С.Баяр:С.Зоригийн хэрэг дээр ажилласан олон зуун хүний зүтгэлд талархаж явдаг

Төр,нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал саяхан болж өнгөрсөн. Уг шүүх хуралд С.Зоригийн төрсөн ах С.Баяр оролцсон боловч шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдсэний дараа хурлыг орхин гарсан юм.

Бид С.Баяртай уулзаж байр суурийг нь тодрууллаа.

-Та шүүх хуралдаанд очсон хэрнээ эхлэх үед нь орхиж гарсан. Үүнийг тань шүүх хурал нээлттэй явагдаж, олон нийтэд төрсөн аливаа эргэлзээг тайлах ёстой гэсэн байр сууриндаа хохирогч тал хэвээр байгаа гэж үзэх үү.

-Бидний зүгээс энэ хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүх, прокурорын байгууллагад гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Юуны өмнө яагаад шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хохирогчийн ар гэрээс дахин дахин гаргаж байгаа талаар ярья. Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн.Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Иргэд мэдэх эрхтэй гэдгийг Ийгл телевиз ч гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлыг дүгнэх аян явуулж байгаагаараа тод томруун харуулж байна.Үүнтэй адилхан С.Зоригийн хэргийг нээлттэй болгож иргэд өөрсдөө итгэл үнэмшлээрээ дор бүрнээ дүгнэг л дээ.

-Гэхдээ хавтаст хэрэгт төрийн нууцтай холбоотой баримтууд авагдсан тул шүүх хурлыг хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллагаас мэдэгдсэн шүү дээ.

-Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан болж өнгөрсний дараа миний дүү С.Оюун мэдэгдэл хийж мөн танай телевизэд товч ярилцлага өгч байсныг та санаж байгаа байх. Тэр мэдэгдэлд хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлт гаргаснаа дурдсан байгаа. Нөгөө талаар манай төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын зарим гишүүд намрын чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хөндөж С.Зоригийн хэргийн шүүх ажиллагаа нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа тухай хэлсэн. Яг энэ хуралдаан дээр Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигч, хуульч хүн “Ер нь үнэхээр тэр нь улсын нууцтай холбоотой асуудал уу, магадгүй зөвхөн гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн ажиллагаатай холбоотой асуудлууд нь хаалттай яваад бусад шүүхийн процесс бол нээлттэй явах боломжтой байж болох” талаар санал бодлоо хэлж байсан. Мөн саяхан хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү “хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх, мөрдөн байцаалтын үйлажиллагаанд хяналт, шалгалт явуулах боломжтой гэж” үзсэн байгаа. Манай С.Зориг бол Монголд ардчилсан нийгэм байгуулахын төлөө журмын нөхдийнхөө хамт тэмцэж яваад бусдын гарт хөнөөгдсөн хүн. Зоригийн хамтран зүтгэгчид энэ хэргийг илрүүлэхийгбайнга шаардсаар ирсэн боловч харамсалтай нь өнөөдөр өөрийх нь нам юу ч дугарахгүй байна. Дахин хэлэхэд, хэргийн талаарх мэдээллийг ил болгохыг зөвхөн С.Зоригийн ар гэр бид хүсээд байгаа юм биш, үүнийг олон нийт хүсэн хүлээж байна. Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа олон түмэнд ил тод, нээлтэй байх зарчим байдаг бөгөөд энэ зарчим нь хэрхэн хэрэгжиж байгаагаас шалтгаалан олон нийтийн шүүхэд итгэх итгэл, бүр өргөн утгаараа бол төрд итгэх итгэл хамаардаг болохоор миний дээр хэлсэнчлэн энэ хэргийн тухайд олон нийтэд маш том хүлээлт байгаа.

-С.Зоригийн хэргийг улс төрийн шалтгаантай, захиалгат аллага гэж үзэх хүн цөөнгүй байдаг.

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай байсан хүний амийг хөнөөсөн хэрэг бол ямар ч өнцгөөс нь харсан, олон улсын жишгээр ч гэсэн улс төрийн аллага гэж үздэг. Тиймээс захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг үндэслэлээр шалгагдаж ирсэн. Ээж маань байхдаа төр, засагт хандаж биечлэн болон бичгээр хүсэлт тавьдаг байлаа. Ээжээс хойш ч гэсэн бидний зүгээс төр, засаг солигдох бүрт алгасалгүй өндөр эрх мэдэл бүхий хүмүүст хандсаар ирлээ. Тэр болгондоо бид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүндэтгэж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд С.Зоригийн хэрэг дээр ажилласан магадгүй олон зуун хүний уйгагүй зүтгэлд нь талархаж явдаг. Харин энэ олон жилийн дараа хэргийг төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн хуулийн зүйл заалтаар шийдсэнгүй. Бидний ойлгож байгаагаар аллагад захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нар оролцсон, тэд нар нь хоорондоо салшгүй холбоотой.Тиймээс энэ хэрэг бүрэн гүйцэд шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Миний дүү С.Оюун бид хоёр хохирогчийн хувьд хэргийн материалтай танилцсан. Бид хоёрт хэрэг бүрэн гүйцэд илэрсэн гэдэг итгэл үнэмшилтөрөхгүй байна. Эцэст нь хэлэхэд 19 жилийн турш С.Зоригийн хэргийг илрүүлэн шударгаар шийдэхийг шаардаж ирсэн монголчууддаа ямагт талархаж явдаг шүү. Зориг маань “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлдэг байсныг энд дахин дурдмаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ