ХЭРГИЙН МӨРӨӨР: ОХУ-ын ЭСЯ-ны байрнаас автомашин руу буудсан уу

-ХЭРГИЙН ГАЗРААС 2.3 СМ ХЭМЖЭЭТЭЙ СУМНЫ ХОНГИО ОЛДСОН НЬ ОХУ-ААС ОРУУЛЖ
ИРДЭГ КАРБИН БУУНЫХ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Өнгөрсөн амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө нэгэн иргэний автомашин руу буудаж танхайрсан хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруубал, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талын замд байрлуулсан байсан “Приус 30” маркийн автомашин руу хэн нэгэн буудсан байжээ.

Энэхүү хэргийг гуравдугаар сарын 19-ний өдөр автомашин эзэмшигч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Улмаар харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж, хэргийн газраас олдсон сумны хонгиог Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн шинжилгээний албанд шинжилж байгаа аж.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, автомашины эзэмшигч иргэн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талд байрлах “Мулевана” солонгос хоолны газрын харалдаа машинаа байрлуулжээ. Хэсэг хугацааны дараа авахаар очиход автомашиных нь салхины шилний зүүн дээд талын булан буюу жолоочийн эсрэг талын цонх руу буудсан ор мөр үлджээ. Мөн сумны хонгио машины дотор талд унаж, машины хайрцагт сумны мөр гарсан байдалтай байсан аж.

Шалгалтын явцад хэргийн газар буюу бууны суманд оногдсон автомашины ойролцоох газраас 2.3 см-ийн хэмжээтэй сумны хонгио олдоод байгаа ба энэхүү хонгио нь ОХУ-аас оруулж ирдэг карбин бууных байж болзошгүй байгаа аж.

Мөн урьдчилсан байдлаар иргэний машин руу өндрөөс буудсан болох нь тогтоогджээ. Хэргийн газрын ойр орчимд ОХУ-ын Элчин сайдын яамнаас өөр өндрөөс буудаж болох байршил байхгүй гэх мэдээлэл байна. Мөн буу эзэмшигч нь Монгол улсын иргэн биш байж болзошгүй нөхцөл байдал илэрснийг албан бус эх сурвалж мэдээлэвэ. Энэхүү хэргийн талаар автомашины эзэмшигч иргэн Н-аас тодрууллаа.

oros elchin

ХОХИРОГЧ ИРГЭН Н: АЛБАНЫХАН МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛАХГҮЙ,
МАШ САЙН НУУЦЛАХЫГ МЭДЭГДСЭН

-Таны машин руу буудсан хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм хэрэг болох нь болсон. Гэхдээ энэ хэргийн тухай мэдээллийг задруулахгүйгээр маш сайн нууцлахыг шалгаж байгаа албаныхан бидэнд мэдэгдсэн учраас яг одоо мэдээлэл өгөх боломжгүй байна. Албан ёсны шинжилгээний дүн гарахыг хүлээж байгаа.

-Сумыг шинжилж байгаа гэсэн. Хариу нь хэзээ гарах бол? Танд энэ талаар мэдэгдсэн зүйл бий юү?

-Уг нь өнөөдөр (III/20) гарна гэж байсан. Гэхдээ цагдаа сэргийлэхээс холбогдож мэдэгдсэн юмгүй байна. Бидэнд хэл дуулгахгүй байхыг бодвол албан ёсны хариу нь гараагүй байгаа байх. Өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Хуулийн заалт:

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д галт зэвсгийг хот суурин газарт ашиглахыг хориглосон байдаг. Мөн хуулийн 15.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно хэмээн заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 181-р зүйл, 181-ийн 3-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ