Ч.Уранхолбоо: Охидын минь дотоод сэтгэлд хайр л оргилж байх ёстой
Монголын эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болгон, гурав дахь охиноо өлгийдөн аваад гуравхан сар болж буй дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой ярилцлаа. Биеэ авч явах, төрсний дараа болон хөл хүнд үеийн арчилгаа зэрэг эмэгтэй хүн бүрт тохиолддог асуудлыг хэрхэн шийддэг талаар ярьсан түүний сонирхолтой ярилцлагыг уншигч танаа толилуулъя.
-ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД ТОГЛОЛТОО ХИЙЖ, ЦОМГОО ГАРГАНА-
-Та ойрдоо их нам гүм байлаа. Уран бүтээлийн ажлаа түр хойш тавьсан уу?
-Юуны өмнө уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас дурдвал шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Гурав дахь охиноо төрүүлэхээсээ өмнө эхлүүлчихсэн байсан энэ ажлаа үргэлжлүүлэхээс гадна тоглолтынхоо ажилд орлоо. Найруулга, санаа гээд төлөвлөх, боловсруулах ажил зонхилж байна.
-Хэзээ тоглолтоо хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх есдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Одоо төлөвлөж буйгаар тоглолт маань гурван хэсгээс бүрдэж, миний өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлнэ. Ирээдүйд ямар уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа нэг хэсэгт нь, өнгөрсөн гэхээр мэдээж “Гала” хамтлагт байхдаа хийж байсан уран бүтээлүүдээс хүмүүсийн таашаалд хамгийн их хүрсэн нь, мөн яг одоо ямар уран бүтээл хийж байгаагаа харуулах болно. Бага охин маань гурван сар хүрсэн болохоор одоо ажилдаа нилээд шамдан орж байна даа.
-Орчин үеэ дагаад техник технологийн хөгжлийг ашигласан дуунууд хит болж байна. Та шинэ цомогтоо юуг чухалчлав?
-Миний сонсох дуртай хөгжим бол электроник. Та бүхэн анзаарсан бол “Гала” хамтлагийн уран бүтээлүүд тийм л байдаг. Гэхдээ шинэ цомог маань электроник хөгжмөөр дагнасан биш, поп дээнс чиглэлийнх байгаасай гэж би хүсч байна. Мөн уянгын болон поп, электроник дуунууд багтсан. Ээж болсон болохоор хүмүүс “Зөөлөн, уянгын дуу хийх үү? Ээжүүдийн дуу дуулах уу, эсвэл хүүхдүүдэд зориулсан дуу дуулах уу” гээд л асууж байна. /инээв. сурв/ Гэхдээ ээж боллоо гэхээр заавал түүндээ баригдаад, хүүхдүүдэд зориулсан дуу гаргаж, ээжийн тухай дуулахыг урьтал болгосонгүй. Орчин үеийн хөгжмийн чиг хандлага хаашаа байна, залуус юу сонирхож байна, түүнд чиглэсэн уран бүтээл гаргахыг хүсч байна.
-“УРАНХОЛБОО” СҮРЧИГ БОЛОН ХУВЦАСНЫ БРЕНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ-
-Уран бүтээлээс гадна та бизнесийн салбарт хөл тавиад удаж байна. Миний сүүлд сонссоноор та үнэртэй усны шинэ брендтэй болох гэж байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юү?
-Энэ ажлыг би ганц бие байхдаа л эхлүүлсэн байсан гэж хэлж болно. АНУ, Солонгос улсуудад маш гоё үнэр гаргуулж аваад, патентыг нь баталгаажуулж хийлгэхээр болчихсон байсан. Харин энэ үеэр гэр бүл зохиож, үр хүүхдүүд минь ар араасаа гарсан болохоор надад яг үнэндээ ийш тийшээ явах боломж гарахгүй байлаа. Гэхдээ ямар ч байсан өөрийн үнэртэй усны брендээ “Уранхолбоо” нэрээр гаргана. Мөн уран бүтээлүүд минь жигдэрч, хийе бүтээе гэсэн бүхэн минь гараас гарч, төлөвлөсөн ажлууд минь хүмүүст хүрээд ирэхийн цагт худалдаанд гаргана гэж бодож байгаа. Харин тэрнээс өмнө “Уранхолбоо” нэртэй хувцасны бренд гаргахаар зэхэж байгаа. Би өмнө нь “Dollhouse” нэртэй хувцасны дэлгүүр нээн ажиллуулж байхдаа Монголын шилдэг дизайнеруудтай хамтарч ажиллан, яг ийм дотоодын үйлдвэрлэл бий болгоё гээд маш сайн судалгаа явуулсан. Хувцасны материал, хийх технологи дээр маш сайн анхаарч, загваруудыг нь өөрөө гаргаад, 500 гаруй төрлийн хувцас бэлтгэн гаргаж байсан. Манай дэлгүүр Англи, АНУ, Солонгос, Монгол гэсэн дөрвөн улс орны хувцасыг борлуулж байхад хамгийн их борлуулалттай байсан нь манай Монголын “B2M” нэртэй фэйшн агентлагтай хамтарсан хувцас маань байсан шүү дээ. Учир нь бид материалын сонголт дээр маш их анхаарч, суналт сайтай, будаг гардаггүй, угаахаар сунаж хэлбэрээ алдаггүй, бөөсөрдөггүй материалуудыг л зөвхөн сонгож байсан юм. Загвараас гадна эдэлгээг нь таньсан хүмүүс маш сайн үнэлгээ өгч, байнгын худалдан авагч олонтой болж байлаа. Энэ удаа ч бид хагас жилийн хугацаанд багагүй судалгаа явуулж, судалгааныхаа үр дүнг хараад “Энэ брендийг албан ёсоор хийе” гэдэг шийдэл, дүгнэлтэд хүрсэн. Загварын хувьд бид хэт их тренд болж байгаа загварыг дагаж дуурайхаас илүү Монголын цаг агаар, нөхцөл байдалд таарах, биед эвтэйхэн, дулаан хувцсуудыг хийж байгаа.
-Хэзээнээс хэрэглэгчдэд хүрэх вэ?
-Ирэх намраас хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа. Шошго, сав, баглаа, боодол, оюуны өмчийн газраас маш олон зөвшөөрөл авах зэрэг нилээд хугацаа шаардагддаг ажлуудаа хийж байна. Багагүй ажил болдог юм билээ шүү.
-Уран бүтээлч Уранхолбоо яагаад бизнесийн салбарыг сонирхох болов?
-Би бизнесийн удирдлагаар Бээжинд сургууль төгссөн. Сурч байх хугацаандаа том охиноо олж байсан. Ер нь би хар багаасаа л урлагийн амьдрал бол хязгаартай, залуу нас гэдэг хэмжээтэй гэдгийг ойлгож байсан. Тиймээс “Эмэгтэй хүн санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөнд эрт, залуудаа хүрчих юм бол амьдралаа өөрийнхөө хүссэнээр чиглүүлж, залах боломжтой болдог” гэж боддог байлаа. Тэр утгаараа бизнесийн удирдлагаар сурах хэрэгтэй юм байна, зөв маркетингаар ажлуудаа авч явах юм бол бизнес удаан оршин тогтнодог юм байна гэдгийг ойлгож, энэ салбарт орсон. Яг ойлгож байсан цаг үе маань “Хөөрхөн дэлхий” ТББ-ын дэргэдэх тоглоомын дэлгүүр, хувцасны дэлгүүр ажиллуулж байсан үе шүү дээ. Тухайн үед янз бүрийн л шүүмжлэл, худал мэдээлэл, гүтгэлгүүд гарч байсан.
-Тухайлбал?
-Ануг төрөл бүрийн танихгүй, мэдэхгүй хүмүүстэй холбоно, аавын маань найзтай хүртэл холбоод биччихсэн байх жишээтэй. Гэхдээ би тухайн үед “Ирээдүйн амьдралаараа л энэ бүхэнд хариулт өгнө дөө” гэж бодож байлаа. Эмэгтэй хүн сайн сайхан явбал, сайн сайхан амьдарвал, хүссэнээрээ ямар нэгэн юм хийвэл түүний ард заавал нэг мөнгөтэй эр байх ёстой гэсэн ойлголт үнэхээр хачирхмаар. Яагаад эмэгтэй хүн өөрийнхөө хүч хөдөлмөр, оюуны нөөц боломж, өдөр тутмын шаргуу хөдөлмөрөөрөө өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарч болохгүй юм бэ гэдэгт хариулт өгөхийг зорьж амьдарсан. Энэ нь яах аргагүй миний бизнес хийж байгаа зорилгуудын нэг. Одоо би хэн нэгнээс хараат бус, өөрөө өөрийнхөөрөө, хүссэн амьдралаараа амьдраад л явж байна. Дутагдсан зүйл байхгүй, ямар ч байсан миний боддог, мөрөөддөг байсан тэр амьдралаараа амьдарч байгаа. Урлаг маань үүнд бас их том нөлөө үзүүлсэн. Учир нь би 16 наснаасаа “Гала” хамтлагийн Ану гээд олонд танигдчихсан. Ямар нэгэн ажил хийхэд “Аан, Анугийн ажил уу” гээд шүүмжлэлтэй хандаж байсан ч сайн сайхнаар харж дэмждэг нь олон байлаа. Урлагийн амьдрал надад олон сайхан зүйл өгсөн, авах зүйл маш их бий.
-Гэхдээ бас хэт их шүүмжлэл, хэл аманд хөтөлсөн нь ч бий болов уу?
-Тийм ээ. Шүүмжлэлтэй зүйл зөндөө байсан ч хүн өөрийн сонгосон замын сайн сайхныг ч тэр, саарыг ч тэр эдлэх ёстой. Урам хугарах үе зөндөө байсан. Гэхдээ тэдгээр нь намайг өнөөдрийн түвшинд бэлдэж байсан учраас бүгдийг нь хүлээн зөвшөөрч, байх ёстой сорилтууд гэж харсаар ирсэн.
-ЦАГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР БҮХ ЗҮЙЛЭЭ АМЖУУЛЖ ЯВНА-
-Та уран бүтээлээ хийхийн хажуугаар бизнесээ эрхлээд, гурван хүүхдээ асарч байна. Нэлээд ачаалалтай амьдрал шүү. Цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
-Би “Гала” хамтлагт байхаасаа л хоногт дөрвөн цаг унтаад, бусад цагт нь бэлтгэл хийгээд, ярилцлага өгөөд, зураг авалтад орсоор сурчихсан юм. Хоёр дахь бие даасан “Мөрөөдлийн” цомог дээрээ бид хоёр нийт 20 мянган ширхэг зураг авахуулсан. Бид хоёр өдөр, шөнөгүй маш их ажилтай, заримдаа унтаж амарч чадахгүй бол Туул гол дээр очоод машин дотроо голын чимээ сонсоод, нойроо сэргээдэг байлаа. Тэр үед би цагийн менежмент гэдэг зүйлийг олж авсан. Үүнийг л хүн өөрийнхөө амьдралд зөв хэрэгжүүлж чадах юм бол амжихгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй юм шиг санагддаг. Найз нар маань заримдаа “Чи гурван хүүхдээ орхичихоод яаж ажлаа хийгээд яваад байна аа, хүүхдүүдээ хүнд даатгаад байна уу” гэдэг.
-Би ч бас таниас хүүхдүүдээ хүнд даатгаж үлдээдэг үү гэж асуумаар байна?
-Өнөөдөр л гэхэд охиноо аваад явж байна. Ер нь үр хүүхдээ эцэг эхчүүд өөрсдөө хүмүүжүүлэх хэрэгтэй, хэн болгомоор байна, ирээдүйн ямар иргэн бэлдмээр байгаагаа бид өөрсдийн арга барил, өөрсдийн дотоод ертөнцөөрөө дамжуулан бий болгох хэрэгтэй гэж би боддог. Өдрийн тэдэн цагт ажлаа хийнэ, тэр үед амарна, тэр цагийг үр хүүхдүүддээ, тэр цагийг ном уншихад гэх мэтээр нарийн төлөвлөнө. Цагаа сайн төлөвлөдөг болохоор ажлууд бүгд амждаг. Тухайлбал, үр хүүхэдтэйгээ бүтэн өдөржин хамт байж чадаагүй бол орой хоёр цагийг хүүхэдтэйгээ хамт үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Хүүхэдтэйгээ хамт байна гээд утсаа оролдоод, компьютер шагайгаад, ном уншаад суугаад байвал тэр нь хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж байгаа биш юм. Агуулгынхаа хувьд ойр байж, харилцан ярилцаж, ээж нь ямар хүн билээ, хүүхэд ямар байх ёстой вэ, хүүхдийн үүрэг оролцоо ямар байх ёстой вэ, өдөр цэцэрлэг дээрээ юу хийж өнгөрүүлсэн гээд сонин хачныг нь маш сайн ярилцаж, ярианых нь чадварыг хөгжүүлж хамт байхыг хүсдэг.
-Гадныхны хувьд хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцохыг чухалчилдаг нь ажиглагддаг?
-Япон ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх 55 арга барил гээд ном бий. Тэр номон дээр “Үр хүүхдүүдээ сайхнаар хүмүүжүүлвэл чамайг гэсэн чиний хүн болно, саараар хүмүүжүүлэх юм бол ирээдүйд санаа зовох асуудал чинь болно. Чи хүүхэдтэйгээ өдөрт 3000 төрлийн үгээр ярь, тэд бүгдийг ойлгоно” гэсэн байдаг. Би охидтойгоо маш их ярилцдаг. Хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж, оюун санаа нь тэлдэг. Охид маань одоо миний үгэнд маш сайн ордог. Тэднийгээ эрхлүүлэх үе бишгүй бий, гэхдээ шаардлагатай үед миний хэлсэн зүйлсийг маш сайн ойлгож, үгэнд маань ордог. Гэхдээ нөхөр бид хоёр хүүхдүүддээ хэт чанга байж, хайраар дутаахыг хүсдэггүй. Ирээдүйд эх хүн болох гурван сайхан охинтой учраас дотоод сэтгэлд нь хайр л оргилж байх ёстой гэж боддог. Ханийн минь нөлөө ч маш их байдаг гэдэг утгаараа ажил төрлөө санаа зовох зүйлгүй амжуулж байгаа.
-Охидоо яаж хүмүүжүүлдэг талаар цухас дурдлаа. Сая ч гэсэн та охиндоо хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгийг сануулж байгаа харагдлаа. Өдөр тутамдаа тэдэндээ юу хэлж, захиж хүмүүжүүлдэг вэ?
-Хүүхдүүдээ байнга урамшуулж, магтаалын үг хэлж, хайртай байгаагаа үргэлж илэрхийлж байх хэрэгтэй гэж би боддог. Хүүхэд яг л тийм болж хүмүүжнэ. Одоо ээжийгээ хараад “Миний ээж хөөрхөн шүү, сайхан шүү, ээж ээ ядарч байна уу, амрах уу, жоохон унтчих л даа” гээд маш халамжтай хүн болж төлөвшиж байгаа. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ хоёр талаасаа хүмүүжүүлдэг, хэзээ ч гар хүрдэггүй, ширүүнээр загнадаггүй. Дандаа үг хэлээр ярьж, ярилцаж байж ойлгуулдаг. Намайг хүүхэд байхад “Харанхуй өрөө” гэж байдаг байлаа. Манай гэрт харанхуй биш, гэрэлтэй ч гэсэн хүүхдийг бодох, ганцаараа байх боломж олгодог нэг тийм өрөө бий. Охиноо буруу зүйл хийвэл “Харанхуй өрөөндөө ороодбод, миний охин юун дээр алдав, яагаад дүүгээ уйлуулав, бодож дуусаад гараад ирээрэй” гээд оруулдаг. Таван минутын дараа гарч ирэхдээ “Ээж ээ уучлаарай, би ингэсэн байна” гээд үнэхээр ойлгож, бодсон байдаг. Гэхдээ би охиддоо “75-аар бууж өгдөг”.
-ОХИНОО ТӨРҮҮЛЭЭД ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА АЖИЛДАА ОРСОН-
-Таны гурван охин одоо хэд хэдэн настай билээ?
-Том охин маань гурван настай, зургадугаар сард дөрвөн нас хүрнэ. Дундах нь тавдугаар сард хоёр нас хүрнэ. Бага нь дөнгөж сая гурван сар хүрлээ.
-Цахим хуудастаа та жирэмсэн байх үеийнхээ зургийг анх удаа нийтэлсэн. Хэзээний зураг вэ? Өмнө нь ингэх шаардлагагүй гэж боддог байсан, яагаад энэ шийдвэрийг гаргав?
-Тийм ээ, бага охиноо тээж байгаа зургаа анх удаа цахим орчинд нийтэллээ. Гурав дахь охиноо төрүүлэх гэж байхад нөгөө л “Тээгч эх авч байгаа” гэдэг яриа өрнөсөн. Тэгэхээр нь энэ удаа зориглоод, зургаа хийчихсэн. Гурвын гурван хүүхэд төрүүлчихээд байхад тээгч эх гэдэг зүйл ярьж байгаа нь надад үнэхээр харамсалтай байна. Миний нөхөр, Монголын бас л нэг сайхан эр хүн, түүнийг минь янз бүрээр яриад байгаа юм шиг надад санагдаад, нөхрийн минь цаад гэр бүлийнхнийг ч хүндлэхгүй байгаа мэт санагдсан тул энэ удаа ийм шийдвэр гаргасан. Ганц хүү нь урлагийн хүнтэй гэрлээд, нөгөөх нь бие галбиртаа анхаараад “Би хүүхдээ тээгч эхээр төрүүлнэ” гэвэл хичнээн харамсалтай, ийм зүйлийг зөвшөөрөх ч үгүй шүү дээ. Эрүүл саруул эмэгтэй болж төрснийх үр хүүхдээ өөрөө тээж төрүүлэлгүй яах вэ. Би энэ мэт ярианд эмзэглэж тоохгүй ч одоо хань ижил, үр хүүхэдтэй минь холбоотой болохоор энэ удаа дэлгэлээ.
-Та хаана амаржсан юм бэ?
-Би Монголдоо, “Гурван гал” эмнэлэгт нэг эмч дээр гурван удаа төрсөн. Сайхан хань ижлийг минь хүндлээд, ийм яриа дахиад битгий гаргаасай гэж би хүсдэг.
-Хөл хүнд болсноо зарлаад, эсвэл олны нүдэнд өртөөд байдаггүй, төрсний дараа бие галбир, үс гэзэг тань хэвээр байдаг болохоор ийм хардлага үүссэн байх?
-Эх хүн болоод ирэхээр эмэгтэй хүн өөрийнхөө хүсэл сонирхлоос буцах нь ч бий. Төрнө гэдэг заавал хэт их жин нэмээд л, 2-3 жил ажилдаа орохгүй гэртээ суунагэсэн үг ч биш. Хүн бүр өөр, бүгд адилхан байх албагүй. Миний хувьд аль алийг нь хослуулчих юмсан гэж хичээдэг жирийн нэг ээж. Би ажилтай, би урлагийн хүн гээд хүүхдээ хүнээр харуулаад, хүнээр хүмүүжүүлж өсгөхийг хүсдэггүй. Би хэдий ажилтай ч хоёр цаг тутамд гэртээ очдог. Төрсний дараа бусдын л адил жин нэмдэг. Хүүхдүүд маань 3.7 кг, 3.6 кг гээд их том төрдөг болохоор жин нэмэгдэхгүй асуудал гэж байхгүй. Жингээ харин маш хурдан хасдаг, тэнд нэг сонголтын юм хичээл зүтгэл, өөрийн хүсэл байгаад байх шиг санагддаг. Оюун санааны хувьд ч хурдхан ажилдаа оръё, зүгээр суугаад яах вэ гээд бодохоор бие физиологич дагаад өөрчлөгддөг байх. Сүүлийн төрөлтөн дээрээ нэг долоо хоноод ажилдаа орчихсон юм.
-Тийм үү. Яагаад?
-Тэр үе яг шинэ жил болж таараад маш олон хүн “Гам барьсангүй, хүүхдээ бодсонгүй” гээд л шүүмжилсэн. Гэтэл гадуур ажилтай явж байна гэдэг нь хүүхдээ хөхүүлэхгүй, харахгүй байгаа гэсэн үг биш шүү дээ. Нэг зургаар нэг хүний амьдралыг тэр чигт дүгнэж болохгүй. Магадгүй тэр эмэгтэй бүх зүйлийг хурдан амжуулах гэж хичээгээд явж байгаа ч юм билүү. Эмэгтэй хүн хичээх юм бол маш их тэсвэр тэвчээр хатуужлыг өөрөөсөө гаргаж чаддаг. Заримдаа гурван хүүхдээ гурвууланг нь өргөөд явах ч үе бий. Мөөмөө идэх гээд байгаа, ханиад хүрчихсэн байгаа хоёр хүүхдээ тэврээд том гэдэстэй эмэгтэй шөнөжин л зогсож байдаг. Тэр тэсвэр тэвчээр зөвхөн эмэгтэй хүнээс, эх хүнээс л гарна. Бурханаас бидэнд чадах ёстой гээд өгчихсөн чадвар юм шүү дээ. Тиймээс чаддаг зүйлээ чадах л хэрэгтэй. Эмэгтэйчүүд, ээжүүд хэн нэгнээ энэ талаар шүүмжлэхийг хүлээж авч чаддаггүй. Адилхан эмэгтэйчүүд бие биеэ хайрлах хэрэгтэй. Бид адилхан л нэг зам туулж байгаа, наанаа ямар харагдаж байгаагаас үл хамаараад бүх эх хүн ямар амьдрал туулж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байгаасай гэж хүсдэг.
-Та амаржсаныхаа дараа гам барьсан уу?
-Барьсан. Эмэгтэй хүн доороосоо даарахгүй байх хэрэгтэй, ялангуяа савнаас. Уламжлалтын маш сайн эмч нараас би зөвлөгөө авч байсан. Тэдний хэлж буйгаар төрсний дараа доороосоо даарахгүй бол маш сайн гам болдог. Чихээ мөн байнга бөглөж, малгай өмсөж явдаг. Чихээр нэвт салхилвал мөн хий хөдөлдөг. Бас усанд орохгүй байх хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл усанд хурдан орох шаардлагатай, харин усанд орчихоод өөрөө гэртээ даарахгүй байж байвал болно.
-СҮҮЛИЙН ХОЁР ТӨРӨЛТИЙН ХУГАЦААНД ҮСЭЭ ХУГАЛАЛГҮЙ АРЧИЛЛАА-
-Хүмүүс танаас байнга асуудаг байх. Төрснийхөө дараа ямар дэглэм барьж, ямар дасгал хөдөлгөөн хийж байв аа?
-Би хоолоо огт хориглодоггүй, харин хүссэн зүйлээ идээд, зөв хооллодог. Ингэхдээ өөрийн цусны бүлгийн дагуу зөв хооллоно. Жишээ нь би нэгдүгээр бүлгийн цустай хүн учраас мах идэхгүй байж болдоггүй. Мах идэхгүй гурван жил цагаан хоолтон байж үзсэн. Тэр хооронд миний бие организмд маш их сөрөг үр дагавар гарсан байдаг. Тиймээс өөртөө таарсан холыг зөв зөв цагтаа идэх, өглөө заавал хооллох шаардлагатай. Хөхүүл ээжүүд сүүтэй л байх хэрэгтэй учраас шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Гэхдээ шим тэжээлтэй хоол гээд би шар будаатай цай, хуурай идэх юм байнга идээд байдаггүй. Харин өөрийн иддэг энгийн хоолоос шаардлагатай шим тэжээлүүдээ авч чаддаг, тийм болохоор ч миний хөхөнд хангалттай сүү ордог. Мөн ойрын үед иогоор хичээллэж байна. Иог тураагаад байхгүй ч сэтгэл санааны хувьд маш их тайвшрал авчирдаг.
-Охид бүсгүйчүүдийг турах, хэвийн жиндээ хүрэхэд туслах бэлдмэл оруулж ирж зардаг гэдэг. Үүнийг эсэргүүцэх хүн бишгүй олон. Та юу хэлэх вэ?
-Тийм ээ, тураах бүтээгдэхүүн оруулж ирж зарж байгаа. Өөхийг нь шатаадаг, хаванг нь буулгадаг, хөхөнд нь сүү оруулдаг гээд. Хүмүүс намайг хэт их бизнес хийгээд байна уу, хүмүүсийн зовлонгоор тоглолт хийгээд байна уу гэдэг. Гэхдээ би төрсний дараах ээжүүд жиндээ буцаж орох гэж ямар их цаг хугацаа, ямар их тэвчээр зарцуулдаг вэ гэдгийг мэдэж байгаа. Тэр хүмүүст л тус нэмэр болохын тулд энэ бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Шүүмжлэх хүмүүс бий ч өдөр бүр маш их талархлын үг ирдэг. Хүний амьдрал үнэндээ богинохон. Энэ богино амьдралдаа дандаа авахын тулд биш өгдөг, өгч чаддаг, туслаж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр бид жижигхэн зах зээлтэй улсад амьдарч байж хоёрын хооронд нэрээ хугарах зүйл авч ирвэл маш хэцүү шүү дээ. Муу зүйлд хүмүүс соргог ханддаг тул удахгүй мэдэгдэнэ. Нэрээ хугалахгүй, хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйзүйлийг л оруулж ирж байгаа учраас би өнөөдөр бардам байгаа.
-Таны үсний талаар мөн асуухгүй өнгөрч чадахгүй нь. Төрсний дараа үс хугарах нь элбэг. Та жирэмсэн үедээ болон төрсний дараа үсээ хэрхэн арчилж байна вэ?
-Миний үс унадаг. Анхны төрөлт дээр яг урдуураа тасарч унасан байсныг нь сүүлд зургуудаас хараад мэдэж байлаа. Сүүлийн хоёр төрөлт дээр би үсээ унагахгүй байх тал дээр анхаарч, маш их хичээсэн учраас унаагүй.
-Та ямар бүтээгдэхүүн хэрэглэснээ хэлж болох уу?
-Ийм зүйлийг хэлэхээр хүмүүс сурталчилгаа хийлээ гэдэг юм.
-Хэлэхгүй бол асуусангүй гэнэ шүү дээ?
-(инээв. сурв) Үсэндээ би рейтингээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа “Sugar bear” нэртэй үсний витамин хэрэглэсэн. Жирэмсэн үедээ хэрэглэж болдог, төрсний дараа хэрэглэж болдоггүй юм билээ. Би мөн язралт гэдэг зүйлээс маш их айж байсан. Ээж маань бас эгч маань маш хүнд язарсан. Тиймээс би анхны төрөлт дээрээ, жирэмсэн болсон гэдгээ мэдсэнээс эхлээд төрөх хүртлээ байнга тосолсон. Тэгээд гурван удаагийн төрөлтөнд гурвууланд нь язарсангүй. Үүнээс юу гэж дүгнэсэн гэхээр ер нь удамшлын зүйлийг ч хичээл зүтгэлээр өөрчилж болдог юм байна гэж ойлгосон.
-ЭМЭГТЭЙ ХҮН БОЛСНЫХ АЛДАРТ ЭХИЙН ОДОН ЗҮҮХИЙГ ХҮСДЭГ-
-Та “Гоо сайхны салоноор үйлчлүүлээд байх нь бага” гэж ярьсан. Гоо сайхан байхын тулд ямар арга хэрэглэдэг вэ?
-Ер нь хүний эрүүл байх бас нэг боломж бол бие организмаа тайвшруулах явдал гэж ойлгодог. Миний өдөр тутамдаа цаг гаргадаг 30-40 минут бол маш гоё халуун давстай, хөөстэй ванн-д орж бүх булчингаа амрааж, сулладаг. Нурууны ясаа мөн маш сайхан амраадаг. Өдөр тутамдаа өсгийтэй гуталтайгаа бараг л байнга гүйж явдаг учраас орой нь нөхрөөрөө хөлөндөө массаж хийлгэх дуртай. Хөлийн уланд хүний эрүүл мэндийн бүх цэг байдаг. Тэр цэгэнд маш сайн даралттай массаж хийж өгвөл ядрахгүй байх боломжтой. Ваннд хэвтэж байхдаа номоо уншаад, 100 гр вино уунгаа нүүрэндээ чийгшүүлэгч маск тавьдаг. Өөртөө зарцуулж байгаа 30-40 минутаа маш үр ашигтай өнгөрүүлэхийг хүсдэг.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Мари Кандогийн “Эмх цэгц” номыг уншлаа. Би өмнө эмх цэгцгүй байгаа зүйлийг харахаар жаахан бачуураад, өөртөө маш их ачаалал өгч цэвэрлэгээ хийдэг байсан. Гэтэл тэр номыг уншсанаар амьдралд бүр зайлшгүй шаардлагатай биш зүйлээсээ хагацаж суръя, эмх цэгцтэй байя, эмх цэгцтэй байдал хэнийг ч хэзээ ч бухимдуулдаггүй юм гэдгийг ойлгосон. Үнэхээр бүх зүйл цэвэр цэмцгэр байхад юунд уурлах билээ. Япончуудын хувьд уншсан номоо хүртэл хаядаг юм билээ. Энэ мэт зарим зүйлийг нь авалгүй үлдээгээд чухал зүйлсийг нь амьдралдаа авч хэрэгжүүлсэн. Ном уншихаар их тайвширдаг учраас усанд орох бүртээ ном уншдаг юм. Өчигдрийн хувьд нөхөр маань надад “Fifty shades” гурван цувралыг авч өгсөн (инээв. сурв). Яагаад ийм ном авч өгч байгаа юм бол гэж жаахан гайхаад, эхнээс нь уншихад хосуудын хоорондын сонирхолтой харилцаанууд их гарч байна лээ. Магадгүй манай хүн намайг байнга хүүхэд хүүхэд гээд байгаа болохоор хөндийрчих вий гээд болгоомжилсон юм болов уу гэж дүгнэсэн (инээв. сурв). Уншина даа.
-Та гурван охинтой болохыг хүсдэг тухайгаа ярьсан байдаг. Мөрөөдөл тань биелэчихлээ шүү дээ?
-Одоо дахиад хоёр хүү төрүүлнэ. Гэхдээ кесар хагалгаагаар дөрвөн удаа төрөх боломжтой юм билээ. Гэтэл “Гурван гал” эмнэлгийн Т.Баатарцогт эмч дээр маань таван удаа хийсвэр хагалгаагаар төрсөн эмэгтэй байдаг тухай сонссон. Би энэ түүхийг ярих маш их дуртай. Налайхаас ирж төрдөг тэр эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй. Эхний дөрвөн төрөлт нь хүү байсан болохоор заавал охинтой болно гээд дахиад л хөл хүнд болж. Ингээд тав дахь удаагаа төрөхөд нь дахин хүү гарч, таван хүүтэй болсон гэсэн. Уулзаж, ярилцаж үзээгүй тэр эмэгтэй хэрэв энэ ярилцлагыг минь уншиж байгаа бол “Би танаар үнэхээр их бахархсан” гэж хэлмээр байна. Охинтой болохын тулд таван хүү дараалан төрүүлжээ. Хүүхэд төрүүлэхийг хүмүүс амархан юм шиг боддог ч эмэгтэй хүн минут секунд бүрт хэвлийд байгаа үрээсээ шалтгаалан олон мэдрэмжийг мэдэрч байдаг. Даавраар эмэгтэй хүнд нөлөөлнө, сэтгэл санаа нь хямарна, хоолны хордлого болно, өвдөнө гээд тэр бүх мэдрэмжийг эмэгтэй хүн даваад, туулаад гараад ирдэг шүү дээ. Эмэгтэй хүн болсных алдарт эхийн одон зүүгээд, гурван охин маань хоёр эрэгтэй дүүтэй болж, эвтэй найртай, бие биедээ тустай, дэмтэй явцгаагаасай гэж би хүсдэг. Нөхөр маань “Ингээд л боллоо, хайрыгаа дахиж зовоохгүй ээ” гэдэг. Гэхдээ голомт залгах хүү төрүүлж өгнө, ганц байвал хүү минь ганцаардах байх тиймээс хоёр хүүтэй болно оо. Хөвгүүд минь айлын сайхан охидыг авч суугаад, хүндлэн хайрлаж, халамжилна гэж би төсөөлж, төлөвлөж боддог.
-Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнтэй ярилцахад таатай байлаа, баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ