Учир утгатай нүцгэл монгол охид минь
Мисс гэдэг нь нөхөрт гараагүй бүсгүй гэх утгатай үг юм гэсэн. Тийм бүсгүйчүүдээ гоо сайхнаар нь шалгаруулдаг ёсон дэлхийн олон оронд бий болж. Манайд ерээд оноос хэвшсэн уралдаан билээ.
Анх шуугиан тарьж байсныг зарим нь санаж байгаа биз. Эрчүүд эхнэрээсээ өөр нүцгэн эмэгтэй бараг хардаггүй үе тул нүүр хагарахад хэцүү байсан нь ойлгомжтой. Юутай ч болсноор барахгүй уламжлан тогтов.
Бяцхан мисс хүртэл шалгаруулдаг болов. Үүний буруу, зөвийг ярих цаг одоо биш. Хүссэн ч, эс хүссэн ч ийм тэмцээн цаашид болно.
Харин тэндээс юу харах вэ гэдэг л сонин. Бүсгүйчүүдийн биеийн гоог харах нь ноймер нэг асуудал нь мэдээж. Тиймээс тэднийг нүцгэлэх нь зүйн хэрэг. Дотоод сайхныг давхар харж таарна. Энэ даваа манайханд хамгийн хүнд нь.
Мисс гэх “хөлдүү” охид маань биеэ харуулахаас ч, “дотрох”-оо үзүүлэхээс ч ичдэггүй. Үүнд тэд биш Монголын боловсролын тогтолцоо, сургууль, багш нар бас буруутай. Энэ талаар ингээд орхиё. Бусад орны мисс юугаараа ялгаатайг сонирхвол, нэгд, тэдний оюуны чадавхи, хоёрт, нийгмийн идэвхийг чухалчилдаг нь тодорхой харагддаг юм.
Царай, биеийн сайхан нь тэмцээний эхнээс, эцэс хүртэл бүхэнд ил болохоор шалгаруулж цөхөх юм байхгүй. Манайд харин эсрэгээрээ бололтой.
Шуудхан хэлчихэд гадны миссүүд учиртай нүцгэлдэг юм байна. Хамгийн ойрын жишээ нь одоо дуулиан тариад буй Америкийн дөрвөн мисс бүсгүй байна.
Шанна Моклер/1995/, Союзи Кастильо/2003/, Шанди Финессей/2004/, Алисса Кампанелла/2011/ гэх гоо бүсгүйчүүд юм. “Амьтадтай зохистой харьцахын төлөө”/РЕТЙ/ байгууллагыг төлөөлсөн тэд амьтны арьс, арьсан хувцас, эдлэл хэрэглэхийг эсэргүүцэн нүцгэлжээ.
Өөрөөр хэлбэл, амьтны амь сүйдлэхийн эсрэг тэмцэж байгаа хэрэг. Байгаль, эколог гээд яривал барагдахгүй тул товчлоё.
Манай бүсгүйчүүд тэдний хажууд утгагүй нүцгэлдэг нь үнэн аж. Үсрээд л кино, рекламд тоглох, олны хийгээд чинээлэг нөхдийн нүдэнд өртөх төдий сонирхол нь тэднийг тэгүүлдэг байж болох. Бүгдийг бус, дийлэнхийг хэлэв.
Ганц, хоёр гайгүй бүсгүй байх нь тодорхой. Анхны мисс Б.Мөнхцэцэг боловсролтой, жинхэнэ монгол төрхтэйгээрээ алдартай. Сүүлийн үеийнхээс мисс С.Гантогоо ном их уншдаг, шатар сайн тоглодог гэнэ билээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ