Ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр иржээ

ongots

-10 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ГАЗАРДСАН ТУС ОНГОЦ
ХЭЗЭЭ БУЦАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Өчигдөр 14:00 цагийн орчим “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн зориулалттай, С-17 маркийн ачааны нисэх онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийж, хэвийн газардсан талаар бид мэдээлсэн.

Дээрх онгоц нь энхийг сахиулагчдын ачааг тэвэрлэхээр хуваарийн дагуу 12:50 цагт Улаанбаатарт газардаж, энэ сарын 15-ны өдөр буцах ёстой байсан аж. Харин агаарт тус онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг бүрэн ажиллагаагүй болсон тул манай талд яаралтай мэдэгдэж, ийнхүү 13:59 цагт газарджээ.

Тус онгоцны гэмтлийн талаар манай улсад мэдээлэл ирсэн даруйд Чингис хаан нисэх онгоцны буудлын аюулгүйн алба шуурхай хуралдаж, бүх талын арга хэмжээг бүрэн авснаар ямар нэгэн осол гэмтэлгүй амжилттай газарджээ. Тодруулбал, тус буудлын аюулгүйн алба, цагдаа, хилийн албаны шуурхай бүрэлдэхүүн хуралдаж, хамгаалалт авсан бөгөөд ослын буултын дараа код -7 буюу аюулгүй ажиллагааг цуцалсан байна.

АНУ-ын цэргийн зориулалттай С17 онгоцны экипажид 10 гаруй хүн байсан аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тус онгоцыг засварлах ажиллагаа эхэлсэн бөгөөд буцах нислэг нь тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны тодорхой албан тушаалтнууд байдалтай танилцаж, онгоцыг хүлээн авсан байна. Мөн шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг эхлүүлжээ.

Ослын буулт хийсэн онгоцны талаар АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан н.Сүхбатаас тодруулахад “Уг онгоц нь ачааны тээврийн онгоц. Одоогийн байдлаар зорчигчдыг амрааж, онгоцыг засах ажлыг эхлүүлж, хөдөлгүүр зогссон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

ongots

ongots

СЭТГЭГДЭЛ БИЧИХ