Э.Цэрэндолгор: БҮГДИЙГ ДУУСГАЯ ГЭЖ БОДОЖ, АСУУДЛУУДАА ЦЭГЦЭЛЖ БАЙНА
Иргэн Э.Цэрэндолгортой ярилцлаа.
-“РИО-ТИНТО” МОНГОЛЫН УЛСТӨРЧДИЙГ АВЛИГАДСАН. ҮҮНЭЭС ҮҮДЭЖ..-
-С.Баярцогтын оффшор дансыг шалгуулах асуудлаар Швейцарь улсыг зорьсон тань багагүй дуулиан тарьсан. Одоо энэ асуудал нам болчихлоо?
-Швейцарь улсын прокурорын байгууллага дээр Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны нэхэмжлэлээр С.Баярцогтод холбогдох хэргийг шалгаж байгаа. Би тус холбооны хүсэлтийг сайн дураар хүлээн зөвшөөрч, мэдээллийг олон нийтэд хүргэхээр /2016.11-р сар/ Швейцарь улсад ажилласан. С.Баярцогт 2008 онд Сангийн сайдын албан тушаалыг хашиж байсан хүн. Үүнээс жилийн дараа буюу 2009.10.07-д Оюутолгойн гэрээ зурагдсан. Гэтэл 20-хон хоногийн дараа Австрали-Шинэ Зеландын банкнаас Швейцарийнбанкинд 9.2 сая ам.долларын шилжүүлэг хийгдсэн байдаг. Монголд үүнийг шалгахгүй байгаа учраас Швейцарийн прокурорын байгууллагад хандсан хэрэг л дээ. Хэргийн хохирогч нь Монгол Улс. С.Баярцогт албан тушаалаа ашиглах замаар авлига авч, хулгай хийсэн, сөрөг үр дагавар нь Монгол Улсад учирч буй өнөөдрийн санхүүгийн бэрхшээл юм. Хэрэг маш ойлгомжтой. Бид С.Баярцогтыг ингэж хардаж, хуулийн хүрээнд асуудлыг сөхөж, нэхэмжилсэн. Энэ дагуу шүүх хурал явагдана. Намайг хүмүүс “Та энэ асуудлаа дуусгаарай” гэдэг. Гэтэл Э.Цэрэндолгор зөвхөн мэдээлэгчийн үүрэгтэйгээр Швейцарь явсан. Энэ үүргээаль эрт биелүүлчихсэн. Одоо Монголын төр засаг энэ асуудлын араас явах ёстой. Өөрөөр хэлбэл, манай шүүх, прокурорын байгууллага Швейцарийн шүүхтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Шаардлагатай мэдээллүүдээр нь хангах ёстой юм. Бусдаараа энэ хэрэг миний мэдлийн хүрээнд цаашаа явахгүй.
-Та С.Баярцогттой уулзах хүсэлт тавьж байсан уу?
-Үгүй. Надад С.Баярцогттой уулзах ямар ч шаардлага байхгүй. Муугаар бодоход, би уулзъя гээд мессэж биччихдэг. Дараа нь надаас мөнгө нэхлээ гээд мушгихыг хэн ч байг гэхгүй. Шуналтай хүмүүс ер нь зогсож чаддаггүй, маш аюултай. Би хувьдаа С.Баярцогтыг шахаанд оруулж, гэрээг зуруулсан болов уу гэж хардаг. Жишээ нь, С.Баяр ерөнхий сайд байхдаа “Центерра Голд”-ынханд зодуулаад, үүнийгээ нам дараад өнгөрсөн. Гадныхан ийм байдлаар монголчуудын эзэн болчихсон. Монголчуудын гэрт орж ирээд, чадчихаад л яваад өгдөг. Үүнийг ард иргэд зогсоох ёстой. Магадгүй өнөөдөр манай улс төрчид ямар нэгэн байдлаар “нээнтэгтэй”, гацаанд орчихсон байгаа. Тэгэхээр бид бас тэднийгээ хайрлах ёстой. Хулгайч ч гэсэн тэд монгол хүн. Заримдаа тэгж бодохоор бас улс төрчдийг өрөвдөнө. Гэхдээ улс төрчид арай л нүнжиггүй хулгайлаад байна. Гадныхан монголчуудыг нэгнийх нь өмнөөс турхирч байгаа ийм эмзэг үед бид тал талдаа ухаантай л байх ёстой.
-Швейцарьт С.Баярцогтын асуудлаар зорчихдоо “Чимээ чагнаарай, шүгэл үлээнэ” зэрэг үг хэрэглэж байсан. Анхнаасаа уг асуудлын “том” үр дүнг хэрхэн харсан бэ?
-Үнэхээр С.Баярцогтын асуудал Швейцарийн прокурор дээр хэрэг үүсэх хэмжээнд очсон л бол хэн нэгэн үүнийг мэдээлэх ёстой. Очиж үзэх хэрэгтэй. Ерөөсөө л ийм. Энэ асуудлын араас сэтгүүлчид явахгүй. Араасаа ямар их айдас, заналхийлэл дагуулах нь ч тодорхой. Сэтгүүлчид ямар нэгэн байдлаар эзэнтэй ажиллаж байна. Гэтэл надад тийм юм алга. Харьцангүй эрх чөлөөтэй. Тэгээд ч энэ асуудал өөрөө дан ганц С.Баярцогтын хэрэг биш. Уг асуудлын цаана маш ач холбогдолтой хэд хэдэн чухал асуудлууд шийдлээ хүлээж байна. Швейцарийн прокурор С.Баярцогтын асуудлаархи нэхэмжлэлийг нотлох юм бол манай бусад улс төрийн томчууд авлигын мөнгөө оффшор бүсэд байршуулдаг нь батлагдана. Үүнийг нотлохын тулд ядаж нэг хүнээс нь эхлэх ёстой. Бусад оронд төрийн өндөр албан тушаал хашиж байх явцад нь оффшор дансанд нь их хэмжээний мөнгө орж ирвэл шууд хариуцлага тооцно. Гэтэл манайд хууль нь байгаа мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс ч өнөөдөр гадны шүүхийн байгууллага Монголын улс төрийн өндөр албан тушаалтанд гадны хөрөнгө оруулагч авлига өгсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Дараа нь оффшор дахь мөнгө Монгол руу орж ирэх эсэх асуудал. Монгол Улс хулгайн замаар гадагшаа явчихсан энэ мөнгөнийхөө араар явахгүй юм бол орж ирэхгүй. Хамгийн гол нь шүүхээр С.Баярцогт авлига авсан нь тогтоогдвол “Рио Тинто” компанийг шүүхдэх хууль эрх зүйн маш том үндэслэл үүснэ. “Рио Тинто” Монголын улс төрчдийг авлигадсан. Үүнээс үүдэн Монгол Улс сүйрч байна. Үүнийг л шүүхээр нотлох боломж үүснэ” гэдэг том асуудлыг нь хүмүүс олж харах хэрэгтэй.
-С.БАЯРЦОГТТОЙ ХАМТРАН ДАНС НЭЭЛГЭСЭН ГУРВАН НАЙЗ НЬ ХЭН БАЙВ-
-“Рио Тинто”-г шүүхэд өгөх шинэ гаргалгаа үүснэ гэж үү?
-С.Ганбаатар, Г.Уянга, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд гээд маш олон хүн “Рио Тинто”-гийн хууль бус үйлдлийн талаар ярьсан. Оюутолгойг бидний өмнө байгаа энэ цайны гүцтэй зүйрлэе. С.Ганбаатар ярихдаа зөвхөн гүцний цорго хэсгийн асуудлыг хөндсөнөөр нөгөө хэсгүүд нь үлдчихдэг. Г.Уянга бариулыг нь ярьдаг. Иргэн Э.Цэрэн, Ц.Туяацэцэг нар суурь хэсгийг нь хөндөх зэргээр асуудлууд тус тусдаа яваад байна. Уг нь өнөөдөр бид Оюутолгойн асуудлыг нэг цулаар нь харах цаг болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ээс зургаа дахин том ордоо бид яагаад зүгээр өгч, дээрээс нь өр төлж байгаа юм. Энэ бол байж боломгүй асуудал. Бид өнөөдөр “Рио Тинто”-г хараагаад байгаа болохоос биш хэрхэн асуудлыг эргэж харах эрх зүйн гаргалгаагаа олохгүй байна. Хэрвээ Швейцарийн прокурор дээр С.Баярцогтын хэрэг шийдэгдэж, гаднаас авлига авсан нь тогтоогдвол “Рио Тинто”-той Монгол Улс эргээд хуулийн хүрээнд ярих эрх зүйн боломж үүснэ гэдгийг дахин хэлмээр байна.
-Швейцарийн прокурорын байгууллагаас та С.Баярцогтын асуудлаар мэдээлэл авах боломжтой юу?
-Ямар ч мэдээлэлгүй байна. Учир нь Швейцарийн прокурор хэзээ ч мэдээлэл өгөхгүй юм билээ. Хүсвэл бид баримт өгч болно. Бид хохирогч биш, хохирогч байсан ч өгөх шаардлагагүй. Швейцарийн прокурор чив чимээгүй ажилладаг. Магадгүй энд ирээд ажиллаж байж ч мэднэ. Гэхдээ энэ нь бидэнд мэдэгдэхгүй. Ингэж ажилладаг зарчимтай юм байна. Швейцарийн прокурор бидэнтэй уулзсан. Тодорхой асуудлаар лавлагаа авсан. Дахин дуудахгүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт түүхэнд бичигдэн үлдэж гэмээнэ, С.Баярцогтын эсрэг мэдүүлэг өгсөн иргэн Б.Цэрэндолгор, Ц.Туяацэцэг нарын мэдээлэл хавтаст хэрэгт ороод явсан л гэсэн үг. Би Монгол Улсынхаа нэрийн өмнөөс энэ хэрэгт санаа зовж байна. Улс ядууралд орсон нь улс төрчдийн авлига авсан үйлдлээс шууд хамааралтай гэдгийг би хэлсэн.
-Швейцарийн прокуророос манай төрийн байгууллагуудад хандан, тодорхой мэдээлэл хүссэн болов уу?
-Тэд манайд хандах нь маш тодорхой. Гол нь манай төрийн байгууллагууд хариу өгөх үү, хав дарах уу гэдэг нь асуудал болно. АТГ-аас энэ асуудлаар тодруулга авч байгаа болов уу гэж би хувьдаа найдаж байна. Швейцарийн прокурор манай улсыг авлига, албан тушаалтны хуультай мөртлөө яагаад ажиллахгүй байгааг огт ойлгодоггүй. Бид тэдэнд ойлголт өгөхийн тулд “Манай улс бүгд авлигажсан учраас улс төрчдөө шалгахгүй байгаа юм” гэж ярих уу. Утгагүй биз дээ. Гэхдээ тэгж хэлэхээс ч өөр аргагүй байдалд оруулж байна. Цагаан захтануудын хэрэг өөрөө нүдэн дээр хүний гар утас хулгайлж байгаа юм шиг ил харагддаггүй. Нүдэн дээр үйлдэгдээгүй, дээрээс нь хуулиндаа өөрсдийнхөө үйлдлийг тааруулаад, засвар оруулчихдаг. Ингээд л бугшаад яваад байдаг.
-Үнэхээр С.Баярцогтын оффшорын асуудал шүүхээр нотлогдсоноор улс төрчдийн “Рио Тинто”-гоос авлига авсан санхүүгийн схем гарч ирэх боломжтой юу?
-Би итгэлтэй байна. Гол нь манай улс хамтарч ажиллахдаа баримтаа сайн өгөх ёстой. С.Баярцогт 9.2 сая ам.доллараа тайлбарлах хэрэгтэй. Өмнө нь С.Баярцогт оффшор дахь дансаа мартсан, гурван найзтайгаа хамтарч нээлгэсэн байсан гэхчилэн зүйл яриад дууссан. Тэгвэл С.Баярцогттой хамт данс нээлгэсэн гурван найз нь хэн байв. Тэр үнэхээр үнэн ярьсан бол эдгээр эзэд мөн гараад ирнэ. Энэ асуудал эхнээсээ Панамын баримтаар гараад ирсэн. Шүүхийн үр дүн заавал гарна. Магадгүй С.Баярцогт маш сайн өмгөөлөгч аваад, өөр өнцөг гаргаад ирж болно. Гэхдээшүүхийн шийдвэр Монголын ард түмэнд нааштайгаар гарна гэдэгт би итгэлтэй байгаа.
-БҮГДИЙГ ДУУСГАЯ ГЭЖ БОДОЖ, АСУУДЛУУДАА ЦЭГЦЭЛЖ БАЙНА-
-Та өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүр хуудсаараа дамжуулан Кафе Амстердамынхаа зарим эд, хогшлыг хямд үнээр зарсан. Үүний шалтгааныг ярилцлагынхаа эхэнд асууя гэж бодож байлаа?
-2007 оны гуравдугаар сараас Кафе Амстердамын үйл ажиллагааг эхлэн явуулсан. Энэ жил 10 жилийнх нь ой тохионо. Кафеныхаа хуучин эд, хогшлоо зарсан тухайд “Хэрэгтэй хүмүүс нь ирээд аваг, гэхдээ хямдхан үнээр” гэж л бодсон. Кафе Амстердамд хамгийн анх ном солилцооны газар бий болж байсан учраас нэлээд ном цугларчихаад байв. Хэрэгтэй хүмүүс нь ирээд номуудыг үнэгүй авсан. Аяга, тавгууд, кафены логог хүмүүс их сонирхож, зохих үнээр нь авдаг юм билээ. Кафед 10 жил хэрэглэгдсэн ч эвдрээгүй, хагараагүй аяга тавгууд өөрөө хүмүүст сонирхолтой санагдсан байх. Үндсэндээ зарж болох зүйлсээ бүгдийг нь хар захаас хямд үнээр зараад, түгээсэн. Кафе Амстардамын бизнесийг цааш нь явуулахад хүндрэлтэй байгаа юм. Учир нь улс төрчдийн нэр хүндтэй холбоотой асуудлуудыг би сүүлийн үед сөхөж тавих болсон. Үүнээс үүдээд бизнес эрхлэхэд таагүй болсоор байна. Над руу чиглэсэн янз бүрийн халдлагуудад кафе маань хүртэл өртөх болсон.
-Өвөл кафед тань дайран орж, компьютер хулгайлсан асуудлыг хэлж байна уу?
-Намайг Швейцарь явахаас өмнөхөн /2017.01.08/ Кафе Амстердамд халдсан. Цонхыг нь онгойлгосон хэдий ч хаалгаар орсон байдалтай нэвтрэн, бүх камерыг эргүүлээд, миний компьютерийг хулгайлаад гарсан байдаг. Мөн кафены гол хэсэгт бааж, шээсэн нь над руу чиглэсэн маш том доромжлол гэж би хувьдаа ойлгосон. Бид энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаад өгсөн. Надаас мэдүүлэг авсныхаа дараа тэд хохирлын хэмжээг асуусан юм. Би хариулахдаа “Хэлж мэдэхгүй байна. Миний компьютер бол цоо шинэ, супер эд биш” гээд өнгөрсөн. Дараа нь Цагдаагийн байгууллагаас намайг хохирлоо хэлж мэдэхгүй байгаа учраас хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн талаар тайлбарлаж байна лээ. Уг нь хохирлын үнэлгээг тогтоодог тусдаа байгууллага байдаг. Тэгэхээр энэ шалтгаан болохгүй байлтай. Миний хувьд хэн, хэний даалгавраар Б.Цэрэндолгор гэдэг хүний хувийн өмчид халдсан бэ гэдгийг мэдэх сонирхолтой байв. Гэвч мэдэж чадаагүй. Цагдаа хүсэх юм бол энэ хавиар маш их камертай учраас халдлага үйлдлэгчийг тогтоох бүрэн боломжтой байсан. Энэ мэт шалтгааны улмаас уг бизнесийг хааж байгаа юм.
-Та яриандаа янз бүрийн байдлаар халдлага гарч байна гэж онцоллоо?
-Гурван жилийн өмнө МҮҮН-ий тухай ярьж эхлэх үеэр манай нөхрийг алах шахсан. Гудманд явж байхад араас нь шууд хоолойг нь боосон. Ухаангүйбайдалтай, хамар амнаас нь цус асгаран гудманд 30-40 минут хэвтсэн байдаг. Манай нөхөр 193 см өндөр. Ийм өндөр хүнийг араас нь мөн тийм өндөр хүн л дайрч, хоолойг нь боох боломжтой. Тиймээс ч үүнийг санаатай халдлага гэж хардсан. Тэр үед би жаахан уурлаад өнгөрч байлаа.
-Цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?
-Мэдээж, цагдаа дээр очсон. Бүр 10 гаруй удаа очиж, бид өөрсдөө хүнд халдсан мэт байдлаас мэдүүлэг хүртэл өгч байлаа. Гэсэн ч мөн халдлага үйлдлэгч олдоогүй. Саяхан намайг Швейцарь явах гэж байхад миний араас машин мөргөлөө. Хоёр удаа шууд түлхэж мөргөж байгаа юм. Энэ мэтээр үйл явдлууд болоод л байна. За, тэр нэр хүнд рүү халдах, зохион байгуулалттай доромжлох зэргийг би бүр орхисон. Угаасаа замбараагаа алдсан. Үүгээр ч зосохгүй бизнест маань хүртэл шууд байдлаар халдах боллоо. Тиймээс би энэ бүхнийг дуусгая гэж бодсон. Энэ чигээрээ яваад байвал хэлмэгдэж, хэрэгт өртөж, гарахын аргагүй зүйл рүү орох юм байна. Одоо бүгдийг нь дуусгая гэж бодож, асуудлуудаа цэгцэлж байна.
-ОДОО ЧИ ХАР ДАА, БИ 47 НАС ХҮРЧ БАЙНА...-
-“Дуусгая” гэдэг нь ямар учиртай юм бэ. Та өөрийн нүүр хуудсандаа гэр бүлээ дүрвүүлэх хэмжээнд асуудал хурцдаж байна гэж бичсэн нь анхаарал татлаа?
-Би С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг задалснаасаа хойш улам ихээр доромжлогдох болсон. С.Баярцогтыг ярьснаар би шоучин, попчин, мөнгө авдаг гэхчилэнгээр баахан дуудууллаа. Намайг бүтэн жилийн турш бусдаас мөнгө авдаг гэж хардлаа. Эхний удаа Швейцарь яваад ирснээсээ хойш Ц.Туяацэцэг бид хоёр маш их гүтгэгдэв. Хоёулан дээр нь гүйцэтгэх ажиллагаа нэлээд явагдлаа. Миний амьдралд тохиолдож буй жижигхэн зүйл бүрийг чарлаад мэдээлээд байх нь хаашаа юм. Гэхдээ хэлэхгүй болохоор олон нийт төдийлөн ойлгохгүй. Учирч болох эрсдлийг бас харж чадахгүй. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлага тулгарч байна. Би Швейцарьт хоёр дахь удаагаа очихдоо ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах зорилготой байсан. Гэхдээ ерөнхийлөгч намайг хүлээж аваагүй. Ингэж явахдаа би тус улсын хэвлэл мэдээллийн байгууллага болон “Олон Улсын зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагчид” байгууллагатай уулзсан юм. Тэдэнд би над дээр ирж буй эд материалын болон сэтгэл санааны хохирол, миний ойр тойрны хүмүүс рүү довтолж буй байдлыг баталгаажуулж хэлсэн. Үндсэндээ Б.Цэрэн гэдэг хүн юуны араас явж байгаа нь тэдэнд тодорхой. Иргэн хүн ноцтой асуудлын хойноос явж буйг тэд харж байгаа. Над дээр янз бүрийн довтолгоо, хэлмэгдүүлэлт ирж буйг ч тэд харж байгаа. Тиймээс би Олон Улсын хүний эрхийн байгууллагуудад хандсан гэдгээ одоо ил тод хэлэх ёстой. Хэрэв энэ байдлаараа явах юм бол Монгол Улс дахь миний гэр бүл аюулд өртөх өндөр эрсдэлтэй байгааг хэлсэн. Хэрвээ би хүсэх л юм бол Швейцарийн Консулд шууд хандана. Цаашлаад би АНУ-д ч энэ асуудлаар хандахаас өөр аргагүй болж байна.
-Өөрөөр хэлбэл, цагаачлал хүсэхэд бэлэн байгаа гэсэн үг үү?
-Одоо чи хар даа. Би 47 нас хүрч байна. Энэ хүртэл өөрийнхөө итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн, үр хүүхдээ төрүүлсэн, бизнесийн орчноо бүрдүүлсэн ганц л улс бий. Тэр нь Монгол улс. Гэтэл би өдий хүртэл бүтээсэн бүхнээ дуусгаад явах хэмжээнд хүрч байна. Энэ шийдвэрийг гаргах нь надад тийм ч амар байгаагүй. Бүтэн нэг жил хэлмэгдлээ. Илүү яаж тэснэ гэж. Үүнийг хүмүүс ч харж байгаа. Үнэндээ асуудлууд дээр цор ганцаараа зогсдог. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр нэгдье л гэдэг. Гэхдээ яг үнэндээ нэгддэггүй юм. Би ч нэгдэхийг урьтал болгоогүй. Зүгээр л нийтэд мэдээлээд явахыг чухалчилсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал эвдэгдэх гээд байна гэсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд өгснийхөө төлөө амсаж буй доромжлол, гүтгэлэг, хохирол бол дэндүү их юм. Тийм учраас гадны цагаачлалын болон хүний эрхийн байгууллагуудад өөрийнхөө үгийг хэлчихсэн байгаа.
-Хууль, хүчнийхэн таныг шалгаад байгаа талаар та дурдлаа. Тухайлбал?
-Хууль, хүчний байгууллагууд миний бүх өр шир, танил нөхөд, ойр тойрныхныг яг таг мэддэг. Миний ард Х.Баттулга байгаа гэж бүтэн жил ярилаа. Гэтэл үнэндээ энэ нь АН-ын фракци хоорондын дайнаа явуулж буй нэг л хэлбэр. Хэрвээ би Х.Баттулгатай холбоотой байсан бол намайг одоо аль хэдийнэ хорьчихсон. Хэн нэгний гар, хөлийг манай хүчний байгууллагынхан шууд бариад хорьчихдог. Тийм зүйлийг гэхдээ тэд надаас олж мэдэж чадахгүй байгаа. Нэмж хэлэхэд, Монголд улс төрийн халдлагууд зөндөө л явж байсан. Ганцхан Ардчиллын алтан хараацай С.Зориг агсаны хэрэг биш. Австралид явж байсан АТГ-ын дарга хэрхэн амиа алдав, Бээжинд ТЕГ-ын даргыг яаж нухав. Ийм том тушаалын хүмүүсийг зайлуулаад байсан. Гэтэл монголчууд үүнийгээ өнөөдөр мартчихсан. Одоо бид сэрцгээх цаг болсон. Хамгийн сайн, сор болсон хүмүүсээ алдлаа. Ийм хүмүүс алагдаад байхад Э.Цэрэнг “нухах” юу ч биш. Миний дэлгэж байгаа асуудал бүхэл бүтэн намын нэр хүндийг маш ихээр унагаж байна. Уг нь би ардчилалд хайртай. Гол нь бид үүнийгээ замбараагүй хөгжүүлчихсэн, үүндээ эзэн байж чадаагүй. Одоо бид нэг зогсоод, эргэн тойрноо харах цаг болсон. Ийм цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-СЭТГЭЦИЙН ХУВЬД НАМАЙГ “ЦОО ЭРҮҮЛ” ГЭЖ ДҮГНЭСЭН-
-Таны фэйсбүүк хандалтын тоо яг хэд хүрээд байна вэ?
-Фэйсбүүкт намайг 90 мянган хүн дагадаг. Нийтдээ 4600 орчим найзтай. Швейцарьт би сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэр тэд миний фэйсбүүкийн дагагчдын тоог сонсоод гайхаж байна лээ. Гадны сэтгүүлчид намайг яг хэн юм бэ. Яагаад ийм байгаа юм гэж гайхдаг. Тэр нь ч аргагүй юм. Зарим хэвлэлүүд нь маш цөөхөн, 20 мянга орчим хэвлэгдэж байхад миний дагагчид түүнээс даруй 4-5 дахин их байна. Жирийн иргэний хувьд маш хүчтэй талбар нь өөрөө миний фэйсбүүк юм. Энэ нь нэг талаараа дайралтын бай ч болдог. Миний хэлсэн үг үнэн байгаад, тэр нь хүмүүст хүрснээрээ шүүмжлүүлж буй улс төрчийн хувьд би цэвэр дайсан нь болчихдог.
-Өндөр хандалт бүхий нүүр хуудсаараа дамжуулан таныг бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна гэж шүүмжилдэг. Сэтгэцийн хувьд цоо эрүүл үү гэх асуудал ч яригдах юм?
-Намайг яг хэн тэгж хэлж байна гэдгээс бас их зүйл шалтгаална. МҮҮН-ий асуудлыг сөхсөнөөр Б.Насанбаяр намайг нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Одоо зургаа дахь удаагаа шүүх хурал нь товлогдоно. Энэ процесс өрнөх явцад намайг Б.Насанбаяр мэдрэлийн өвчтэй, “шезоприн” өвчтэй гэж олон нийтэд мэдээлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө сэтгэцийн өвчтэй эсэхийг шалгуулах хүсэлт өгсөн юм. Хэдий өмгөөлөгч нь хүлээж аваагүй ч шүүх хүлээж авсан байгаа. Сэтгэц судлалын үндэсний төв намайг сэтгэцийн хувьд цоо эрүүл гэж дүгнэсэн.
-Одоогоор таны нойр хэвийн, шөнө тогтмол унтаж чадаж байна уу?
-Нэг жилийн өмнө буюу МҮҮН-ий асуудлыг сөхөж байхдаа би бараг унтдаггүй байсан. Айдас маш их байсан. Доромжлол асар их явж байлаа. Жаахан унтах үеэр фэйсбүүкийг минь хакердах оролдлого тасралтгүй явагдаж байв. Тиймээс өөртөө сэрүүн байх ёстой гэсэн команд өгчихсөн мэт унтаж чадахгүй байсан. Өөрөө өөрийгөө хамгаалахын тулд, нэр бүхий хүмүүсийг худлаа гүтгээгүй шүү гэдгээ нотлохын тулд маш олон баримт гаргаж ирсэн. Гэхдээ одоо би аль болох эртхэн унтахыг чухалчилж байна. Мэдээж шөнийн 00:00 цагаас өмнө унтаж амжихгүй байгаа.
-Нүүр хуудас тань маш их хандалттай учраас хүмүүс арилжааны болон бусад ашиг сонирхлын үүднээс танд ханддаг байх. Яг тийм байдлаар “мөнгөний ажил” хийж байв уу?
-Нүүр хуудсандаа үүнийг шээрлээд өгөөч. Энэ бүтээгдэхүүнийг рекламдаад өгөөч гэсэн хүсэлт маш их ирдэг. Мэдээж, энэ нь үнэгүй байдлаар. Би үүнийг өөрөө хүсээгүй бол зөвшөөрдөггүй. Өөрийнхөө сэтгэл дэх зүйлийг тодорхой хэмжээнд нийтлэх үе байна. Гэхдээ энэ нь олон биш. Фэйсбүүкээр надад маш их мессэж ирдэг. Нүүр хуудсаа ашиглаж, мөнгө хийсэн тохиолдол надад ганц ч байхгүй. Сонгуулийн үеэр Ц.Цогзолмаа гишүүнтэй 17 сая төгрөгийн гэрээ хийсэн гэх мэдээлэл зориуд цацагдаж, бид энэ асуудалд тайлбар өгч байсан. Энэ нь тухайн үед Ц.Цогзолмааг миний нэр хүндэд халдах замаар унагах гэсэн, нөгөө талаасаа намайг мөнгөний эмэгтэй гэж харагдуулах гэсэн зориудын гүтгэлэг байсан л гэж боддог.
-Э.ЦЭРЭН ӨРӨВДҮҮЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЮМ-
-Болгоомжтой байх, нүүр хуудсандаа тодорхой асуудлаар баримт дэлгэх зэрэгт ямар нэгэн мэргэжлийн хүрээний зөвлөгч байгаа юу?
-Ямар ч зөвлөгч байхгүй. Нүүр хуудсандаа би цэвэр эмоциороо бичдэг. Гэхдээ МҮҮН-ий асуудал дэлгэгдсэнээс хойш хуулийн мэдлэгтэй хүмүүс маш их зөвлөгөө өгсөн. Над руу ямар аюул, отолт ирж болохыг мэргэжлийн хүрээнийхэн сануулдаг юм билээ. Миний аюулгүй байдлын төлөө болон шүүхийн асуудал дээр хуучнаар Дотоодын яам, Тагнуулын байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс зөвлөгөөнүүд өгч байв. Нэг бус удаа ийм зөвлөгөөг сайн дураар өгсөн. Э.Цэрэнг тойрсон нэг хүрээлэл бий болсон. Тэдгээр хүмүүс өнөөдөр шууд надад ирээд наалдахгүй байгаа ч миний аюулгүй байдалд маш их санаа зовдог.
-Сүүлийн өдрүүдэд танд зориулсан хандивын аян өрнүүлэх санаачлага хүртэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Та одоогийн нөхцөл байдалд үнэхээр өрөвдүүлэх хэмжээнд оччихсон хэрэг үү?
-Би санхүүгийн хүндрэлтэй байсан нь үнэн. Бүтэн жил ажил хийгээгүй. Энэ бүхэнд би өөрийнхөө хармаанаас мөнгө гаргаж, тодорхой асуудлуудыг нийгэмд гаргаж тавьж явлаа. Харин ч өдийд амьд байна /инээв.сурв/. Одоо бүх зүйлээсээ чөлөөлөгдлөө. Сайхан боллоо. Бүр биш юм аа гэхэд түр яваад өгье гэсэн л бодолтой байна. Эсвэл би арай өөр юм хийе. Энэ бүхэн тань уг нь миний хүссэн амьдрал биш. Яахав, Монголчууд надаар нэг л өдөр бахархах цаг ирнэ гэж боддог. МҮҮН-ийхэн гарч, бүх асуудал ил болсны дараа ямар аймшигтай зүйлийн талаар энэ хүүхэн ганцаараа орилж, нийтийг сэрээв гэдгийг харах болов уу. Бид харийн гаж урсгалын төлөө сошиалд нэгдэж чадлаа. Заавал бид гудманд гарч жагсах шаардлагагүй. Эхэндээ үүнийг ярихад монголчууд ойлгодоггүй байв, эцэст нь сонсохоор уур нь хүрдэг болж нэгдлээ. Миний замаар хэн ч яваагүй учраас намайг ямар байдалд байсныг хэн ч төсөөлөхгүй. Хүмүүс намайг хэрхэн харах нь өөрсдийнх нь хэрэг. Гэхдээ Э.Цэрэн өрөвдүүлэхийг хүсээгүй.
-Таныг би ярилцлагадаа иргэн гэх үү, бизнес эрхлэгч гэдгээр тань тодотгох уу?
-Би ямар ч бизнесгүй болсон. Бүгдийг нь зогсоож, үл хөдлөхүүдээ зарах зэргээр зохицуулалт хийсэн байгаа. Тэгэхээр иргэн Э.Цэрэндолгор гэсэн нь зөв.
-БИ МҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ГЭЖ ГАРЧ ИРЭЭГҮЙ-
-Та МҮҮН гэх шашны гаж урсгалын асуудалд өөрийнхөө маш их цагийг зарцуулсан. Эргээд бодит байдлаар ямар үр дүн гарав?
-Би энэ бүх хугацаанд МҮҮН-ий асуудлыг Монголын хүүхэд, залуусын төлөө хийж байна гэдгээ тодотгосоор ирсэн. Хүүхдүүдийг бид хамгаалж, өмнөөс нь дуугарч, асуудалд нь “шатах” учиртай. Тэд өнөөдөр ямар үзэгдэл, аюул дунд явж байгаагаа мэдэхгүй. Гол нь, би МҮҮН-тэй тэмцэх гэж гарч ирээгүй. Би МҮҮН-ий асуудлаар АТГ, ТЕГ, ҮСХ, ЦЕГ-т хандаад “Ийм аймаар зүйл байна. Та бүхэн шалгаад өгөөч өө” гэж л хүссэн. Тэд ажлаа бас ор хийгээгүй биш. Хуульзүйн яаманд шашин төрийн холбогдох асуудлууд харьяалагддаг. Гэтэл тэнд шашны чиглэлийн нэг ч хүн ажиллаж байгаагүй. Мөн Монгол Улсад байсан “Шашны зөвлөл” гэгчийг 10 жилийн өмнө хэн халсан нь мэдэгдэхгүй, алга болгочихсон байдаг. Бүхэл бүтэн түүх яригдаж байна.
1992 онд О.Дашбалбар агсан “Шашин нэрээр халхавчилж, эдийн засгийг эзлэх гадны сонирхлын бүлгүүд орж ирж магадгүй байна” гэждуугарсан байдаг. Өнөөдөрл бид тэр үгийг ойлгож байх жишээтэй. МҮҮН-ий асуудлыг би сөхснөөр өнгөрсөн онд түүхэндээ анхдаа, Монгол Улс даяараа шашны нэгдсэн тоо хандалтын судалгааг явууллаа. Судалгааг би төгс гэж хэлэхгүй. Гэхдээ энэ тань иргэн Б.Цэрэндолгорын хүсэлт, шаардлагаар явсангэдэг ньл чухал. Дээрээс нь бид өнгөрсөн хугацаанд шашин судлалынхаа салбарыг мартчихсан байсан. Гэтэл МУИС-ийн Шашин судлал, филисофийн танхимынхан энэ асуудалд анхаарлаа хандуулсан. Судалгааны маш том дүгнэлтээ гаргаж өглөө. Сая нэгдүгээр сард МҮҮН-ий гаж урсгалын хоёр ч сүмд зөвшөөрлийг нь олгохоос албан ёсоор татгалзав. 1992 ондбаталсан Төр, сүм хийдийн тухай хуулиа дахин эргэн харж, өөрчлөлт оруулахаар өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, Э.Цэрэн энэ асуудлыг хөндсөнөөр Монгол Улс МҮҮН-ийг хөөж гаргах үндэслэлүүдээ хуулийнхаа хүрээнд тусгахаар ажиллаж эхэллээ. Нэг жилийн хугацаанд нэг хүний хийсэн акци ийм дүнд хүрлээ. Яахав, жаахан удаан явсан асуудал бий. Гэхдээ үр дүн гарлаа.
-Гэхдээ өнөөдөр таны онцолж нэрлэсэн Б.Насанбаяр салбартаа ажиллаж, Л.Гантөмөр намдаа нөлөөтэй хэвээр байна. Энэ нь танд гомдол төрүүлдэг үү?
-Л.Гантөмөр “МҮҮН гэдэг нь Буддаг Христээс хамгаалдаг юм” гэх нэг хачин үг хэлсэн байдаг. Шашин хоорондын зодоон үүсгэхүйц ийм үгийг Боловсролын сайд байхдаа хэлчихээд ямар ч хариуцлага үүрээгүй. Ийм завхарчихсан нийгэмд бид амьдарч байна. Б.Насанбаяр яах аргагүй 20 жил МҮҮН-ий гаж урсгалаар явж, түүнийг түгээн дэлгэрүүлсэн хүн байж, баримтууд гаргаад тавиад байхад л худлаа гэж орилсоор байсан. Одоо ч гэсэн боловсролын салбараас холдоогүй ажиллаж байна. Энэ чинь өөрөө аюул юм. Ер нь боловсролын салбартаа бидшашинтай хүчтэй холбогдсон хүмүүсийг ойртуулах ёсгүй. Аль ч шашны хувьд шүү. Бид шинжлэх ухаанч байдлаар боловсролын асуудалд хандах учиртай. Хачиг хүний биед шигдээд мэдэгдэхээ байчихдаг. Яг тийм гүн шигдсан хачиг шиг зүйлийг Э.Цэрэн нэг нэг хөлөөр нь зулгаасаар байгаад гаргаад ирлээ. Энэ миний зорилго байсан. Үүнийгээ би нийтэд үзүүлчихсэн.
-Таны сөхсөн баримтууд дотор Б.Насанбаяраас гадна маш олон хүний нэр гарч ирсэн. Л.Гантөмөр ч юм уу, өөр хүмүүс нэр хүндэд халдсан асуудлаар таныг шүүхэд өгсөн үү?
-Өгөөгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ