Германд хоёр эмэгтэйг хөнөөснөө хүлээсэн Д.Довчинг дахин хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

dovchin

-ГЕРМАНЫ МӨРДӨГЧИД ГУРАВ ДАХЬ ХОХИРОГЧИЙН ЦОГЦСЫГ ХАЙЖ БАЙНА-

ХБНГУ-ын мөрдөгчид, хоёр бүсгүйн аминд хүрснээ хүлээсэн, Монгол Улсын иргэн, 38 настай Д.Довчинг дахин нэг эмэгтэйг хөнөөж, газар булсан хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар "Bild"-д мэдээлжээ. Тус хэвлэлд мэдээлснээр, цагдаа нар Д.Довчины гарт амиа алдсан байж болзошгүй гурав дахь эмэгтэйн цогцсыг хайж буй юм байна. Хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй газарт цагдаа нар бүтэн өдрийн турш нохойтой эрлийн ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй хэмээн эх сурвалж хэлсэн талаар “Bild”-д бичжээ.

Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, Монгол Улсын иргэн Д.Довчин 13 жилийн тэртээ Германд очиж, мужааны мэргэжил эзэмшээд, 2013 оноос Лайпциг хотод амьдарч эхэлсэн байна. Тэрээр хэдэн жилийн өмнөөс эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдрах болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Германы хууль сахиулах байгууллагынхан Д.Довчинг Лайпциг хотын Линденау дүүрэгт орших Деммерингийн гудамжин дахь гэрээс нь баривчилжээ. Энэ үеэр гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд Д.Довчин 40 настай Аня, Португалийн иргэн Мариа нарын амийг хөнөөснөө хүлээсэн байна.

“Ваг 55”-д ажилладаг Алт Мансоурийн ярьснаар, Д.Довчин нь өдөр бүр тус баараар үйлчлүүлдэг, 5-6 шил шар айраг уугаад, мөнгөө төлөөд явдаг байсан аж. Баарны бусад үйлчлүүлэгчидтэй ч боловсон харьцдаг байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд ХБНГУ-ын иргэн, 40 настай Аня гэх эмэгтэй гэнэт алга болжээ. Хохирогчийн ээж хувийн мөрдөгч хөлслөн, гэмт этгээдийн мөрөөр орсон аж. Мөрдлөгийн эцэст Д.Довчинг холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу түүнийг шалгаж эхэлсэн байна. Бүсгүй хоёр настай охинтой, сүй тавьсан, хуримаа хийх гэж байжээ. Гэмт этгээд талийгаач бүсгүйн цогцсыг өөрийн амьдардаг гудамжны ойролцоо нуусан аж.

Д.Довчин 43 настай Португалийн иргэн Мариагийн амь насыг хөнөөгөөд, цогцсыг гялгар уутанд хийж, усанд хаясан байна. Гүүрэн дээгүүр явсан хүмүүс сэжигтэй зүйл байхыг олж, хууль сахиулах байгууллагад мэдэгджээ. Шүүгч Рикардо Шулцын мэдэгдсэнээр, талийгаач бүсгүй найз залуугийн хамт Д.Довчинтой нэг байшинд амьдардаг байсан аж.

Одоогийн байдлаар дахин нэг бүсгүйн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Д.Довчинд холбогдох хэргийг шалгаж дуусаагүй тул тус улсын хууль хяналтынхан хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ажээ.

dovchin

dovchin
dovchin

СЭТГЭГДЭЛ БИЧИХ