарчихсан байгаа учраас морин уралдаан зохион байгуулахгүй байх гэсэн бодолтой байж байтал гэнэт өглөө нь уралдаан эхэлсэн. Тиймээс сумын цагдаа, эмнэлэг, нийгмийн ажилтнууддаа үүрэг чиглэл өгөөд гаргасан” гэсэн тайлбар хийж байгаа.
-Ар гэрийнхэн нь хүүхдээ уралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн байсан юм болов уу?
-Би Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогтой утсаар ярьсан. Түүний ярьж байгаагаар хүүхдийн эцэг эх шоконд орсон байдалтай, хүмүүстэй ярилцах тэнхээ ч үгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Мэдээж үр хүүхдээ алдсан хүмүүс гомдолтой байгаа нь мэдээж. Хүүхдийг морь унуулахдаа өвөө эмээгээс нь зөвшөөрөл аваад унуулчихсан гэх зүйл яригдаад байна. Аймгийн засаг даргын тамгын газраас бас ажлын хэсэг, комисс гараад ажиллаж байгаа юм байна. Мөрдөн байцаалтаар бүх зүйл тодорхой болох байх гэж найдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ