Х.Баттулга охиноо, Б.Жаргалсайхан дүүгээ сойж байна

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун Сонгинохайрхан дүүргийг төлөөлөхөөр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшжээ-

УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлаа эхлүүлээд байгаа. Энэ дундаа Үндэсний зөвлөлдөх хороо буюу намын үндсэн бодлогыг чиглүүлдэг, чухал шийдвэр гаргадаг 228 гишүүнийхээ тоог нэмэгдүүлж 380 болгохоор болсон. Үндэсний зөвлөлдөх хороо нэрээ ч өөрчилж Үндэсний бодлогын хороо нэртэй болж байгаа. УИХ-аас болоод намын дээд түвшинд шууд сонгодог байсан ҮЗХ-ны гишүүдийг энэ удаад 150 гаруй намын гишүүд дундаасаа сонгоно. Өөрөө хэлбэл, Ардчилсан намын нийт гишүүд дундаас хэн хүссэн нь нэрээ дэвшүүлж, тус намын гишүүн л бол санал өгөх эрхтэй болж байгаа юм. Ингээд Үндэсний бодлогын хороонд хэн хэн нэр дэвшиж байгааг танилцуулъя.

“Том”-чууд бодлогын хороог бүрдүүлэх үү?

Архангай аймагт гурван тойрогт 11 хүн өрсөлдөнө. Энэ тойрогт Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Н.Батбаяр өрсөлдөхөөр бүртгүүлж. Саяхан Хөгжлийн банкны асуудлаар АТГ-аас түүнийг 14 хоног саатуулж, сулласан. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа Хөгжлийн банкны мөнгийг үр ашиггүй зарцуулсан эсэхийг шалгаж, баривчилсан билээ. Мөн Архангайд Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг өрсөлдөх нь.

Харин Баянхонгорт УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, Х.Баттулга, Нийслэлийн АН-ын нарийн бичиг П.Нүрзэд нар өрсөлдөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгорынх, энэ тойрогт үнэнч нэгэн. Д.Ганбатын хувьд Х.Баттулга улстөрд “хөтөлж” оруулсан гэгддэг. 2016 оны сонгуулиас хойш олны хараанаас хол байгаа эрхэм түшээд Үндэсний бодлогын хороонд баянхонгорчуудаа төлөөлж чадах болов уу. Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр энэ удаад өөрийн төрсөн нутгаа түших нь. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт өрсөлдсөнд нутгийхан нь тун дургүй байсан гэлцдэг. Тиймээс тэрээр энэ удаад Булган аймгаа төлөөлж, Үндэсний бодлогын хороонд “UFC” группийн эзэн О.Амартүвшинтэй хамт өрсөлдөх юм байна. О.Амартүвшингийн хувьд өнгөрсөн сонгуулийн өмнө Булган аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч бүдэрсэн юм. Мөн энэ тойрогт өрсөлдөж байгаа бас нэг содон хүн бол “Буян” Жагаагийн дүү Б.Батсайхан Булган аймгийн иргэдийг Үндэсний бодлогын хороонд төлөөлхөөр нэрээ дэвшүүлжээ.

Говь-Алтай аймагт Ерөнхийлөгчийн зөвлөх, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн тэргүүтэй залуучууд ҮБХ-нд нэр дэвшиж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Г.Чинбат нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгуудыг нэг тойрог болгосон бөгөөд энэ тойрогт олон ч тойрог сольж яваа Д.Кёкүшюзанбатбаяр, Я.Батсуурь нар бүртгүүлжээ. Д.Кёкүшюзанбатбаярыын хувьд УИХ-ын сонгуульд Баянзүрх, Ховд зэрэг аймгуудад нэр дэвшиж байсан бол энэ удаад Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг төлөөлөхөөр Үндэсний бодлогын хороонд нэрээ дэвшүүлсэн бол Дорноговь аймгийн ҮБХ-нд Зам тээврийн дэд сайд асан А.Гансүх, П.Ганхуяг нар өрсөлдөнө. Харин Дундговь аймагт Наранцацралт агсны хүү Н.Соёмбо өрсөлдөх юм байна. УИХ-ын сонгуулиар ганцхан аймаг үнэмлэхүй ялалт гаргасан аймаг бол Завхан. Тэгвэл Завхан аймгаас Үндэсний бодлогын хороонд тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй хүмүүс өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Өвөрхангай аймгийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг нар өрсөлдөх юм байна. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, АН-ын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар, М.Сономпил, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан, Б.Болор, Ш.Түвдэндорж зэрэг нэрс бүртгэгджээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Бүгд найрамдах намын дарга асан О.Эрдэнбулган, Д.Нямхүү зэрэг хууччуул АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болохоор горилжээ.

Эмэгтэйчүүдийг хэн төлөөлөх вэ?

Үндэсний бодлогын хорооны гишүүдэд нэр дэвших эмэгтэйчүүдийг сонжвол, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга асан, УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан И.Нарантуяа, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль, ИЗНН-ээс АН-д элссэн Р.Булгамаа, УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа зэрэг АН-ын гишүүд өрсөлдөж байгаа бол УИХ-ын гишүүн Х.Баттулга ч өөрийн охин Б.Намуунаа улстөрд хүчийг сорьж буй бололтой. УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намуун Сонгинохайрхан дүүргийг төлөөлөхөөр Үндэсний бодлогын хороонд нэр дэвшжээ.

Зарим аймаг, дүүрэгт өрсөлдөөнгүй сонгууль болно

Нийслэлийн АН-ын даргад хоёр хүн өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн. УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нар өрсөлдөнө. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Д.Алтанхуяг нар өрсөлдөж байгаа бол Говьсүмбэр аймгийн намын дарга Д. Кёкүшюзанбатбаяр, Д.Сүрэнжав, Д.Азжаргал нар өрсөлдөх юм байна.

Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Сонгинохайрхан зэрэг газар АН-ын дарга ганц ганц хүн өрсөлдөж буй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулна гэсэн үг. Энэ асуудалд тус намын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Нэгэнт намын дотоод сонгууль гэж зохион байгуулж байгаа бол ямар нэг өрсөлдөгчгүй сонгууль болно гэж юу байх вэ гэдэг шаардлагыг ч тавьж байгаа юм байна.

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд орон даяар зэрэг явагдана. Гэвч Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргыг бүртгэж, намын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзсан. Намын үндсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй тохиолдолд намын дотоод сонгууль болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Гэвч АН-ын удирдлагууд намын дотоод сонгууль болно, харин Улсын дээд шүүхийн шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Ш.ЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ