Б.Цэрэндолгор: Түрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй

Хоёр сарын турш үргэлжилсэн, Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг өндөрлөж, ялагчаа тодрууллаа. Тус нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгортой цөөн хором ярилцлаа.

-“Mongolian next top model” шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч болсон танд баяр хүргэе? Баярын сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. Ялагч болсондоо туйлын их баяртай байна. Өнгөрсөн бүх хугацаад намайг дэмжиж ирсэн болон эцсийн мөчид надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Тэмцээний финалын шалгаруулалтын санал асуулгаар Ю.Балжидмаа хамгийн их санал авсан. Гэсэн ч шүүгчид танд хамгийн өндөр оноог өгсөн. Шилдгийг шалгаруулах торгон мөчид юу бодогдож байв?

-Би тайзан дээр гарахдаа маш их сандарч байсан.Гэсэн ч ялагчийг тодруулах мөчид яагаад ч юм маш тайван болчихсон. Ямартай ч өөрийгөө түрүүлнэ гэж үнэхээр бодоогүй. Болох юм болдгоороо болно доо л гэж бодож зогссон доо.

-Өөрийгөө ялах болов уу гэсэн итгэл байсан уу?

-Өөрийгөө ялагч болно гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагүй. Миний хоёр өрсөлдөгч маш хүчтэй бүр дэндүү чадварлаг байсан. Тийм болохоор өөрийгөө ялна гэж бодох ч боломжгүй байлаа.

-Шоуны хамгийн хэцүү үе нь хэзээ байв? Нэг удаа хасагдах шахсан. Тэрнээс хойш өөрийгөө улам илүү дайчилж байх шиг санагдсан?

-Тэмцээнд орж байгаа гэдэг утгаараа өөрийгөө маших дайчилжбайсан. Амархан гэж хэлэхгүй.Бүх үе хэцүү байсан. Миний хувьд хамгийн хэцүү нь нэгнийгээ явуулах л байсан. Үүнийг давж гарахад их хэцүү санагддаг байлаа.Гэхдээ л даваад гарчихсан байна. /инээв.сур/.

-Таны хувьд шоуны явцад хэнтэй илүү дотно нөхөрлөсөн бэ?

-Бүгдэнтэй нь дэндүү сайхан найзууд болсон. Бидэнд баяр, гунигтай маш олон зүйл тохиолдсон. Тэр хэрээрээ гайхалтай найзууд болсон шүү.

-Сингапурын “Looque” агентлагтай хоёр жил хамтран ажиллах эрхийн эзэн болсон.Энэ маш олон боломжийн эхлэл болох болов уу?

-“Looque” агентлагийн маркетингийн албанаас “Тавтай морилно уу” гэсэн майл ирсэн. Майл хүлээж аваад их баярласан. Шинэ нэрийн хуудас авч байгаа мэт мэдрэмж төрдөг юм байна. Би аливаад сэтгэл ханах дургүй. Тийм болохоор илүү том өрсөлдөөнд оролцох гэж байгаа учраас байгаа бүхнээ дайчилж ажиллана.

-Б.Цэрэндолгорын хувьд загвар өмсөгч, модель болох багийн мөрөөдөл нь байгаагүй гэдэг.Юуны учир энэ салбарт хөл тавих болов?

-“Ариуна Сүри” брэнд надад энэ салбарт хөл тавих боломжийг бий болгож өгсөн. Энэ брэндийн загвар зохион бүтээгч намайг нүүр царайгааараа сонгож, өөрийгөө үнэлэх алхмыг нээж өгсөн гэж хэлж болно.Монголын нэртэй загвар зохион бүтээгч намайг моделиороо сонгосон болохоор надад загварын салбарт хөл тавих шаанс байна л гэж бодсон.

-Эмч мэргэжилээр суралцдаг юм билээ. Цаашид мэргэжил, карьер хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарах болов уу?

-Би “Ач” анагаахын сургуульд нүүр амны эх эмч мэргэжлээр суралцдаг. Одоо карьер мэргэжил хоёрын аль нэгийг сонгох цаг мөч миний өмнө тулгарсан байгаа. Карьер, загварын салбар бол залуу насны ажил. Харин сурахад оройтохгүй гэдэг. Тийм болохоор боловсролыг хүн хэзээ ч эзэмшиж болно.Гэхдээ би мэргэжлээ орхихгүй. Өнөөдрийн хувьд би карьер, топ моделийн ажлаа эхэнд тавьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ