Э.Гал-Эрдэнэ: Дүүгийн маань биеийн байдал хүнд, хаашаа ч эргэж болзошгүй байна
Боксын ОУХМ, Э.Цэндбаатар бусдад зодуулж, улмаар автомашинд дайруулж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэрээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн ойролцоо бусадтай маргалдаж, зодолдсон байна.
Энэ онд Тайванийн Эзэн хааны цом, Азийн аварга, Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан тамирчин маань ийнхүү хүнд гэмтсэн нь олныг цочирдуулаад байна. Ийн бид хэрэг явдлыг тодруулахаар эх сурвалжуудтай уулзаж, ярилцлаа.
Бүртгэл мэдээллээс үзэхэд ГССҮТ-д Э.Цэндбаатарыг “авто ослын улмаас гэмтсэн” гэж бүртгэжээ. Мөн тархины гэмтэл гэсэн анхан шатны оноштойгоор Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна.
Э.Цэндбаатарын ар гэрийнхэн ГССҮТ-ийн Гавал, тархины гэмтлийн тасгийн үүдэнд хүүгээ сахин зогсч байв. Э.Цэндбаатарын ах Э.Гал-Эрдэнэ “Дүүгийн маань биеийн байдал хүнд, хаашаа ч эргэж болзошгүй байна. Бид одоогоор юунаас болсон болон хэний буруу байсан эсэх талаар ярьмааргүй байна.Өөрийнхөө ганц сайн хийдэг зүйлээрээ тууштай хичээллэдэг байсан шүү дээ. Гэтэл ийм таагүй явдал боллоо. Харамсалтай байна” хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин түүний ээж “Хүү маань чухал тэмцээнүүдэд оролцох байсан. Ийм явдал болсон нь үнэхээр харамсалтай байна. Бид боскын холбооныхноос сонсоод л өглөө ирсэн. Тэд эргэж тойроод асууж л байна” гэсэн юм.
Э.Цэндбаатар ГССҮТ-д анх ирэхдээ тархи, гавалдаа хүнд гэмтэл авч, ухаангүй хүргэгдэн иржээ. Одоо биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд олон тооны оёдлыг тархи, нүүрэндээ тавиулсан байна. Мөн ар гэрийнхнийх нь хэлснээр Э.Цэндбаатар гуурсаар хооллож байгаа гэнэ. Түүнийг өнөөдөр өглөө Гавал, тархины гэмтлийн тасагт шилжүүлсэн байна. Энэ талаар тус тасгийн эмч Р.Одонбаатар “Гэмтлийн зэргийг одоогоор тодорхойлоогүй байна. Цаашид спортын замналд нь нөлөөлөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Нүүр шалбарсан байдалтай, тархи болон хөмсөг, дух, уруул гэмтэж, хаван хавдартай, эмчилгээ үргэлжилж байна” гэв.
“Toyota Pruis” маркийн автомашин Э.Цэндбаатарыг мөргөж, гэмтээсэн хэмээн сэжигтэн этгээдүүд цагдаад мэдүүлээд байгаа
Тэгвэл Э.Цэндбаатар чухам юуны улмаас ингэж бэртсэн талаар ойрын эх сурвалж бидэнд мэдээлэхдээ, Э.Цэндбаатар нарын шигшээ багийн тамирчид зодоон хийж, цаашлаад маргалдсан залуус нь араас нь нэхэн ирж, машинаараа мөргөсөн хэмээсэн. Тэгвэл сурвалжлагын явцад бидэнд өөр мэдээлэл олдлоо. Тодруулбал, Э.Цэндбаатар шөнийн 02.00 цагийн орчимд “UB Palace”-ийн ойролцоо үл таних залуутай нударга зөрүүлжээ. Удалгүй өнөөх залуу найзуудаа дуудах үед Э.Цэндбаатар зугтаасан байна. Улмаар залуус түүнийг араас нь машинаараа хөөж явтал цагдаагийн машинтай тааралдсан. Энэ үед өөр нэгэн машин буюу “Toyota Pruis” маркийн автомашин Э.Цэндбаатарыг мөргөж, гэмтээсэн хэмээн сэжигтэн этгээдүүд цагдаад мэдүүлээд байгаа юм байна.
Э.Цэндбаатарыг мөргөсөн машины жолооч осол гаргасныхаа дараа машиныхаа арын гупрээр түүний нүүрийг урж, гэмтээгээд хэргийн газрыг орхин зугтсан аж.
-Д.Батсүрэн: Бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа-
Харин хэрэг явдлын талаарЭ.Цэндбаатарын багш, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн “Манай боксын тамирчид Хандгайтад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарснаар ийм хэрэг тарьлаа. Сэжигтэн этгээдүүдийг барьсан байгаа. Цагдаа нар шалгаж байгаа. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB Palaсе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаа байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм” хэвлэлд ярьжээ.
Тухайн үед Э.Цэндбаатар шигшээ багийн зургаан тамирчинтай хамт явж байсан аж.
Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цаашид мөрдөн байцаалтын явцад хэргийн зангилаа тайлагдаж, хэн буруутай нь тогтоогдох юм. Мөн мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас хэн нэгнийг саатуулаагүй байгаа аж. Үүнээс гадна Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээсэн “Тoyota Pruis” маркийн автомашины жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ